Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 119/ШШ2024/0012

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  П.Ууганцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” ХХК /Гүйцэтгэх захирал Э.У/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т,

Хариуцагч: ОА-ийн ЭАХХХУАБ Д.Ж нарын хоорондын

ЭАХХХУАБ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь ОА-ийн ЭМГ-ын ЭАХХХУАБ Д.Ж-д холбогдуулан “ЭАХХХУАБ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.

2. ОА-ийн ЭАХХХУАБ Д.Ж нь өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагаа эрхэлдэг “Д” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн ....... орон сууцны хорооллын үйлчилгээний хэсэгт иргэн М.Т-ын гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаар актаар “Д” ХХК-ийн угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн.  

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэж заасны дагуу ОА-ийн ЭМГ-ын даргад гомдол гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05/17 дугаартай албан бичгээр гомдлыг хангахгүй орхиж, актыг хэвээр үлдээсэн тухай хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  

4. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т би ОА-ийн ЭМГ-ын ЭАХХХУАБ Д.Ж-ын 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. “Д” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн ..... орон сууцны хорооллын үйлчилгээний зориулалттай хэсэгт 100.98 мкв талбай бүхий талбайг 5 жилийн хугацаатай түрээслэн “L” нэртэй өөртөө үйлчлэх угаалгын газрыг ажиллуулж, 3 иргэнийг ажлын байраар хангаж, иргэдэд цэвэр тав тухтай орчинд угаалгын үйлчилгээ үзүүлэх зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийж Бүгд найрамдах Солонгос улсын “L” өөртөө үйлчлэх угаалгын газрын сүлжээг франчайзингийн гэрээний дагуу албан ёсны эрхтэйгээр Монгол Улсдаа нэвтрүүлж, уг сүлжээний салбараа Эрдэнэт хотод нээн ажиллуулж шинэлэг үйлчилгээ, соёлыг түгээн ажиллаж байна.

2. ЭАХХХУАБ Д.Ж Орон сууцны тухай хуулийн 17.1.7 дахь хэсэгт заасан асуудлыг шалгах эрхгүй атлаа хяналт шалгалт явуулж, акт үйлдсэн нь илт хууль бус байна. Орон сууцны тухай хуулийн 17.1.7-д заасан асуудлыг шалгах тохиолдолд орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналт хариуцсан хяналтын улсын байцаагч хариуцаж хяналт шалгалт явуулах чиг үүрэг /эрх/-тэй байхад ЭАХХХУАБ хяналт шалгалт явуулж, үйл ажиллагааг түр зогсоох тухай акт үйлдсэн нь илт хууль бус байна.

Учир нь Орон сууцны тухай хуулийн 16-р зүйлийн 16.3-д “Барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь орон сууцны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасны дагуу сууцандаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгана” гэж заасан байхад ЭАХХХУАБ өөрт хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчиж, хяналт шалгалт явуулж акт үйлдсэн нь илт хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус болох талаар тодорхой заасан байна. Эрүүл мэндийн газрын ЭАХХХУАБ Д.Ж-ын албан тушаалын чиг үүрэгт орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын асуудал буюу Орон сууцны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах асуудал огт байхгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн А/31 дугаар тушаалаар эрүүл мэндийн салбарын хяналтын чиглэлээр улсын байцаагчийн эрх олгосон байхад орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналтын чиглэлийн асуудлаар хяналт шалгалт явуулж, акт үйлдсэн нь хууль зөрчсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т “Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн байна” гэж заажээ.

Маргаан бүхий улсын байцаагчийн акттай адил агуулгатай асуудлыг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн жишиг шийдвэр байгаа бөгөөд уг шийдвэрээр улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоосон болно.

3. Дээр дурьдсан ЭАХХХУАБ Д.Ж Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан асуудлыг шалгах эрхгүй хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж хяналт шалгалт явуулсан тул түүний явуулсан хяналт, шалгалтын ажиллагаа, түүний үндсэн дээр гаргасан акт нь илт хууль бус болох тул 17.1.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн дүгнэлт болон дуу чимээний хэмжээг тодорхойлох зорилгоор хийсэн хэмжилт хүчингүй.

Түүнчлэн орчны дуу чимээг хэмжихдээ орчны дуу чимээг хэмжих ёстой байтал манай компанийн хэрэглэж буй угаалгын машин дээр хэмжих багажийг байршуулж хэмжилт хийсэн нь буруу юм. Учир нь ердийн айл өрхүүдийн хэрэглэдэг угаалгын машинуудын техникийн үзүүлэлт нь 64-82 дБ дуу чимээ гаргадаг ба хэрэв угаалгын машин дээр хэмжих багажийг тавьж хэмжвэл бүх айл өрхүүд угаалгын машин хэрэглэх боломжгүйд хүрнэ.

“Хэмжилтийн цэгийг хананаас 1 м, шалнаас 1.2-1.5 м дээш, цонхноос 1.5 м зайд сонгон хийнэ. Ингэхдээ тавилга хэрэгсэл болон хаалт, бусад шуугиан ойлгогч хэрэгслийг харгалзан үзнэ” гэж заасан байхад ажиллаж буй угаалгын машин дээр хэмжих багажийг байршуулж хэмжсэн, мөн гомдол гаргаж буй айлд дуу чимээний түвшин ямар хэмжээтэй байгааг огт тодорхойлоогүй тул уг хэмжилтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4. Мөн манай компанийн өөртөө үйлчлэх угаалгын газартай адил төстэй үйл ажиллагаа явуулдаг “Sнэртэй угаалгын газар мөн ...... үйлчилгээний хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд яг адил төрлийн үйл ажиллагаа явуулж буй 2 байгууллагын нэгийг нь зөвшөөрч, нөгөөг нь хориглож, үйл ажиллагааг нь зогсоож буй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тус тус заасныг зөрчиж шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байна.

Улсын байцаагчийн илт хууль бус актын улмаас компаний үйл ажиллагаа явагдах боломжгүйд хүрч, их хэмжээний алдагдал хүлээж, ажилчид цалин хөлсгүй хохирч байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргасан боловч 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 05/17 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гомдлыг хангахгүй орхиж, актыг хэвээр үлдээсэн байх тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Ашиглалтыг зогсоохтой холбоотой хуулийн процесс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ёстой ажиллагаа гэж ойлгож байгаа. Хэрэгт авагдсан баримтаар прокурор зөвшөөрөл олгоогүй, олгосон тухай ямар нэгэн шийдвэр авагдаагүй байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдан гарснаар үйл ажиллагаа, ашиглалтыг шууд улсын байцаагч зогсоохгүй. Прокурорын зөвшөөрлөөр зогсоох зохицуулалт орсон. Энэ зохицуулалтын дагуу ямар нэгэн тийм зөвшөөрөл авагдаагүй гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дээрээ нэмж хэлье” гэв.

5. Хариуцагч Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтад заасан 16.3. Барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад дараах хууль тогтоомжийн дагуу хамаарч байна.

Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хуулийн нэгдүгээр бүлэг 2 дугаар зүйлд “ Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Агаарын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Барилгын тухай, Боловсролын тухай, Орон сууцны тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Хот байгуулалтын тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Цөмийн энергийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”,

Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн

3.1.1. "эрүүл ахуй" гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг;

3.1.4. "эрүүл мэндийн эрсдэл" гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг;

3.1.5. "эрүүл, аюулгүй орчин" гэж хүрээлэн байгаа орчин эрүүл ахуйн нөхцөл, шаардлага бүрэн хангасан байхыг; гэж тус тус томьёолсоноор,

Хот төлөвлөлт, барилга байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлага 5 дугаар зүйлийн 5.1. ”Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна”,

20 дугаар зүйл. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйлийн 20.1. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно: 20.1.1.хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийхийг хориглоно,

-Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг удирдлага болгон

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх зарчмыг баримтлан Орон сууцны тухай хуулийн 17.1.7 дахь заалтын хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох эрх, үүргийг хэрэгжүүлж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 5.1. Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; ...гэж үзнэ гэсний дагуу ОА-ийн ЭМГ-ын Хяналт шалгалтын хэлтэс нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” дугаар 417 тогтоолоор хяналт шалгалт хэрэгжүүлэх чиг үүргийг салбарын яамдад шилжүүлсний дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 сарын 31-нээс Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/45 тоот тушаалаар чөлөөлж мөн өдрөөс Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт 5 улсын байцаагчийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмын 5.1 Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх .... заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн Журам, загвар ,батлах тухай Дугаар 6 тогтоолыг үндэслэн ЭМС-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хяналтын улсын байцаагчийн эрх, албаны болон хувийн дугаар олгох тухай А/31 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад заасны дагуу улсын /ахлах /байцаагчийн эрх олгогдон ажиллаж байна.

Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтэст албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу орчны эрүүл ахуйн асуудал хариуцсан, хүнсний эрүүл ахуйн асуудал хариуцсан, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн асуудал хариуцсан, халдвар хамгааллын асуудал хариуцсан, эмчилгээний чанарын хяналтын улсын /ахлах /байцаагчид хамрагддаг.

Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 79 тоот тогтоолоор батлагдсан Хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан хяналт шалгалтын төлөвлөгөөнд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтыг 4 чиглэлээр 45 обьектыг хяналт шалгалтад хамруулахаар төлөвлөгдөж, бүрэн хийгдэж дуусаад байна.

Мөн урьдчилан сэргийлэх хяналтын асуудлаар Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. дахь заалт, МХЕГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/57 дугаар тушаалаар батлагдсан заавар”-ыг үндэслэн орчны эрүүл ахуйн хяналтын чиглэлээр барилга байгууламжийн зураг төслийн үе шатанд дүгнэлт гаргаж, ашиглалтад орох, үйл ажиллагаа явуулж эхлэх үеэс барилга байгууламжийн эрүүл ахуйн шаардлага, эрүүл ахуйн хуульд заасан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн ......... орон сууцны 3 дугаар байрны 201 тоотод оршин суугч иргэн М.Т-ын гаргасан гомдолд:

-“Манай цонхны доор угаалгын газар байрладаг. Тус газар нь оройн 00 цаг хүртэл ажиллаж, дуу чимээ, чичиргээ ихтэй, уур нь цонх, байрны хэсэгт их гарч байгаагаас оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа талаар удаа дараа хэлсэн боловч үгаалгын газрын байршлаа өөрчлөхгүй байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” гэснийг хянаад:

-“Манай цонхны доор угаалгын газар байрладаг. Тус газар нь оройн 00 цаг хүртэл ажиллаж, дуу чимээ, чичиргээ ихтэй, уур нь цонх, байрны хэсэгт их гарч байгаагаас оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа нь “Эрүүл ахуй тухай хуулийн, 5.1. Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна.“ заалтыг;

-Угаалгын газрын байршлаа өөрчлөхгүй байгаа нь 20.1 .Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно: 20.1.1. хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийхийг хориглоно заалтыг;

-Орон сууцны тухай хуулийн 16.1. Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно.” заалтуудыг хэрэгжүүлээгүй, Цаашид байнга давтагдан үргэлжилж, улмаар Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 2 /эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;- заалт зөрчигдөх,

-Иргэн М.Т-ын гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэлд тусгуулсан тус угаалгын газрын үйл ажиллагааг зогсоох санал,

-Монгол улсын Орон сууцны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 17 дугаар зүйлийн 17.1.7...саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах....;-ыг хориглоно заалтад заасан саун, нийтийн халуун усны болон угаалгын газар... нь МХЕГ-ын даргын 2020 оны А/02 тоот тушаалыг үндэслэн баталсан аймгийн МХГ-ын даргын баталсан А/07 тоот тушаалын 9 дүгээр хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолт, орчны эрүүл ахуй хяналтын чиглэлд хамаардаг зэрэг нөхцөлүүдийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 479 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Хяналт шалгалтын нийтлэг журам-ын 1.9. Улсын байцаагч хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар олгосон бүрэн эрх, эрхэлж байгаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд хийж, хууль дээдлэх зарчмыг баримтлан аливаа шийдвэрийг хараат бусаар Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн гаргана.-ний дагуу ТХШТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрх нь аль ч салбарын асуудал хариуцсан улсын байцаагчид хамаарах тул 10.9.7 дахь (хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх) заалтын дагуу эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор, тус угаалгын үйлчилгээ үзүүлж буй газрын үйлчилгээний байрыг богино хугацаанд өөрчилж, засаж үргэлжлүүлэх боломжтой тул үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл түр улсын ахлах байцаагчийн акт-аар зогсоосон нь "ХШТХ-д заасан эрхийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ болно. 

Иймд дээрхи нэхэмжлэл нь төрийн байгууллагын хуулиар олгосон чиг үүргийг мушгин гуйвуулсан, улсын байцаагчийн шийдвэрт хөндлөнгөөс санаатайгаар нөлөөсөн, тулган шаардсан, хуулийн заалтыг зөрчсөн, хууль бус, цаг хугацаа хожиж ашиг хонжоо олох гэсэн арга байна гэж үзлээ.

Дуу чимээний хэмжилтийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дотоод орчны дуу шуугианы стандартыг тодорхойлох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн эрүүл ахуйн товчооны дарга О.А, лаборант Г.Ж нарын угаалгын газрын 1 сэгсрэх, 2 угаалгын машины ажиллаж байх үеийн дуу шуугианы хэмжилтийг шуугиан хэмжигч багаж Cirrus ResearchR:308/-аар 14.30-15.30 цагийн хооронд хийхэд, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт хэмжилтийн үр дүнгээр шуугиан 54-58 дБ хэмжээтэй байгаа нь Монгол улсын Орон сууц, иргэний барилгын шуугианы байж болох түвшин MNS0012-1-009-1985 стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их буюу стандартын шаардлага хангахгүй хэмжилтийн дүнтэй байна гэж үзсэн. Хэмжилт хийх техник арга зүйг мэргэжлийн лабораторийн эрх бүхий шинжээч хийсэн ба хэмжилтийн үр дүнг хариуцна.

5. ....... ажиллаж байгаа S угаалгын газарт орчны эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодоггүй болно.

6. 2022  оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хавсаргасан нь цаг хугацааны хувьд өнгөрсөн, хариуцсан хяналтын чиглэл, тухайн тохиолдол нь өөр байгаа нь хамааралгүй байна.

7. Мөн “Д” ХХКомпани нь Бүгд Найрамдах Солонгос улсын L өөртөө үйлчлэх угаалгын газрын сүлжээг франчайзингийн гэрээний дагуу албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж байгаа мөртөл ашиглаж буй угаалгын машины албан ёсны чанарын гэрчилгээгүй, гэр ахуйн зориулалттай Тoshibа TWL 80А2UZ-WК маркийн угаалгын машины зургийг хавсаргасан нь үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа угаалгын машины хүчин чадал, чанарыг төлөөлж чадахгүй гэж үзлээ.

8. 3ахиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол" гэж заасан үндэслэл тогтоогдож байх тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хэрэгжүүлж байгаа учраас прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн тайлбарыг надад хэлсэн. Л.О прокурорт М.Т-аас авсан мэдүүлэг, акт бичсэн танилцуулгаа танилцуулаад үзүүлсэн. Үндэслэлийг маань асуухад нь тайлбарласан. Зөрчлийн тухай хуулийг үндэслээгүй актаар үйл ажиллагааг нь зогсоолоо. Эрүүл ахуйн хяналтад угаалгын газрууд хамрагддаг гэхэд за ойлголоо гээд явсан.

Нийтийн зориулалттай орон сууцны үйлчилгээний хэсэгт хориглосон үйл ажиллагаа явуулах гэрээ хийхгүй гэдгийг Улсын комисс дээр хэлсэн. Нийтийн халуун ус, саун, угаалгын газар оруулчихваа болохгүй гэдгийг хэлсэн. Эрүүл ахуйн асуудал, барилга техникийн асуудал хоёулаа тус тусдаа чиглэлээр ажилладаг боловч эцэстээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, орчны нөлөөллөөс хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хяналт тавьж байгаа. 2 тусдаа юм шиг боловч эцэстээ нэг л чиглэлийнх байгаа. Өөрийнхөө хийсэн хяналтыг буруу байна, барилгын хяналтын хийх зүйлийг аваад хийчихлээ гэдэгтэй санал нийлэхгүй байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчаас шүүх хуралдаанд иргэн М.Т-ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гэрч оролцуулах шаардлагагүй” гэсэн тайлбар гаргасан. ОА-ийн ЭМГ-ын ЭАХХХУАБ Д.Ж-ын гаргасан “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” улсын байцаагчийн акт хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаарх маргааныг хянан шийдвэрлэхэд гомдол гаргагч М.Т-ыг гэрчээр оролцуулах шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй болно.

2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь ОА-ийн ЭМГ-ын ЭАХХХУАБ Д.Ж-д холбогдуулан “ЭАХХХУАБ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.

3. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1. ОА-ийн ЭАХХХУАБ Д.Ж нь иргэн М.Т-ын гаргасан гомдлын дагуу “Д” ХХК-ийн L угаалгын газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” улсын байцаагчийн актаар тус угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. /Хавтаст хэргийн 10-12, 31-43 дахь тал/

3.2. ЭАХХХУАБ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актыг нэхэмжлэгч “Д” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргав.

3.3. ЭАХХХУАБ Д.Ж нь “Д” ХХК-ийн L угаалгын газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, улсын байцаагчийн хяналтын чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзлээ.

3.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж тус тус зааснаар улсын байцаагч нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг түр зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхтэй байна.

3.5. Мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэж зааснаар эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих, төрийн хяналтыг хуулиар эрх олгосон улсын байцаагч хэрэгжүүлэхээр заасан.

3.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд ОА-ийн ЭАХХХУАБ Д.Ж нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

3.7. Эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрүүл ахуйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, ... Орон сууцны тухай...хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар Орон сууцны тухай хууль нь эрүүл ахуйн хууль тогтоомжид хамаарч байна. Иймд ЭАХХХУАБ-ийн Эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Орон сууцны тухай хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг мөн адил хамаарна.

3.8. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д “17.1. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно: 17.1.7. саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах” гэж нийтийн зориулалттай орон сууцанд угаалгын газрын үйлчилгээ эрхлэхийг хуулиар шууд хориглосон.

3.9. Мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “20.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно: 20.1.1.хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх” гэж эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбоотой хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

3.10. Хуулиар хориглосон орчинд хориглосон үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж байгаа нь орон сууцны буюу орон сууцанд оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3.11. Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"эрүүл ахуй" гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг;” гэж, 3.1.3-т “"эрүүл ахуйн нөхцөл, шаардлага" гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг;” гэж, 3.1.4-т “"эрүүл мэндийн эрсдэл" гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг;” ойлгохоор тус тус заажээ.

3.12. Тийм учраас нийтийн зориулалт бүхий хүн амьдрах зориулалт бүхий орон сууцанд хуулиар хориглосон үйлчилгээ эрхэлж байгаа нь орчны эрүүл ахуй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагад хамааралтай байх тул уг хориглосон үйлчилгээг түр зогсоох шийдвэр гаргасан нь орчны эрүүл ахуй, орон сууцанд оршин суугчдыг эрүүл мэндийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамаарна. Иймд улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу хяналтыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.  

3.13. Иймд нэхэмжлэгчийн “Орон сууцанд угаалгын үйлчилгээ явуулж байгаад хяналт тавих чиг үүрэг нь Эрүүл ахуйн улсын байцаагч хяналтын чиг үүрэгт хамааралгүй, энэ нь орон сууц ашиглалттай холбоотой тул захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

3.14. Нийтийн зориулалт бүхий орон сууцанд хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа нь орон сууцыг ашиглалттай холбоотой асуудал мэт боловч орон сууцны орчин, хүлээлэн байгаа орчны эрүүл ахуйн асуудал нь Эрүүл ахуйн улсын байцаагчийн хяналтын чиг үүрэгт хамаарч байгаа тул шийдвэр гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

3.15. Иймд ЭАХХХУАБ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.7, Эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ОА-ийн ЭМГ-ын ЭАХХХУАБ Д.Ж-д холбогдуулан гаргасан “ЭАХХХУАБ-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          П.УУГАНЦЭЦЭГ