Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.С,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Д,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Д.О,

            Өсвөр насны шүүгдэгч: Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д холбогдох 1735001370075 дугаартай  эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 20-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, - сурдаг,  ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт - багт оршин суух Ш.Б  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч С.Б-ийн 5812056400 дугаартай Хаан банкнаас дансны дугаартай виза картнаас 420.000 завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Сагил сумын Өндөр мод багт мал маллаж амьдардаг. Манай хүүхдүүд Улаанбаатар хот болон Увс аймгийн төвд сургуульд сурдаг. Улаангом сурдаг охин Б.М-даа өөрийнхөө Хаан банкны виза картаа хэрэглүүлдэг. М уг картаар Улаанбаатарт сурдаг хоёр эгчдээ мөнгө шилжүүлдэг, мөн өөрийнхөө хэрэгцээний мөнгийг авдаг юм. М 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр данснаас мөнгө алга болчихлоо. Гар утсанд мэдээлэл ирлээ гэж эхнэр Ц-д  утсаар хэлсэн байсан. Тухайн үед эхнэр Ц Улаанбаатарт байсан юм. М 2017 оны 10 дугаар сарын 05-нд дансандаа мөнгө хийчихээд харих замдаа картаа гээсэн гэсэн. Миний данснаас 420.000 төгрөг алга болсныг Ш.Б төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 7, 8-р тал/,

   

           2. Насанд хүрээгүй гэрч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 04-ний орой ээж Ц Улаанбаатар явахдаа аавынхаа 5812056400 дугаартай Хаан банкны дансанд хийгээрэй гэж 420.000 төгрөг үлдээснийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед Өгөөмөр төвийн Хаан банкны АТМ-д 400.000 төгрөг хийсэн ба 10 орчим минутын дараа 20.000 төгрөгийг хийчихээд харих замдаа картаа гээсэн. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 29 минутанд миний 91444046 дугаартай гар утсанд аавын 5812056400 дугаартай данснаас 40.000 төгрөг гарсан гэсэн мэдээлэл ирсэн. 17 цаг 36 минутанд 380.000 төгрөг гарсан гэсэн мэдээлэл ирсэн. Тэр орой ээж Ц-г Улаанбаатарт байхад нь энэ талаар утсаар ярьж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11-р тал/,

 

            3. Гэрч Э.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Шинэ Улаангом” захын D-258 дугаар павилонд бэлэн хувцас зардаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 08-09-ны үед ажил дээрээ байж байтал үл таних эрэгтэй хүүхэд  орж ирээд 25.000 төгрөгийн үнэтэй хар хөх өнгөтэй, малгайтай ноосон цамц нэг ширхэгийг худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

            4. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Шинэ Улаангом” захын D-257 дугаар павилонд худалдагчаар ажилладаг гутал, пүүз зардаг. 2017 оны 10 дугаар сарын 08-09-ны үед ажил дээрээ байж байтал үл таних 15-16 насны орчим эрэгтэй хүүхэд ирээд 75.000 төгрөгийн үнэтэй, хар хөх өнгөтэй, Nike гэсэн бичигтэй пүүз аваад мөнгийг нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

            5. Гэрч Ч.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Шинэ Улаангом” захын D-265 дугаар павилонд гутал, пүүз зардаг. 2017 оны 10 дугаар сарын 08-ны үед ажил дээрээ байж байтал үл таних 16-17 насны орчим эрэгтэй хүүхэд ирээд 70.000 төгрөгийн үнэтэй, хар өнгөтэй, эрэгтэй хүний ботинк худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

                

            6. Хохирогч С.Б-ийн Хаан банкны 5812056400 дугаартай дипозит дансны хуулга /хх-ийн 55-р тал/,

       7. Хохирогч С.Б-ийн “Миний охин Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний Хаан банкны виза карт гээснийг  Ш.Б олж, данснаас 420.000 төгрөг ашигласнаа бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 56-р тал/,

 

            8. Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-ны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 51-р тал/,

 

            9. Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 15, 16, 31-38, 39-46, 47, 48, -р тал/,

 

            10. Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-ы төрсний лавлагаа болон иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 24, 25-р тал/,

            11. Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-ны нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 26-р тал/,

 

            12.  Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-ны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хичээлээ тараад Улаангом сумын 3 дугаар баг Галдан бошигтын 26 дугаар байрны хажуугаар гэртээ харих гээд явж байгаад зам дээрээс ногоон өнгөтэй, хаан банкны виза карт олж авсан. Хос-Эрдэнэ дэлгүүрийн урдах Төрийн банкны АТМ-д хийж үзэхэд нууц дугаар шаардахаар нь картан дээрх дугаарын сүүлийн 4 орнтой тоо болох 4941 гэсэн тоог хийхэд тохирч байхаар нь дансны үлдэгдлийг шалгахад 425.000 төгрөг байсан. Би тэр картнаас эхлээд 40.000 төгрөг авсан. Дахин Тэнгэр худалдааны төвийн гаднах Хаан банкны АТМ-ээс 380.000 төгрөг авсан. Мөнгө аваад “Шинэ Улаангом” зах ороод гутал, пүүзний лангуунаас хар өнгийн ботинк 70.000 төгрөөр, хар хөх өнгийн пүүз 75.000 төгрөгөөр, хар хөх өнгийн жинсэн өмд тус бүрийг нь 30.000 төгрөгөөр, хавар, намрын куртик 25.000 төгрөгөөр нийтэд нь 85.000 төгрөгөөр авсан. Хар хөх өнгийн малгайтай цамц 25.000 төгрөгөөр авсан. Нийтдээ 255.000 төгрөгөөр хувцас авсан. Надад үлдсэн 165.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-11-ний үед өөрийнхөө 5804106655 дугаартай дансанд хийсэн. 65.000 төгрөгийг өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Уг юунд хэдийг зарцуулснаа санахгүй байна. Би хохирогчид 420.000 төгрөгийг төлж барагдуулсан.  Би буруу зүйл хийснээ ухамсарлаж ойлгож байа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч С.Б-ийн эзэмшлийн гээгдсэн Хаан банкны карт /виза/-ыг ашиглан түүний 5812056400 дугартай данснаас 420.000 төгрөг  авч завшсан болох нь хохирогч С.Б, гэрч насанд хүрээгүй гэрч Б.М, гэрч Э.А, Б.Б, Ч.Г нарын мэдүүлэг, хохирогч С.Б-гийн Хаан банкны 5812056400 дугаартай дипозит дансны хуулга,  өсвөр насны шүүгдэгч Ш.Бны мэдүүлгүүээр нотлогдож байна.

                  Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-ны хохирогч С.Б-ийн гээгдүүлсэн картыг олж, түүнийг ашиглан данснаас нь 420.000 төгрөг авч хэрэглэсэн үйлдэл нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

        Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул  түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

                  Хохирогч С.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Б-аас  нэхэмжлэх хохиролгүй талаар мэдүүлсэн, энэ талаар мөн тодорхойлол гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

                

      Шүүгдэгч Ш.Б нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ 16 нас 11 сар 18 хоногтой буюу насанд хүрээгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ш.Б төрсний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна.

                   Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

       Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэн, хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

                  

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өсвөр насны шүүгдэгч Ш.Б-г гээгдэл эд хөрөнгө завших  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ш.Б-нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 /нэг/ жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ш.Б-нд  оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.        

  

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Б-нд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, хараа, хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.О-эд хариуцуулсугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ