| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0207/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Э.Тулгаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Л.Э-д холбогдох эрүүгийн 1720000000042 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг оршин суудаг, Б овогтой Л.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан Ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр Жиргэрүү” гэх нэртэй ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Дулаанхан сумаас түүж бэлтгэсэн, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашины гарах чиглэлээр 48-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан “Байгалийн ургамлын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гарахыг хориглосон “Дэрэвгэр Жиргэрүү” гэх нэртэй ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б овогт Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Сэлэнгэ аймгийн Дулаанхан сумаас Дэрэвгэр Жиргэрүү нэртэй ургамлыг түүж бэлтгэн Замын-Үүд сумын хилээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 48-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж БНХАУ-ын Эрээн хотруу нууцаар гаргах гэж байгаад гаалийн хяналтаар шалгагдаж саатуулагдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “......2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд гаалийн хяналт шалгалтаар 48-52 дга улсын дугаартай УАЗ 31514 маркийн автомашин орж ирсэн бөгөөд хуваарийн дагуу би уг тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт явуулахад тээврийн хэрэгслийн копутан дотор шар өнгийн шуудайнд хийсэн 7 кг орчим хатаасан ургамлын үндсийг нуусан байсан. Тэгээд би тухайн автомашины жолооч Л.Э-с энэ юу болохыг тодруулж асуухад би өөрийн гараар Сэлэнгэ аймгийн Дулаанхан сумаас “Дэрэвгэр Жиргэрүү” гэх нэртэй энэхүү ургамлыг түүсэн, Эрээнд 1 кг-ийг нь 60 юаниар зарах гэж байгаа юм аа гэж хэлсэн. Ингээд би тээврийн хэрэгслийг түр саатуулж “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг хураан авсан бөгөөд үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд тээврийн хэрэгслээс өөр ямар нэгэн зүйл илрээгүй болно. Би тухайн үед хориглосон, хязгаарласан эд зүйл байгаа эсэхийг асуухад тэр байхгүй гэж хэлсэн бөгөөд копутны завсраар шар өнгийн шуудай харагдаад байхаар нь жолоочоос копутаа онгойлгохыг хүсэхэд миний машины копут онгойхгүй байгаа, түлхүүр нь байхгүй байна гээд цааргалсан өнгө аястай байгаад байхаар нь хэлсээр байгаад онгойлгуулахад дээрх ургамал байсан. “Дэрэвгэр Жиргэрүү” гэх ургамлыг зөвхөн улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд экспортлохыг зөвшөөрдөг, тэрнээс иргэнд зөвшөөрөл олгодоггүй... гэжээ. /хх-ийн 24-25 хуудас/
Гаалийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн материал /хх-ийн 07-18 хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19 хуудас/
2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөн байцаагчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 хуудас/
2017 оны 09 дүгээр сарын 22-ны өприйн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 317-56 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-34 хуудас/
1. 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: Гадаргуу нь хүрэн бор , махлаг эд цайвар ургамлын үндэс нь хатаасан дэрэвгэр жиргэрүү мөн болно. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /saposhnikovia divaricate/ ургамлыг уламжлалт эмийн түүхий эд болгон ашигладаг. Ховор ургамлын жагсаалтанд байдаг. /ЗГ-ын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар ховор ургамлын жагсаалтанд багтсан байна./ гэжээ. /хх-ийн 36 хуудас/
Шүүгдэгч Л.Э-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 хуудас/
Мэргэжлийн хяналтын албаны хяналтын хуудас /хх-ийн 47 хуудас/
Л.Э-н хил орчин зорчих үнэмлэхний хуулбар /хх-ийн 48 хуудас/
2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 48-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөг үнэлгэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-66 хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б овогтой Л.Э нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан “Дэрэвгэр Жиргэрүү” гэх нэртэй ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Дулаанхан сумаас түүж бэлтгэсэн,
2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто шалган нэвтрүүлэх цогцолборын суудлын автомашины гарах чиглэлээр 48-52 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан “Байгалийн ургамлын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гадаадад гарахыг хориглосон “Дэрэвгэр Жиргэрүү” гэх нэртэй ургамлыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Ууганбаярын мэдүүлэг болон хэрэгт авагдсан гаалийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн материал /хх-ийн 07-18 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19 хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөн байцаагчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 хуудас/, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 317-56 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-34 хуудас/, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Э нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр,тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж, байгаль экологид 390000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Э-г хуульд заасны дагуу хориглосон болон хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Э-н зохих зөвшөөрөлгүй түүсэн 7,8 кг дэрэвгэр, жиргэрүүг Вендо ХХК-ны үнэлгээний тайлангаар нэг кг-ыг нь 5000 төгрөгөөр үнэлсэн ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалаар дэрэвгэр, житгэрүү ургамлын Экологи, эдийн засгийн үнэлгээг нэг кг-ыг нь 10 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр заасан тул шүүгдэгчээс 390000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 48-52 ДГА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн машиныг мөрдөн байцаалтанд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр шинжээчийн дүгнэлтээр 1000000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 48-52 ДГА улсын дугаартай, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Б.А гэх хүний машин мөн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байх тул уг машиныг өмчлөгч Б.А-т буцаан олгож, шүүгдэгч Л.Э-с тээврийн хэрэгслийн үнэ болох 1000000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,8 кг Дэрэвгэр, жиргэрүү гэх ургамлыг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн,гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэмжээ бага, хэргийн нөхцөл байдал, хувийн зан чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэх боломжгүй тул тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Э-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, бэлтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх боломжгүй тул тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-с байгаль, экологид учруулсан нөхөн төлбөрт 390000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 1000000 /нэг сая/ төгрөгний үнэ бүхий 48-52 ДГА улсын дугаартай, 31512 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.А-т буцаан олгож, уг машины үнэ 1000000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Л.Э-с гаргуулж, улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 8,7 кг Дэрэвгэр, жиргэрүүг хурааж, улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ