Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00790

 

 

 

 

 

 

2024       09        26                                              151/ШШ2024/00790

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: А,

Хариуцагч: холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.942.202 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Тб” ХК-ийн Төв аймаг салбарт даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иймд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9.942.202 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч “Тб” ХК-ийн Төв аймаг салбар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Ажилтан Д.А нь “Тб” ХК-ийн Төв аймаг салбарт Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад Салбарын захиралын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/105 дугаартай “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн юм.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/00036 дугаартай шийдвэрээр ажилтан Д.Аыг Тбны Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 15.838.159 төгрөг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Тб” ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж шийдвэрлэсэн.

“Тб” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/43 тоот тушаалаар ажилтан Д.Аыг Тбны Төв аймаг салбарын Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд буцаан томилсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эргүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаа болох 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.942.202 төгрөгийг “Тб” ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор орж эвлэрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.11-т заасны дагуу энэхүү хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны урьдчилсан шийдвэрийг ажилтан баталгаажуулахаар хүсэлт гаргасан тул ажилгүй байсан хугацааны цалин 9.942.202 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч “Тб” ХК-ийн Төв аймаг салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.942.202 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Тб” ХК-ийн Төв аймаг салбарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч “Тб” ХК-ийн Төв аймаг салбар нь нэхэмжлэл Д.Аын нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.942.202 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч “Тб” ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхэд  гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Иймд Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Тб” ХК-ийн Төв аймаг салбар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч “Тб” ХК-ийн Төв аймаг салбар нь нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 9.942.202 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Тб” ХК-ийн Төв аймаг салбараас 9.942.202 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 174.025 төгрөгийг гаргуулан Тсангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТҮВШИНЖАРГАЛ