Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0218

 

                                                  

 

 

 

 

 

    2024          03           12                                     128/ШШ2024/0218

                        

                           

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* Э******* /РД:ЧП*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.О*******,

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О*******, В.Ш******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Х.Э******* нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар Хариу мэдэгдэх тухай актыг хүчингүй болгуулах, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч Х.Э******* нь 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1******* тоот тушаалаар Мэдээллийн технологийн хэлтэст программ хангамж хариуцсан ахдах мэргэжилтнээр ажиллаж, 2017 оны 02 дугаар сараас эхлэн Боомт, орон нутгийн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан.

2.2.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/189 дугаар тушаалаар “гэр бүлийн гишүүнээ асрах хүсэлтийг нь харгалзан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлсүгэй” гэх үндэслэлээр тус газрын Боомт, орон нутгийн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас түр чөлөөлсөн.

2.3.Үүний дараагаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар “Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтэн”-ээр томилогдон ажилласан.

2.4.Нэхэмжлэгчийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2.5.Тус газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр “Сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байх шаардлагыг хангаагүй тул тухайн үед нэг удаагийн буцалтгүй тусламж олгоогүй байна, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам””-н 1.2-т “... төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албан тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэснийг Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан” гэх хариуг өгчээ.

2.6.Иймд нэхэмжлэгчийн “Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар Хариу мэдэгдэх тухай актыг хүчингүй болгуулж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Нэхэмжлэгч Х.Э******* нь улсад тасралтгүй нийт 37 жил дараах төрийн захиргааны байгууллагуудад ажилласан. Үүнд: 1.1981-1990 он хүртэлх хугацаанд Статистикийн төв газар, 2.1990-2009 он хүртэлх хугацаанд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт, 3.2009-2019 он хүртэлх хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газарт тус тус ажилласан. Уг хугацаанд улс орондоо их хувь нэмэр оруулан, чин үнэнчээр төрд зүтгэсээр ирсэн. Х.Э******* нь Гадаадын иргэн, харьяатын газарт Боомт, орон нутгийн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд гэр бүлийн гишүүнээ асрах зайлшгүй нөхцөл байдал үүсч 2017 оны 05-р сард чөлөө олгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 05-р сарын 01-ний өдрийн Б/189 дугаар "Х.Э*******ыг төрийн албанаас түр чөлөөлөх тухай" тушаал гарч, 2019 онд буцаж ажилдаа орж тус газрын даргын 2019 оны 04-р сарын 03-ны өдрийн Б/98 дугаар "Х.Э*******ыг Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэргэжилтнээр томилох тухай" тушаалаар томилогдон ажилласан. 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд ажиллаж, өндөр насны тэтгэвэрт тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн Б/310 дугаар "Х.Э*******ыг төрийн албанаас чөлөөлөх тухай" тушаал гарсан.

Ажлаас чөлөөлөгдөхдөө Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн тусламж авах хүсэлтээ гаргасан боловч тус байгууллагаас "Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.2-т "... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ" гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй" гэсэн хариу өгсөн. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор дээрх журмын "1.2" дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон байна. Дээрх заалтыг үндэслэн 2023 оны 12 дугаар сард Гадаадын иргэн, харьяатын газарт хүсэлтийг гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан тоотоор "2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн Х.Э*******д тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээрх журмын холбогдох заалт "хүчингүй болсон" хэдий ч дагаж мөрдөх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоосон байх тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй" гэх хариу өгсөн. Уг хариу нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна. Учир нь нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаа буюу нийт 23 сарын чөлөө авсан. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй бүрэн төлөгдөж байсан. Нэхэмжлэгч нь төрийн байгууллагад нийт 37 жил ажиллаж, зүтгэсэн нь үнэн байхад дээрх үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзаж байгаа нь түүний хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Зүй нь "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам" нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан. Харин Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 243 дугаар "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор уг журмын "1.2" дахь заалтыг хүчингүй болох хугацаанд "өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн" иргэд хохирч байна.

Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар “Хариу мэдэгдэх тухай” актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* хариу мэдэгдэх актыг хүчингүй болгож нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сард хариуцагч байгууллагаас түр чөлөөгөөр 8 сарын хугацаагаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр чөлөөлөгдөхдөө, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор Төрийн албаны төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж тус журамд зааснаар 3 жил тасралтгүй ажиллаагүй гээд хариу өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 243 тогтоолоор уг журмын 1.2 дахь заалтыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа 12 дугаар сард хүсэлт гаргасан татгалзах хариуг өгсөн. Гадаадын иргэн харьяатын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байгаа” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Х овогтой Э******* нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 16-н өдрийн 1******* дугаар тушаалаар Мэдээллийн технологийн хэлтэст программ хангамж хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон. Байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр 2017 оны 02 дугаар сараас Боомт, орон нутгийн хэлтэст орон нутгийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/189 дүгээр тушаалаар "гэр бүлийн гишүүнээ асрах" үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн боловч уг хуульд нийцүүлэн дагалдан гарах дүрэм, журмууд шинэчлэн батлагдаагүй байх үед буюу шууд томилох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй үед төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилох нь эрх зүйн үндэслэлгүй байгаа талаар хүний нөөцийн мэргэжилтнээс илтгэх хуудсаар танилцуулсаар байхад Х.Э*******ыг тухайн үеийн байгууллагын даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна. Х.Э******* нь Виз, зөвшөөрөл, харьяатын газрын мэдээллийн төвийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр /60 нас, 8 сар, 24 хоногтой/ төрийн албанаас чөлөөлөгджээ. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг үндэслэн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.2-т "... төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ" гэж заасан. Уг заалтыг Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болгож мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан. Х.Э******* 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр төрийн албанаас чөлөөлөгдөх үед дээрх тогтоолоор баталсан журмын 1.2 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Х.Э*******ын Гадаадын иргэн, харьяатын газарт сүүлд томилогдон ажилласан хугацаа нь 8 сар буюу журмын заалтын шаардлагыг хангахгүй байгаа тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй талаар 2019 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр түүнд бичгээр танилцуулж, гарын үсэг зуруулж байснаар тогтоогдож байна. Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байх тул Х.Э*******д нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2023 онд олгох боломжгүй талаар Х.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******д 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* албан бичгээр мэдэгдсэн байна.

Х.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О******* нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг хүлээн авмагцаа эс зөвшөөрч буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасныг хэрэгжүүлээгүй нь Х.Э*******ын нэхэмжлэлийг Захиргааны шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.                                                          

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэлээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нь 30 хоногоос хэтэрсэн буюу хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичиг буюу захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тухайн нэхэмжлэгч нь Гадаадын иргэн, харьяатын албанд ажилладаг байсан ахмад настан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/89 тушаалаар гэр бүлийн хүнээ асрахаар төрийн албанаас чөлөө авсан. Тэгээд 12 дугаар сарын 03-ны өдөр төрийн албанд буцан орсон байдаг. Байгууллагын удирдлагын шийдвэрээр буцаад томилсон. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн 1.2-т заасан заалт хүчингүй болсон ч эргэж үйлдэхгүй гэж үзэж байна. Шаардагдах хөрөнгийн төсөвт тусгана гэдэг нь Сангийн яамаар маш нарийн болсон.

Төрийн захиргааны байгууллага хууль тогтоогчдоос баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа учраас нэхэмжлэгч Х.Э*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгоогүй нь журамд зааснаар ажил олгогчийн чиг үүргээ хэрэгжүүлсэн үйл явдал байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт төрийн албаны эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн “төрийн албан хаагчийн баталгаанд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

        Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

         2.1.Нэхэмжлэгч Х.Э******* нь:

-Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тушаалаар тус төвд мэргэжилтнээр /ХХ-ийн11-112 дахь тал/,

-Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Мэдээлэл, технологийн хэлтсийн даргаар /ХХ-ийн 113-114 дэх тал/,

-2008 оны 44 дүгээр тушаалаар уг хэлтсийн ахлах мэргэжилтнээр /ХХ-ийн 115 дахь тал/, 2009 оны 117 тушаалаар чөлөөлөгдөж /ХХ-ийн 116 дахь тал/,

-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын  2009 оны 1******* дугаар /ХХ-ийн 117 дахь тал/, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/233 дугаар /ХХ-ийн 118-119 дэх тал/, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/554 дүгээр, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны Б/01 дүгээр /ХХ-ийн 129 дэх тал/, 2015 оны Б/42 дүгээр /ХХ-ийн 131 дэх тал/, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2016 оны  Б/83 дугаар тушаал /ХХ-ийн 136-138 дахь тал/, 2017 оны Б/ 50 дугаар /ХХ-ийн142 дахь тал/, 2017 оны Б/182 дугаар /ХХ-ийн144-145 дахь тал/ тушаалуудаар тус тус өөрчлөгдөн томилогдож  төрийн албанд ажиллаж иржээ.

            2.2.Ингээд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын  2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/189 дүгээр тушаалаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас “ар гэрийн гачигдал гарсан”  шалтгаанаар түр чөлөөлсөн байна. /ХХ-ийн 146 дахь тал/

            2.3.Үүний дараа мөн даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Х.Э*******ыг буцаан тус байгууллагын Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтнээр томилж ажиллуулж байгаад /ХХ-ийн 147дахь тал/, ингээд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн байна.

            2.4.Ийнхүү хэрэгт авсан дээрх тушаалуудаар Х.Э******* нь төрийн албанд  1990 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарыг хүртэл 27 жил орчим,  2019 оны 04 дүгээр сараас 12 сарыг хүртэл 8 сар орчим төрийн албанд ажилласан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний хувийн хэрэгт авагдсан Ажил байдлын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн  59-73 дахь тал/

            2.5.Х.Э*******ын ажилласан жилийн хугацаагаар хариуцагч маргаагүй учраас нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, шүүх үүнд холбогдох нотлох баримтыг цуглуулж, үнэлэхгүй.

2.6.Нэхэмжлэгч Х.Э******* 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр  төрийн албанаас чөлөөлөгдөхөд Гадаадын иргэн, харьяатын газраас түүнд ямар нэг буцалтгүй тусламж олгоогүй байна.

2.7.Учир нь Х.Э*******ыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтнээр 2019 оны 04 дүгээр сард томилж ажиллуулахдаа түүнд Засгийн газрын 2019 оны 7 дугаар тушаалаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т заасан  “... төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэх журмыг танилцуулж, гарын үсэг зуруулсан /ХХ-ийн 28 дахь тал/  байна.

2.8.Ийнхүү нэхэмжлэгч Х.Э*******ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгож, төрийн албанаас чөлөөлөгдөх үед нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарласан дээрх журам хүчин төгөлдөр үйлчилж байснаас үүдэн уг тусламжийг аваагүй, энэ талаар Х.Э******* нь аливаа байдлаар гомдол гаргаж байгаагүй ажээ. 

2.9.Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 243 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэн   Х.Э******* нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ гаргажээ.

2.10.Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын  2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр Х.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид  өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд үйлчилж байсан журмын зохицуулалтаар түүнд уг тусламжийг авах эрх үүсэхгүй, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсгийг хүчингүй болсон боловч дагаж мөрдөх хугацааг нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоосон байгаа тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох  боломжгүй гэж татгалзсан  байна.

2.11.Нэхэмжлэгч Х.Э*******ын ажиллаж байсан Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтэн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн  /2017 оны/ 12 дүгээр зүйлийн 12.1-т “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гээд мөн зүйлийн 12.1.6-д “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар төрийн захиргааны албанд тушаалд хамаарч байгаа нь дээрх журмын үйлчлэлд хамаарах албан тушаалтан мөн болох зэрэг үйл баримт тогтоогдлоо.

        

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гээд мөн зүйлийн  24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэж заажээ.

3.2.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй  тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, Төрийн албаны тухай хуулийн /2018 оны/ 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

3.3.Хуульд заасны дагуу Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэж заасан байжээ.

3.4.Засгийн газраас 2023 оны 243 дугаар тогтоолоороо энэхүү журмын “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг хүчингүй  болсонд тооцож, уг шийдвэрээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан байна.

3.5.Нэхэмжлэгч Б.Э******* уг журмын заалт хүчингүй болсон учраас нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж маргасныг шүүх дараахь эрх зүйн үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

3.6.Төрийн албаны тухай хуулийн  /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны тухай хуулийн /2018 оны/ 60 дугаар зүйлийн 60.1-т заасан төрийн албан хаагчийг тэтгэвэрт гаргахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байгаа харилцаа нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа болж хуульчлагдсан байна.

3.7.Хариуцагчаас нэхэмжлэгч Х.Э*******ыг төрийн албанд ажиллаж байхдаа тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байгаа түүний тэтгэвэр тогтоолгосон үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсэгт заасан “сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байх” шалгуурыг  нэхэмжлэгч хангаагүй тул уг тусламжийг олгох боломжгүй гэж дүгнэн тусламж олгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            3.8.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 5/-д  “өндөр наслах, ... болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол ... нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ...” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана” гээд мөн зүйлийн  61.1.1-т ”албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгаа болох төрийн албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа үзүүлэх буцалтгүй тусламжийг авах эрхийг олгосон явдал юм.

            3.9.Тодруулбал, нэхэмжлэгч Х.Э*******ын төрийн албанд ажилласан жилүүд нь 2002, 2018 оны Төрийн албаны тухай хуулийн үйлчилж байсан хугацаанд хамрагдахын зэрэгцээ, дээрх хуулиудын энэ заалтын үзэл санаа нь төрийн албыг тогтвортой байлгах, төрийн албан хаагчийг албандаа үнэн, шударга тогтвортой ажиллуулахын  тул бий болгосон төрийн баталгаа нь юм.

            3.10.Иймд Засгийн газрын баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтын “..., үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэсэн нь уг заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдээс уг шаардлагыг хангаагүй буюу сүүлийн 3 жил нь хувийн шалтгаанаар төрийн албандаа ажиллаж чадаагүй иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан, үүний дотор нэхэмжлэгч Х.Э*******ын  төрийн албанд 28 жил гаруй / өөрөө 41 жил гэж тайлбарладаг/ ажилласан хугацааны үр дагаврыг үгүйсгэсэн, төрийн албан хаагчийнхаа хувьд хангагдах ёстой баталгааг эдэлж чадахгүйд хүрсэн буюу хуулийн дээрх үзэл санаанд нийцээгүй зохицуулалт байжээ.

            3.11.“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтын энэхүү хязгаарлалт хүчингүй болсноор энэхүү хууль зүйн зөрчил арилж, хохирсон иргэдийн эрх сэргэх боломжтой болсон байгаа тул шүүх Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 60 дугаар зүйлийн 60.1-т заасан зохицуулалт, Засгийн газраас тогтоосон журмыг баримталж, нэхэмжлэгч Х.Э*******ын  өндөр насны тэтгэвэрт гарсны дараа авах нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

           3.12.Тодруулбал, Засгийн газраас “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг хүчингүй болгосон шийдвэрээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь “буцалтгүй тусламж авах эрх” нь журмын уг заалтын үйлчилж байсан хугацаанд үйлчлэхгүй гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалт биш, ийм байх эрх зүйн боломжгүй болно.

           3.13.Учир нь “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтын “..., үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэсэн өөрөө хуулийнхаа үзэл санаанд нийцээгүйн дээр, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт бий болсон бол уг зохицуулалтыг “тухайн цаг хугацаанд буцаан хэрэглэх” эрх зүйн зарчимтай болно.

           3.14.Ийнхүү нэхэмжлэгч Х.Э*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрх зүйн зохицуулалт бий болсон, түүнчлэн түүний төрийн албанд ажилласан жил нь уг журамд заасан шаардлагад  нийцсэн байхад  нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн тогтоосон “төрийн албан хаагчийн баталгаа”-наас гадуур үлдээж болохгүй, энэ нь шударга ёсонд нийцэхгүй.

           3.15.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан

            3.16.Хуулийн энэ үзэл санаа, зорилго нь иргэний эрхийг хамгаалах, шүүхээс шударга ёсыг тогтооход чиглэсэн тул шударга ёсны зарчмыг хангаж, Х.Э******* нь бусад төрийн албан хаагчтай адил баталгаагаар хангагдах эрхтэй гэж үзээд, түүний нэхэмжлэлийг хангаж, Х.Э*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Х.Э*******д олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль журамд нийцүүлэн олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

          3.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Х.Э*******ыг “ар гэрийн гачигдал” шалтгаанаар түр чөлөөтэй байгаад төрийн албанд буцаж ороход нь шууд томилох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй үед төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилох нь эрх зүйн үндэслэлгүй байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

          3.18.Учир нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар агентлагийн даргын бүрэн эрхэд хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасан бөгөөд энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд агентлагийн дарга нь Х.Э*******ыг төрийн албанд буцаан томилж ажиллуулсан учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан татгалзал болох “түүнийг шууд томилох үндэслэлгүй” гэсэн тайлбарыг хүлээн авахгүй, энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарахгүй болно.

 

Дөрөв.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлүүлэх журмын тухайд:

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх тайлбарыг хүлээн авахгүй.

4.2.Анхан шатны шүүх нь нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэхийн өмнө тодорхой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой, үүнийг нь шийдвэрлэх эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан байгаа гэж үзсэн тохиолдолд уг журмыг хангуулахаар буцаадаг.

4.3.Энэ журмыг хангуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах болохоос хэргийн оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэдэг асуудал биш болохын хамтаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан  байхгүй болох нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийг энэ үндэслэлээр буцаах хууль зүйн үндэслэлгүй байхгүй.                                                            

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэлээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нь 30 хоногоос хэтэрсэн гэж нь нотлогдохгүй байна.

4.5.Тодруулбал, хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг нэхэмжлэгч Х.Э*******  нь “Монгол шуудан” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан болох нь тус компанийн бичгээр гаргасан лавлагаагаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь уг албан бичгийг гардан авсан өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан байна.

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн  61.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Х.Э*******д олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль журамд нийцүүлэн олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э*******ын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ