Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00969

 

Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1108 дугаар магадлалтай,

Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

            “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох           

            Ажлаас халагдсаны 5 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 2.920.195 төграг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын тайлбарт: “Б.Оюунгэрэл “Автобус-1” ОНӨААТҮГ-ын 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот тушаалаар мөнгө хураагчийн ажилд орсон. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1590 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”, “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээ, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэрээний 3.7-д ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх, тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэлт ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн, орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд доорх дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно. Үүнд 1-3 жил ажилласан бол 2 сар, 3-5 хүртэпх жил ажилласан бол 4 сар, 6 -10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 10 сар, 16 түүнээс дээш жил ажилласан ажилтанд 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно” гэж заасан. Б.Оюунгэрэл 6 жил ажилласан учир 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах байтал 1 сарын тэтгэмж олгосон тул хариуцагч байгууллагаас 5 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 2 920 195 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нарын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Оюунгэрэл нь манай байгууллагад 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 тоот тушаалаар мөнгө хураагчаар ажилд орсон. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1520 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Автобус-1” ОНӨААТҮГ болон тус баазын ҮЭХорооны хооронд байгуулагдан, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдэн, 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн. Энэ гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХороонд мэдэгдсэн. “Автобус-1” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэж заасны дагуу шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын гэрээг дагаж мөрдөж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдье, нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хэлэлцээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар комисс байгуулагдсан. ҮЭ-ийн төлөөлөгчидтэй тохиролцоонд хүрч чадахгүй байгаа. Нийслэлийн тээврийн газрын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот албан даалгаврын хүрээнд мөнгө хураагчийн ажлын чиг үүрэг өөрчлөгдсөн. Орлогоороо цалинждаг байсныг Смарт картад шилжүүлж, тогтмол цалинтай болгосон тул нэхэмжлэгч ажиллахгүй гэсэн учир өөртэй тохиролцож, тэтгэмж олгохын тулд орон тоо цөөрсөн гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн. Түүнээс манайх орон тоогоо цөөрүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2.920.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 61.673 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1108 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 18 дугаар зүйлийн 18.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.9” гэснийг “ ... 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.1” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/03086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1108 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан түүнчлэн хууль буруу хэрэглэсэн хариуцагч талын гаргаж өгсөн үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй болно. “Автобус-1” ОНӨҮГ-ын ҮЭ-ийн хороо болон захиргаа 2-ын хооронд хийгдсэн Хамтын гэрээ нь мөрдөгдөх боломжгүй болсон ба энэ нь эрх бүхий албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/778 тоот захирамж, НИТХ- ын тэргүүлэгчдийн 132 тоот тогтоолоор татан буугдсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас гаргасан эрх зүйн актад тодорхой үгээр утга ойлгомжтой байдлаар татан буулгасугай гэж заасаар байхад түүнийг үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу харилцан тохиролцож нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон бөгөөд үүнийг болох болохгүй тухай зохицуулалт хуулинд байхгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн үедээ 1 сарын тэтгэмж авах тухайгаа мэдэж байсан бөгөөд энэ тухайгаа захиргаанд хандаж ямар нэгэн гомдол гаргаагүй, энэхүү асуудлаа Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлээгүй шууд хүлээн зөвшөөрсөн болно. “Автобус-1” ОНӨҮГ-нь татан буугдсанаар шинээр үүсгэн байгуулагдсан “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” болсноор 2013 оны байгуулагдсан Хамтын гэрээг мөрдлөг болгон ажиллах боломжгүй байгаа тухай ҮЭ-ийн хороонд албан бичгээр хүргүүлж байсныг дурдаж, энэ тухай өмнөх шүүх хуралдаанууд дээр тайлбарлаж байсан. Монгол улс нийтийн тээврийн салбартаа түүхэндээ байгаагүй технологийн шинэчлэл хийсэн бөгөөд уг шинэчлэлийн дагуу мөнгө хураагчийн ажлын чиг үүрэгт тодорхой хэмжээний өөрчлөлт орж, мөнгө хураагчийн албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулах талаар Нийслэлийн тээврийн газрын даргын тушаал гарч түүний дагуу зөвхөн албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

   Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас халагдсаны 5 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 2.920.195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, “ ...аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөх ёстой байсан. Хамтын гэрээг шинээр байгуулах талаар комисс байгуулагдсан. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүй байна. Б.Оюунгэрэл өөрийн санаачилгаар ажлаас халагдсан” гэжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/1520 дугаар тушаалаар мөнгө хураагчийн /кондуктор/ орон тоо хасагдсантай холбогдуулан Б.Оюунгэрэлтэй харилцан тохиролцож 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгон, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /х.х-ийн 7/

  Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заажээ. Ажилтан Б.Оюунгэрэлд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 584 039 төгрөгийн тэтгэмж олгосонд талууд маргаангүй. Харин нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох нь хуулиар хориглоогүй, нээлттэй байна.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа байгууллагын хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3.7-д заасны дагуу 6-10 жил ажилласан тул 6 сарын тэтгэмж авах ёстойгоос 1 сарын тэтгэмж олгогдсон. Одоо үлдсэн 5 сарын тэтгэмжээ авна гэж тодорхойлжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулаагүй тэтгэмжийн хэмжээг тогтооно гэж заасан байх бөгөөд хариуцагчаас  хамтын гэрээний дээрх заалтыг мөрдөхгүй гэж тайлбарласан ч уг гэрээг хүчингүй болсон талаарх  баримтыг шүүхэд  ирүүлээгүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 5 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний зохицуулалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарласан боловч шаардлагыг хангах хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгтээ буруу баримталсныг давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 гэж өөрчилсөн нь үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д  зааснаар дуусгавар болсон байх тул шаардлагыг хангах зохицуулалт нь үндэслэлдээ нийцсэн байх ёстой

Харин зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн  маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 гэж өөрчлөлт оруулсан нь маргааны харьяаллын хувьд буруу учраас  хяналтын шатны шүүхээс магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1108 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ...128 дугаар зүйлийн 128.1.1” гэснийг “ ...128 дугаар зүйлийн 128.1.11” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.700 /жаран нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                                     ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН