Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/731

 

 

Ж.Чхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ж.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Чгаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208000000 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Ж.Ч, 

Шүүгдэгч Ж.Чнь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131-6-1 дүгээр орцны 3 дугаар давхрын шатан дээр унтаж байсан А.К Айфоне-13 про /I phоnе-13 рго/ загварын гар утас, Хаан банкны ногоон өнгийн виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 3.405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Чүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатирт бор овогт Ж.Чыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ч6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Ж.Чнь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Чурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Чдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор Улаанбаатар хотоос гарч явахыг 6 сарын хугацаагаар хязгаарласан. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Мөрдөн байцаагч зөвхөн камерын бичлэгээр хэргийг бүрдүүлсэн. Цаад санаа сэдлийг нь тогтоогоогүй, бүр мэдүүлэг ч сайн аваагүй. Би тэр утсыг биенээс нь аваагүй, доод шатан дээр хэвтэж байсан. Орцонд согтуу эмэгтэй хүн унтаж байхаар нь энэ байрны хүн байх, сэрээд залгахаар нь өгнө дөө гэж бодоод авсан. Тэр үед би элдэв янзын бултах, зам мөрөө арилгах арга заль хэрэглэх, элдэв муу санаа агуулаагүй. Утсыг нь оролдоогүй, салгаагүй. Хохирогч тухайн үед над руу 10 цаг өнгөрч байхад залгасан, би чиний утсыг шатан дээрээс авсан, би хөдөө явж байна, тэр орцны айлд амьдардаг гэдгээ хэлсэн. Ийм байхад байцаагч дутуу шалгаж, үнэн зөвийг тогтоож чадаагүй. Миний мэдүүлэгтэй уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Би өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй болохоор мэдүүлэг энэ тэрийг уншиж гарын үсэг зурах санаа оноогоо хэлдэгийг мэдэхгүйгээс ийм асуудалд орлоо. Би ийм асуудалд орооцолдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч бидний хооронд ямар ч асуудал байхгүй. Би өндөр настай, зүрхний хүнд дутагдал оноштой, зүрхний туслах аппарат тавиулах шаардлагатай гэсэн оноштой. Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг. Хамгийн гол нь үнэн зөвийг тогтоогоогүй, мэдүүлэг дутуу авсан гэж үзэж байна. Би хохирогчтой уулзаад ийм ял оногдуулсан гэж хэлэхэд “уучлаарай ахаа, би тухайн үед согтуу байсан учраас утсаа алдсан гэж бодоод ярьсан. Тухайн үед таны хэлсэн зүйлийг согтуу байсан болохоор сонсоогүй. Уучлаарай” гэж хэлсэн. Надад энэ тухай бичиг хийж өгнө гэж байсан боловч утсаа авахгүй байна. Гадаад улс руу явна гэж байсан, явчихсан юм шиг байна. Иймд хэргийг дахин хянуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Чнь хүч хэрэглэхгүйгээр бусдын эд зүйлийг нууцаар, шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр авсан нь камерын бичлэг болон хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Чгаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Чнь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131-6-1 дүгээр орцны 3 дугаар давхрын шатан дээр унтаж байсан А.КАйфоне-13 про /I phоnе-13 рго/ загварын гар утас, Хаан банкны ногоон өнгийн виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 3.405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.К“...3 цагийн орчимд найз Ариунзулын гэрээс гарч такси бариад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 131/6 байрны үүдэнд таксинаас бууж, гэр рүүгээ орох гэтэл би гэрийн түлхүүрээ өөрийн эзэмшлийн автомашин дотор хүүхдийн 100-д орхисон байсан. ... хүү рүүгээ залгахад утсаа авахгүй байсан учир би гэрийн үүдний шатан дээр гар утсаа барьж сууж байгаад унтсан байсан. Би 6 цаг 20 минутад сэрэхэд миний гарт байсан айфоне-13 про загварын гар утас байхгүй байсан учир хаалга тогшиж ороод өөрийн Мобикомын 99... дугаараас өөрийн 8810.... дугаар руу 3 удаа залгахад миний гар утас дуудаж байсан боловч хүн авч хариу өгөөгүй. Тус өдөр 10 цаг 19 минутад залгахад настайвтар эрэгтэй хүн аваад “энэ гар утсыг 131/6 байрны 1 дүгээр давхрын шатны хажуу талаас олсон гэж хэлэхэд би өөрийн гар утсаа хаана байсныг мэдэж байгаа гэж хэлэхэд “энэ чинь одоо юу гэдэг гар утас вэ? гэж асуухад “би наад утсыг чинь камер шүүгээд олчихож чадна гэж хэлэхэд “тэгээ тэг” гэж хэлээд миний гар утсыг салгаад унтраасан байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” /хх 25-26/,

яллагдагчаар Ж.Чөгсөн “...Би 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5 цагийн үед айл руу орох гээд шатаар өгсөж явтал 3 давхрын шатан дээр согтуу эмэгтэй утас, нүдний шил зэрэг эд зүйл нь ил унтаж байсан ба миний бие доод давхраас гарч ирээд дээгүүр нь даваад гараад явсан. Тухайн үед буцаж эргээд шаргал өнгийн айфоне-13 про маркийн гар утас хөлөн доор нь хэвтэж байхаар нь аваад тухайн байранд байдаг айл руугаа орсон. Тухайн үед тэр эмэгтэйг ямар нэгэн байдлаар сэрээх болон дуудсан үйлдэл хийгээгүй, дээгүүр нь давах үед гар утас хэвтэж байгаа харагдахаар нь буцаж эргээд тухайн гар утсыг нь аваад гэр рүү орсон.” /хх 54-56/ гэсэн мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3, 5/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 18-21/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Чинбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Шүүгдэгч Ж.Чунтаж байсан А.КАйфоне-13 про /I phоnе-13 рго/ загварын гар утас, хаан банкны ногоон өнгийн виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 3.405.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Чбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Чнь “...Мөрдөн байцаагч зөвхөн камерын бичлэгээр хэргийг бүрдүүлсэн. Цаад санаа сэдлийг нь тогтоогоогүй, бүр мэдүүлэг ч сайн аваагүй. Би тэр утсыг нь биенээс нь аваагүй, доод шатан дээр хэвтэж байсан. Орцонд согтуу эмэгтэй хүн унтаж байхаар нь энэ байрны хүн байх, сэрээд залгахаар нь өгнө дөө гэж бодоод авсан. Тэр үед би элдэв янзын бултах, зам мөрөө бууруулах арга заль хэрэглэх элдэв муу санаа агуулаагүй. Утсыг нь оролдоогүй, салгаагүй. Хохирогч тухайн үед над руу 10 цаг өнгөрч байхад залгасан, би чиний утсыг шатан дээрээс авсан. Би хөдөө явж байна. Би тэр орцны айлд амьдардаг гэдгээ хэлсэн. Ийм байхад байцаагч дутуу шалгаж, үнэн зөвийг тогтоож чадаагүй. Миний мэдүүлэгтэй уншиж танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Хамгийн гол нь үнэн зөвийг тогтоогоогүй, мэдүүлэг дутуу авсан гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хянуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.  

Хэдийгэээр шүүгдэгч Ж.Чнь “...би тэр утсыг биенээс нь аваагүй, доод шатан дээр хэвтэж байсан. Орцонд согтуу эмэгтэй хүн унтаж байхаар нь энэ байрны хүн байх, сэрээд залгахаар нь өгнө дөө гэж бодоод авсан.” гэх боловч хохирогч А.К“...тус өдөр 10 цаг 19 минутад залгахад настайвтар эрэгтэй хүн аваад “энэ гар утсыг 131/6 байрны 1 давхрын шатны хажуу талаас олсон гэж хэлээд миний гар утсыг салгаад унтраасан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “хохирогчийн гар утсыг биенээс авч байгаа байдал” /хх 18-21/, хохирогчид энэ талаараа өөрөө санаачлага гаргаж мэдэгдээгүй, цагдаагийн байгууллагад хандаагүй зэргээр няцаагдаж байна.  

Иймд шүүгдэгч Ж.Чбусдын эд хөрөнгө болох гар утас, Хаан банкны ногоон өнгийн виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэнд нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Ж.Чүйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж, улмаар тогтоогдсон хэмжээний хүрээнд гэм бурууг хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зохицуулалтад нийцжээ.    

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймээс гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар маргасан түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Чгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Чгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2 Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ