Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 341

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн  М.Батсуурь,                                    

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Г.Банзрагч,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах”,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0343 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,

Гуравдагч этгээд: Г.Х, Р.Т, өмгөөлөгч Д.Б нар.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэрүүд:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ө-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0343 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...магадлалаар ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 128/ШШ2018/0246 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/221 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ...хууль тогтоомжийг буруу ойлгож, буруу хэрэглэсэн, хууль бус үндэслэлгүй магадлал гарсан...  Иймд, Монгол Улсын Дээд шүүхээс доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/ 0343 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

4. а/ Г.Х нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжаар өөрийн эзэмшлийн газраа кадастрын зургийн дагуу 700 м.кв газрын эзэмших эрхийг авсан нэхэмжлэгч Б.Д нь гуравдагч этгээд Г.Х-ын эзэмшлийн газрын урд хэсгээр орц, гарцаа шийдэж байсан гэж худал мэдүүлж байгаа. Тийм биш. Иргэн Б.Д-ийн орц, гарцыг Г.Х-ын хойд талын том ногоон байшингийн хойд талаар шийдэж өгсөн. Энэ нь улсын газрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн.

5. б/ Геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/2356 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар 2006 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 18641325636269 дугаар бүхий 1421.89 м.кв талбайтай газар регистрийн ХА35О22417 дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр мэдээллийн санд хадгалагдсан Энэ нь Г.Х-ын эцэг болох хэрэгт авагдсан Б.Гончигийн регистрийн дугаар болох нь түүний иргэний үнэмлэх, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

6. Ингэж худалдан борлуулах хүртэл П.Лхамсүрэн 699 м.кв, Г.Х 1421.89-6990722 м.кв нар өөрсдийн эзэмшлийн газар дээрээ тус тусдаа байшин барьж амьдарч байсан ба энэ хэмжээгээрээ мэдээллийн санд бүртгэгдэж хадгалагдсан. Зэргэлдээ аав, ээж нь амьдарч байсан учир дундуураа хашаа бариагүй. Г.Х-ын газар дээгүүр явж гэртээ ордог байсан нь нотлогдож байгаа.

7. в/ Г.Х 2017 онд иргэн Р.Т-т өөрийн эзэмшлийн газраа худалдаж Р.Т дундын хашаагаа бүртгүүлж барих хүртэл нэхэмжлэгч Б.Д түүний газраар дамжин өнгөрч байсан нь нотлогддог.

8. г/ Бусдын орц, гарцыг өмнө ямар нэгэн байдлаар төлөвлөж байгаагүй болох нь дүүргийн Засаг даргын 2002 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/740 захирамжуудаар гуравдагч этгээд Г.Х-д 300 м.кв газрыг эзэмшүүлсэн, эзэмших эрхийн хугацааг сунгасан боловч бодит байдал дээрээ болон кадастрын мэдээллийн санд 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж ашиглаж байсан болох нь 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийлгэсэн П.Лхамсүрэнгийн газрын байршлын кадастрын зураглал, газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн мэдээллийн санд авагдсан талбайн хэмжээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн актад талбайн хэмжээг 753 м.кв, 2004 оны газрын гэрчилгээн дээр 400 м.кв гэж зөрүүтэй тэмдэглэсэн, газрын төлбөр төлсөн байдал, хариуцагчаас шүүхэд өгсөн удаа дараагийн кадастрын зургууд зэргээр нотлогдож байгааг анхаарна уу. 2002 оноос хойш хариуцагч байгууллага шийдвэрийг гаргахдаа Г.Х-ын бодитойгоор эзэмшиж, ашиглаж байсан талбайн хэмжээг буруу тодорхойлж бичиж байсан нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд зөвтгөсөн, Газрын тухай хуулийн 29.1-д “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууц нь хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0, 07 га-гаас илүүгүй байна”, мөн хуулийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байна” гэсэн хуулийн заалттай нийцсэн хууль ёсны үйлдэл болохыг анхаарна уу.

9. Нэхэмжлэгч Б.Д-ийн эзэмшлийн газар руу нэвтрэх орц, гарцын асуудлын захиргааны байгууллага зөв шийдвэрлэсэн болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар ашиглах, эзэмших эрхийн эрхийн гэрчилгээ олгох журам, иргэний газар эзэмшүүлэх хүсэлтийг холбогдох Газрын алба шийдвэрлэхдээ хээрийн судалгааг хийж, тухайн нэгж талбарын орц гарцыг тогтоохоор заасан байдаг.

10. Энэхүү үүргийг хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагын Газрын тухай хуулийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчихгүй байх, бусад газар эзэмшигчдийн үүргийг сахиулах, зохион байгуулахаар зохицуулсан.Тэгвэл 2012 оны нэхэмжлэгч Б.Д-ийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө нэгж талбар бүхий газрын орц, гарцын асуудлыг ертөнцийн зүгээр баруун хойд талаар орж гарахаар төлөвлөсөн болох нь тогтоогдож байгаа. Мөн уг төлөвлөсөн орц, гарц гаргасан гудамжаар түүний газрын дээр байрлах, бусад этгээдийн газар руу нэвтрэх, очих боломжтой болох нь тэдний газрын дээр байрлах, бусад этгээдийн газар руу нэвтрэх, очих боломжтой болох нь тэдний газрын хувийн хэрэгт авагдсан газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдөл, холбогдох бичгийн нотлох баримтууд, мэдээллийн санд авагдсан кадастрын зураг, мөн газрын үзлэгээр дээд талын айлууд барилга байшингаа барьсан, уг орц, гарцыг битүүлж хашаалаагүй байдлаас харагдаж байгаа. Энэ байдлыг бүх талуудыг оролцуулж, өөрсдөөр нь заалгуулж, шүүгчийн уг газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтээр харагдаж байгаа.” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч Б.Д нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Г.Х нь манай орц, гарцыг хааж, хууль бусаар газрын хэмжээгээ нэмэгдүүлэн авч, улмаар Р.Т гэгчид зарсан...” гэж маргажээ.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай” А/221 дүгээр захирамжаар Г.Х-ын эзэмшлийн 300 м.кв газрын хэмжээг өөрчилж 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/227 дугаар захирамжаар Г.Х-ын эзэмшлийн 700 м.кв газрыг иргэн Р.Т-ийн эзэмшилд шилжүүлж, уг захирамжийн 2 дахь заалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/221 дүгээр захирамжийн Г.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан.

15. Нэхэмжлэгч Б.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч буй нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс эрх зүйн үйлчлэлгүй болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/221 дүгээр захирамжийн Г.Х-ын эзэмшлийн газрын хэмжээг томсгосон хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан, анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6359 дүгээр шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр Г.Х, Р.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан мөртлөө нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, Р.Т-т газар шилжүүлж эзэмшүүлсэн дээрх, дүүргийн Засаг даргын 2017 оны А/227 дугаар захирамжтай маргах эсэхийг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгож шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

16. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, маргаан бүхий захиргааны актыг тодорхойлж, хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэнийх нь эрх ашиг зөрчигдсөнийг шалган тогтоож хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0343 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА