| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0133/э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.С,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох 1735001480071 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 14-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, энхэр, 3 хүүхдийн хамт -оршин суух Н.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутагт насанд хүрээгүй Б.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай гэрийнхэн өвөлжөөний гадна хөрөл /хөрзөн/ зөөгөөд 16 цагийн үед дуусаж байхад манай ээж Н.Ц өөрийн аав Н-ийн очиж хононо гээд явган явах гэхээр нь аав бид хоёр гуйгаад болиулсан. Гэтэл ээж Б гэдэг айл руу гүйгээд явахаар нь аав араас нь Д.Б гэдэг айлд очиж “Энэ хүний сэтгэл санаа тавгүй байх шиг байна. Гадагш явуулж болохгүй” гэж захиад ирсэн. Удалгүй ээж аавын араас ирээд бид нар унтаж байтал шөнийн 03 цагийн үед ээжийн төрсөн дүү Н.Б согтуу манайд ирэхээр нь ээж цай хийж өгөхөд цайгаа ууж дуусчихаад аавын хөгжлийг хуу татаад толгой руу нь нэг удаа цохиод буцаж суугаад данхтай цайг цоргоор нь гал /зуух/ цохиж асгахаар нь би “Та яаж байгаа юм вэ? Манай гэр бүлийг тайван байлгаад өг” гэхэд “Чи их юм хуцдаг гэнээ” гээд миний хөнглийг татаж шидээд миний толгой тус газарт хэд хэдэн удаа алгадчихаад эргэж суугаад тамхи ороож байснаа тамхины хайрцагаа над уруу шидэхэд хамт явсан Даанка гэдэг хүний хамрыг онож цус гаргасан. Тухайн үед манай аав боль гэж хэлэхэд тэр хоёр удалгүй явсан. Тэс сумын эмнэлэгийн их эмч Э.Н-д үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг хагарсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р тал/,
2. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай гэрийнхэн өвөлжөөнийхөө хөрөл /хөрзөн/ хураах ажил хийж байхад манай энхэр Н.Ц амандаа үглээд ажил хийхгүй байсан бөгөөд 16 цагийн үед ажил дуусаж байхал Ц “ Аавын очлоо. Ойрд очоогүй” гээд явган явах гэхээр нь “Харанхуй болж байна хэрэггүй” гэж охинтойгоо нийлж ятгаад үгэнд орохгүй болохоор шууд гэр үрүүгээ оруулах гэхэд манай ойролцоо байдаг Д.Б гэх айл уруу гүйгээд явсан. Би араас нь очиж “Манай эхнэрийн сэтгэл санаа тавгүй байна. Гэрээсээ битгий гаргаарай” гэж хэлчихээд буцаж ирээд удаагүй байтал араас хүрч ирсэн. Тэгээд манай гэрийнхэн унтаж байтал эхнэрийн дүү Н.Б манайд ирээд эхнэртэй юм ярьж байгаад миний хөнжлийг татаад нүүрэн тус газар халь цохиод буцаж суугаад данхтай цайнаас ууж байгаад унагаж асгахад манай охин түүнд хандаж “Та яагаад байгаа юм вэ?” гэж уурлахад “Чи юу юм бэ?” гээд түүнийг цохьсон. Хаана нь цохьсоныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,
3. Гэрч Н.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай гэрийнхэн өвөлжөөнийхөө хөрөл /хөрзөн/ хураах ажил хийж дуусгаад “Хүүхдүүд байгаа дээр аавынд очоод ирье” гэхэд манай нөхөр дүргүйцээд бид хоёр маргалдаж байгаад би Б гэдэг айлд очоод байж байтал манай нөхөр Б ирээд гэртээ харья гээд бид нар нар гэртээ ирээд унтаж байтал манай дүү Н.Б Д гэх залуугийн хамт ирэхээр нь би би босож цай хийж өгөөд буцаж орондоо ороход Б надаас “Та галзуурсан юс уу?” гэж асуухаар нь би “галзуураагүй байна” гэхэд манай нөхрийн хөнжлийг татаад “Миний эгч галзуурсан юм уу?” гэж асууж байгаад манай охин дээр очоод юм яхьж байгаад хамт явсан хүтнэйгээ гараад явсан. Манай охиныг нүүр үрүү нь хальт цохих шиг болсон. Манай нөхөр хааяа архи уусан үедээ намайг зоддог үүнээс болж Б манайд ирсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
4. Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнө Н.Б-тай хамт Б гэх айлд очиход Б эгчтэйгээ ярилцаж байгаа “Та юу болоод байгаа юм бэ?” гээд Б-ын хөнжлийг татаж босгоход “Юу ч болоогүй” гэж хариулахаар нь буцаж суугаад цай ууж байгаад буцааж тавих гэж байгаад унагахад Бын охин “Та одоо яагаад байгаа юм бэ?” гээд орилоод босоод ирэхээр нь Б “Чи ээжийгээ хамгаалах ёстой байж аавтайгаа нийлж миний эгчийг дээрэлхээд байдаг” гэхэд “Танд ямар хамаатай юм бэ? Манай амьдрал” гэхэд нь Б босоод алгадах шиг болсон. Би анзаарч хараагүй юм. Б надад тамхины хайрцаг шидэж өгөх үед би барьж авч чадалгүй нүүрэн дээр оносон. Түүнээс биш над уруу зориуд шидсэн зүйл байхгүй. Надад учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Б.М-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,
6. Шүүгдэгч Н.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 30-р тал/,
7. Шүүгдэгч Н.Б-ын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 32, 35-р тал/,
8. Насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нарын шүүгдэгч Н.Б-аас нэхэмжлэх хохиролгүй, гомдолгүй талаарх тодорхойлолт /хх-ийн 41-р тал/,
9. Шүүгдэгч Н.Б-гын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 15-нд Б гэдэг айлд очиход “Б ирээд танай эгч Ц гэрээсээ зугатаж манайд ирлээ гэсэн” гэхээр тэднийхээс Б хүргэн ахынд очиход тэднийхэн орондоо орсон байсан. Эгчээс юу болсон талаар “Та галзуу, солиотой болсон юм уу? Яагаад гэр орноосоо дайжиж зугатаагаад байгаа юм бэ? Энэ хүмүүс таныг яагаад байгаа юм бэ?” гэхэд “Би галзуураагүй. Эрүүл саруул ухаантай байна. Манай нөхөр ээж чинь галзуурч байна. Барьж хүл гэхээр нь зугатааж Б-гийн гэрт очсон” гэсэн. Би Б ахаас “Юу болсон юм бэ?” гэж асуухад “Ц эгч чинь сонин хачин болоод байсан” гэхэд манай эгч уурлаад маргалдахаар нь би боль гэж болиулаад гал дэээр байсан цайнаас уугаад буцааж тавихдаа унагаж асгахад М “Та одоо яагаад байгаа юм. Манай амьдралд оролцоод байлгүй зайл” гэхээр нь “Чи ээжийгээ хамгаалах ёстой байж байх гээд байгаа юм” гэхэд бага хүүхдээс гарахааргүй хачин авир гаргаад байхаар нь зүүн шанаа тус газарт нь нэг удаа алгадаад тэднийхээс гарсан. Урьд нь манай эгчийг М аавтайгаа нийлж зодсон гэж сонсож байсан учраас уурандаа ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутагт Насанд хүрээгүй Б.М-ыг зодсон болох нь насанд хүрээгүй хохирогч Б.М, гэрч Ц.Б, Н.Ц, Б.Д, шүүгдэгч Н.Б нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б-гын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М-ын бие махбодид “Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай шинжээчийн дүгнэлт тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч насанд хүрээгүй хохирогч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь энэ талаар тодорхойлолт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч Н.Б нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ