Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03739

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/03739

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Х овогт Нын Г /РД: ***/-ын хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Н.Г миний бие нь 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Увс аймгийн Ус цаг уурын товчоо одоогийн Увс аймгийн Байгаль орчны газарт ус судлалын ажиглагчаар ажиллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилласан газрын орсон, гарсан тушаалаас өөр баримт архиваас шүүлгэж үзэхэд олдохгүй байна. Иймд ажилласан жил хүрэхгүй байгаа тул миний 1978 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би өөрөө групп байдаг хүн. 2019 оноос хойш хорт хавдрын оноштой болсон гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 897 дугаартай тодорхойлолт /хх-5/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай тодорхойлолт /хх-6/, Увс аймгийн Ус цаг уурын товчооноос 1978 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-7/, Увс аймаг Байгаль орчны газрын даргын 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаартай тушаал /хх-8/, Увс аймаг Ус цаг уурын товчооны даргын 1978 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай тушаал /хх-9/,

гэрч Ж.Бийн тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтэр /хх-10-12/, Ш.Жийн тодорхойлолт болон хөдөлмөрийн дэвтэр /хх-13-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

2.2 Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрч Ш.Жоос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20-21/,

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2024/12017 дугаар захирамжаар гэрч асуулгах шүүхийн даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 529 тоот албан бичгээр шүүхийн даалгаврыг гүйцэтгэн ирүүлж тус тус хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Н.Г нь Увс аймгийн баруун туруун сумын Ус цаг уурын товчоонд 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ус судлалын харуулын ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Би 1978 онд 18 настай байхдаа Увс аймгийн Ус цаг уурын товчоонд Баруунтуруун голын ус судлалын харуулын ажиглагчаар ажилд орж, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ажиллах болсон шалтгаанаар ажлаас гарсан. Миний ус судлалын харуулын ажиглагч гэдэг ажил нь усны төвшнийг ажигладаг байсан. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас группт байдаг бөгөөд одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан хугацааны зарим баримт олдохгүй байна гэж тайлбарлав.

 

3. Хүсэлт гаргагч нь Увс аймгийн баруун туруун сумын Ус цаг уурын товчоонд 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ус судлалын харуулын ажиглагчаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

3.1 Увс аймаг Ус цаг уурын товчооноос 1978 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт, түүнийг

- 1978 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймаг Баруун туруун сумын ус судлалын харуулын ажиглагчаар,

-1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баруун туруун сумын ус судлалын харуулын ажиглагчаас халав гэх бичилтүүд

 

3.2 Увс аймаг Ус цаг уурын товчооны даргын 1978 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай Ажилд авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Баруунтуруун голын Ус судлалын харуулын ажиглагчаар Н овогтой Гыг 1978 оны 03 дугаар сарын 18-наас эхлэн ажиллуулсугай гэж,

 

- Увс аймаг Байгаль орчны газрын даргын 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаартай Ажлаас халах тухай тушаалын 1 дэх хэсэгт Баруунтуруун голын Ус судлалын харуулын ажиглагч Н овогтой Г Улаанбаатар хотод ажиллах болсон тул 1994 оны 10 дугаар сарын 30-наас тасалбар болгон ажлаас халсугай гэж тус тус дурджээ.

 

3.3 Гэрч Ш.Жийн ... Би Увс аймгийн Ус цаг уурын шинжилгээний газар 1987 онд холбооны инженерээр ажилд ороод 1997 он хүртэл ажилласан. Бүх сумаас мэдээ авч төв рүү дамжуулдаг. Би Баруун туруун сумын мэдээг Гаас авч дамжуулдаг байсан тул ажил хэргийн харилцаанд таньдаг. Мөн жилд бүх сумдад цаг уурын ажиглагч, харуулуудад заавар зөвлөгөө өгөхөөр семинар зөвлөгөөнөөр уулздаг байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

Гэрч Ж.Бийн ... Би 1990 онд Дархан хотод Цаг уурын сургууль төгсөж ирээд Увс цаг уурын орчны шинжилгээний төвд техникчээр ажилд орсон. Н.Г 1978 оноос Баруун туруун сумын ус судлалын харуулын ажиглагчаар ажилладаг байсан. Н.Г 1995 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Н.Гын ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч нь Увс аймгийн баруун туруун сумын Ус цаг уурын товчоонд 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ус судлалын харуулын ажиглагчаар ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 897 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Н.Гыг Увс аймгийн баруун туруун сумын Ус цаг уурын товчоонд 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ус судлалын харуулын ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Нын Г /РД: ***/-ыг Увс аймгийн баруун туруун сумын Ус цаг уурын товчоонд 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ус судлалын харуулын ажиглагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА