Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/727

 

 

Т.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,  

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Н холбогдох эрүүгийн 1909009630дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Т.Н, 

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны ойролцоо хохирогч Б.Т“Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүнээс 6.000.000 төгрөгийг,

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Жамъяанг хуурч, түүнээс Хаан банкны 5180768332 тоот дансаар 3.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо бэлнээр 4.000.000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Ихуурч, түүнээс Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ц.Схуурч, түүнээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн захиргааны байрны ойролцоо 3.000.000 төгрөг, мөн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг,

мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 11 дүгээр багийн иргэн Т.ГӨмнөговь аймгийн хилийн цэрэгт ажиллаж байгаа хүү Г.ийг чинь Баян-Өлгий аймагт байрлалтай хилийн цэргийн ангид шилжүүлж өгнө гэж хуурч, улмаар хохирогч Т.Гос Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны дансаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 28.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шеруши төлек овогт Тобылханын Т.Ныг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Нийн цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Нээс нийт 28.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Жамъянд 7.000.000 төгрөг, Б.Иад 6.000.000 төгрөг, Ц.Сэд 6.000.000 төгрөг, Т.Гд 3.500.000, Б.Тд 6.000.000 төгрөг тус тус олгож, Т.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшсэн байдаг. Хэдийгээр Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах” гэж зааснаар хөнгөрүүлэх боломжтой. Т.Н нь уг заалтад хамаарагдаж болохоор байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Т.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Хохирогч нарын хохирлыг богино хугацаанд төлнө гэдгээ амлаж байна. Хохирогч Б.Тд машинаа өгсөн байгаа. Гомбо гэх хохирогчид 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Баримтыг нь манай ээж өмгөөлөгчид өгсөн гэсэн. Өмгөөлөгч уг баримтыг шүүхэд гаргаж өгнө гэж хэлсэн. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Н нь 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 28.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч өнөөдрийг хүртэл хохирол төлөгдөөгүй. Хохирлоо төлнө гэж байгаа илэрхийлэл нь бодитой биш гэж харагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд мөн 3.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг төлсөн талаар ярьж байсан боловч баримтаа гаргаж өгөөгүй. Давж заалдах шатны шүүхэд мөн баримтаа гаргаж өгөөгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны ойролцоо хохирогч Б.Т“Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүнээс 6.000.000 төгрөгийг,

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Жамъяанг хуурч, түүнээс Хаан банкны 5180768332 тоот дансаар 3.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо бэлнээр 4.000.000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Ихуурч, түүнээс Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ц.Схуурч, түүнээс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн захиргааны байрны ойролцоо 3.000.000 төгрөг, мөн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг,

мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 11 дүгээр багийн иргэн Т.ГӨмнөговь аймгийн хилийн цэрэгт ажиллаж байгаа хүү Г.Ризабекийг чинь Баян-Өлгий аймагт байрлалтай хилийн цэргийн ангид шилжүүлж өгнө гэж хуурч, улмаар хохирогч Т.Гос Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны дансаар 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 28.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Тгийн: “...Би зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилладаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай ажлын залуу Т.Адилбекийн танилцуулсан Ариунболд гэдэг нэрээр танилцсан Т.Н гэгчтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажуугийн Хаан банкны АТМ дээрээс 6.000.000 төгрөг бэлнээр авч, Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулж өгнө, өөрийгөө зэвсэгт хүчний Жанжин штабт бичээч хийдэг гэсний дагуу өгсөн боловч Т.Н нь жанжин штабт ажилладаггүй, зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байгаад гарсан. Одоо ажилгүй, намайг Судан улс руу явуулж өгөлгүй мөнгө аваад алга болсон.” /1хх 40/,  

хохирогч Г.Жамъянгийн: “...Манай хүргэн ах Галсантай хамт Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилладаг Б.Т Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явахаар болсон. Генералын туслах найдвартай хүн байгаа. Одоо нэг хүний нөөц байгаа гэж манай хүргэн ахад хэлсэн байсан. Тэгээд Ариунболд гэх хүнтэй уулзаад Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явах болсон. Ингээд 3.000.000 төгрөг яаралтай шилжүүл гэхээр нь 14 цагийн үед 5180768330 дугаарын Т.Н гэсэн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 7759760290 дугаарын утаснаас “Ариунболд байна. Ах нь гадаадад томилолтоор ирчихсэн байна. Чи үлдсэн бичиг баримт, мөнгөө бэлдсэн үү. Өнөөдрийн дотор яаралтай авмаар байна гэсэн. Ариунболд “ах нь тушаалаар яаралтай Казакстан яваад ирчихсэн байна" гэж хэлсэн. Үүнээс хойш Ариунболд ах надтай өдөр бүр холбогддог байсан ба мөнгөө олсон уу гэж асуудаг байсан. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би машинаа зараад 4.000.000 төгрөг байсныг мөн өгсөн. ...2019 оны 3 дугаар сарын эхээр Б.Т бид хоёр Ариунболд гэдэг хуурамч нэрээр Т.Н гэдэг хүнд залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргаж шалгуулахаар болсон.” /1хх 105-106/,

хохирогч Б.Иын: “...Би Налайх дүүргийн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах ангид бүлгийн дарга албан тушаалтай. Сүүлийн жилүүдэд Судан улсад цэргийн энхийг дэмжих ажиллагааны талаар сонирхож эхэлсэн. Тухайн үед манай ажлын газар аврагч хийдэг Г.Жамъян гэх залуу Судан руу явуулаад өгчихөөр өөрийгөө Ариунболд гэж танилцуулсан нэг залуутай танилцсан. Тэр залуу мөнгөө өгчихвөл ямар ч асуудалгүй Судан руу явуулж өгнө. Мөнгө нь бэлэн явах хүн байна уу гэж байна” гэхээр нь утасны дугаарыг нь аваад холбогдсон. Тэрээр өөрийгөө Ариунболд гэж танилцуулж “Би гадаад улсад ажиллахаар явж байна. Жамъянгийн хэлсэн хүн үү. Чи 6.000.000 төгрөгөө манай туслахад өгчих. Ямар ч асуудалгүй Судан явна” гэж хэлсэн. Тэгээд Ариунзаяа гэх хүүхэнтэй 10 дугаар хороололд уулзаж АТМ-с бэлнээр 6.000.000 төгрөг авч өгсөн. Тэр хүүхэн ямар нэг зүйл яриагүй. Ариунболдын ярьсан хүн мөн үү гэж байсан. Бас мөнгө аваад ир л гэсэн өөр зүйл мэдэхгүй байна гэсэн. Өгсөн даруйд Ариунболд руу ярихад манай туслахад бичиг баримтаа хуулбарлаад өгчих гэж хэлсэн. 2019 оны 3 дугаар сар болоход нөгөө Ариунболд гэх залуу Т.Н гэх казак нэртэй хүн болж таарсан.” /1хх 197-198/,

хохирогч Ц.Сийн: “...Г.Жамъян гэх залуу Судан улс руу явуулаад өгчихөөр өөрийгөө Ариунболд гэж танилцуулсан нэг залуутай танилцсан. Тэр залуу хэлэхдээ мөнгөө өгчихвөл ямар ч асуудалгүйгээр Судан улс руу энхийг дэмжих ажиллагаанд явуулна гэхээр нь би эхнэртэйгээ зөвлөлдөөд байж байтал Ариунболд гэх залуу нэг гадаад дугаараас залгаад өөрийгөө Ариунболд гэж танилцуулаад би Орос улс руу сургалтаар явж байна. Жамъянгийн ярьсан хүн мөн үү. Мөнгөө манай туслахад өгөөдөх, тэгвэл ямар ч асуудалгүй Судан явна гэж хэлэхээр нь би 3.000.000 төгрөг хүүтэй зээлээд Баянзүрхийн товчоо өнгөрөөд явж байхдаа Ариунболдын туслах Баасанхүү гэх хүнд өгсөн. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өгсөн.” /1хх 201, 2хх 81/,

хохирогч Т.Гомбын: “...Т.Нтэй ярилцаж байхад Өмнөговь аймагт хилийн цэргийн байгууллагад ахлагч цолтой ажилладаг отгон хүү болох Ризабекийг Баян-Өлгий аймаг руу шилжүүлээд авмаар байна гэж хэлсэн. Т.Н надад “би өөрөө Налайх дүүргийн цэргийн байгууллагад ажилладаг, энэ тэнд танилууд байгаа. Танай хүүхдийг шилжүүлж өгч болно” гэж хэлсэн. Т.Н надад “би Ризабекийг 14 хоногийн дотор Баян-Өлгий аймаг руу шилжүүлж өгнө. Та надад 3.000.000 төгрөг шилжүүлээд өг” гэж хэлээд Хаан банкны данс өгөхөөр нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн. Дараа нь дахиж утсаар яриад 500.000 төгрөг шилжүүлэхгүй бол болохгүй байна гэж хэлээд дахиад нэг өөр данс өгсөн. Уг дансанд дахиад 500.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлснээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 14-ний үед Т.Н руу ярихад хэдэн ажлууд давхцаад болохгүй байна. Та санаа зоволтгүй, таны асуудал шийдэгдэх болно гэж хэлсэн...” /1хх 242-243/,

гэрч Т.Адилбекийн: "...Манай ажлын залуу Б.Т надаас “танд Энхийг дэмжих ажиллагаанд явуулдаг хүн байдаг гэж сонссон. Тийм хүн байна уу” гэж асуухаар нь би “намайг бас нэг удаа явуулж өгнө гэж 3.000.000 төгрөг авч байсан хүн байдаг гээд манай ахын найз Ариунболд гэдэг хүн байдаг” гээд ах Т.Нийн 99426363 гэсэн утсыг өгсөн. Уг дугаар руу Б.Т ярихад манай ах “би Ариунболд байна, явуулж өгнө гэж хэлээд Б.Тгээс 6.000.000 төгрөг авсан” гэж Б.Т надад хэлсэн...” /1хх 41/,

гэрч А.Хандмаагийн: “...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Б.И “манай ажлын 2 хүн ажиллагаанд явахаар болсон, найдвартай хүн байна. 6.000.000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь бид хоёр цуг яваад 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дансандаа 6.000.000 төгрөгтэй байсан тул 10 дугаар хороололд нөхөртөө картаа өгөөд явуулсан. Манай нөхөр миний картыг авч яваад мөнгөө өгчихлөө гээд ирсэн...” /1хх 204/,

гэрч Г.Баярмаагийн: “...Баянзүрх дүүргийн урд зам дээр машин дотор өөрийгөө Баасанхүү гэж танилцуулсан хүнд мөнгийг өгсөн. Баасанхүүд 3.000.000 төгрөг өгсөн гээд манай нөхөр гарын үсэг зурсан. Ингээд 10 гаруй хоногийн дараа манай нөхрийг ажиллагаанд явуулах Ариунболд гэж нэртэй хүн нөхөр рүү яриад үлдэгдэл 3.000.000 төгрөгөө яаралтай явуул, тушаал чинь гарах гээд байна гэхээр нь нөхөр бид хоёр гэр бүлийн хэрэгцээний газрыг 3.500.000 төгрөгийн барьцаанд банк бус санхүүгийн байгууллагад тавьсан. Тэгээд Ариунболд гэх хүн рүү мөнгө бэлэн болсон гэхэд нарийн бичгийнхээ дугаарыг өгчихье, ярьж байгаад уулзчих гэхээр нь яриад Ц.С бид хоёр Драгон төв дээр ирээд бэлнээр өгсөн. Манай нөхөр Ариунболдтой утсаар ярихад өнөөдөр больсон, хэд хоногоос хангалт орно, бэлэн байж бай гээд дахин залгахад хуралтай байна гэх зэргээр утсаа аваагүй. Гэхдээ Ариунболдын жинхэнэ нэр нь Т.Н гэж залуу байсан. Мөн манай нөхрөөс гадна нөхөртэй хамт ажилладаг Б.И Судан руу ажиллагаанд явна гээд 6.000.000 төгрөг өгсөн. Жамъян мөн 7.000.000 төгрөг өгсөн байгаа гэж хэлсэн.” /1хх 208-209/,

гэрч Б.Нураны: “...Он, сарыг нь сайн санахгүй байна. Манай хадам ах Т.Н надад хэлэхдээ хүнээс 6.000.000 төгрөг очоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та өөр хүн явуулаад авчиж болдоггүй юм уу” гэхэд чамаас өөр итгэх хүн алга гэхээр нь би 10 дугаар хороололд очоод авсан. Тэр залуу машинтай явж байсан ба мөнгө болон цээж зураг хуулбарласан бичиг баримт өгсөн. Т.Н нь намайг нэрээ тэгж хэлээрэй гэхээр нь би өөрийн нэрээ хэлж болохгүй юм уу гэхэд болохгүй гэж хэлсэн.” /2хх 105-106/,

гэрч З.Айшагүлийн: “...Б.Нуран надад хэлэхдээ “Т.Н нэг хүнээс мөнгө аваарай гэж хэлээд би тэр хүнээс нь мөнгийг нь аваад ирсэн” гэж хэлж байсан. 6.000.000 төгрөгийг нэг авчирч өгсөн. Дараа нь 3.000.000 төгрөг авчирч өгсөн.” /2хх 108/,

яллагдагчаар Т.Нийн: “...би бүх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” /3хх 66/ гэх мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /1хх 2-3, 70-73, 175-176/, Б.Тэмүүжижнгийн 5180692973 дугаартай дансны хуулга /1хх 63/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 166-167/,  утасны биллд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 121/, Мобиком корпораци ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 18/4506 тоот албан бичиг /1хх 122-123/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 60-60, 64-67, 68-71/, А.Хандмаагийн 5070185390 дугаартай Хаан банкны дансны хуулга /1хх 228/, З.Айшагүлийн Хаан банкны дансны хуулга /2хх 7,113, 135,143/, Т.Гос мөнгө шилжүүлсэн баримт /2хх 13-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Нийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус  хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй, хэрхэн яаж хохирлоо төлөх нь тодорхойгүй, санхүүгийн боломжтой байдлаа нотолж чадахгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.    

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын бичсэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин Т.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас түүний цагдан хоригдсон 196 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасч, эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг нэн даруй сулласугай. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэсүгэй. гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Т.Н нь 196 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ