Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03991

 

 

 

 

 

 

 

2024он 09рын 30өр

182/ШШ2024/03991

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух Бгийн О /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах ЭМ ХХК /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Мультхаус ангиллын орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 175,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.О миний бие 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЭМ ХХК-тай *** тоот Мультхаус ангиллын орон сууц захиалгын гэрээг байгуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гранд Маршал лакшри виллас хотхонд мульти хаус орон сууцанд 60.07 м.кв бүхий орон сууцны захиалга өгсөн.

Ингээд гэрээний дагуу нийт 175,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ЭМ ХХК-ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн.

Гэрээ ёсоор хариуцагч орон сууцын 2023 оны 2 дугаар улиралд буюу 2023 оны 06 дугаар сардаа багтаан барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэвч өнөөдрийн байдлаар барилга баригдаагүй байгаа ба хэдийд баригдах нь ч тодорхойгүй байна. Ийнхүү барилгын ажил удааширсантай холбоотойгоор өмнө нь удаа дараа шаардлага тавьж ирсэн. Тухайлбал, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЭМ ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн эзэмшигч Х.Мандахбаяртай Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, 06 дугаар хороолол, Оранж плаза төв, 406 тоот хаягт байрлах компанийн байранд бичлэн очиж уулзсан. Гэвч уг төслийн 2021 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой байсан эхний ээлжийн барилгууд ч баригдаагүй байсан. Харин тухайн барилгын төслийн зэргэлдээ талбайд Сэлбэ хүүхдийн зуслангийн байр, Бамбарууш кафе гэх барилгуудыг барьсан тухай, мөн бусад төслүүдийн санхүүжилтийн талаарх танилцуулгыг хийсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниуд орон сууц барих гэрээний үүргээ зөрчиж байгаа талаар огтхон ч ойшоож үзээгүй.

Гүйцэтгэгчийн зүгээс гэрээний үүргийн зөрчлөө 2020 оны эхэлсэн цар тахалтай холбон тайлбарладаг боловч Захиалагч 2022 оны 02 дугаар сард орон сууц захиалах үед цар тахал хэдийнээ эхэлсэн, бизнесийн байгууллагууд эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд тооцоолох боломж бүрдээд байсан үе юм. Мөн захиалагчдаас авсан урьдчилгааг уг барилгын төсөлд зарцуулах биш, өөр олон төслийг зэрэг хэрэгжүүлж, хөрөнгийг шамшигдуулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний хувьд хариуцагч компаниуд цаашид ямар нэгэн үр дүнд хүр чадахгүй нь тодорхой болсон гэж үзэж, гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Уг гэрээний дагуу төлсөн мөнгө өпөр бүр үнэ цэнээ алдаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсоор байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ЭМ ХХК-тай байгуулсан *** тоот Мультхаус ангиллын орон сууц захиалгын гэрээний төлбөрт 175,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Хариуцагч тал нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЭМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа миний бие иргэн Б.Огаас тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Б.О нь манай ЭМ ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Мультхаус ангиллын амины орон сууц захиалгын гэрээ байгуулж, 60.07 м.кв талбай бүхий орон сууц захиалж МН-343 дугаартай захиалгын гэрээ байгуулсан байна.

Улмаар орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрт 175,000,000 төгрөг төлсөн байна.

Манай компанийн зүгээс нэхэмжлэгч Б.Огаас төлсөн 175,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч ЭМ ХХК-д холбогдуулан мультхаус ангиллын орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 175,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ЭМ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 175,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Од бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба хариуцагч ЭМ ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг хариуцагч ЭМ ХХК-д 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан. Түүнчлэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч С.Батзаяагийн 9811-9553 дугаарын утсаар мэдэгдсэн байна.

 

Гэвч хариуцагч ЭМ ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Мөн дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасныг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэх боломжтой болохыг дурдав.

 

3. Нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭМ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 1,032,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ЭМ ХХК нь мультхаус ангиллын орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 175,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭМ ХХК-аас 1,032,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

Даргалагч, ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА