Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж

Нарийн бичгийн дарга                        Б.Алтансүх

Улсын яллагч                                      Э.Тулгаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Н-д холбогдох эрүүгийн 1720000000057 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эмэгтэй,яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, 6-14 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, хил хооронд хувиараа зорчигч тээвэрлэдэг ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт А.Н,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч А.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын авто машин шалгах хэсгийн БНХАУ руу гарах чиглэлд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 84-78 ДГО улсын дугаартай өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг тусгайлан тоноглож, 98,7 кг бог малын махыг нуун далдлан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Г гэдэг хүнээс 84-78 ДГО улсын дугаартай УАЗ-31513 маркийн автомашиныг 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед миний бичиг баримт дутуу байсан болохоор найз А-н нэр дээр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нотариатаар баталгаажуулсан, тэгээд тэр өдрөө нэрээ шилжүүлэх гэсэн боловч амралтын өдөр байсан тул тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөлийг шилжүүлж чадаагүй өнгөрсөн. Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Анар хүнсний захын О гэгч махны худалдагчаас нийт 101 кг буюу 3 хонь, 1 ямааны нойтон шинэ гулууз махыг 400.000 төгрөгийн зээлээр худалдаж аваад дээрх автомашины ачаа байрлуулдаг дээд талын ачааны хэсэгт жижиг жижгээр нь торонд хийж ангилан дотор нуугаад дээрээс нь хавтан төмөр тавьж боолтоор боосон.  Үүний дараа нуусан махаа улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад гаалийн хяналт шалгалтаар саатуулагдсан. Миний хувьд дээрх махыг худалдаж аваад Эрээн хотод арай өндөр үнээр зарах гэж байгаад ийм хэрэгт холбогдлоо. Тэрнээс өөр ямар нэг санаа зорилго байхгүй, хууль бусаар улсын хилээр мах нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож мэдлээ гэв.

Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр гаалийн улсын ахлах байцаагчийн томилсон хуваарийн дагуу Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашины гарах талын /экспорт/ терминалд гаалийн хяналтын шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 48 минутанд 84-78 ДГО улсын дугаартай УАЗ-31513 маркийн тээврийн хэрэгсэл хил нэвтрэхээр гаалийн хяналт шалгалтын шугам дээр ирсэн. Би зохих журмын дагуу тээврийн хэрэгсэлд мэдрэхүйн эрхтэнээрээ нэг бүрчлэн үзлэг хийхэд тухайн автомашины дээвэр дээр тусгайлан суурилуулсан ачааны хэсэг дотор ямар нэг сэжиг бүхий  эд зүйл байгаа мэт харагдсан. Учир нь ачааны дээд тавцанг битүү хайрцаг болгон төмрөөр хийж, дээгүүр нимгэн төмөр шургуулаад нэг боолтоор боосон байсан. Тэгээд би жолоочоос яагаад ачаа чинь битүү байгаа юм гэж асуухад “угаасаа битүү байдаг” гэхээр нь өөрөөр нь овтерка авчруулаад ачааны дээд хэсгийг нээж үзэхэд дотор талд нь шар өнгийн гялгар уутанд хийсэн түүхий махнууд байсан. Тэгээд би махыг буулгаж гаалийн баталгаат жингээр А.Н-г байлцуулан жигнэж үзэхэд 98.7 кг болсон тул хураан авч зохих байгууллагад шилжүүлсэн…” гэжээ. /хх-ийн 27-28 хуудас/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “.....2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А.Н нь УАЗ-31512 маркийн автомашин худалдаж авах гэж байна эдэлгээ чанарыг нь үзээд өгөөч гэхлээр нь би очиж үзэхэд 84-78 ДГО улсын дугаартай саарал өнгийн богино супер тэрэг байсан тэгээд гайгүй тэрэг байна гээд А.Н нь худалдаж авхаар болсон. Тэгээд авто машин худалдах, худалдан авах гэрээ хийх гэтэл А.Н нь бичиг баримт байхгүй гээд миний нэр дээр авсан, дараа нь Н нь бичиг баримтаа аваад надаас шилжүүлж авах ёстой байсан юм. Уг авто машин нь А.Н-н өөрийнх нь машин байгаа юм...” гэжээ. /хх-ийн 29 хуудас/

Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Н нь 2017 оны 8 дугаар сард байх өлpийг нь сайн санахгүй байна надаас ямааны мах 2 гулууз мах худалдаж авсан. Гэхдээ одоо бол яг хэдэн кг махыг хэдэн төгрөгөөр авч байсан эсэхийг санахгүй байна. Надаас 8 сарын сүүлчээр мах авахдаа хичээл, сургууль цуглах гэж байна, хүүхдийнхээ хувцсанд БНХАУ-ын Эрээн хотруу авч гарах гэж байгаа юм гэж ярьж байсан ...” гэжээ. /хх-ийн 49-50 хуудас/

Гаалийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн материал /хх-ийн 08-19 хуудас/

Эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 20-22 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 31763 дугаартай тайлан /хх-ийн 31-38 хуудас/

Шүүгдэгч А.Н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/

Автомашин худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 45-46 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 58-60 хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ОХУ-д 2002 онд үйлдвэрлэгдсэн 2017 оны 09 дүгээр сардп 1,6 сая төгрөгөөр худалдан авсан, хуучин, чанар байдал дунд тээврийн хэрэгслийн үнэлгээг 1600000 төгрөг гэжээ. /хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт А.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын авто машин шалгах хэсгийн БНХАУ руу гарах чиглэлд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 84-78 ДГО улсын дугаартай өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг тусгайлан тоноглож, 98,7 кг бог малын махыг нуун далдлан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн гэрч С.Х, М.А, Ж.О нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан гаалийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн материал /хх-ийн 08-19 хуудас/, эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 20-22 хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 31763 дугаартай тайлан /хх-ийн 31-38 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.  

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Н нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр,тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж, бусдад 505904 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан 98,7 кг бог малын мах нь мөрдөн байцаалтын шатанд хадгалалтын горим зөрчсөнөөс өмхийрч муудаж, өт цацсан байх тул устгасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 84-78 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь  шүүгдэгч А.О мөн болох нь шүүгдэгч А.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 09 сарын 15-ны өдөр М гэгч залуугаар яриулаад Г гэдэг хүнээс 84-78 ДГО улсын дугаартай, УАЗ-31513 маркийн автомашиныг 1600000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед миний бичиг баримт дутуу байсан болохоор найз А-н нэр дээр тээврийн хээгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг, гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.....2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А.Н нь УАЗ-31512 маркийн автомашин худалдаж авах гэж байна эдэлгээ чанарыг нь үзээд өгөөч гэхлээр нь би очиж үзэхэд 84-78 ДГО улсын дугаартай саарал өнгийн богино супер тэрэг байсан тэгээд гайгүй тэрэг байна гээд А.Н нь худалдаж авхаар болсон. Тэгээд авто машин худалдах, худалдан авах гэрээ хийх гэтэл А.Н нь бичиг баримт байхгүй гээд миний нэр дээр авсан, дараа нь Н нь бичиг баримтаа аваад надаас шилжүүлж авах ёстой байсан юм. Уг авто машин нь А.Н-н өөрийнх нь машин байгаа юм” гэх мэдүүлгүүдээр /хх-ийн 29 хуудас/ нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 84-78 ДГО улсын дугаартай, УАЗ-31513 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул уг машиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 11 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдав.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг бага, шүүгдэгчийн хувийн зан байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой А.Н-г хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 460 цагийн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 / дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-н орлого олох боломжийг харгалзан  460000 төгрөгийн торгуулийн ялыг  3 сарын дотор  хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 84-78 ДГО  улсын дугаартай, УАЗ-31512 маркийн автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл  болох 1600000 төгрөгний үнэ бүхий 84-78 ДГО улсын дугаартай, УАЗ-31512 маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ