Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******,

Хариуцагч: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.*******,

Маргааны төрөл: Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр дүгнэлт: Улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Хоёр. Маргаж буй үндэслэл:

1.Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтэд:

“Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.******* нь иргэн З.*******д холбогдуулан ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* магистрал шугамыг барилгын суурь ухахдаа унагааж гэмтээсэн гэх үндэслэлээр 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаар шийтгэлийн хуудсыг тус прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянасан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд:

1/ Зөрчлийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна..." гэснийг,

2/ зөрчлийг нотлох, зөрчлийн шинжийг тогтоох, холбогдох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэснийг,

3/ шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлага, нөхцөлийг бүрэн тогтоогоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх", гэснийг,

4/ Шийтгэлийн хуудсанд холбогдогч З.*******г дээрх зөрчлийг үйлдсэн гэж дүгнээд шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт холбогдогчийн регистрийн дугаарыг РД:******* гэж буруу бичсэн нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээрх хууль зөрчсөн үйлдлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Иймд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ашиглалт, аюулгүйн техникийн улсын байцаагч Н.*******гийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр З.*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн.

Тухайн үед эрх бүхий албан тушаалтнаас Нийслэлийн Прокурорын газрын мэйл хаяг руу дээрх гомдол, мэдээллийг бүртгүүлэхээр хүргүүлсэн гэж байгаа боловч манай туслах ажилтны цахим буюу [email protected] хаяг дээр Н.******* байцаагчаас хоосон мэйл тухайн үед ирсэн байдаг. Ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу дээрх гомдол, мэдээлэл нь хэзээ, хаана, хэнээс, ямар байдлаар бүртгэгдсэн, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ явцад илрүүлсэн гомдол юм уу эсвэл хэн нэгэн оролцогчоос гаргасан гомдлын дагуу юм уу ямар ажиллагаа хийх, мөн зөрчлийн утга, хэзээ, хаана, ямар зөрчил үйлдэгдсэн болох нь тодорхойгүй мэйл хаягийг манайх руу ирүүлсэн. Мэйл хаяг нь хоосон тул манай туслах ажилтан бүртгэж аваагүй гэсэн тайлбарыг өгсөн.

Процессын хувьд шийтгэлийн хуудсанд нотлох баримт буюу Зөрчлийн тухай хуулийн 4.8 дугаар зүйлд мэдүүлэг авах, нотлох баримтын хэмжээнд баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, журмыг хангаж ажиллах ёстой байдаг. Процессын хувьд эдгээр журмуудыг тус тус зөрчсөн байсан учир прокуророос дээрх дүгнэлтийг бичсэн. Гол утга, учир нь гомдол, мэдээллийг хүлээн авсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан заавал бүртгүүлж ажиллагаа хийж эхлүүлнэ гээд хуульд заасан байхад эдгээр ажиллагааг бүртгүүлэхгүйгээр прокурорын хяналтад оруулахгүй яваад байгаа нь зөрчил юм.

2023 онд эрх бүхий албан тушаалтны гаргасан зөрчил дээр прокуророос шаардлага очоод шаардлагын мөрөөр хийсэн ажлыг 12 дугаар сард шалгахад 5, 6 сарын хор уршиг нь арилсан, иргэдийн зөрчил юу болох вэ гэдэг байдлаар хандсан, энэ байдлаас хараад үзэхэд эрх бүхий албан тушаалтан энд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ явцад хийх ёстой ажлаа хийгээгүй.” гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* тайлбартаа: 

“Н.******* нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д ашиглалт аюулгүйн техникийн байцаагч инженерийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн үүргийг давхар хариуцдаг. ******* дүүргийн 1 дүгээр хороо, Ойн гудамжинд байрлах дулааны сүлжээний худгаас салаалсан дайран өнгөрч байгаа газар дээр ХХК барилга барихаар суурийн нүх ухах ажлаа эхлүүлээд явагдаж байх үед дээрх -ийн хос шугамын тулаасаар шугам тасарч унасан. Энэ талаар хэрэглэгч хариуцсан Зүүн түгээх төвийн слесарь М., хэсэг ахалсан инженер Ч. нар мэдэгдэж гомдол гаргасан. Мөн хяналтын албанаас хэрэглэгчийн техник хяналтын инженер Д. давхар шалгаж гомдол мэдүүлсэн. Шугам тасарсан тухайн үед тухайн шугам тасарсан орчмоор 0 зогсолт эхлэхээр шугам засварт орж байсан, шугам дотор усгүй, халаалттай байсан тул шугам сүлжээнд ноцтой аваар саатал үүсэж даамжраагүй юм. Суурь ухаж байх үеийн шугамыг хөндийлөн ухаж тулаас байсан үе ба шугамыг тасарсан байдлыг зөрчил шалгасан хэргийн материалд хавсаргасан.

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Прокурорын газарт @gmail.com хаягаас зөрчил шалгах зөвшөөрөл олгоно уу гэж хандсан боловч ямар ч хариу ирээгүй.

Тухайн шугам тасарсан байдалд яаралтай арга хэмжээ авч, засварлуулах шаардлагатай байсан тул ажиллагааг цаг алдалгүй эхэлсэн. Улмаар зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдлыг бүртгэж, гэрч болон холбогдогч нараас мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлэг авсан.

Холбогдогчоор ХХК-ийн захирал В.ыг дуудан уулзаад мэдүүлэг авахад барилгын суурийн ухалтыг иргэн З.*******тай ажлын гэрээ байгуулан хийлгүүлсэн ба ажлын үеийн техник, аюулгүй ажиллагааг ажил гүйцэтгэгч хариуцаж байгаа, би хариуцахгүй гэж мэдүүлгийг өгсөн. Үүний дагуу иргэн З.*******г дуудан мэдүүлэг авсан ба З.******* нь мэдүүлэгтээ барилгын суурь ухах ажлын явцад шугамын тулааснууд унаж шугам тасарч унасан, шугамыг тасарсан хэсгүүдээр нь салгасан байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү алдаа зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн газар дээр нь үзлэгийг хийхэд дээрх байдлууд ил харагдаж байсан.

Хэрэглэгчдийн шугамыг тасалж гэмтээн, халаалт халуун ус авах боломжгүй болгосон зөрчлийг шалгаад иргэн З.*******д Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар техникийн гэмтэл гарахад хүргэсэн тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийдвэр ногдуулсан. Энэхүү тасарсан шугам нь бусад хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг шугам учраас зургийн автраас зөвлөгөө авч шугамыг сэргээн татах үүрэг даалгаврыг өгсөн. Үүний дагуу 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шугамыг сэргээн татах ажил дуусаж, түр байдлаар холбон хэрэглэгчдийг дулаанаар өнөөдрийг хүртэл хангаж байна. Шугамыг сэргээн засварлуулж түр холболтын шугам хийсэн байдлыг хэргийн материалд хавсаргасан. Хяналтын прокурорын дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт холбогдогчийн регистрийн дугаарыг буруу бичсэн гэжээ. Үүнийг нягтлан харвал ямар нэгэн зөрөө байхгүй байна.

Мэйлийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр үзлэг хийж үзсэн. Текст нь ямар утгатай, агуулгатай гэдэг нь хавтаст хэрэг дээр авагдсан. Тухайн зөрчил хэдэн сарын хэдний өдөр яаж гарсан талаар бүх мэдээлэл хавтаст хэрэгт байгаа. Мөн дүгнэлт гаргагчийн хэлээд байгаа нотлох баримт бүгд хавтаст хэрэгт байгаа. З.******* нь шийтгэлээ хүлээсэн, маш олон айлын ус, дулааныг шууд таслаад, өвөл халуун, дулаангүй байх нөхцөл байдал үүссэн. Одоо таны ярьж байгаагаар энэ шийтгэлийг хүчингүй болговол З.******* зөрчил гаргаагүй, ямар нэгэн шийтгэл оногдоогүй мэтээр Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцэх юм уу, энэ хүн өөрөө зөрчил гаргасан, энэ хүрээний дагуу яаралтай арга хэмжээ авсан. Мэйл танай дээр очсон. Энэ хүрээнд яагаад эргээд хариу мэдэгдээгүй юм бэ. Энэ нь яаралтай ажил байсан гэдгийг нэмж хэлмээр байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.******* нь иргэн З.*******д холбогдуулан ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* магистрал шугамыг барилгын суурь ухахдаа унагааж гэмтээсэн гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ******* дүүргийн 1 дүгээр хороо, Ойн гудамжинд иргэн З.******* нь ******* магистралийн салаанд хэрэглэгчийн шугамыг барилгын суурь ухалтын явцад тасалж гэмтээсэн гэсэн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн ДОС М., инженер Д. нараас өгсөн мэдээллийн дагуу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н.******* зөрчлийг тогтоон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

1.1. Гэрч Ч.гоос авсан мэдүүлэгт “...2023 оны 6 дугаар сарын 20-ны орой анхны мэдээлэл ирсний дагуу байршил явуулсан. Маргааш нь буюу 2023 оны 6 дугаар сарын 21-ний 09 цаг 30 минутын үед уг газар дээр нь шалгахад ХХК, ХХК, иргэн нарын -ийн салаа шугамыг зөвшөөрөлгүй хааж тасалсан байсан. Байршил нь ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* магистрал Шинэ үе сургуулийн баруун талд, техникийн нөхцөлтэй байсан, харин гадаа дулааны шугамын зураг байхгүй, батлуулаагүй” гэж,   

1.2. Холбогдогч ХХК-ийн гүйцэтгэх захирал В.аас авсан мэдүүлэгт “Захиалагч ХХК-иас 2021 онд ХХК-иар хөрсний ус доошлуулах, хөрсний бэхэлгээний двухтавр зоох, суулгах ажлыг, газар шорооны ажлыг иргэн З.*******гаар тус тус гэрээгээр гүйцэтгүүлсэн. ХАБ-ын ажилтныг ажлын талбайд байршуулж зохих журмын дагуу ажиллуулсан. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б120/23 тоот албан бичгээр түр шугамын холболт хийх зөвшөөрөл хүссэн” гэж,

1.3 Холбогдогч З.*******гаас авсан мэдүүлэгт “ ХХК-тай гэрээ байгуулж газар шорооны ажил гүйцэтгэсэн нь үнэн. Газар шорооны ухлаг хийж байх үед бэхэлгээний шивлерт гэмтэл үүсч нуралт үүссэн хэмээн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй, торгуулийг төлсөн” гэжээ.

2.Зөрчилд холбогдогч З.******* нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* магистрал шугамыг барилгын суурь ухахдаа унагааж гэмтээсэн зөрчил үйлдсэн нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, газар шорооны ухалт хийснийг баримтжуулсан фото зураг зэргээр Эрчим хүчний тухай хууль, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчсөнийг эрх бүхий албан тушаалтан бүрэн тогтоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл ногдуулсан байна.

3. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргагч З.*******г холбогдогчоор татан оролцуулж мэдүүлэг авсан, холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдогчоос 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, бусад баримтаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.8 дугаар зүйл, 4.13 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хангасан байна.

4. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудсыг холбогдогч З.*******д гардуулсан холбогдогч шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр торгуулийг төлж барагдуулсан.

5.Эрх бүхий албан тушаалтан нь З.*******д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна", мөн хэсгийн 1.2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.”зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;”,7.1 дүгээр зүйлийн  1.”Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.1.”тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

6.Учир нь тус шүүхээс хийсэн үзлэгээр [email protected] цахим хаягт @gmail.com хаягаас зөрчлийн хэрэг шалгах зөвшөөрөл хүсэх хүсэлтийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 14.22 цагт илгээсэн байгааг баримтжуулав.

7.Маргаан бүхий дүгнэлтэд улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас баталсан маягтын дагуу ирүүлээгүй гэх үндэслэл нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2.”Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 2.”Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсны зарчим, зорилгод нийцэхгүй.

8. Дээрх үндэслэлээр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.АДЪЯАСҮРЭН