Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1091

 

Магадлал

2020.05.18                                                      № 1091

 

 

 

 

                                                      

 

 

Т.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Агийн хариуцагч НДЕГт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А нь НДЕГ-ын даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А\343 дугаар тушаалаар тамгын газарт архивын ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны Б\207 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авч, хүүхэд маань дутуу төрснөөс үүдэлтэй асаргаа сувилгаа шаардлагатай байсан учир (хүүхэд асрах хуулийн хугацаандаа) 2018 оны Б\205 дугаар тушаалаар чөлөөг дахин 1 жилээр сунгасан. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр чөлөөний хугацаа дуусах учир 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орох тухай өргөдөл өгсөн боловч хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүй тул дээд шатны байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргасан. Яамнаас хариуцагч байгууллагад гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх талаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/343 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан НДЕГ-ын Тамгын газарт архивын ажилтнаар томилуулж, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорт 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тооцон анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ажилд томилохгүй байгаа нь архивын баримтууд устгагдаж, дутсантай холбоотой. Тухайн үед архивын сан хөмрөгийг хариуцаж байсан Т.Ад холбогдуулан архивын сан хөмрөгт санаатайгаар халдаж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж, холбогдох ажиллагаа хийгдэж байна. Тооллогын комисс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд НДЕГ-ын архив, баримтад нэгдсэн тооллого хийхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд НДЕГ-ын даргаас “Мөнгөн хадгаламж сунгах зөвшөөрөл хүсэх тухай” явсан албан бичгүүдийн эх хувийг хадгаламжийн нэгжээс зүсэж авсан нь (Тухайлбал, 2013 онд 14 албан бичиг, 2014 онд 23 албан бичиг, 2015 онд 32 албан бичгийг тус тус сан хөмрөгөөс авсан болох нь) тогтоогдож улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Мөн энэ маргааны шүүхийн харьяалал захиргааны шүүхэд хамаарах тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т.Аг НДЕГ-ын архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 634 178 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293 026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Т.Агийн ажилгүй байсан 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НДЕГт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 57 096.85 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Т.Аг ажилд томилохгүй байгаа нь архивын баримтууд устгагдаж, дутсантай холбоотой. Тухайн үед архивын сан хөмрөгийг хариуцаж байсан Т.Ад холбогдуулан архивын сан хөмрөгт санаатайгаар халдаж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж, холбогдох ажиллагаа хийгдэж байна. Тооллогын комисс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд НДЕГ-ын архив, баримтад нэгдсэн тооллого хийхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд НДЕГ-ын даргаас “Мөнгөн хадгаламж сунгах зөвшөөрөл хүсэх тухай” явсан албан бичгүүдийн эх хувийг хадгаламжийн нэгжээс 2013 онд 14 албан бичиг, 2014 онд 23 албан бичиг, 2015 онд 32 албан бичгийг тус тус сан хөмрөгөөс зүсч авсан болох нь тогтоогдож улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Нөгөөтэйгүүр Төрийн албаны зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолтоор тус ажлын байранд Т.А шаардлага хангахгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч НДЕГт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс нийт 2 927 204 төгрөгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 38, 43/

 

Хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаалууд, зохигчдын тайлбараас үзвэл /хх5-7/ Т.А нь хариуцагч байгууллагад 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр архивчаар томилогдон ажилласан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан хүүхэд асрах чөлөөний хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусч, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагчийн, нэхэжлэгчийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдлийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласантай адилтган үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч тайлбар, давж заалдах гомдолдоо Т.Агийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж, холбогдох ажиллагаа хийгдэж байгаа, мөн тэрээр мэргэжлийн болзол хангахгүй, тухайн ажлын байранд өөр хүн ажиллаж байгаа гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх Т.Аг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д заасны дагуу тооцож хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

 

               ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН