Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

Нарийн бичгийн дарга                     Б.Алтансүх

Улсын яллагч                                  Э. Тулгаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 201710010126 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харъяат, 19 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой,  өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийгэлгүй, бие эрүүл Х овогт Т.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 175 литр акрилийн хүчил нэртэй химийн хортой бодисыг 17-86 ДГО улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эрээн хотын зээлийн зүүн талд зогсож байхад нэг Өвөр монгол ирээд цемент, бетонд хийдэг материал байгаа юм үүнийг аваад явчих, Замын-Үүдэд очихоор чинь утсаар чинь хүн яриад авчихна гэж хэлээд өгсөн. Тэгээд 7 канистр юмаа машиндаа ачиж Замын-Үүдийн хил дээр ирээд Гаалийн байцаагчид баригдсан. Тэр Өвөрмонгол залуу  Монголын гааль дээр юм яриад байдаг юм гэхээр нь ачиж явсан тоглоом дотор нууж орж ирсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч ажилтай бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр импорт буюу орох талд хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 17-86 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл сүлжээгээр хуваарлагдсан байсан, уг тээврийн хэрэгслийн шалгахаар хаалгыг нь онгойлгоход Уксус мэт зүйл үнэртэж байсан ч бөгөөд жолооч Т.Б гэх хүнээс “Энэ одоо юу үнэртээд байгаа том бэ?” гэж асуусан чинь жолооч нь мэдэхгүй гэсэн, тэгээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд дээд талд нь хүүхдийн тоглоом задгайгаар асгасан, арын нөөц дугуйны оронд нь том тээврийн хэрэгслийн дугуй зүүсэн байсан, задгай асгасан хүүхдийн тоглоомуудыг гаргаад үзэхэд кабины гол хэсэгт 7 ширхэг цагаан өнгийн хуванцар савтай, шингэн хурц үнэртэй зүйл байсныг энэ юу болох талаар жолооч Б-с асуусан чинь 1 Өвөр монгол хүн хилээр гаргаад өг гээд тавьсан, би юу болохыг нь мэдэхгүй байна надад 300 ч билүү 400 юань өгсөн гэж надад хэлж байсан, тухайн 7 ширхэг хуванцар савтай эд зүйлийг хураах хуудас бичээд Гаалийн агуулахад оруулаад 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Гаалийн  лабораторт шинжилгээ хийлгэхээр явуулахад уг шинжилгээний хариу нь Акрилины хүчил буюу цемент бетоны нэмэлт бодис гэсэн хариу гарсан, уг бодисыг БОНХАЖЯамнаас химийн бодис Импортлох тусгай зөвшөөрөл авах шаардлагтай гэсэн хариу ирүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

Шинжээч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгийн шинжээч томилох тогтоолын дагуу Замын-Үүд гаалийн төв лабораторид шинжилгээнд хамруулсан шинжилгээний дүгнэлтээр акрилийн хүчил болох нь тогтоогдсон 002025 дугаартай дүгнэлтэнд үндэслэн Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Химийн хортой болон аюултай бодисыг хор аюулын зэргээр 4 ангилан хуваадаг ба онцгой аюултай химийн бодис, их аюултай химийн бодис, дунд аюултай химийн бодис, бага аюултай химийн бодис гэж 4 ангилдаг юм. Энэ 4 зэргийн хор аюулын ангиллын их аюултай химийн бодисд Акрилийн хүчил багтдаг юм. Физик химийн шинж чанарыг авч үзвэл өнгөгүй тунгалаг шингэн ууршимтгай, шатамхай шинж чанартай байдаг. Хор аюулын хувьд Акрилийн хүчил залгихад амьсгалын замын бүх эрхтэн хаагдаж, боогдох, арьсанд хүрэхэд түлэх шинж чанартай, нүдэнд хүрэхэд нүдний салст бүрхэвчийг гэмтээх аюултай шинж чанартай. Иймээс химийн бодисын их аюултай бодисуудын ангилалд багтдаг. Уг бодисыг бетон зуурмагийн үйлдвэрт нэмэлт болгож ашигладаг хувь хүн, иргэн хүнд зөвшөөрөл олгохгүй зөвхөн аж ахуй, нэгж байгууллага Байгаль орчны яамны тусгай  зөвшөөрлөөр импортоор оруулж ирэх ёстой гэжээ. /хх-ийн 35 хуудас/

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүдийн гаалийн байцаагч Б.Ө-сс битүүмжилж ирүүлсэн “цемент бетоны нэмэлт гэж” мэдүүлсэн бараанд Замын-Үүд боомтын гаалийн газрын салбар лабораторын шинжилгээгээр тухайн бараа, бүтээгдэхүүн нь “Акрилийн хүчил” гэх нэршилтэй химийн бодис болох нь тогтоогдсон. Битүүмжилсэн бараанд шинжилгээг /шинжилж/ ажил үүргийн дагуу гаалийн газрын шинжээч, байцаагч Ч.О явуулсан. “Акрилийн хүчил нэртэй” нэршилтэй химийн бодисыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл” авах шаардлагатай бодис юм. Уг бодис төлөв байдлын хувьд өнгөгүй, хурц үнэртэй, тунгалаг шингэн хүчил бөгөөд тухайн бодисыг акрилийн резин болон бусад хуванцар бодис, цавуу үйлдвэрлэхэд хэрэглэгддэг учраас үйлдвэрүүд ашигладаг бөгөөд хор аюулын зэрэглэлээр “Их аюултай химийн бодисын” ангилалд багтдаг. Эрүүл мэндийн нөлөөлөх зэрэглэлээр “Маш аюултайд” тооцогддог. Энэ химийн бодис нь маш хүчтэй, хортой бөгөөд хорт хавдар үүсгэг мутацын өөрчлөлт бий болгодог хөгжлийн бэрхшээлтэй болгодог бөгөөд харин тухайн бодистой харьцахдаа хорт хийн баг, нүүрний бүтэн хаалт, тусгай бээлий, хавчаар гэх мэтийн бие хамгаалах тусгай зөвшөөрлийн тоног төхөөрөмжүүдийг ашиглах шаардалагатай. Ер нь бол импортоор оруулж ирэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн биш бөгөөд харин хязгаарласан бараа бүтээгдэхүүний жагсаалтанд хамаардаг бөгөөд аж ахуй нэгжүүд “Тусгай зөвшөөрлөөр” оруулж ирдэг журамтай. Хувь хүнд зөвшөөрөл олгогддоггүй. Тухайн бодисыг Монгол хилээр оруулж ирэх асуудал нь Байгаль орчны яам, Гадаад харилцааны яамны 2009 оны 11 сарын 16-ны өдрийн 334/104 тоот “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” журмаар зохицуулагддаг бөгөөд харин Т.Б гэдэг иргэн нь химийн бодис оруулж ирсэн үйлдэл нь дээрхи журмын 2.1.4 дэх заалтыг зөрчиж байна. Монгол улсын хилээр тухайн аж ахуй нэгжүүд химийн бодисыг оруулж ирэхдээ өөрсдөө Байгаль орчны яамнаас “Тусгай зөвшөөрлөө” гаргуулж бүрдүүлэлт хийж оруулж ирэх үедээ гаалийн газрын лабораторын шинжилгээгээр оруулж зөвшөөрөгдсөн бараа, бүтээгдэхүүн болох нь тогтоогдвол импортоор оруулдаг. Харин хориглосон бараа, бүтээгдэхүүн оруулахгүй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн жилд Монгол улсын хилээр химийн бодис оруулж ирэх аж ахуй нэгжийн судалгааг гаргаж ирүүлдэггүй гэжээ. /хх-ийн 83-84 хуудас/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Акрилийн хүчил” бодисыг Монгол улсын хилээр оруулж ирэх үед одоогийн мөрдөгдөж байгаа “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 11 сарын 16-ны өдрийн 334/104 тоот хамтарсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” журам болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар” зохицуулагддаг. “Акрилийн хүчил” бодисыг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас “тусгай зөвшөөрөл” авч оруулж ирж болно. Харин хуулийн зохицуулалтаар иргэнд тусгай зөвшөөрөл олгогдож болохоор зохицуулалт хийгдсэн байдаг боловч нийтлэг тохиолдолд иргэнд химийн бодис оруулж ирэх тусгай зөвшөөрөл олгогдож байгаагүй. “Акрилийн хүчил” нь химийн хорт болон аюултай бодис мөн бөгөөд үүнийг хор аюулын лавлах мэдээлэл буюу MSDS /Material safety data Sheet/-с харах боломжтой. 2017 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор Монгол Улсад “Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтыг” баталсан. Харин “Акрилийн хүчил” нэршилтэй химийн бодис нь Монгол улсын хилээр импортоор оруулж ирэх, ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалтанд хамаарахгүй. Тэгэхээр ЗГ-ын 95 дугаар тогтоолд дурьдагдсанаас бусад жагсаалтанд ороогүй, мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 11 сарын 16-ны өдрийн 334/104 тоот хамтарсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах” журамд зөвшөөрөл аавахгүйгээр заагдсанаас бусад химийн хорт болон аюултай бодисыг Монгол Улсын хил, гаалиар оруулхад Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “тусгай зөвшөөрлөөр” олгодог гэжээ. /хх-ийн 85-86 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр С-н төрсөн эгч нь болох Т нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд түүний хүү болох Т.Б нь 2016 оны 10 дугаар сард Замын-Үүдэд ажил хийнэ гээд манайд ирсэн, тэрээр манай гэрт амьдардаг байсан бөгөөд түүний ээж хүнд өвчтэй байдаг тул ээждээ тус нэмэр болог гээд авч ирсэн юм, тэгээд би түүнд өөрийн эзэмшлийн 17-86 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашинаа өгсөн юм, тэрээр 2017 оны 05 дугаар сар хүртэл гайгүй яваад байгаад БНХАУ-ын Эрээн хотоос химийн бодис ачиж орж ирээд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Би тухайн авто машиныг 2 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Надад түүнээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал хүсэлт байхгүй, тухайн авто машиныг уг нь Т.Б нь өөрөө надаас худалдаж авна гэдэг байсан юм гэжээ. /хх-ийн 92-93 хуудас/

  • Гэрч Ц.Н-н мэдүүлэг / хх-ийн 94 хуудас/
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуудас/
  • Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 08 хуудас/
  • 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2085 дугаартай Гаалийн салбар лабораторийн сорилтын дүн /хх-ийн 09 хуудас/
  • 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Замын-Үүд дэх Гаалийн газрын 2025 дугаартай лабораторын дүгнэлт /хх-ийн 10 хуудас /
  • 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 06/3735 дугаартай албан тоот /хх-ийн 15 хуудас/
  • 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Акрилын хүчлийн гаалийн үнэлгээ /хх-ийн 18-19 хуудас/
  • 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 тал/
  • Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23 хуудас/
  • 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 5/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 25-26 хуудас/

2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гаалийн итгэмжлэгдсэн лабораторийн 0002025 тоот сорилтын дүнгээр дээрх хурц үнэртэй шингэн химийн бодис нь Акрилийн хүчил гэсэн хортой бодис болох нь тогтоогдсон байна.

  1. Шинжилгээнд ирүүлсэн Акрилийн хүчил химийн бодис нь:  Хязгаарласан хориглосон барааны жагсаалтанд ороогүй болно .
  2. Шинжилгээнд хүргүүлсэн Акрилийн хүчил нь Монгол улсад мөрдөгдөж буй Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын их хортой бодисын ангилалд хамаарагдана.
  3.  Акрилийн хүчил химийн бодис нь хурц үнэртэй шингэн ,их хортой бодисын ангилалд ордог. Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль 15.4 гэсэн заалт зөрчигдсөн тул Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд БОНХАЖЯамны тусгай зөвшөөрөл шаардагдана.
  4. Акрилийн хүчил гэсэн химийн бодисыг бетон зуурмагын үйлдвэрт ашигладаг.
  5.  Цаашид бетон зуурмагын үйлдвэрт ашиглах боломжтой.
  6. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн дагуу Монгол улсын хилээр оруулж ирэх ёстой гэжээ. /хх-ийн 32-33 хуудас/
  • Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 хуудас/
  •  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуудас/
  • 17-86 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58-59 хуудас/
  •  Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 119-120 хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 Шүүгдэгч Х овогт Т.Б нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 175 литр акрилийн хүчил нэртэй химийн хортой бодисыг 17-86 ДГО улсын дугаартай, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд нууж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Б, гэрч Т.Э, Ж.С, Ц.Б, Ц.Н нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуудас/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 08 хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр,тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг химийн хорт, аюултай бодисыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн  шинэ Эрүүгийн хуулийн өмнөх үйлдэл байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дүгээр зүйлд хүнд ял болох хорих ялын дээд хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоосон байхад шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 17-86 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.Б-н эзэмшлийн машин мөн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “ээждээ тус нэмэр болог гээд авч ирсэн юм, тэгээд би түүнд өөрийн эзэмшлийн 17-86 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашинаа өгсөн юм, тэрээр 2017 оны 05 дугаар сар хүртэл гайгүй явж байгаад БНХАУ-ын Эрээн хотоос химийн бодис ачиж орж ирээд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58/ зэргээр нотлогдож байх тул уг машиныг эзэмшигч Ц.Б-д буцаан олгож, шүүгдэгч Т.Б-с тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтэст хадгалагдаж байгаа 25 литрийн 7 ширхэг хуванцар савтай акрилиний хүчлийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгчийн эзэмшлийн энгийн гадаад паспорт хураагдан ирснийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул  2000000 төгрөгний үнэ бүхий 17-86 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн  мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтэст хадгалагдаж байгаа 25 литрийн 7 ширхэг хуванцар савтай акрилиний хүчлийг устгахаар шийдвэрлэсэн тул уг хүчлийг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 24-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэсүгэй.

2.Шүүгдэгч Х овогт Т.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-дзааснаар шүүгдэгч Т.Б-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.

6.Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний эзэмшлийн энгийн гадаад паспортыг буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл 2000000 /хоёр сая/ төгрөгний үнэ бүхий 17-86 ДГО улсын дугаартай, 31512 маркийн тээврийн хэрэгслийг  эзэмшигч Ц.Б-д буцаан олгож, уг машины  үнэ  2000000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Т.Б-с гаргуулж, улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 литрийн 7 ширхэг хуванцар савтай акрилиний хүчлийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл  болох 2000000 төгрөгний үнэ бүхий 17-86 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтэст хадгалагдаж байгаа 25 литрийн 7 ширхэг хуванцар савтай акрилиний хүчлийг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 24-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хаязгаарласан болон хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ