Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/807

 

 

 

 

 

    2022          08            11                                          2022/ДШМ/807                                                                                             

Ц.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

яллагдагч Ц.Б-э, түүний өмгөөлөгч Б.Буянт, Д.Дэлгэрцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/1264 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-эд холбогдох эрүүгийн 2110006800273 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б-э,

2002 онд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 250,000 төгрөгөөр торгох ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял,

2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Ц.Б-эд нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан түшээ” хотхоны гадна зогсоолоос ****улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота ланд круйзер-200” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Б-эд 92,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... хэрэгт Б.Б-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь ойлгомжгүй. ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг тогтоогоогүй, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ хэрэгт авагдаагүй. Иймд Б.Б-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний нэхэмжлэгч Ж.Ү- /хх 42-45/, гэрч Б.Сандагсүрэн /хх 75-76/ нарын мэдүүлгээс үзэхэд яллагдагч Ц.Б-э нь хууль бус арга замаар олж авсан тээврийн хэрэгслийг иргэн Ж.Ү-т худалдсан гэж үзсэн атал Ж.Ү-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Ж.Ү-тай хийсэн хэлцэл хуульд нийцэх эсэх, төлбөр мөнгө шилжүүлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, заалт, хэсэгт хамаарч байгаа эсэхийг тогтоох.

Ц.Б-ийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн П.Энхбатад зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулсан “Лексус Эл Экс 450 Ди” загварын хохирогч О.П-ийн эзэмшлийн автомашиныг залилан 270,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Г.Б-т мөнгөн ус зарна гэж хуурч 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөгийг Г.Л-ын эзэмшлийн дансаар шилжүүлэн авч нийт 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 5 ш бортогтой мөнгөн усыг хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2005023691552 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 514 дүгээр шүүгчийн захирамжаар прокурорт буцсан байна. Мөн хэргийн 98 дахь талд Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Ц.Б-эд холбогдох хэргүүдийг нэгтгэсэн, мөн Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар прокурорын тогтоолоор тусгаарласан, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 514 дүгээр захирамжаар буцаасан хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд Нийслэлийн прокурорт хянагдсан яллагдагч Ц.Б-эд холбогдох хэргийн талаарх шүүхийн шийдвэргүй, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно...”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмын талаар заасан ба уг зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж заасан тул яллагдагч Ц.Б-ийн Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн прокурорын газарт шалгагдаж байгаа хэргийг нэгтгэх эсэх асуудлыг нэг мөр болгож шалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судлахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Нийслэлийн прокурорын газарт шалгагдаж байгаа талаар баримт байна. Дээрхээс үзэхэд яллагдагч Ц.Б-э нь залилах гэмт хэрэгт урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож, Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн байна. Иймээс яллагдагчийн үйлдэлд амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт өгөх шаардлагатай.

Хэрэгт яллагдагч Ц.Б-ийг ямар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгаагүй, тодруулаагүй атлаа ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолуудыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн бөгөөд яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Дээрх зөрчлийг арилгаж, тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ц.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ж.Ү-ын “..Би 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ах Сандагсүрэнгийн ажил болох 5 буудлын Бенз нэртэй автозасварын газар байхад ах над руу нэг хүн 2013 оны “Тоёота Ландкруйзер-200” загварын автомашин хямд зарна гэж байна гэж хэлсэн ингээд би үзье гэж хэлсэн. Маргааш нь ахын ажил дээр байхад ирж байна гээд нэлээн орой 21 цагийн үед байх засварын гадаа ирчихлээ гэж хэлсэн. Ахын хамт гараад очтол цагаан өнгийн “Тоёота Ландкруйзер-200” загварын автомашин байсан. ...Ингээд машинаас бууж үзээд 60,000,000 төгрөгөөр авахаар болсон. Ц.Б-э тухайн машиныг Хятад хүний машин, тухайн иргэн нь одоо Хятад улсад байгаа “Ковид” гээд орж ирж чадахгүй байна. Тухайн машиныг эзэн хил нээхээр ирэхээр асуудалгүй шилжүүлээд өгнө гэж хэлсэн. ...Ингээд 60,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 50 сая төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг бичиг баримтаа шилжүүлээд өгөхөөр болсон. Би бэлнээр 20,000,000 төгрөг өгөөд, маргааш нь 30,000,000 төгрөг өгсөн ...хохирлын 50,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” /хх 42-45/,

гэрч Б.Г-ийн “...2021 оны 03 дугаар сарын 28-ны Ц.Б-э ахтай холбоо барихад “одоо нэг шийдсэн юм хийхгүй бол болохгүй байна, нэг машин байгаа тэрийг тоочиглосон байгаа асуудлууд хүндрээд хүмүүс өр ширээ нэхээд байна гэж хэлж байсан” тэгэхээр нь би “наадах чинь асуудал болох вий дээ” гэж хэлтэл “зүгээрээ, би өөрөө баараа даана, сайн судалсан байгаа” гэж хэлж байсан.” /хх 69-70/,

гэрч Б.Сандагсүрэнгийн “...Би Б-ээс автомашин худалдаж аваагүй, харин надад Өвөрмонгол хүний нэр дээр байдаг, 2013 онд үйлдвэрлэсэн “Тоёота Ландкруйзер-200” загварын автомашин байна авах уу, эзэн нь ирэхээр нь шилжүүлж өгнө гэж асууж байсан. Надад авах мөнгө байхгүй авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь 7 буудалд байх миний бенз засвар дээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Б-э ганцаараа цагаан өнгийн ...“Тоёота Ландкруйзер-200” загварын автомашин унаж ирээд заръя гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэр үед манай эхнэрийн эгчийн хүүхэд Ү- хамт байхдаа 60 сая төгрөгөөр авахаар болсон. ...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ү- мөнгөө надад авчирч өгөөд би Б-эд мөнгийг нь өгсөн, надад 2,5 сая төгрөг өгсөн.” /хх 75-76/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ц.Б-э нь Ж.Ү-т тухайн автомашиныг Хятад хүний өмчлөлд байдаг, хил нээгдэхээр шилжүүлэн өгөх боломжтой гэсэн учраас Ж.Ү- тухайн автомашиныг худалдан авч, 50,000,000 төгрөг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байхад Ж.Ү-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Ц.Б-э хулгайлах гэмт хэргийг үйлдэн тухайн автомашиныг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн авсны дараа автомашиныг худалдан борлуулсан байна.

2. Эрүүгийн 2005023691552 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Б-э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагдсан хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Харин тус прокурорын газраас яллагдагч Ц.Б-эд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан-Түшээ” хотхоны гадна зогсоол дээр байсан ****улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Ландкруйзер-200” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Б-эд 92,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн...”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт тус тусад ял оногдуулан шийдвэрлэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЗ/1264 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.  

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүх болон прокурорт буцаах боломжгүй болсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болон хэрэг нэгтгэхтэй холбоотой заалтуудад заавал мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасан. Иргэний нэхэмжлэгч Ж.Ү- нь яллагдагч Ц.Б-ээс худалдан авсан автомашиныг эрхийн доголдолгүй гэж ойлгож 50,000,000 төгрөгөөр худалдан авсан учир Ж.Ү-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Алдагдсан гэх тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжээгүй байсан тул буцаан шилжүүлэн олох ажиллагаа явагдаагүй. Мөн эрүүгийн хэргийг нэгтгэх тухайд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ц.Б-эд холбогдох хэрэг зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь өөр гэмт хэргийн шинжтэй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, нэмж нэгтгэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өөрөө санаачилж хуралдсан. Гэм буруугийн хурлаар шийдэж прокурорт буцаасан асуудал биш юм. Прокурорын эсэргүүцэлд тус тусад нь ял оногдуулах боломжтой гэсэн байна. Хэрэв тус тусад нь ял оногдуулбал миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох юм. Нөгөөтэйгүүр прокурор шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа бусад хэргүүд шүүхэд шилжсэн гэж худал тайлбар хэлж байна. Анхан шатны шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 523 дугаартай хэргийг нь прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээсэн. Иймд хэргийг нэгтгэж шалгах боломжтой гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн Өлзийбүрэн зар гэсний дагуу тухайн автомашиныг Ж.Ү-т худалдсан гэдэг. Өлзийбүрэн нь Монгол улсын нутаг дэвсгэрт байхгүй байгаа учир хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Яллагдагч Ц.Б-э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Ж.Ү-, Б.Г- нар нь бие биеэ огт танихгүй. Би түлхүүрийн компани дуудахад ирсэн 2 хүүтэй нүүрэлдэн мэдүүлэг өгөхөд “энэ ах биш, ийм хүн байгаагүй” гэж хэлсэн. Энийг эцэслэн шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Буянт тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзэв.

Ц.Б-э нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хан түшээ” хотхоны автомашины зогсоолоос ****улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота ланд круйзер-200” загварын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэргээс үзэхэд ****улсын дугаартай автомашины улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлээгүйн улмаас хэний өмчлөх эрх зөрчигдсөн талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял шийтгүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэх бөгөөд холбогдох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байх учиртай. Ц.Б-э нь Эрүүгийн хуулийн өөр өөр зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаарх баримтууд хэрэгт авагдсанаас бус хэрхэн эцэслэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүйн улмаас ял нэмж нэгтгэх журмыг хэрэгжүүлэх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэлт хийж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг шалгах, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар албан ёсны лавлагаа гаргуулах зэрэг хэрэгт ач холбогдох бүхий байдлуудыг шалгаж тогтоохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарчээ.

Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ү-т автомашиныг худалдсан үйлдэл нь тусдаа гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30ы өдрийн 2022/ШЗ/1264 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлээс “... иргэний нэхэмжлэгч Ж.Ү-т автомашиныг худалдсан үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалгах үндэслэлгүй ...” гэснийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН