Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 134

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

   Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.М,

   Шүүгдэгч: З.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Н холбогдох 1735001250068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн  хамт Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух З.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч З.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Б жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Миний нөхөр З.Н 2013 онд намайг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад надаас уучлалт гуйж, эвлэрэн хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Надад гомдол, санал байхгүй, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ин 55-56-р тал/,

 

2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 28-ны  шөнө манай эгч Б.Б “З.Н согтуу ирж намайг зодоод, би гэрээс гарч зугатаагаад Ховд голын хөвөөнд очиж сууж байгаад Цагдаагийн хэсэгт очоод хүн байхгүй болохоор нь танайд ирлээ” гэсэн манай гэрт ирсэн. 2014 онд Н нь Б-г зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 12-13, 57-р тал/, 

 

3. Насанд хүрээгүй гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө манай төрсөн аав Н согтуу ирээд ээж Б-г “Чи З-той банзалдсан биз дээ” гээд шүдэнз зурж асаагаад ээж үрүү шидээд, үсдэж чирээд, толгой дээр нь суугаад, толгой руу нь дэвсэж, нүүр хэсэг үрүү нь өшиглөсөн. Намайг Д-н хүүхэд, дүү Х, Б нарыг Г-ийн хүүхэд гэж хэлсэн. Ээж ааваас зугатааж гэрээс гараад гэр 2 тойрч зугатаад орж ирээд “Аавдаа намайг явсныг хэлж болохгүй” гэж хэлээд гараад явсан. Аав архи уусан үедээ ээжийг зоддог. Намайг толгой руу 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

             4. Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ З.Н нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт сумын төвд амьдардаг.  Хүүхдүүд нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн судалгаад багтдаг. Миний ажлын чиглэлээр хүмүүсээс авсан мэдээллээр хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид З.Н ганцаараа ордог ба З.Н-д хяналт тавьж ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,   

5.Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “З.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга цохиж зодож байдаг гэж хүмүүс хэлж байсан. Б.Б намайг зодлоо гэж хааяа ирдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 590 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Б.Б-ийн биед тархины доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус харвалт, зүүн хацарт шалбарсан шарх, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус харвалт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнхөн хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Б.Б нь12 долоон хоногтой жирэмсэн байна. Б.Б-д үүссэн гэмтэл нь урагт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 7-р тал/,

7. Хохирогч Б.Б-ийн 2017 оны  11 дүгээр сарын 15-ны өдрийн “ Нөхөр З.Н бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй. Эвлэрсэн тул өгсөн өргөдлөө буцаан авах хүсэлт гаргаж байна. Миний зүгээс гомдол, санал, хүсэлт байхгүй тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт,

8. Ховд сумын эрүүл мэндийн төвийн “Б.Б 4 сартай жирэмсэн. Одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэх тодорхойлолт,

9.  Шүүгдэгч З.Н-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 37-р тал/,

10. Шүүгдэгч З.Н-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35, 42, 43, 45, 46-р тал/,

 

11. Шүүгдэгч З.Н-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ …2017 оны 9 дүгээр сарын 28-ны орой хамт ажилладаг М-тэй 2 литрийн “Боргио” нэртэй пиво нэг ширхэгийг уугаад дараа нь 0.75 литрийн хоёр шил архи уусан. М бид хоёр Ховд голын эрэгт эхний архийг ууж дуусгаад 2 дахь архийг ууж байгаад би ухаан алдсан байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Өглөө 05 цаг болж байхад сэрэхэд гэрийнхээ баруун талын орны доод хэсэгт газарт хэвтэж байсан. Манай эхнэр Б гэрт байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би гэр бүлээ ганцаараа ажил хийж тэжээдэг болохоор ажил хийх боломж олгож торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч З.Н нь 2017 оны  9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн гэртээ эхнэр Б.Б-г зодсон үйл баримт гэрч Б.Б, насанд хүрээгүй гэрч Н.Б, шүүгдэгч З.Н нарын мэдүүлэгээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч З.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн биед тархины доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус харвалт, зүүн хацарт шалбарсан шарх, нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус харвалт гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл  болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 590 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ. 

Хохирогч Б.Б нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ 12 долоон хоногтой жирэмсэн байсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 590 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд сумын эрүүл мэндийн төвийн “Б.Б 4 сартай жирэмсэн” тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул түүнийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч З.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг тусгайлан хуульчилсан байх ба энэ гэмт хэрэгт оногдуулах ял нь шүүгдэгч З.Н-г яллаж байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргээс хүнд ялтай байна. Иймээс хүнд ялтай тусгайлан хуульчлагдсан гэмт хэргийг хөнгөн ялтай гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон яллах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэх тул шүүгдэгч З.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Хохирогч Б.Б нь шүүгдэгч З.Н-ээс гаргуулах хохирол төлбөр болон гомдолгүй, эвлэрсэн талаараа тодорхойлолт гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч З.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

Шүүгдэгч З.Н-д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Н-г хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч З.Н-д   240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

           4. Шүүгдэгч З.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ