| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2103003400110 |
| Дугаар | 2022/ДШМ/828 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/828
2022 08 18 2022/ДШМ/828 № Т M № 546 АЛ
Ч.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
иргэний хариуцагч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхтүшиг, өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
хохирогч Э.Б-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/1282 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ч.Эт холбогдох 2103003400110 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э,
Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тавин хоёрын давааны орчимд, “Бодонч” амралтын газрын баруун талын замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/, 12.4 дүгээр зүйлийг зөрчин согтуугаар “Toyota prius” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хурд хэтрүүлсний улмаас зам дээр ажиллаж байсан Э.Б-, Б.О-, М.Х- нарыг “Hyundai Porter” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг нь хохироож, А.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.Т-, А.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:
Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан ойлгоно.
Ослын улмаас хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирыг тогтоох зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Хохирогч А.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...олон дахин эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн, цусаар бөөлжсөн ба уушгийг гэмтсэн талаар эмч хэлж, оношлуулахыг зөвлөсөн...” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтийг томографийн шинжилгээний хариунд үндэслэж гаргасан. Хэрэв А.Б-ийн биед хавирганы хугарал, сээр нурууны мурийлт, 2 талын уушгины оройд болон баруун уушигны дунд дэлбэн эргэн тойрны уушгины эд татагдсан, шугаман фиброз өөрчлөлт гэх гэмтлүүд ослын улмаас тухайн цаг хугацаанд үүссэн бол томографийн шинжилгээгээр оношлогдох байсан. Мөн шинжилгээгээр уг онош батлагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй, уг дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй байна.
2. Уг хэрэгт зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг тогтооход чиглэсэн яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан. Зам тээврийн хөгжлийн яам, “****” ХХК хооронд Улаанбаатар-Дархан чиглэлийн замын сэргээн засварлах талаар байгуулсан гэрээний дагуу замын байгууламжийн ажил буюу замын хажуугийн шуудууны өрлөг, хиймэл байгууламжийн чулуун өрлөг, замын хажуугийн шуудуу, замын хажуу налуугийн тэгшилгээ, далангийн хажуу налуу, уулын шуудуу хийх зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэхээр “Тугтбор” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2102921 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу “Тугтбор” ХХК-ийн ажилчид осол гарсан газар болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-н даваа, “Бодонч” амралтын газрын баруун замд замын байгууламжийн ажил хийж гүйцэтгэхдээ Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт чиглүүлэх хэрэгслүүдийн хэрэглэх дүрэм 4595:2007-ийн 4.20.21-д зааснаар “Засварын ажил” тэмдэг, анхааруулах тэмдэг /түүмп/-ийг ажил хийгдэж буй хэсэг дээр, бусад хэсэг дээр хөвөө, тусгаарлах зурвас дээр ямар нэгэн ажил хийгдэж буй хэсгийн 10-15 метрийн зайд байрлуулж болно гэж заасны дагуу байрлуулах шаардлагатай байсан. Хэргийн газрын үзлэгээр осол болсон газарт “Засварын ажил” тэмдэгийг байрлуулаагүй, харин анхааруулах тэмдэг /түүмп/-ийг 16,20 метрийн зайд байрлуулсан болох нь тогтоогдсон.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.41-т “үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг”, мөн дүрмийн 1.2.43-т “харанхуй үе” гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг” гэж заасан байдаг. Ослын газрыг харуулсан камерийн бичлэгт осол болох үед харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдал бий болоогүй болох нь тодорхой харагддаг. Мөн тухайн замаар хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслүүд осол болсон газар буюу талийгаач нарын ажил гүйцэтгэж байсан газрыг тойрон хөдөлгөөнөө үргэлжүүлж байгаа нь бичигдсэн байдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ХАБ-35/21 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тугтбор” ХХК болон “****” ХХК-ний байгуулсан гэрээ, хийж гүйцэтгэх ажил, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий хуулийн этгээд хэн болох зэргийг тогтоолгохоор шинжээч томилсоны дагуу дүгнэлтийг гаргасан.
Харин ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч Ц.Цэвэгжав, Ж.Мягмаржав, Н.Мөнхзул нараас эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд зам тээврийн ослын үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг хэн, хэрхэн зөрчсөн талаар дугнэлтийг гаргуулсан ба уг дүгнэлтээр яллагдагч Ч.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 80.64 км/цагаас их хурдтай замын хөдөлгөөнд оролцсон нь болох нь тогтоогдож, уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/.../... согтууруулах ундаа, .../... хэрэглэсэн, .../... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд “Тугтбор" ХХК нь замын байгууламжийн ажил үүрэг гүйцэтгэхдээ “Засварын ажил” тэмдэгийг байрлуулаагүй байсан нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй. Харин яллагдагч Ч.Эын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсэн үйлдлээс осол болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
3. Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хувь, хэмжээг тогтоох учиртай.
“Тугтбор”, “****” ХХК-уудыг Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-т заасан “3ам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэсэн заалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон тул иргэний хариуцагчаар татсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар түүнийг хариуцагч биш гэж үзэх үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэсэн хуулийн заалтаар шүүхийн шатанд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх зүйтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/1282 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр уг зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон. Уг дүгнэлтэд “Тугтбор" ХХК нь замын байгууламжийн ажил үүрэг гүйцэтгэхдээ “Засварын ажил” тэмдгийг байрлуулаагүй байсан нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй. Харин яллагдагч Ч.Эын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсэн үйлдэл нь осол гарах шалтгаан болсон. Иймд хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
Иргэний хариуцагч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхтүшиг тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
Иргэний хариуцагч “****” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийн дөрвөн үндэслэлийн гуравт нь бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа тохиолдолд шинжээчийн мэдлэг, ур чадвар, ажилласан байдал зэргийг шалгах ёстой. Хэрэгт энэ талаар баримт байдаггүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.3 дугаар зүйлд “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж заасан. Тухайн шинжээчийн дүгнэлт нь тамга, тэмдэг дарагдаагүй, зөвхөн гарын үсэг зурсан байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Шүүгчийн захирамжийн 4-д иргэний хариуцагчийг тогтоох шаардлагатай гэдэг нь үндэслэлтэй. Бусад гурван заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хохирогч Э.Б-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Иргэний хариуцагчаар татагдсан хоёр компани нь иргэний хариуцагч биш, шүүгдэгчээр оролцох ёстой. Авто замын тухай хуулийн 20.5 дугаар зүйлд “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ тухайн компаниуд нь биелүүлээгүй, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулаагүй. Хэрвээ тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан бол жолооч автомашиныхаа хурдыг хасаж, уг гэмт хэрэг гарахгүй, хүний амь нас хохирохгүй байж болох байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 27.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Шударга ёсны зарчимын үүднээс тухайн компаниудыг эрүүгийн хариуцлагад татах нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тавин хоёрын давааны орчимд, “Бодонч” амралтын газрын баруун талын замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/, 12.4 дүгээр зүйлд тус тус заасныг зөрчин согтуугаар “Toyota prius” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хурд хэтрүүлсний улмаас зам дээр ажиллаж байсан Э.Б-, Б.О-, М.Х- нарыг “Hyundai Porter” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөн амь насыг нь хохироож, А.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.Т-, А.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай ...” гэсэн үндэслэлээр 2022/ШЗ/1282 дугаар шүүгчийн захирамж гарган хэргийг прокурорт буцаасан байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсний дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Эт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлээр зогсохгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзлээ.
Хохирогч А.Б-ын өвчний түүхэнд хавсаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цээжний хөндийн дүрс оношилгооны шинжилгээний хариунд “... Хоёр талын уушгины оройд болон баруун уушгины дунд дэлбэнд эргэн тойрны уушгины эд татагдаж, шугаман фироз өөрчлөлттэй ба бронхи дагасан хэд хэдэн тооны зөөлөн болон шохойжсон жижиг нодулуудтай... өвчүүний дунд 1/3 хэсэгт өмнөд кортексд зөрүүгүй хугаралтай. Баруун талын IV хавирга суганы дунд шугамаар шугаман хугаралтай. Х хавирга далны дотор болон суганы ар, XI хавирга нугалмын ойролцоо, далны дотор, дунд, гадна шугамаар тус тус бороожилтын элемент бүхий эдгэж буй бага зэрэг зөрүүтэй хугарлуудтай. Зүүн талын IV-V хавирга суганы урд шугамаар, VI хавирга суганы урд, дунд, далны дотор шугамаар, IX хавирга суганы дунд болон арын шугамаар долгионтсон өөрчлөлтэй ба бүрэн бус хугарал гэж үзэж байна. VII хавирга суганы урд шугамаар бага зэрэг бороожилтын элменттэй, ялимгүй зөрсөн, суганы дунд шугамаар бүрэн бус, VIII хавирга суганы урд шугамаар бага зэрэг бороожилтын элементтэй ялимгүй зөрсөн. Сээр, нуруу баруун тийш мурийлттай...” гэж /1-р хх 184/, толгойн дүрс оношилгооны шинжилгээний хариунд “... Духны баруун өмнөд хэсгийн зөөлөн эдэд хавантай ...” гэж /1-р хх 185/ тус тус тэмдэглэсэн байхад шинжээчийн 10389 тоот дүгнэлтэд “... Духны зөөлөн эдэд хавантай, өвчүү ясны дунд 1/3 хэсгээр өмнөд кортексд зөрүүгүй хугаралтай ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн нь эргэлзээ төрүүлж байна. /2-р хх 203/ Өөрөөр хэлбэл, хохирогчийн өвчний түүхэнд дурьдагдсан өвчүүнээс гадна уушигны гэмтэл, олон хавирганы хугарал, сээр нурууны баруун тийш мурийсан гэмтлүүдийг шинжээч хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй, шинжилгээнд хамруулалгүй орхигдуулснаас хохирогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд хүргэжээ.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Эын үйлдлээс гадна замын ажлыг гүйцэтгэж байсан хуулийн этгээдүүд Замын хөдөлгөөний дүрэм, замын байгууламжийн засварын аюулгүй байдлын журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, улмаар хохирогчдын амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой эсэхийг дахин нягталж гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн зэрэг шалгавал зохих нөхцөл байдлыг нэг мөр болгосны эцэст оролцогчдын эрх зүйн байдлыг тогтоох шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/1282 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагийн бичсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН