Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1090

 

Магадлал

2020.05.18                                                      № 1090

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийннэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00852 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 145 566 192 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов. 

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь Б.Бэс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 11 дүгээр байр, 76 тоот хаягт байрлах 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Эгийн “Хаан банк” ХХК дахь 5029226703 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээг бид зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар батлуулж барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Э.Э эхний 5 сарын хүүнд 12 600 000 төгрөг төлж, 6 дахь сараас хойш зээлийн хүүг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоололд алдаа гаргаж 145 566 192 төгрөг нэхэмжилсэн боловч үнийн дүнг багасгаж үндсэн зээл 60 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 32 760 000 төгрөг, гэрээнд зааснаар алдангид 46 380 000 төгрөг, нийт 139 140 000 төгрөгийг хариуцагч Э.Эгаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дуусч гэрээ сунгагдаагүй тул үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 32 760 000 төгрөгийг төлнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрнө. 5 сарын хүү 12 600 000 төгрөг төлсөн тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Э.Эгаас 139 140 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 76 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955 981 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 923 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгон шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд хэдийгээр алданги 0.5 хувиар тооцохоор гэрээнд тусгасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн үнийн дүнд эвлэрэх талаар харилцан тохиролцсон. Зээлдэгчийн хувьд авсан зээлээ өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж үйлчилгээний газрын хөрөнгө оруулалтанд зарцуулсан бөгөөд тухайн объектоо жижиг бизнес эрхлэгч нарт түрээсэлж тухайн орлогоороо зээлээ төлж барагдуулсан болно.

Гэвч цаг үеийн нөхцөл байдалтай буюу дэлхий дахинд тархсан Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн байдал эрс дордож түрээслэгч нар түрээсийн гэрээгээр эрхэлдэг үйл ажиллагаагаа зогсоосноор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон.

Дээрх давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсныг харгалзан үзэж алдангийн 50 хувийг чөлөөлүүлэх талаар нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Иймд алданги 46 380 000 төгрөгийн 50 хувь болох 23 190 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 23 190 000 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.  

 

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 145 566 192 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн дүнг багасгаж үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 32 760 000 төгрөг, алданги 46 380 000 төгрөг, нийт 139 140 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч тал алдангид холбогдох хэсэг 46 380 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Э нь Б.Бэс 60 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 76 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болон дээрх гэрээ тус бүр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан талаар зөв дүгнэсэн байна.

 

Талуудын тайлбараас үзвэл, зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагын тухайд маргаагүй харин алданги 46 380 000 төгрөгийн талаар маргасан байна.

 

Хэдийгээр талуудын байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох талаар тусгаж, нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй боловч талуудын хооронд тохирсон хүүгийн хэмжээ их байгаа болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэл зэргийг харьцуулан үнэлж, алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 50 хувиар буюу 23 190 000 төгрөгөөр багасгах нь хэргийн үйл баримт болон нөхцөл байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд хариуцагч Э.Эгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 32 760 000 төгрөг, алданги 23 190 000 төгрөг нийт 115 950 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/00852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар Э.Эгаас 115 950 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх 23 190 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...923.850 төгрөг...” гэснийг “...737 700 төгрөг...” гэж өөрчлөн хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Эгаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 836 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

 

               ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                      Д.ЦОГТСАЙХАН