Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0882

 

 Ч.Б ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ч.Б , түүний өмгөөлөгч Г.У нарыг оролцуулан хийж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШШ2017/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШШ2017/0015 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Ч.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тогтоолын заалт хүчингүй болгох тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Анхан шатны шүүхээс “Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах шаардлагыг биелүүлээгүй байна”, “… шийдвэр гаргах ажиллагаанд мөрдвөл зохих эрх зүйн шаардлагыг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж шийдвэр гаргасан байна. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгч Ч.Б д мэдэгдэхээр бүх талын арга хэмжээг авсан боловч нэхэмжлэгчийн тухай үед оршин суугаа хаяг тодорхойгүй, оршин суугаа хаяг дээрээ байгаагүй, хайгаад олоогүй, хаана оршин суугаа болох нь тодорхойгүй байсан. 

Иймд Ч.Б тай холбогдож чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргахдаа бидний зүгээс зохих журмын дагуу арга хэмжээг авч, нэхэмжлэгчид мэдэгдэх арга хэмжээг бүх талаар авсан байтал үүнийг анхан шатны шүүхээс үнэлээгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хүчингүй болгон, Ч.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлд зааснаар Ч.Б ыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, улмаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж 4986000 /Дөрвөн сая есөн зуун наян зургаан мянга/ төгрөгийг төсвөөс олгохоор шийдвэрлэсэн боловч Төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй, тодотгол хийгдээгүйгээс олгогдоогүй байна.

 Хариуцагч мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх тогтоолоо дахин авч хэлэлцэж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дээрх 48 дугаар тогтоолын тусламж олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Ч.Б  нэхэмжлэлдээ “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрчлөгдөж намайг ажлаа өг гээд хүсэлт бичүүлж аваад 6 сарын тусламж олгосон. Одоо олгохгүй гэж байгаа нь миний байдлыг дордуулж байна” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан Ч.Б ын хүсэлт зэргээс үзвэл төрийн албанаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасан эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон шалтгаанаар чөлөөлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-д зааснаар өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд тусламж, тэтгэмж өгөхөөр тусгайлан заагаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үндэслэл буюу 40.1.2-т заасан шалтгаанаар чөлөөлөгдөөгүй тул Ч.Б д төсвийн хөрөнгөөс тусламж, тэтгэмж авах эрх хууль ёсоор үүссэн гэж үзэхгүй.

Хариуцагч урьд нь гарсан хуульд нийцээгүй шийдвэрээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гарсан тогтоол ... нь  хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн ... Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар хүчингүй болгосныг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчид шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж  заасныг зөрчиж байгаа боловч захиргааны байгууллагын хууль бус актаа хүчингүй болгосон 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна. 

Захиргааны хэргийн шүүхийн зорилго бол захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалахад орших бөгөөд харин захиргааны бүхий л хууль бус ажиллагааг засах үүрэггүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн “тусламж авах эрх” зөрчигдөөгүй тохиолдолд уг эрхийг хамгаалуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй. 

Анхан шатны шүүх хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байдлыг зөв дүгнэсэн боловч материаллаг эрх зүйн зохицуулалт буюу маргааны гол асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид “тусламж авах эрх” хууль ёсоор үүссэн эсэх, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу уг эрхийг хамгаалах боломжтой эсэхэд дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ч.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч захиргааны байгууллага бүхий л үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж явуулах үүрэгтэй, энэхүү шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн үйл ажиллагааг зөв гэж үзээгүй, гагцхүү захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг сэргээн хамгаалах үүргийнхээ хүрээнд дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-д зааснаар эрх бүхий этгээд нь хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ч.Б  нь “... Хурлын дарга өөрчлөгдсөн ч төрийн захиргааны албан хаагчийн хувьд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрхтэй бөгөөд төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзвэл зохих журмын дагуу хугацааг сэргээлгэж энэ талаарх зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой. 

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 113/ШШ2017/001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ч.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.3-д заасныг баримтлан Ч.Б ын нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ   

ШҮҮГЧ                                     С.МӨНХЖАРГАЛ