| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0129/э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.У |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,
Хохирогч: Н.Ч,
Шүүгдэгч: Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Г холбогдох эрүүгийн 1735001500079 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт -оршин суух Ж.Г
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Н.Ч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Н.Ч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найз Б, Б нартай Б гэрт 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 4 ширхэг, 0.75 литрийн “Чингис” нэртэй архи 1 ширхэгийг уусан. Архи, пивоо ууж дуусаад таксинд явдаг Э эгчийг дуудаад бид гурав суугаад Бг гэрт нь хүргэсэн. Замдаа Ш гэрээс нь аваад “Тэнгис” дэлгүүрийн гадна очсон. Б, Ш бид 3 дэлгүүр орох гээд зогсож байтал 3 залуу ирсэн. Тэр 3 залуугийн нэг нь миний таньдаг Батбилэг байхаар нь уулзах гэтэл хажуудаа явсан нэг залуу /Ж.Г/-тай юм яриад зогсоод байхаар нь би очиж Г хандаж “Чи яах гээд байгаа юм бэ? Томроод байгаа юм уу?” гэж хэрүүл өдсөн. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад Г, Б-ийн машинд ороод суучихаар нь би араас нь орж суусан. Бид хоёр маргалдаж байгаад Улаан уул уруу явж зодолдохоор болсон. Би Б-ийн машинд суугаад явахад Б, Ш хоёр Э эгчийн машинд суугаад араас дагаж явсан. Улаан уулын хажууд очоод машинаас буугаад би Г-ийн нүүрний хэсэг үрүү гараараа нэг удаа цохиход Г миний хамрын хэсэг үрүү гараараа нэг удаа цохьсон. Би Г-эд цохиулаад газарт унахад Г дээрээс дарж суучихаад уруул, амны хэсэг үрүү гараараа 3 удаа цохьсон. Энэ үед хамт байсан хүмүүс саргасан бөгөөд дахиж зодолдоогүй. Г-ээр зодуулсны улмаас нэг шүд хугарч гэмтсэн. Надад эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-р тал/,
2. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой Б бид хоёр Улаангом сумын 1 дүгээр нутаг Бүгийн хэв гэдэг газарт Ж.Г-ийн гэрт очиж хоноод 19-ний өдөр Г, Б бид 3 хамт Улаангом орж ирсэн. Б миний машиныг угаалгахаар явахад Г бид хоёр Голд /Gold/ караокед орж нэг цаг дуулахдаа 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво тус бүр хоёрыг уусан. Бид хоёр гараад Батбилэг машин угаалгаж байсан газарт очиж Б-ээр машинаа бариулаад “Тэнгис” дэлгүүр дээр очсон. Би машинаас буухад миний таньдаг Э эгч машинтай зогсож байхаар нь мэндлээд зогсож байтал Г, Ч хоёр маргалдаад эхэлсэн. Тэр хоёр юунаас болж маргасныг мэдэхгүй. Би Г-ийг дагуулаад машиндаа суухад Ч араас ирж суугаад Г-эд хандаж “Хоёулаа зайтай газар очиж байгаад учраа олъё. Улаан уул уруу явья” гэж хэлсэн. Тэгтэл Э эгч машинаа асаагаад явахад Б мөн машинаа асаагаад араас нь дагаад явсан. Явсаар байгаад Улаан уулын хажууд ирээд Г, Чулуунбат нар машинаас буугаад Ч эхлээд Г-ийн нүүрний хэсэг үрүү гараараа нэг удаа цохиход Г Ч-ын хамарны хэсэг үрүү гараараа нэг удаа цохиход Ч газарт унасан. Г Ч-ын дээрээс уруул, амны хэсэг үрүү нь 2-3 удаа цохьсон. Тэгээд би Ч-ыг татаж холдуулсан. Дахин ямар нэгэн зодоон болоогүй. Н.Ч, Г нар архи, пиво уусан байсан боловч өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
3. Гэрч Ч.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой такси үйлчилгээнд явж байтал миний таньдаг Б гэдэг залуу утсаар залгаад “Таксинд явж байгаа бол “Таван-Од”-ын доод талд хүрээд ирээч гэхээр нь заасан газарт нь яваад очиход Ч, Б, Б нар миний машинд суусан. Б-г гэрт нь хүргэж буулгачихаад “Тэнгис” дэлгүүр орно гэхээр нь иэр дэлгүүрийн гадна очоод зогсоход Б, Ч хоёр дэлгүүр үрүү явсан. Би машиндаа ганцаараа сууж байтал Б ганцаараа ирээд суусан. Ч “Энэ машиныг дагаад явчих” гээд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан машинд суугаад хөдлөөд явахаар нь би араас нь дагаад явахад шууд Улаан уулын хажууд очоод зогсохоор нь Б-г буулгаад цаашаа яваад машинаа эргүүлээд ирэхэд Чулуунбатын хамраас цус гарч байсан. Хэн хэнтэйгээ зодолсоныг би хараагүй. Ч миний машинд сууж явахад ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
4. Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой найз Б, Ч нартай Б гэрт 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 4 ширхэг, 0.75 литрийн “Чингис” нэртэй архи 1 ширхэгийг уусан. Архи, пивоо ууж байхад би согтож ухаангүй болсон байсан бөгөөд нэг сэрэхэд гэртээ ирсэн байсан. Ухаангүй байсан болохоор ямар үйл явдал болсон, хэзээ хэн намайг гэрт авч ирсэнийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,
5. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой Б бид хоёр Улаангом сумын 1 дүгээр нутаг Бүгийн хэв гэдэг газарт Ж.Г-н гэрт очиж хоноод 19-ний өдөр Г, Б бид 3 хамт Улаангом орж ирсэн. Г, Б хоёр караоке орж дуулна гэхээр нь Голд /Gold/ караокены гадна буулгачихаад би Батбаатарын машиныг угаалгахаар явсан. Би машин угаалгаж байтал нэг цаг орчмын дараа Г, Б хоёр ирсэн бөгөөд тэр хоёр пиво уусан байсан. Машинаа угаалгаж дуусаад Тэнгис дэлгүүрийн гадна очиход Г, Б хоёр машинаас буусан би буугаагүй сууж байтал тэр 2 буцаж суусан. Тэгтэл миний зүс таних Ч машинд орж ирж суусан бөгөөд Ч, Г хандаж “Хоёулаа зайтай газар очиж байгаад учраа олъё. Улаан уул уруу явья” гэж хэлж байсан. Энэ үед дэлгүүрийн гадна зогсож байсан приус-10 загварын машин хөдлөд явахад Чулуунбат “Энэ машины араас дагаад явчих” гэхээр нь би машинаа асаагаад дагаад явсан. Бид нар явсар байгаад Улаан уулын хажууд очиж зогсоод бүгд буухад Ч “Чи юу гээд томроод байгаа юм бэ?” гээд Гансүхийн нүүрний хэсэг гараараа нэг удаа цохиход Гансүх Чулуунбатын хамарны хэсэг үрүү гараараа нэг удаа цохиход Ч газарт унасан. Ч-ыг газарт унах үед Г дээрээс нь уруул, амны хэсэг үрүү нь 2-3 удаа цохьсон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгасан. Дахин ямар нэгэн зодоон болоогүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Г, пиво уусан байсан боловч өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
6. Гэрч Х.Б-ий мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найз Ч, Б нартай гэртээ 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 4 ширхэг, 0.75 литрийн “Чингис” нэртэй архи 1 ширхэгийг уусан. Архи, пивоо ууж дуусаад гадагшаа гарахаар ярьж тохирсон байсан болохоор би өөрийн таньдаг таксинд явдаг Э эгчийг дуудаад бид гурав суугаад Б-г гэрт нь хүргэсэн. Замдаа Шг гэрээс нь аваад “Тэнгис” дэлгүүрийн гадна очсон. Ч, Шовгороо бид 3 дэлгүүр орох гээд зогсож байтал 3 залуу ирсэн. Би дэлгүүр орчихоод гарч ирэхэд Ч нь Г-тэй маргаж байсан. Тэр хоёр юунаас болж маргасныг мэдээгүй. Ч“Энэ машины араас дагаад явчих” гээд Г-ийн машинд суугаад явахаар нь Эрдэнэчимэг эгчийн машинд суугаад араас нь дагаад явсан. Бид нар явсар байгаад Улаан уулын хажууд очсон. Би машинаас буухад Ч, Г нар хоорондоо зодолдож эхэлсэн. Эхлээд Ч Г-ийн нүүрний хэсэг гараараа нэг удаа цохиход Г Ч-ын хамарны хэсэг үрүү гараараа нэг удаа цохиход Ч газарт унасан ба Г нь Ч-ын дээрээс нь уруул, амны хэсэг үрүү нь 2-3 удаа цохьсон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгасан. Дахин ямар нэгэн зодоон болоогүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Ч өөр хэн нэгэнтэй зодолдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,
7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 658 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Н.Ч-ын биед гэмтэл учирсан байна. Үүдэн зүүн дээд нэгдүгээр шүдний ёзоор хэсгийн хугарал, булгарал, хамрын нуруунд улайлт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 119-р тал/,
8. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 48, 49, 50, 51,-р тал/,
9. Шүүгдэгч Ж.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 52-р тал/,
10. Хохирогч Н.Ч-ын “Гансүхтэй харилцан зодолсоны улмаас миний хоёр үүдэн шүд унасан нь үнэн. Г миний хохирлыг барагдуулж, шүд болон сэтгэл санааны хохирлыг барагдуулсан тул гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 46-р тал/,
11. Шүүгдэгч Ж.Г-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Улаангом сумын 1 дүгээр багт эхнэр А.Б, 2 настай охин Г.Н, 3 сартай хүү Г.М нарын хамт мал маллаж амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой Батбаатар, Билэгбат хоёр Улаангом сумын 1 дүгээр нутаг Бүгийн хэв гэдэг газарт манай гэрт ирж хоноод 19-ний өдөр Б, Б бид 3 хамт Улаангом орж ирсэн. Б бид хоёр караоке орж дуулахаар болж Голд /Gold/ караокены гадна буулж үлдээд Билэгбат Батбаатарын машиныг угаалгахаар явсан. Бид хоёр нэг цаг дуулахдаа 0.5 литрийн тус бүр 2 шил пиво уугаад Б машин угаалгаж байсан газарт очсон. Машинаа аваад Тэнгис дэлгүүрийн гадна очиход Б бид хоёр машинаас бууж дэлгүүр ороод гэрч ирэхэд манай машины хажууд нэг машин ирээд зогссон байсан бөгөөд тэр машинаас Б, Ч нар бууж ирсэн. Б-ийг би урьд нь таньдаг байсан ба Ч-ыг огт таньдаггүй байсан. Тэр хоёр согтуу байсан. Би Б-тэй “Сонин юу байна” гэж мэндлэхэд Б ямар нэгэн зүйл хэлэхгүй болохоор нь “Хөөе Б” гэж дахин дуудахад Ч “Чи яагаад манай найз дээр томроод байгаа юм бу?” гээд над уруу ууралсан. Тэр болж бид хоёр маргалдаж, хэрэлдээд би машиндаа суухад Ч араас орж ирж суучихаад “Хоёулаа зайтай газар очиж байгаад учраа олъё. Улаан уул уруу явья” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Б машинаа асуугаад хөдлөхөд Ч-ын сууж ирсэн машин араас дагаад явсан. Улаан уулын хажууд очоод Ч бид хоёр машинаас буухад Ч “Чи юу гээд томроод байгаа юм бэ?” гээд миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиход нь би Ч-тын хамарны хэсэг үрүү гараараа нэг удаа цохиход Ч газарт унасан. Ч-ыг дээрээс нь уруул, амны хэсэг үрүү нь 2 удаа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Дахин бид нарын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Би пиво уусан байсан боловч өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Хохирогчтой эвлэрч хохирлыг барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Н.Ч-ыг зодсон болох нь хохирогч Н.Ч, гэрч Б.Б, Ч.Э, Б.Б, Х.Б, шүүгдэгч Ж.Г нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Ч-ын бие махбодид Үүдэн зүүн дээд нэгдүгээр шүдний ёзоор хэсгийн хугарал, булгарал, хамрын нуруунд улайлт гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Ч нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г-ээс нэхэмжлэх хохирол байхгүй гэж мэдүүлсэн, мөн энэ талаар тодорхойлолт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ж.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ