Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0223

 

 

 

 

 

 

 

 

    2024          03           12                                     128/ШШ2024/0223

 

 

 

                            

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* Б*******,

Хариуцагч: Нийслэлийн Улсын бүртгэлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Э*******,

Гуравдагч этгээд: М.Б*******,

Гуравдагч этгээд: Б.Г*******,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Э******* нарын хооронд үүссэн “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн №0 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нарыг оролцуулав.           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн №0 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 103.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахаар маргаж байгаа болох нь тогтоогдсон тул энэхүү маргааны хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэлээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эцэг эх нь “М-О” ЗБН-ийг үүсгэн байгуулж 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна.

2.2.Үүний дараагаар Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцож 55,920,000 төгрөгөөр худалдаж авсныхаа дараа нэхэмжлэгчийн аав А.М******* Төрийн өмчийн хорооны хурлын 342 дугаар тогтоолыг үндэслэн “М-О” ЗБН-ийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Үл хөдлөх хөрөнгийн /тухайн үеийн нэршлээр/ бүртгэлийн газарт гаргажээ. 

2.3.Хүсэлт гаргасны дагуу “М-О” ЗБН-ийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Үндэсний “Ү ” компанийн бизнесийн төвийн 270,1 м.кв талбайг 1998 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өмчлөгч болсныг гэрчилж 00180 дугаартай гэрчилгээ олгосон байна.

2.4.“М-О” ЗБН-ийн үүсгэн байгуулагч А.М******* нь А.А дүрмийн сангийн 70 хувь буюу 36750 төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг бэлэглэж, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулжээ.

2.5.2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 114 дугаарт нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр М.Б*******, Б.Г******* нарт өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 24-ний Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг, холбогдох нотлох баримт гаргасныг үндэслэж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн №0 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.6.Уг бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгч М.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, амьдрах орон байргүй болсон гэж маргаж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Миний бие 1984 онд Оросын холбооны улсад эмч мэргэжлийг эзэмшиж 1984 оноос улсад болон хувийн хэвшилд ажиллаж байгаад 2021 онд тэтгэвэртээ гарсан. Би 1998 онд аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан "М о" ЗБН хувийн эмнэлэгт эмчээр ажилладаг байсан. Аав, ээж 2 маань хувийн эмнэлгээ зориулалтын байртай болгоё гэж ярилцаад миний бие с нэгдэж тухайн үед өөрсдийн амьдарч байсан орон байраа зарж Аав маань 50 мянгатын 17 байрны 3 өрөөг 11 сая-аар, миний бие 3-р хорооллын Зөрөөг 10 саяар зарж Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцож 55 сая 920 төгрөгөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Ингээд 8 ерөөг нь эмнэлгийн зориулалтаар ашиглаж, эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байсан.

Дуудлага худалдаанд аав бид 2-ын мөнгө хүрэлцээгүй, 1998 оны 1ам доллар 820 төгрөгтэй тэнцэж байсан: 14 хоногт мөнгө шилжүүлэх шаардлага үүсэж, үлдсэн 50% болох 27 сая төгрөгийг 30,000.00 /ам.доллар/ миний үеэлийн нөхрөөс зээлж уг үл хөдлөх хөрөнгө бидний мэдэлд шилжиж, миний гэр бүлийн 5 гишүүн, аав ээж миний эгч Б******* охины хамт энэ байранд ирж амьдарцгаасан. Миний ээж 2002 онд хүнд өвчний улмаас өөд болсон. Энэ нөхөрлөлийн 30 хувийг Б******* миний бие, 70 хувийг миний аав эзэмшдэг татварын байгууллагад бүртгүүлээд татвар хураамжаа төлөөд явж байсан. Энэ хугацаанд бидэнд өр их байсан. Ерөнхийдөө тухайн цаг үе, нийгэм нь эрүүл мэнд, хувийн хэвшлийн салбаруудад хүнд байсан. Бид өрөө төлөхийн тулд олон ч банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч чадлаараа зүтгэсэн.

2006 онд би "И К" ББСБ-аас зээл аваад 2010 он хүртэл төлж байсан. "И К" ББСБ нь зээлээ төлж чадахгүй байна гээд үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн байсан. Ингээд би таньдаг найз нөхдөөсөө гуйж төлөөд 2010 онд барьцаанд байсан хөрөнгөө аваад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг аавдаа хадгалуулсан. Аав тэгэхэд "үхэхдээ өргүй байх юм байна, болж дээ" гэж хэлж байсан. Тухайн үед миний эгч аавыг асарч байгаа нэрээр итгэмжлэл, сейфийн түлхүүрийг нь авсан байсныг өнгөрсөн 2022-2023 онуудад иргэний хэргийн шүүхээр маргаантай явж байхдаа олж мэдсэн. 2011 онд аав 80 настай байв. Ааваас "нүдний хараа нь муудаж илт ядрах боллоо. Эмнэлгийн ажиллагааг зогсоох тухай" с тавьсан. Би ч аавын үгийг авч хаягаа авч байлаа. 2010 оны 12-р сард А.А гэх хүн ирж өөрийгөө танилцуулаад "танай эмнэлгийн талаар сонссон, аав хүү 2 ажиллуулдаг, туршлага, нэр хүнд сайтай эмнэлэгтэй хамтраад ажиллахад болно шүү дээ. Би өөрөө хувийн эмнэлэгтэй, Гэмтэл Согог Судлалын Төв-д мэс заслын эмчээр ажилладаг, та нарын сыг хүлээн авахад бэлэн байна..." гэх зэргээр 3-4 удаа ирж уулзаад удалгүй 2011 оны 01 сарын 10-даар А.А, түүний хүү А.Б /хүү нь тухайн үед Анагаахын Их сургуулийн оюутан байсан/ М-О" эмнэлгийн тусгай лицензийг бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүн тус бүр дээр үйлдэж 70, 30 хувиар тус тус шилжүүлсэн билээ. Миний аавын нийт хөрөнгийн 70% 37150 төгрөг, Б******* миний нийт хөрөнгийн 30% 53450 төгрөгийн хувьцаа ийнхүү А.А, А.Б нарт шилжсэн. Би энэ хаягт тасралтгүй 26 дахь жилдээ амьдарч, ажиллаж байна. Нэг ч удаа миний хаягийн бүртгэл өөрчлөгдөж байгаагүй. Өнөөдөр намайг гэр оронгүй болгочхоод миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн 30 хувийг миний эгч намайг өмчлөх эрхгүй болгосон байна. Миний аавын бие 2014 онд хүнд өвчинд нэрвэгдэж хагалгаанд орж, улмаар 2017 оны 04 сарын 30-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аавыг нас барахаас 2 сарын өмнө миний эгч М.Б******* нь тойргийн нотариатч Ганхуягийг дуудан А.А, миний төрсөн дүү М.Б*******, Б*******ийн охин Г******* нарыг байлцуулан "М-О" ХХК-ны А.А захирлын гарын үсэг, тамгатай итгэмжлэлийг 1 сарын хугацаатай үйлдүүлж энэ бүх маргааны суурь тавигдсан. А.А эмчид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэн өгч итгэмжлэл олгох ямар ч эрх байхгүй. 2011 оны бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг үйлдэхдээ зөвхөн 8 ор бүхий эмнэлгийн тусгай лиценз, 55530 төгрөгийн эд хогшил л шилжиж очсон юм. Энэ талаар Иргэний хэргийн шүүхэд маргаантай явж байхад цугласан нотлох баримтууд, А.Аын өөрийн нь мэдүүлсэн тайлбар зэргээр нотлогдсон. Аав бид хоёрын А эмчтэй тохирсон зүйл бол "М о" ЗБН эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай лиценз шилжүүлсэн болохоос бидний амьдарч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн асуудал огт биш гэдгийг хэн хүнгүй, тэр тусмаа А.А эмч болон түүний хүү А.Б нар сайн мэднэ.

Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах лицензийн эрх нь ямар ч үнэлэмжгүй зүгээр олдоод байдаг эрх биш болно. Мөн тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн тухай хууль болон үл хөдлөх эд хөрөнгийг бусад шилжүүлэхтэй холбогдсон харилцаа нь тусгайлсан хуулиар зохицуулагдаг, үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөс зөвшөөрөл олгогдож байж бүртгэгддэг эрх зүйн зохицуулалттай байхад надад от мэдэгдэхгүйгээр, миний зөвшөөрлийг авалгүйгээр бүртгэсэн нь нэхэмжлэгч миний маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох хэсгээс өмчлөх эрхэд шууд халдсан, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийсэн бүртгэл нь дээрх хуульд заасанчлан "үйл ажиллагаа буюу үйлдэл" бөгөөд энэ нь захиргааны акт болохоор байгаа гэж ойлгож байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/ зааснаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн №0 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Иргэн М.Б*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн улсын бүртгэлийн газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн №0 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. д Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах эмнэлэг, үйлчилгээний зориулалттай, хоёр давхар барилга /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 04/708 тоот албан бичгээр Б дүүрэг 6 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө 67/2 хаягтай амин сууцны зориулалттай болсон. /-ын өмчлөгчөөр "М-О" ЗБН /Регистрийн дугаар 2/ бүртгэлтэй байсан байх бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 114 дугаарт нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн М.Б*******, Б.Г******* нарт өмчлөх эрхээ шилжүүлэн бүртгүүлэхээр 2017 оны 3 дугаар сарын 24-ний Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг, холбогдох нотлох баримт гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн №0 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14- р зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй, мөн хуулийн 13-р зүйл, 24-р зүйлийн 24.1-д заасан шаардлага хангасан хууль тогтоомж, дүрэм, журам зөрчөөгүй бүртгэл болно. Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Итали улсын иргэн К Втой байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Тухайн үед гаргасан мэдүүлэг, холбогдох нотлох баримтын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ны дүрэмд иргэн А.А дангаар үүсгэн байгуулагч гэж бүртгэгдсэн байсан байна. Нэхэмжлэлд иргэд хоорондын итгэмжлэлийн тухай хөндөгдөж байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу гуравдагч этгээдээр 114 дугаартай нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү.

Мөн иргэний гаргасан нэхэмжлэлээс харахад энэхүү маргаан нь захиргааны хэрэг гэхээс илүү иргэний эрх зүйн харилцааны маргаан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасны дагуу харьяаллын бус иргэний хэрэг маргаан гэж үзэх үндэслэл байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах эмнэлэг, үйлчилгээний зориулалттай, хоёр давхар барилга өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд нарын өмчлөлд бүртгэлтэй. Нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэж байх шиг байна хүчингүй болгох үндэслэл болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж заасан байдаг. Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэхээр нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Өмчлөх эрхийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлд баримт авах үндэслэл байсан эсэх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19  дүгээр зүйлийн 19.1-д Өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 165.3-т заасны дагуу ипотекээр хангагдах шаардлагыг өөр шаардлагаар солихоор тохиролцсон бол уг өөрчлөлтийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах бөгөөд мэдүүлэгт шаардлагыг ийнхүү солих тухай үүрэг гүйцэтгүүлэгчтэй тохиролцсоныг гэрчлэх баримтыг хавсаргана, гэж заасан 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ хуульд заасан шаардлагаа хангаснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж хэлцэл хийсэн байна. Илт зөрүүтэй татгалзах хуулийн зохицуулалттай. 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь харагдаж байна.

Барьцаалт зээлийн гэрээ Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн. Хэргийн материалтай танилцахад өмчлөх эрхийн маргаан Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байна. Үүнд гомдол гаргаад Иргэний хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн шийдвэр, магадлал байна. Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж зааснаар шийдсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, хяналтын шатны шүүхээс тогтоол гарсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Захиргааны акт илт хууль бус болно гэдэг нь хуулийн хэдхэн л зохицуулалт байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй захиргааны акт гаргасан гэдэг нь хамаарахгүй. Захиргааны акт илт хууль бус болох хэдхэн л үндэслэл бий” гэжээ.

3.4.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“М.Б*******аас Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан "...Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 03-р сарын 23-ны өдрийн Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн №0 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох..." нэхэмжлэл гаргасныг бид нар хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах тайлбарыг хүргүүлж байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1 дэх хэсэгт: "... Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно..." гэж заажээ. М.Б******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий актыг Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлд заасан илт хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч илт хууль бус актын яг аль шинжийг агуулж байгаа гэж үзэж буй талаараа нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй байна. Нэхэмжлэгч М.Б******* нь Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж М.Б*******, Б.Г******* нарт холбогдуулж "...Ү-2******* дугаарын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан гэрээг хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох..." нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ба гуравдагч этгээд Б.Г*******, М.Б******* нараас “...бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны 00282 дугаар шийдвэрээр М.Б*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 00583 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Шүүхээс хийсэн дүгнэлтээр Б.Г*******, М.Б******* нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлсэн гэрээг хуул ёсны хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн хууль зөрчөөгүй үндэслэлээр М.Б*******аас гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин Б. Г*******, М.Б******* нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь нотлогдож байна гэж дүгнэн М.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. М.Б******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр М.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.5.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэмэлтээр хэлэхэд хариуцагчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагад 3 асуудал яригдаж байна. Улсын бүртгэлийн бүртгэлийн ажиллагаа хуульд нийцсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хамаарахгүй хуульд нийцсэн бүртгэл байна. М.Б******* гэдэг хүний өмчлөх эрх зөрчсөн эсэх дээр маш тодорхой дурдсан байгаа. Одоогийн өмчлөгч гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна. М.Б******* нь Иргэний хэргийн шүүхэд, мөн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй субъект. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шалгахыг шаардлага нь энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл”-ийн үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.“М о” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /цаашид “М о” ЗБН” гэх/ нь 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, бүрэн хариуцлагатай 1 гишүүн, бүрэн бус хариуцлагатай 1 гишүүнтэйгээрээ улсын бүртгэлийн 2 дугаарт бүртгүүлж, мөн оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн 26 дугаартай гэрчилгээ авсан байна. /ХХ-ийн 21 дэх тал/

            2.2.“М о” ЗБН нь нийтийн дуудлага худалдаанд орж, уг  дуудлага худалдааны  ялагч болж,  Үндсэний “Ү ” компанийн Бизнес төвийн 270.1 метр квадрат талбай бүхий төрийн өмчийн барилгыг өмчлөх эрхийг  шилжүүлэн авсан болох нь Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 342 дугаар тогтоол, 00180 дугаартай Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдлоо. /ХХ-ийн 22, 36, 54 дахь талууд/

            2.3.“М о” ЗБН нь ийнхүү дуудлага худалдаагаар худалдан авсан Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 270.1 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 55,920,000 төгрөгийн үэй, 2 давхар барилгын өмчлөгчөөр Улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгүүлсэн болох нь уг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /ХХ-ийн 7 дахь тал/

            2.4.Нэхэмжлэгч М.Б******* нь “М о” ЗБН-ийн үүсгэн байгуулагч, нэг гишүүн нь байсан, Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 270.1 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилга миний өмчлөлд хамаарна гэж маргаж байгаа бөгөөд тэрээр уг нөхөрлөлийн анхны үүсгэн байгуулагч, нөхөрлөлийн 30 хувийн хувьцаа эзэмшигч  байсан болох нь түүний А.Б уг нөхөрлөлийн 30 хувийн хувьцааг шилжүүлэхээр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ, Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  791 дүгээр шийдвэр зэргээр нотлогдож байна. /ХХ-ийн 9, 82-83 дахь тал/

            2.5.Тодруулбал, “М о” ЗБН-ийн хувьцааны 70 хувийг А.М*******, 30 хувийг М.Б******* нар эзэмшиж байгаад 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Бэлэглэлийн гэрээгээр тус нөхөрлөлийн 100 хувийн хувьцааг буюу  хувьцаа эзэмшигч А.М******* 70 хувийн хувьцаагаа А.А, хувьцааг эзэмшигч М.Б******* 30 хувийн хувьцаагаа А.Бт тус тус шилжүүлжээ. /ХХ-ийн 8-9, 12 дахь тал/

2.6.Иймд уг хугацаанаас М.Б*******ыг “М о” ЗБН-ийн хувьцаа эзэмшигч биш болсон гэж үзэх тул уг нөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн эрх дуусгавар болсон гэж үзэх ёстой.

2.7.Нэхэмжлэгч М.Б******* нь “М о” ЗБН-ийн 30 хувийн хувьцаагаа шилжүүлэхдээ уг нөхөрлөлийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн болохоос, тус нөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 270.1 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилгыг шилжүүлэхээр тохироогүй байсан гэж маргаж байгаа ба нэхэмжлэгчийн маргаж буй Эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээгээр хэнд ямар эрх шилжүүлсэн, хэн уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь гэдгийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш учраас тус шүүх нэхэмжлэгчийн энэхүү тайлбар, үйл баримтад дүгнэлт өгөх эрх хэмжээгүй байна.

2.8.Ингээд А.М*******, М.Б******* нараас “М о” ЗБН-ийн хувьцааг 100 хувь шилжүүлж авсны дараа “М о” ХХК-ийн  /хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилсөн байж болзошгүй/ захирал А.Ааас А.М******* төрсөн охин  М******* Б*******т нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлалтай 270.1 метр квадрат талбайтай, гэрчилгээ 7074, улсын бүртгэлийн 2******* дугаарт бүртгэлтэй эмнэлэг, үйлчилгээний зориулалттай, хоёр давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авах, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон Итгэмжлэлийг олгосон байна. /ХХ-ийн 28 дахь тал/

2.9.Ийнхүү М.Б нь уг Итгэмжлэлийн үндсэн дээр “М о” ХХК-ийг төлөөлж Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 270.1 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай 55,920,000 төгрөгийн үэй 2 давхар барилгын лавлагаа авах, бусад эрх үүний дотор захиран зарцуулах эрхийг уг олж авсан болох нь нотлогдлоо.

2.10. М.Б******* нь дээрх итгэмжлэлийн дагуу 2017 оны 03  дугаар сарын 03-ны өдөр Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 270.1 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг лавлагааг авах мэдүүлэг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Барьцааны гэрээг дуусгавар болгох мэдүүлэг зэргийг гаргаж байжээ. /ХХ-ийн 94-96, 100-101 дэх талууд/

2.11.Улмаар “М о” ХХК-ийн олгосон итгэмжлэлийн дагуу М.Б нь  2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г  М******* Б*******, өөрийн төрсөн охин Б*******ийн Г******* нартай байгуулж, уг гэрээгээр маргаж буй үл хөдлөх хөрөнгийг М.Б*******, Б.Г******* нарын өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ. /ХХ-ийн 27 дахь тал/

2.12.Ингээд Б.Г Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “М о” ЗБН-ийн улсын бүртгэлийн 2******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг амины орон сууц болон  өөрчлөгдсөн тул гэрчилгээг шинэчилж өгөх” гэсэн агуулгатай өргөдлийг гараар бичиж /ХХ-ийн 26 дахь тал/, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргасан /ХХ-ийн 25 дахь тал/, холбогдох баримтуудыг хавсаргасан байна. /ХХ-ийн 29-36 дахь тал/

2.13.Дээрх баримтуудыг үндэслэн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас М******* Б*******, Б*******ийн Г******* нарыг Б дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягтай 270,1 метр квадрат талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэж, 0 дугаартай гэрчилгээ олгожээ. /ХХ-ийн 115 дахь тал/

2.14.Нэхэмжлэгч М.Б*******аас Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан М.Б*******, Б.Ганчимэг нарт холбогдуулан “Б дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС  байр, 2 тоот, 270,7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хянаад, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр М.Б*******ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг үл хөдлөх хөрөнгийг М.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 167-172 дахь тал/

2.15.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2032/00496 дугаар тогтоолоор М.Б*******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч М.Б*******ын нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, тэрээр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон /ХХ-ийн 149-154 дэх талууд/ зэрэг үйл баримт анхан шатны шүүхэд тогтоогдож байна.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.4-т “үнэн зөв, бодитой” байх гэжээ.

3.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, мөн зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан байна.

3.3.Дээрх хуульд зааснаар аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан байгаа бол түүнийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах зохицуулалттай байна.

3.4.Иймд нэхэмжлэгч М.Б*******ын өөрийгөө өмчлөгч гэж маргасан маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар М.Б*******ыг Б дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягтай 270,1 метр квадрат талбайтай, амины орон сууцны /шүүхийн шийдвэрт Б дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС  байр, 2 тоот, 270,7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө гэх/ 30 хувийн өмчлөгч биш болохыг тогтоосноор энэхүү өмчлөх эрхийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

3.5.Нэхэмжлэгчийн шаардсан Б дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягтай 270,1 метр квадрат талбайтай, амины орон сууцны /шүүхийн шийдвэрт Б дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС  байр, 2 тоот, 270,7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө гэж заасан/  өмчлөгчөөр Б.Г*******, М.Б******* нарыг бүртгэсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн улсын Ү-2******* дугаарт бүртгэл нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, аливаа байдлаар хууль зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

3.6.Ийнхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр М.Б******* нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш нь тогтоогдсон тул тэрээр уг үл хөдлөх хөрөнгөд холбогдох  улсын бүртгэлийг хүчингүй болгохыг шаардах эрхгүй этгээд болох  нь нотлогдохын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр М.Б*******, Б.Г******* нарыг бүртгэсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч М.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь дээрх тогтоогдсон үйл баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Нэхэмжлэгч М.Б*******ын өмчлөгч нь гэж маргаж байгаа Б дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 270.1 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай гэх хаягтай үл хөдлөх хөрөнгө нь:

-хаягийн шинэчилсэн бүртгэлээр Б дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС  байр, 2 тоот, 270,7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө гэж дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд туссан,

-түүнчлэн Б дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягтай 270,1 метр квадрат талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө хаягтай болж Улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр хаягт байрлах орон сууцыг “өөр орон сууц” гэж талууд маргаагүй тул энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй гэж анхан шатны шүүх үзсэн.

4.3.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс ийм нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас анхан шатны шүүхэд маргаагүй, шаардаагүй нотлох баримтыг давж заалдах гомдолд нэрлэх үндэслэлгүй  болно.

Тав.Ирцийн талаар:

5.1.Тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад товлож, урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх хүсэлт буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 701.1.-70.1.4-т заасан хүсэлтүүдийг хэргийн оролцогч нараас гаргаагүй бөгөөд шүүх хуралдааныг товлон зарлахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн тул мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минутад товлож, шүүгчийн туслахаас шүүх хуралдаанд оролцвол зохих бүх оролцогч нарт шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж 13 дугаартай баримтыг үйлдсэн байна.

5.2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүрэлцэн  ирээгүй ба хуралдааныг хойшлуулах талаар ямар нэг хүсэлт амаар болон бичгээр  гаргаагүй, нэхэмжлэгчийн сыг асуухаар шүүх хуралдааны өмнө түүний шүүхэд бүртгүүлсэн 9 дугаарын утас руу залгахад утсаа аваагүй, утсаа тасалсан болно.

5.3.Иймд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нараас түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан, мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзээд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1, 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6.2, 6.3 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч М.Б*******ын  гаргасан “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г*******, М.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн №0 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ