Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/783

 

 

 

 

 

 

    2022           08              04                                     2022/ДШМ/783                                                 

 

 

У.Г-, Д.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор С.Сүрэнхорол,

            шүүгдэгч У.Г-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

            хохирогч Д.Ц-, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

            иргэний хариуцагч Н.О-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн У.Г-, Д.Ц- нарт холбогдох 201625030556 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ц-,

 

2. Г-,

 

У.Г-, Д.Ц- нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Ц-ийг “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг худалдаж авсан, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн барьцааг чөлөөлж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 11 тоот үйлчилгээний зориулалтаар засварласан орон сууц болон 62,000,000 төгрөгийн хадгаламж зэрэг эд хөрөнгийг нь “С-” ХЗХ-нд зээлийн барьцаанд тавиулж 299,250,000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “С-” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй байна, Хаан банкнаас авсан зээлээр үйлдвэрээ явуулж таны зээлийг төлнө” гэж хуурч “Гранд плаза” төвд байрлалтай 122,19 м2 талбай бүхий оффисийн зориулалттай өрөөг нь Хаан банкны зээлийн барьцаанд тавиулж 260,000,000 төгрөгийг залилан авсан гэм хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас У.Г-, Д.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц-, У.Г- нарыг бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Ц-ыг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар, У.Г-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 хавтастай бичиг баримтуудыг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.  

Хохирогч Д.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2013 онд үйлдэгдсэн уг хэргийн улмаас маш их цаг хугацаа, хөрөнгөөрөө хохирч байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ц-, У.Г- нарт ял шийтгэхдээ бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэлгүй, хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр торгуулийн ял оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хохирлоо бүрэн төлнө гэж хэлж байсан боловч одоог хүртэл төлөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдөр хуралдсан шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч А.Ариунаад хандан “Эдгээр хүмүүс намайг 8 жилийн хугацаанд маш их хохироосон, хохирол төлбөр төлөөгүй учраас зохих ял шийтгэлээ хүлээх ёстой” гэж хэлсэн. Гэтэл А.Ариунаа өмгөөлөгч үүнээс 7 хоногийн дараа болсон шүүх хуралдаан эхлэхийн өмнө надад мэдэгдэлгүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн бичиж ирсэн “Тодорхой хэмжээний хохирол төлсөн учраас хорих ял оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга бүхий бичигт гарын үсэг зурж шүүгчид өгсөн байна. Намайг өмгөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа атал миний ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийсэн. Тухайн үед шүүх хуралдаанд оролцож байсан иргэний хариуцагч Н.О- энэ талаар надад хэлснээр мэдсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш өмгөөлөгч А.Ариунаа надтай огт яриагүй, миний утсыг авахгүй, бичсэн зурваст хариу өгөхгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдааны өмнө “... “****” ХХК-ийн хувьцааны 30 хувийг Б.Ц-д шилжүүлээд өгчих, тэгвэл мөнгө чинь орж ирэх гээд байна, өгөхгүй бол чи юу ч үгүй хоцрох гээд байна ...” гэхээр нь би зөвшөөрөөгүй. Цаашид өмгөөлөгч А.Ариунаагаас өмгөөлүүлэхээс албан ёсоор татгалзсан бөгөөд түүний өөрт учирсан хохирлыг нэхэмжилж, холбогдох байгууллагуудад гомдол гаргах болно. Иймд Д.Ц-, У.Г- нарт оногдуулсан ял хэт хөнгөдсөн, тэд хохирол төлөхөөр амалсан хугацаандаа хохирлоо төлөөгүй, мөн миний өмгөөлөгч А.Ариунаа нь өмгөөлүүлэх эрхийг минь ноцтой зөрчиж, эсрэг талд үйлчилсэн зэрэг үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр хуудаст н.Энхтүвшин өмгөөлөгч Хаан банкнаас авсан зээлийн төлбөрийг хэн төлөх вэ?” гэж Д.Ц-аас асуухад ****” компанийн хувьцааны 30 хувийг буцаагаад өгчихвөл үүнийг төлнө гэсэн. 30 хувийн хувьцааг Д.Ц-ийн өмчлөлийн 122 м2 оффисын байрыг банкны барьцаанд тавиулахын тулд өгсөн. Тийм учраас энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд хамтад нь шийдвэрлэх боломжтой байсан. С-ХЗХ нь Д.Ц-иас 211,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Д.Ц- С-ХЗХ-нд 200,000,000 гаруй төгрөг төлсөн байдаг. Нийт 474,169,000 төгрөг, Гранд плаза дахь оффисын зориулалттай байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 273,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, Д.Ц-ийн С-ХЗХ-нд  төлсөн 200,000,000 төгрөг болон Гранд плаза дахь оффисын зориулалттай байрыг  чөлөөлүүлэх нэхэмжлэлийг нь хангалгүй орхисон. Д.Ц- нь өөрийнхөө хөрөнгийг алдахгүйн тулд тухайн хадгаламж зээлийн хоршоонд 200,000,000 төгрөг хүүнд нь төлсөн байдаг. Мөн У.Г-, Д.Ц- нарын үг үйлдлээс болж ийм өндөр төлөлт хийсэн. С-хадгаламж зээлийн хоршоо миний үйлчлүүлэгч дээр нэхэмжлэл гаргаж, уг асуудал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгаа. Д.Ц-ийн өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн гэх асуудал гомдолд дурдагдсан. Хэргээс энэ талаар баримт харагдахгүй боловч тухайн үед Д.Ц-ийг гарын үсгээ зур гэхэд нь зураагүй учраас шүүгчид тэр баримтыг өгөөгүй байдаг. Иймд Д.Ц-ийн С-ХЗХ-нд төлсөн 200,000,000 төгрөг болон Гранд плаза дахь оффисын зориулалттай байрыг  чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч У.Г-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хуулийн хүрээнд ажлаа хийсэн тул нотлох баримтгүйгээр нэр хүндэд халдахгүй байхыг хүсэж байна. Д.Ц- Чандмань ЭрхүүдХХК-д хөрөнгө оруулах зорилгоор С- ХЗХ-оос 300,000,000 төгрөгийг зээлж авсан ба 299,000,000 төгрөгийг У.Г-т шилжүүлсэн. С- ХЗХ-нд хүү төлөөд явж байсан гэж Д.Ц- яриад байгаа боловч хэрэгт нотлох баримт байхгүй. Тухайн хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан 133,000,000 төгрөгийн 1 өрөө байрыг У.Г-, Д.Ц- нар төлж барьцаанаас чөлөөлүүлсэн. Ингэхээр 299,000,000 төгрөгөөс 133,000,000 төгрөгийг хасахаар 166,000,000 төгрөг болно. Шүүхийн шийдвэрт 62,000,000 төгрөг тусгагдсан байдаг. Энэ 62,000,000 төгрөг нь хадгаламжаа барьцаалж оруулаад нийт 300,000,000 төгрөг болсон юм. Гэтэл үүнийг хохиролд тооцож гаргасан. Шүүх хадгаламжаа барьцаалж авсан 62,000,000 төгрөгийг дахиад гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингээд шүүхээс нийт 273,000,000 төгрөгийг гаргуулж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учраас өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авсан. Богино хугацаанд шүүхийн шийдвэрт тусгагдсан 273,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. 260,000,000 төгрөгт Гранд плаза дахь оффисын байрыг барьцаалсан гэж ярьж байна. Гэтэл энэ байрыг У.Г-, Д.Ц- нар Ундрал Буд ХХК-ийн барьцаанд тавьж зээл авсан бөгөөд одоо хүртэл төлөлтийг нь хийгээд явж байгаа атал үүнийг залилсан гээд байдаг. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа учраас ямар нэгэн гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч Н.О-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирол төлбөрийг буруу шийдвэрлэсэн байвал зөвтгөх хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

Прокурор С.Сүрэнхорол тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн давж заалдсан гомдлыг сайн ойлгосонгүй. Хаан банкны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөр болох 200,935,922 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгах үндэслэлээ тайлбарласангүй. Шүүх хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүгдэгч У.Г-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан торгуулийн ял тохиролцсон зэрэг шүүгч, өмгөөлөгч нарын ёс зүйтэй холбоотой том асуудлыг хөндөж байна. Энэ нь өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал биш хэдий ч энд ёс зүйтэй холбоотой маш том буруу ойлголт яваад байх шиг байна. Би өнөөдөр яллах дүгнэлтийг хуулбарлаад авчирсан. Хохирогч Д.Ц-иас Шүүгдэгч нар хохирлын ½ буюу талыг нь төлсөн учраас ялыг нь хөнгөрүүлж 4, 4 жилийн ял өгч байна гэж прокурор хэлсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүйгэж хэлснийг үндэслэн яллах дүгнэлтийг шалгаж үзэхэд тийм зүйл олдсонгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ц-, У.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл, шүүгдэгч Д.Ц-, У.Г- нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Ц-ийг “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг худалдаж авч байгаа, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн барьцааг чөлөөлж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 11 тоот үйлдвэр үйлчилгээний зориулалттай байр болон 62,000,000 төгрөгийн хадгаламж зэрэг эд хөрөнгийг нь “С-” ХЗХ-нд зээлийн барьцаанд тавиулж хөрөнгө оруулалт нэрийдлээр 299,250,000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “С-” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй, Хаан банкнаас авсан зээлээр үйлдвэрээ ажиллуулж таны мөнгийг төлнө” гэж Д.Ц-ийг хуурч, “Гранд плаза” төвд байрлалтай 122,19 м2 талбай бүхий оффисийн зориулалттай байрыг нь Хаан банкны зээлийн барьцаанд тавиулж 260,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

хохирогч Д.Ц-ийн “... Г-, Ц- нар “2013 оны зуны улиралд үйлдвэрээ ажиллуулаад гаргасан тоосгоороо үйлдвэр худалдан авч 700,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 300,000,000 төгрөг дутуу байгаа. Энэ мөнгийг төлчих юм бол үйлдвэрийн бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гээд байна. Бид зээл хөөцөлдсөн чинь барьцаа хөрөнгө дутлаа. Та үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад бид хоёрт 300,000,000 төгрөгийн зээл аваад өгөөч, таныг туслах юм бол 50,000,000 төгрөг нэмж өгнө” гэснийг нь зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн зээлж авсан мөнгийг Г-ийн данс руу шилжүүлсэн. Дараа нь “Хаан банкны бизнес төвөөс 300,000,000 төгрөгийн зээл авах боломж байна. Өөрийн “Ундрал буд” ХХК дээрээ зээл хөөцөлдөж байгаа. Бас л барьцаалах үл хөдлөх хөрөнгө байхгүй. Таны “С-” ХЗХ-нд барьцаалсан “Гранд плаза” төвийн оффисын байрыг чөлөөлөөд Хаан банкинд барьцаалж зээл авья” гэсэн. Тэр үедээ “****” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт тоног төхөөрөмж авч байгаа гэж хэлсэн. Би барьцаалан зээлдүүлэгч гэсэн нэртэй гэрээн дээр нь гарын үсэг зурсан. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зээл чөлөөлдөг хүнээс “С-” ХЗХ-ны 133,000,000 төгрөгийг шилжүүлүүлж миний “Гранд плаза” төвийн оффисийг чөлөөлж Хаан банкинд барьцаанд тавиад “Ундрал буд” ХХК-ийн дансаар 260,000,000 төгрөг шилжүүлж авсан. “С-” ХЗХ-оос 3 сарын зээлийн хүү төл гэснээр 9,500,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Үүнээс хойш намайг аргалж бай гээд л байсан. Миний хувьд “С-” ХЗХ-нд сар бүр 3,657,000 төгрөг хүүнд өгч байна...” /1-р хх 48, 49, 2-р хх 46-48, 218-219, 3-р хх 129-133, 134, 135-136, 139-141, 124-144/,

гэрч Н.О-ийн “... Д.Ц-, У.Г- нар надаас “****” ХХК, “Пено андууд” ХХК-ийг авахаар болсон. Компанийн 70 хувийг 700,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хэрвээ мөнгө өгч чадахгүй тохиолдолд өгсөн мөнгөний хэмжээгээр Ц- хувь эзэмшинэ гэсэн заалт гэрээнд байгаа. Үүнээс 200,000,000 төгрөгийг өгсөн учраас үйлдвэрийн 70 хувийн 20 хувьд Ц-ыг хувьцаа эзэмшигчээр оруулах үүргээ хэрэгжүүлэхээр хэлэхэд компанийг шилжүүлэхгүй алга болсон. Миний үйлдвэрийн нэрийг бариад хүмүүсийг залилаад яваад байгаа...” /1-р хх 50-51/,

гэрч Н.М-ийн “... Ц- нь мөнгө гаргаж хамтарч үйл ажиллагаа явуулаад үйлдвэрээс гарсан ашигаа хувааж хамтарч ажиллана гээд 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан...” /1-р хх 59/,  

гэрч Д.Солонгын “... багын найз Д.Ц- ирээд компанийн дүрэм гаргаад өгөөч гэхээр нь “****” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэл, тогтоол, гишүүн нэмэх тухай хурлын тэмдэглэл, тогтоол зэргийг гаргаж өгсөн. Эдгээр бичиг баримт дээрх Д.Ц-ийн гарын үсгийг зураад өгөөч гэхээр нь би эхлээд татгалзсан. Нотариатаар орсон баримтыг нь үндэслэн Д.Ц-ийн гарын үсгийг зурчихсан...” /2-р хх 221/,

гэрч Б.М-ийн “... Хаан банкны журмын дагуу зээл олгосон. “С-” ХЗХ-нд барьцаатай байсныг өөрсдөө чөлөөлөөд банкны зээл авахаар дахин хандсан. Барьцаанд байхад нь давхар зээл өгсөн зүйл байхгүй...” /3-р хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.Ц-ийн гарын үсгийн харьцуулалт хийсэн 3877 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх 149-157/, Хаан банкны дансны хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1-р хх 6, 7/, зээлийн мөнгө төлөлтийн баталгааны гэрээ /1-р хх 10-11/, Хаан банкны зээлийн болон барьцааны гэрээ /1-р хх 168-173/, “С-” ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /1-р хх 164-168, 180-181/, “****” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тогтоол, хурлын тэмдэглэл /2-р хх 81-85, 87-91/, шүүгдэгч У.Г-ийн дансны хуулга /3-р хх 32-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч У.Г-, Д.Ц- нар зээлээр худалдан авсан тоосгоны үйлдвэрээ тодорхой хувийн төлбөрийг төлсөн гэж бодит байдлыг нууж хохирогчийг төөрөгдүүлэн, үлдсэн төлбөрийг төлж нэр дээрээ шилжүүлэн үйл ажиллагаа явуулбал ашиг олно, эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэх зэргээр хуурч мэхэлсэн, улмаар хохирогч хөрөнгө оруулалт хийж ашиг олох зорилготой эд хөрөнгөө зээлийн барьцаанд тавьж мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримтаас дүгнэлт хийхэд, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байх ба гэмт хэргийн улмаас хохирогчид их хэмжээний хохирол учирсан нь тухайн зүйлийн хүндрүүлэх шинжид хамаарч байна. Анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ “С-” ХЗХ-ны зээлийн төлбөртэй холбоотой баримтуудыг үнэлж шүүгдэгч У.Г-, Д.Ц- нараас 273,273,724 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч хохирол төлөх завсарлага хүсч, шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хохирогчид төлж барагдуулсан байна.

Харин Хаан банкны зээлийн тодорхой хэсэг төлөгдсөн талаарх баримтууд хэрэгт авагдсанаас бус хэд нь төлөгдөж, одоо ямар хэмжээний зээлийн үлдэгдэлтэй байгаа нь тодорхойгүй, түүнчлэн зээлийн хүүнд төлсөн мөнгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт тооцож эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх үндэслэлгүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Ял хөнгөдсөн гэх гомдлын үндэслэлийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан.

Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаар ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй гэх зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болон тодорхой асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах заалтыг хүчингүй болгосноор давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, ялыг хөнгөрүүлэх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нөхцөл байдал хууль зүйн хувьд үүссэн болно.

Иймд “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцсон, шүүгдэгч нарт хэт хөнгөн ял шийтгэсэн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий хохирогч Д.Ц-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22ы өдрийн 2022/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ц-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

                         

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН