Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 104

 

Д.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар магадлалтай, Д.А-т холбогдох 1818003460429 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид 2 дугаар гудамжны 14 тоотод оршин суух,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 8 сар 5 хоног баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоног хорих ялаас тэнсэн сулласан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Д-н А.

Д.А- нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан 11 настай М.Б-ын араас очиж, амыг нь дарж “Урангоо дуудаж байна” гэж хуурч түүний 60,000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварыг гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.А-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.А-т холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж  шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.А-ын үйлдэлд амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх шинж агуулагдахгүй байгаа ба хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийллийн ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй байна гэж дүгнэсэн. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг харгалзан зүйлчлэлийг өөрчлөн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж буй юм. Түүнчлэн Д.А- нь утсыг авах зорилгоор насанд хүрээгүй хохирогчийн нүд амыг дарж, “Урангоо дуудаж байна” гэж анхаарлыг сарниулан хоромхон зуурд л авсан. Энэ үед хохирогч өөрөө гар утсаа алдсанаа ч мэдээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Д.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүйгээр зүйл ангийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн гэсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Д.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Д.А- нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 27 дугаар байрны 3 дугаар орцонд шатаар өгсөж явсан 11 настай М.Б-ын араас очиж, амыг нь дарж “Урангоо дуудаж байна” гэж хуурч, “...бага насны хохирогчийн амыг нь дарах, шатны гишгүүр алгасан хойш татан чирэх...” зэрэг идэвхтэй үйлдлээр хохирогчийн халдашгүй байдалд халдан, бие махбодийн хүч хэрэглэж түүний 60,000 төгрөгийн үнэ бүхий “Скай вега” загварын гар утсыг авч явсан талаарх шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарын “магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН