Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1103

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Бын хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Б, н.Самбалхүндэв нараас 190 151 552 төгрөг гаргуулан Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Улсын бүртгэлийн Ү-22005338 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Р.Самбалхүндэв, Б.Б нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ-2-н 2- байрны 21 тоот хаягт 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ гаргуулсан. Тухайн үнэлгээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 121 099 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бын гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/03479 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж хүчингүй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Барьцаа хөрөнгө болох Ү- 2205005338 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ААӨЧ гудамж 44 дүгээр байрны 59 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт, эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцоолоогүй нь  төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж, хэт доогуур үнэлсэн байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/3858 тоот мэдэгдэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205005338 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГ т холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлалтай, Улсын бүртгэлийн Ү-2205005338 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 121 099 000 төгрөгөөр үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хөрөнгө үнэлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ. /хх 1-2, 19/

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар /хх 22-23/ Р.Самбалхүндэв, Б.Б нараас 190 151 522 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжлэгч Х ХХК-д олгох, уг төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай, Улсын бүртгэлийн Y-2205012880 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205005338 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, уг үнээс нь үүргийг хангахаар шийдвэрлэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч НШШГГ  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2018/00963 дугаар захирамж /хх21/, мөн өдрийн шүүгчийн 102/ГХ2018/00086 дугаар гүйцэтгэх хуудас /хх20/ зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба нэхэмжлэгч нь эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд гомдол гаргаагүй харин Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205005338 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж маргасан. /хх 29, 33-34/

 

Хэргийн баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй байна. Тодруулбал, тухайн эд хөрөнгийг үнэлж буй саналаа төлбөр төлөгч буюу өмчлөгч Б.Б 200 000 000 төгрөг, өмчлөгч Р.Цэрэндулам 230 000 000 төгрөг гэж тодорхойлсон /хх 35, 38/ ба төлбөр авагч Х ХХК нь уг үнийн саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох талаар хүсэлт гаргажээ. /хх 40/ Иймд хариуцагч байгууллага үнэлгээ тогтоох шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, үнэлгээг талууд мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 41-54/

 

Хэрэгт авагдсан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар дээрх орон сууцны зах зээлийн үнийг 121 099 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтойг тооцоолон гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний Олон Улсын стандартад заасан аргууд болох зах зээл, орлого, зардал, итгэлцүүрийн аргуудыг хэрэглэж, зах зээлийн түрээсийн төлбөр, цаашид ашиглах хугацаа зэргийг харгалзсан байх бөгөөд /хх 41-54/ Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан байна. Нэхэмжлэгч нь уг үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлан заагаагүйгээс гадна тухайн орон сууцны үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                Д.ЦОГТСАЙХАН