Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/154

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 1736000000091 дугаартай, 178/2017/0160/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ард захчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Эхэн багт  оршин суух, ******* регистрийн дугаартай, Буянт овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн *******  сумын Бураа багийн  нутаг дэвсгэрт иргэн Б.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрийн хойно 500 метр орчимд байх Болдоо ахын хургыг нь хураагаад гэр лүү нь дөхүүлж өгчихөөд Болдоо ахынд орсон чинь нутгийн танил залуу Д.******* тэднийд байсан. Тэгээд Д.******* надад “ *******а гэрээс гараад ир, гэрийн гадаа байгаа машинд 2 эмэгтэй сууж байгаа, чи очоод танилцаад уулзчих” гэсэн. Д.******* бид хоёр Болдоо ахын гэрээс гараад машинд очиж хартал хэн ч байхгүй байхаар нь би “ машинд хэн ч байхгүй байна, чи битгий надаар тоглоод бай” гэсэн чинь Д.******* над руу уурлаад миний толгой руу мөргөсөн. Тэгснээ миний энгэрээс бариад газарт унагаад толгойг минь чулуунд мөргүүлсэн.Тэгээд бид хоёр салаад би гэр лүүгээ харьсан гэжээ./хх 7-8-р хуудас/  

Гэрч Г.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал Д.******* манайд ирсэн.Удалгүй 14 цагийн үед Б.******* бас манайд ирсэн. Тэгээд Б.******* утсаараа ярьж байснаа Д.*******г гараад гадаа машинд байгаа эмэгтэй хүнтэй танилц гээд байсан. Тэр хоёр хоорондоо жаахан маргаж байгаад гараад явсан. Удалгүй би араас нь гарсан чинь тэр хоёр хоорондоо зууралдаад зогсож байснаа Д.******* Б.Тулгын толгой руу мөргөчихсөн.Тэр хоёр миний үгэнд орохгүй болохоор нь би гэр лүүгээ орчихсон. Тэгтэл Б.******* манайд  орж ирээд “толгой өвдөөд байна” гэхээр нь би толгойны эм өгсөн, удалгүй тэр хоёр манайхаас явсан  гэжээ. /хх 12-13-р хуудас/

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.Тулгын  биед тархи доргилт,зулайн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд 2.5х1 см цус хуралт,зүүн шанаанд 2х1 см өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3. Б.Тулгын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.Б.Тулгын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан,шинжээч Б.Цэндхүү гэжээ./хх -19-р хуудас/

Шүүгдэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нутгийн танил Болдоо ахынд ирсэн чинь Б.******* тэднийд ирчихсэн байсан.Б.******* гар утсаа чанга яригч дээр нь тавьчихаад нэг эрэгтэй хүнтэй ярьсан.Утсаар яриад дуусахаар нь би”сая утсаар ярьсан эрэгтэй хүндээ гэрийн гадаа машинд сууж байгаа хоёр эмэгтэй хүний гар утасны дугаарыг аваад өгчих” гээд тоглоомоор хэлчихсэн.тэгсэн Б.******* уурлаад “чи ямар тэнэг хүнтэй ярьж байгаа биш, намайг юу гэж бодоод байгаа юм бэ” гээд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад “чи уурлахааргүй юман дээр юундаа уурлаад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Б.Тулгы миний цамцны энгэрээс бариад заамдаад авахаар нь би Б.Тулгын толгой руу мөргөчихсөн.Тэгээд би Б.*******ас салаад явж байсан чинь Б.******* араас ирээд заамдахаар нь би Б.Тулгын цамцны энгэрээс нь барьж байгаад түлхчихсэн чинь толгойгоороо чулуун хашаа мөргөсөн.Тэгээд би мал руугаа яваад өгсөн. Өөрийн бурууг ойлгож, гэмшиж байна  / хх-31-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт болно. 

Шүүгдэгч Д.******* нь  Б.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Тулгын мэдүүлэг, гэрч Г.Отгонжаргалын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-35-р /-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.Тулгын “ Д.******* бид хоёр сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Д.*******гийн  өмчлөлийн 14 тооны хонь битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/64 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Буянт овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буянт овогт *******ын *******г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.******* нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /    төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4.Шүүгдэгч Д.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Эрүүгийн 1736000000091 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Д.*******гийн өмчлөлийн 14 тооны хонь битүүмжилсэн  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/64 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form