| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 184/2020/1061/и |
| Дугаар | 1145 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1145
Г.Згийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/01061 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Згийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 16 320 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Т ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах” 12/107 дугаар гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61а дугаар байрны 01 дүгээр орц, 10 давхар, 47 тоотод байрлах 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын 850 000 төгрөг, нийт 40 800 000 төгрөгөөр захиалсан. Урьдчилгаа 40 хувь 16 320 000 төгрөгийг төлсөн. Орон сууц 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орох байсан боловч гүйцэтгэгч компанийн зүгээс газрын маргаантай байгаа гэсэн шалтгаанаар ашиглалтад ороогүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаартай захирамжаар “...орон сууцны бүтээц нь төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулсан барилга угсралтын ажлын зураг төсөлгүй, чанарын шаардлага хангахгүй...” болох нь тогтоогдсон.
Улмаар талууд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, орон сууцны байрыг гүйцэтгэгч үргэлжлүүлэн гүйцээн барьж өгөх, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Т ХХК нэхэмжлэгчийн захиалга өгсөн орон сууцны байрыг гүйцээн барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Уг гэрээний 2.7-д “Тэмүүлэнбаатар ХХК-тай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах” гэрээний дагуу төлсөн төлбөр нь урьдчилгаа төлсөн болох бөгөөд энэ гэрээ хүчин төгөлдөр болсны дараа захиалагч тус бүр Т ХХК-тай орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулна гэж заасан. Үүгээр бол “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 16 320 000 төгрөг болно. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу орон сууцны түлхүүрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 16 320 000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэл 2016 оны гэрээтэй холбоотой. Эрүүгийн хэргийг шалгах явцад захиалагч нар нийт 1.7 тэрбум төгрөг хариуцагч компанид төлсөн нь тогтоогдсон. Гэтэл “Голден пэйж” ХХК-ийн дүгнэлтээр баригдсан карказ нь 667-700 сая төгрөгийн үнэлгээтэй гарсан. 2016 оны гэрээгээр талуудын хооронд үүрэг үүссэн бөгөөд өмнөх гэрээний дагуу төлсөн төлбөрийг урьдчилгаа төлбөрт тооцож, гэрээг үргэлжлүүлж, хариуцагч байгууллага захиалагч нартай харилцаа холбоотой байж ажлаа хийж эхэлсэн ч 2017 оноос барилгын ажил явагдаагүй зогссон ба энэ гэрээний дагуу хариуцагч Т ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх байсан боловч үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс сануулсан. Нэхэмжлэгч 2012 онд 10 давхарт байрлах, 2 өрөө орон сууцтай болох гэрээ байгуулсан. Гэтэл 2020 онд 5 давхар бүхий шаардлага хангахгүй карказ бүхий, газрыг нь албадан чөлөөлөх хүчин төгөлдөр захирамжтай байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Зтай төлбөр тооцооны асуудал байхгүй. Талуудын хоорондын маргаан урьд нь шүүхээр шийдэгдсэн тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 16 320 000 төгрөг нь 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөр бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу мөнгө төлөгдөөгүй. 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 1233 дугаар захирамжийн дагуу урьдчилгаанд өгсөн 16 320 000 төгрөгт уг карказны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн. Тухайн үеэс талууд болон бусад захиалагч нарын хооронд үүрэг үүсээгүй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Захиалагч болох 68 иргэн хуралдаад төлсөн мөнгөндөө карказ авна гээд 1.8 тэрбум төгрөгийн үнэтэй карказыг авахыг хүсэхэд нь бид зөвшөөрснөөр өмчлөгчөөр тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 2016 оны гэрээний төлбөрт өмнөх гэрээний төлбөрийг тооцсон зүйл байхгүй. 2016 онд барилгыг нийт захиалагч нарын ихэнх нь зөвшөөрвөл бариулах тохиролцоо бүхий гэрээ бөгөөд уг гэрээг Г.Зтай байгуулаагүй. 2016 оны гэрээний дагуу барилга ч нэмж баригдаагүй, хэвээрээ байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тэмүүлэнбаатар" ХХК-аас 16 320 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Зд олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Згаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 239 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд 2012 онд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 16 320 000 төгрөг төлсөн байдаг. Энэхүү гэрээ болон төлбөр тооцоотой хамааралтай асуудлыг 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх эцэслэн шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул уг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 12/107 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 16 320 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. /1хх 1, 16/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 16 320 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж өөрчилсөн /1хх 115-116/ байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч талд гардуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.
Үүнтэй холбоотойгоор шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн шаардлага тус бүрт дурдагдсан гэрээнүүдийн дагуу талуудын хооронд ямар төрлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэх талаар талуудыг мэтгэлцүүлснээр тухайн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх юм. Мөн тухайн гэрээнүүдийн үүрэг болон маргаанд хамааралтай зарим үйл баримт буюу урьд гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгжсэн эсэх нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Хэргийн баримтаас үзвэл, 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 12/107 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ” /1хх 4-5/ хэрэгжээгүй, хариуцагч тал уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Г.З болон нэр бүхий 68 иргэн Т ХХК-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Мах импекс” ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах, маргаан бүхий бүтээц /карказ/-ийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл” гаргасныг хариуцагч зөвшөөрснөөр тухайн шүүхийн шүүгчийн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1233 дугаар захирамжаар /1хх 91-94/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа талаар зохигчид маргаагүй.
Харин талуудын маргаанд хамааралтай асуудлыг шийдвэрлэсэн байж болох дээрх захирамж биелэгдэж хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэр бүхий 68 иргэн /Г.З/-ийг “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Мах импекс” ХХК-ийн зүүн талд 2 дугаар байрны дэргэд байрлах, маргаан бүхий бүтээц /карказ/-ийн хууль ёсны өмчлөгчөөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн буюу өмчлөл эзэмшилд нь шилжсэн эсэх үйл баримтыг анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд тодруулж, эрх бүхий байгууллагаас холбогдох баримтыг гаргуулан авах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцэх ба шүүх хөндлөнгийн байх зарчим зөрчихгүй юм. Энэхүү үйл баримтыг тодруулснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх боломжтой болно.
Түүнчлэн, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хариуцагч нь өмнөх “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан нэр бүхий иргэд /Г.З/-тэй байгуулж, уг гэрээгээр захиалагчдад орон сууцны байрыг үргэлжлүүлэн барьж өгөх, захиалагч нар нь үлдэгдэл төлбөрийг төлөх, өмнөх гэрээний дагуу төлсөн төлбөр нь урьдчилгаа төлбөр болох, захиалагч нь шинэчлэн байгуулсан гэрээгээр орон сууцыг хүлээлгэн өгөх нөхцлийг тохиролцсон байна. /1хх 84-89/ Харин хариуцагч компани сүүлийн гэрээ ёсоор орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэл шалтгааны талаар зохигчид маргажээ. Энэ тохиолдолд талууд аль гэрээгээр ямар үүрэг хүлээсэн талаар тус бүрт нь буюу нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 8 дугар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу төлсөн мөнгийг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, мөнгөн хөрөнгө шаардсан нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт хийх байжээ. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч 16 320 000 төгрөгийг аль гэрээний үүрэгт төлсөн эсэх үйл баримтад дүгнэлт хийж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд өгсөн, авснаа харилцан буцааж өгөх үр дагавар үүсэх эсэхэд дүгнэлт хийх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/01061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахьь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН