Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/827

 

 

 

 

 

  2022             08            18                                         2022/ДШМ/827                                                                                                                                                                                    Т  M 546                    

С.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дөлгөөн,

шүүгдэгч С.Э-,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 2022/ШЦТ/521 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2211002070588 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э-,

С.Э- нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “... 1 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлье...” гэж Ё.Т-ыг хуурч 500,000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Э-ийг бусдыг эд хөрөнгийг хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч С.Э-ээс 500,000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Т-т олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бусдад төлөх төлбөрөө бүрэн төлсөн. Давж заалдах шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.Э- нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдаанаас 3 хоногийн завсарлага авсан боловч хохирлоо нөхөн төлөөгүй. Түүнд оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Э- нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “... 1 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлье...” гэж Ё.Т-ыг хуурч 500,000 төгрөг авсан хэргийн үйл баримт нь хохирогч Ё.Т-ын “... Э- “Цалингийн зээл авах гэтэл утасны лизингээ төлөх хэрэгтэй гэнэ, 1 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй 500,000 төгрөг зээлнэ үү” гэж байн байн утсаар залгаад гуйгаад байхаар нь данснаар шилжүүлсэн. Маргааш нь миний дансны дугаарыг авсан боловч төлөөгүй. 3-4 хоногийн дараа залгахад “Өнөөдөр өгнө” гэсэн боловч өгөөгүй. “Хүүхэд буруу данс руу хийсэн байна”, “Нөгөө хүн нь хөдөө явсан байна” гэх зэргээр дандаа худал хэлээд байсан...” /хх 10, 12/, шүүгдэгч С.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Т- ахаас “Цалингийн зээлээ хааж, өндөр дүнтэй зээл дахин авах гэж байгаа, 500,000 төгрөг зээлээч, маргааш өгье” гэж хэлээд авсан. Би ямар ч цалингийн зээл хөөцөлдөөгүй ба байгууллагынхаа орлогоос дутаасан 500,000 төгрөгийг нөхөж хийх зорилгоор худал хэлсэн...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүгдэгч С.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 432006640 тоот дансанд хохирогч Ё.Т-аас 500,000 төгрөгийн орлого орж, мөн цаг хугацаанд “Мастер фүүдс” ХХК-ийн дансанд зарлагаар шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх 24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн шинжид хохирогчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан үйлдлийг хамааруулан хуульчилсан бөгөөд сэдэлт, санаа зорилгын хувьд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг өөртөө үнэ төлбөргүй шилжүүлж авах гэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч С.Э- нь ажил олгогчид төлөх ёстой төлбөрөө барагдуулахын тулд хүү, хугацаа тохирч мөнгөө өсгөх боломжтой, цалингийн зээл авч төлөх баталгаатай мэтээр ор үндэсгүй худал зүйлд хохирогчийг итгүүлэн хуурч мөнгө авсан хэргийн үйл баримтаас дүгнэхэд бусдаас мөнгө авах болсон санаа зорилго, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч С.Э- хохирогч Ё.Т-т учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ хэрэгт нийт 64 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/521 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч С.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Э- 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч С.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 500,000 төгрөгийг хохирогч Ё.Т-т төлсөн болохыг дурьдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН