Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 159/ШШ2024/0020

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Э.Оюунбатад холбогдох “... “Монложистик” ХХК-нд холбогдох 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000971 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Э.Оюунбат шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000971 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000971 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “... “Монложистик” ХХК-нд холбогдох 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0000971 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР