Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/806

 

 

 

 

 

  2022              8            11                                          2022/ДШМ/806                                                                                                                                  №  Т  M № 546                   

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2204000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А-, Улаанбаатар хотод 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг,

2018 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

2020 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

Б.А- нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны 23:00 цагийн орчимд Багануур дүүрэг Б.Б-ийг хардалтын улмаас нүүр, цээжин тус газар нь цохиж, улмаар 13 тоот Г.А-гийн гэрт байхдаа хохирогчийн нүүрэнд нь цохиж зодсоны улмаас зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэжээ.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдолдоо: “Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үерхэж байсан Г.А-гийн гэрийн гадна Б.Б-тэй хууль бус үйлдлийнх нь улмаас маргалдаж хөнгөн хохирол учруулсан. Намайг очиход Б.Б- нь Г.А-гийн хашаанаас гарч ирэх нь таарч “Чи хэн бэ, бас ямар п... нь хүрээд ирэв” гэх мэт үгээр доромжилон түрүүлж гар хүрсэн. Миний хувьд хардалтаар, дээр нь  үг үйлдлээр өдөөн хатгахад биеэ барьж дийлэхгүй цохиж зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж хохирогч талын хохирлыг барагдуулсан. Шүүхээс надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Уг ялыг өдрийн 8 цаг, ажлын 5 хоногоор тооцоход багадаа 3-4 сар болж байна. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, амьжиргааны түвшин тодорхойгүй болох ба цаашид үнэнч шударгаар ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзэлийг маань бага бус хугацаанд өсөж дэвжих боломжийг хаалттай болгож байгаа тул 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах хүсэлтэй байна. Би эцэг эхийн хамтаар ам бүл гурвуул амьдардаг. Аав ээж минь хүнсний дэлгүүр ажиллуулж, би “Гэрэл туссан сар” ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс үндсэн ажилтнаар орсон тул торгох ялыг бүрэн төлж барагдуулах боломжтой ...” гэжээ.

Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Б.А- нь хувийн байдлын хувьд өмнө 3 удаа ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Б.А- нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны 23:00 цагийн үед Багануур дүүрэг Б.Б-ийг хардалтын улмаас нүүр, цээжин тус газар нь цохиж, улмаар 13 тоот Г.А-гийн гэрт байхдаа хохирогчийг дахин зодсоны улмаас зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б-ийн “...машинаас өмнө нь харж байсан А- гэх залуу бууж ирээд “Чи хэн бэ, энд юу хийж байгаа юм” гэж дайраад цохиж, зодсон. Гадаа хэсэг зодож байгаад Г.А-гийн гэрт оруулж дахиж зодсон...” /хх 9-10/,

гэрч Г.А-гийн “... гаднаас Б.А- орж ирээд хэрүүл, маргаан хийх шинжтэй ярьж байгаад буцаад гарахаар нь араас нь гарсан. Б.Б- хашааны гадна газар хэвтэж байсан. Б.А- нь Б.Б-ийг үүдний амбаарт оруулаад 1 удаа цохиж унагасан...” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,

 хохирогч Б.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 172 тоот шинжээчийн дүгнэлт /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.А- нь хардалтын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдэж, үүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, үйлдэл, хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв тайлбар, дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийн тал бүрээс нь харгалзан үзэж 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь шүүгдэгч Б.А-ын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Үүнээс үзэхэд шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцсэн байх албагүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих ...” талаар шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24ы өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН        

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН