Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1104

 

 

 

 

 

 

 

 

 

С.Дын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01215 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Дын хариуцагч Г.О, Б.Днарт холбогдуулан гаргасан 23 488 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие мах махан бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулдаг ажилтай. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцагч нарт нийт 16 тонн 879 кг үхрийн махыг зээлээр худалдсан болно. Эдгээр нь нийт 103 991 700 төгрөг болно. Үүнээс 81 616 000 төгрөгийг төлж үлдэгдэл 23 488 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Дээрх асуудлаар миний бие Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгсөн бөгөөд дээрх үйл баримтыг тогтоосон хэдий ч Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг биш тул иргэний журмаар шийдвэрлүүл хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон болно. Миний зүгээс дээрх махыг бусдаас мөнгө зээлж худалдан аваад хариуцагч нарт нийлүүлсэн бөгөөд хариуцагч нар нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс үүдэн өр нэхэгдэх болж банкнаас зээл аван өрөө дарж буцаан 40 000 000 төгрөг болгон төлж их хэмжээний хохирол амсаад байна. Иймд хариуцагч нараас 23 488 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дби Д ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани 2013 оноос барилга, гадаад худалдаа, мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Д ХХК нь “Монгол Маркет” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мах боловсруулах гэрээ байгуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан С.Дтай ямар нэгэн гэрээний харилцаанд орж мах худалдан авч байсан тохиолдол байхгүй. Манай байгууллага мах авсан болон төлбөр төлсөн баримтууд бүгд санхүүгээр дамжиж гардаг. С.Даас мах худалдаж авсан, мөнгө шилжүүлсэн гэх баримт огт байхгүй. Харин Б.Отгонбаатар гэх хүнтэй мах нийлүүлэх талаар аман гэрээ хийж Б.Отгонбаатар нь Д ХХК-д мах нийлүүлдэг байсан. Б.Отгонбаатар нь нэхэмжлэгч С.Дтай хэрхэн хамтарч ажилладаг байсныг би мэдэхгүй. Миний бие Б.Отгонбаатар хэд хэдэн удаа мах авч ирж надад өгч байсан, тэр даруй мөнгийг нь Б.Отгонбаатарт төлж тооцоогоо дуусгаж байсан. Тухайлбал 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5 149 900 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөг гэх мэтчилэн нийт 68 149 900 төгрөгийг Г.От шилжүүлсэн байдаг. Энэ шилжүүлсэн мөнгөнөөс аль нь иргэн С.Даас авсан махны төлбөр тооцоо болохыг би мэдэхгүй. Иймд нэхэмжлэгч С.Д болон хариуцагч Б.Отгонбаатар нарын хооронд мах худалдах, худалдан авах гэрээ хийсний төлбөр тооцоо надад болон манай компанид хамааралгүй. Иймд намайг хариуцагчаас хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Хэн хэндээ хэдэн төгрөгийн тооцоотой болохыг мэдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хөдөлбөргүй нотлох баримт биш. Хариуцагч Б.Дашцэрэнгийн “Мах маркет” ХХК-д мах нийлүүлэхэд нилээд олон хүн оролцсон. Хэн хэнд нь хэдэн төгрөг өгсөн, хичнээн мах авсан нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна гэжээ.

 

  •  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолд “Яллагдагч Г.О нь   хохирогч С.Даас 103 991 700 төгрөгийн үхрийн мах авч, махны үнээс 81 616 000 төгрөгийг төлсөн бөгөөд 22 375 700 төгрөг төлөгдөөгүй байна” гэж дүгнэсэн. Мөн яллагдагч Г.О цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Б.Дбол тухайн үед н.Ууганбаяраас авсан 90 000 000 төгрөгөө гүйцээж өгч чадахгүй байсан учраас Б.Дби С.Дын махны үлдэгдэл мөнгийг төлье гэж надад хэлж байсанд нь би итгээд үлдээсэн юм. Дараа нь Б.Днь Г.О надад хэлэхдээ “би С.Дын мөнгийг нь өгчихсөн” гэж надад худал ярьсаныг би сүүлд нь мэдсэн” гэх мэдүүлэг. Мөн яллагдагч Б.Днь хохирогч С.Д над руу “Би мөнгийг нь чинь төлнө” гэсэн мессеж явуулдаг байсан. Ингээд хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл миний махны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй намайг хохироож байна. Нэхэмжлэгч С.Д миний бие махыг С.Отгонбаатарт л өгдөг байсан учраас хариуцагч Г.О миний хохирлыг барагдуулах учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Г.О, Б.Днарт холбогдуулан үхрийн махны үлдэгдэл төлбөр 23 488 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийлүүлсэн 103 991 700 төгрөгийн үнэ бүхий махны үлдэгдэл төлбөр 23 488 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан. /хх 1, 205 /

 

Хариуцагч Б.Дашцэрэнгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “С.Дтай ямар нэгэн гэрээний харилцаанд орж мах худалдан авч байсан тохиолдол байхгүй”, “... Г.О С.Даас мах авдаг байсан. Г.Оын манай Д ХХК-д нийлүүлдэг байсан махыг С.Даас авдаг байсныг мэдэх боловч түүний нийлүүлсэн махны үнэд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлсөн нийт 68 149 900 төгрөгийн хэд нь нэхэмжлэгчид хамааралтай эсэх, С.Д, Г.О нарын хооронд үүссэн мах худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр тооцооны асуудлыг мэдэхгүй” гэжээ. /хх 35, 205-206/

 

Хариуцагч Г.Оын хувьд, нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотлоогүй, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. /хх 33, 206-207/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол” /хх161-163/,  Г.О, Б.Днарт холбогдох эрүүгийн 1905005700155 дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Д, сэжигтэн Г.О нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг, тэмдэглэл зэрэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг биш боловч мэдээлэл агуулсан бичгийн баримт гэж үзнэ.

Эдгээр нотлох баримтад дурдсан талуудын хоорондын маргаанд хамааралтай үйл баримтад хамаарах мэдээллийг нь нэхэмжлэгч С.Дын “...Би нийт Г.От 16 869 кг үхрийн махыг нийлүүлсэн. Энэ махны үнэ нь 103 991 700 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс Г.Оын надад өгсөн мөнгө нь 81 616 000 төгрөг. Тэгэхээр одоо бидний дунд 22 375 700 төгрөгийг би Г.Оаас авах ёстой...”, “Би Б.Дгэх хүнийг нэг ч удаа харж байгаагүй. Надаас Б.Дгэх хүн нэг ч килограмм махыг хүлээн авч байгаагүй.” /хх 49, 54/ гэх, хариуцагч Г.Оын “...С.Дын хэлсэн мах өгсөн мөнгө, өгсөн авсан тооцоо миний бодсон тооцоотой яг адилхан гарч ирж байна. Би энэ тооцоог хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр би С.Дд 22 375 700 төгрөгийг өгөх ёстой...” /хх 49/ гэх тайлбаруудтай харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч С.Даас хариуцагчид 103 991 700 төгрөгийн үнэ бүхий 16 869 кг мах нийлүүлсэн нь нотлогдсон байна. Иймд нэхэмжлэгч С.Д, хариуцагч Г.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч Г.О уг гэрээний дагуу худалдан авсан махны үнэ 22 375 700 төгрөгийг төлөх үүрэг үүссэн болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Оаас 22 375 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон Б.Дашцэрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Оаас 22 375 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 112 300 төгрөг болон Б.Дашцэрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас 269 830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                Д.ЦОГТСАЙХАН