| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00331/И |
| Дугаар | 130/ШШ2024/00641 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2024/00641
| 2024 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 130/ШШ2024/00641 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, С овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банкны Б салбар (салбарын захирал Х.С),
Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэг, Ерөнхий сайд А гудамж, Х банкны төв байранд үйл ажиллагаа явуулах, Х банк ХК (гүйцэтгэх захирал Г.Ц)-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Х банкны Б салбарын зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 төгрөгийг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А,
Хариуцагч Х банкны Б салбарын төлөөлөгч Х.С,
Хамтран хариуцагч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Х банкны Б салбар, хамтран хариуцагч Х банк ХК-д тус тус холбогдуулан Хариуцагч Х банкны Б салбарын зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд мөнгөний хэрэгцээ гарсан үед Х банкны Б салбарт хандаж удаа дараа бизнесийн зээл авч байсан.
1.2 Тус банкны салбар нь надад бизнесийн зээл олгохдоо 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 250,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 243,000 төгрөг, бүгд 793,000 төгрөг “зээл олголтын шимтгэл” нэрээр суутгасан.
1.3 Банк нь зээл олгосны шимтгэлд зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авч байгаа үйлдэл хууль бус гэж үзэж байна.
Учир нь банкнаас олгох зээл нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй.
1.4 Мөн энэ төрлийн харилцааг зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой 19, 20, 21 дүгээр зүйлүүдэд ч зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй.
1.5 Банкнаас зээл олгохдоо зээл олголтын шимтгэл авч байгаа нь хууль бус бөгөөд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хариуцагчийн зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 (Долоон зуун ерэн гурван мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А надад олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х банкны Б салбарын захирал Х.С-ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Х банк ХХК-ийн Б дахь салбар нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах хэсэгт заасан “банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаа, түүнчлэн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дах хэсэгт “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна”. Мөн Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна”, тус хуулийн 7.9 дэх хэсэгт “компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна”, 7.10 дах хэсэгт “компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна” гэж тус тус заасан.
2.2 Иймд Х банк ХХК-ийн Б аймаг дахь салбар нь Х банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Х банк ХХК-д төлөөлөх нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнд тус бүрт нэхэмжлэгчтэй байгуулсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээ тус бүрт Х банк ХХК болон Б аймаг дахь салбар нь нэг этгээд бөгөөд тус тусдаа эрх эдлэх, үүрэг хүлээх этгээдүүд биш учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу С дүүргийн иргэний хэрэг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан гэжээ.
3.Хамтран хариуцагч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т-ийн хариу тайлбар, татгалзал:
3.1 Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина” гэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/000 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-д “Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг”, 4.1-т “Зээлдэгчээс авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно” гэж тус тус заасны дагуу арилжааны банк өөрийн үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний зардлын хэмжээг өөрөө тогтоож харилцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй”, 19.3 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Банк зарласан хүүг жилээр илэрхийлж, зээл, харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зээлийн бодит өртөг, хадгаламжийн хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган олон нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу Х банк нь өөрийн цахим хуудсанд зээлийн бүтээгдэхүүний нөхцөлүүдийг нийтэд ил тод байршуулж, харилцагч танилцах, мэдээлэл авах боломжоор хангасан байдгийг дурдах нь зүйтэй юм.
3.3 Түүнчлэн, нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд зээлийн үйлчилгээний шимтгэлийг тусгасан нь Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4.2-д “Банк зээлдэгчээс авах шимтгэл, хураамж болон цаашид авч болзошгүй шимтгэл, хураамжийг зээлийн гэрээнд заавал тусгана”, 4.3-д “Банк зээлийн гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамжийг зээлдэгчээс шууд болон шууд бусаар төлүүлэхийг хориглоно” гэж тус тус заасантай нийцэж байна.
3.4 Мөн хуульд хөөн хэлэлцэх хугацааны талаар ойлголт байдаг. 2018, 2019 онуудад тус тус зээл авсан. 2018-2019 оноос хойш хугацааг тооцоход Иргэний хуулийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд дээрх үндэслэлээр арилжааны банк нь өөрийн үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний зардлын хэмжээг өөрөө тогтоож харилцагчаар төлүүлэх хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар,Т.А-ийн Дансны хуулга зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Х банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 384 дугаар албан бичиг зэргийг,
Хамтран хариуцагч хариуцагчаас хариу тайлбар, Х банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А-000 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х банк ХХК-ийн хуулийн хэлтсийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5г/0000 дугаар албан бичгээр Х.Т-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч Х банкны Б салбарын зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Х банкнаас удаа дараа бизнесийн зэл авч байсан ба тус банкнаас надад зээл олгохдоо 2017 оны 096 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 250,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 243,000 төгрөг, бүгд 793,000 төгрөгийг зээл олголтын шимтгэл нэрээр суутгасан. Банкнаас зээл олгохдоо зээл олголтын шимтгэл авч байгаа нь хууль бус бөгөөд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа болно. Иймд хариуцагчийн зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Х банкны Б салбар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус салбар нь хуулийн этгээдийн эрхгүй тул Х банк ХК-д холбогдох нэхэмжлэлийг харьяаллын дагуу С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах нь зүйтэй гэжээ.
8.Хамтран хариуцагч Х Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна”, Банк, эрх бүхий хулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина” гэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/000 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-д “Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг”, 4.1-т “Зээлдэгчээс авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно” гэж тус тус заасны дагуу арилжааны банк өөрийн үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний зардлын хэмжээг өөрөө тогтоож харилцагчаар төлүүлэх нь хуль зүйн үндэслэлтэй гэжээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд: Х банкны харилцагч Төлеубайн А-ийн 00000000 дугаартай дансны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгаас үзэхэд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 250,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 243,000 төгрөг тухайн данснаас зээл олголтын шимтгэл гэсэн утгаар тус тус зарлага гарсан нь тогтоогдсон байна.
10.Нэхэмжлэгчээс Х банкнаас зээл олгохдоо зээл олголтын шимтгэл авч байгаа нь хууль бус гэж маргасан байх ба хариуцагч талаас түүнийг эс зөвшөөрч маргажээ.
11.Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон Х Банкны харилцагч Т.А-ийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь Х Банктай харилцан тохиролцож зээл авч байсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
12.Нэхэмжлэгч нь “зээл олгосны шимтгэлд зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авч байгаа үйлдэл хууль бус” гэж үзсэн үндэслэлээ “...банкнаас олгох зээл нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй” гэсэн үндэслэлийг гаргажээ.
13.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хү******* байж болно.
14.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй байна.
15.Монголбанкны Ерөнхийлөгч нь 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, 2013.12.13-ны өдрийн А/000 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”, дээрх журамд 2015.05.12-ны өдрийн А-85 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан, үүний дараа 2018.07.23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам”-ыг тус тус шинэчлэн баталсан байх ба банкууд үйл ажиллагаандаа хуулиас гадна эдгээр журмыг дагаж мөрддөг байна.
16. “Зээлийн хүү” гэдэг нь зээл, хадгаламж, хөрөнгө оруулалтын үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардал байдаг байна. Банк зээлийн бүтээгдэхүүний хувьд бодит өртгийг, харин хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд бодит үйлчилж буй хүүг тогтооно.
“Зээлийн бодит өртөг” гэж зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг хэлдэг бөгөөд банк нь зээлийн бүтээгдэхүүний ерөнхий танилцуулга, зарласан хүү, зээлийн бодит өртөг, шимтгэл хураамжийн мэдээллийг бүтээгдэхүүн бүрээр үнэн зөв гарган, Монголбанканд сар бүрийн 10-ны дотор ирүүлэх, Монголбанк мэдээллийг нэгтгэн харилцагчид харьцуулалт хийх боломжтойгоор өөрийн цахим хуудсанд байршуулах үйл ажиллагааг журамд заажээ. Монголбанк хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нөхөн зохицуулж журам гаргахдаа зээлийн шимтгэлийн талаар журамд зааснаас үзэхэд зээлийн хүүгээс гадна зээлийн шимтгэл байх эдийн засгийн үндэслэлийг тогтоож, банкууд үйл ажиллагаандаа шимтгэл тогтоож ирсэн нь тогтоогджээ. Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй, ийм ч учраас зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцож, тогтоох үндэслэлийг дурдсан журамд ч заасан байна.
17. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно. Зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй тул “зээлийн шимтгэлийг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банканд олгоогүй” гэж үзэх үндэслэлгүй байна.
18.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан, тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд “зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ. Энэ журмаар зээлийн шимтгэлийн харилцаа зохицуулагдаж, шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон байжээ. Улмаар 2021 онд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд шимтгэл тооцох харилцааг хуульчилсан байна. Иймд нэхэмжлэгчээс “зээл олгосны шимтгэлд зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авч байгаа үйлдэл хууль бус” гэж тайлбарласан нь *******сгэгдэж байна.
19.Шүүх хуралдаан дээр хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь хамгийн сүүлийн зээлийг 2019 онд авч байсан байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна. Зээлийн шимтгэл төлөх үүргийг биелүүлэх ёсгүй болохыг тогтоолгох шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
20.Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог.
Нэхэмжлэгч зээл олголтын шимтгэлд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 250,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 243,000 төгрөг тус тус төлж байсан байх ба эрхийн зөрчил гарсныг мэдэх ёстой байсан бөгөөд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой байх үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлогдоно гэж үзлээ. Дээрх хугацаанаас хойш буюу шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй байх тул хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
21.Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь эрх зүйн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ алдаж байгаа явдал бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
22.Иймд нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч Х банкны Б салбарын зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
23.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,582 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч Х банкны Б салбарын зээл олголтын шимтгэл суутгасан үйлдэл хууль бус болохыг тогтоож, 4 удаа зээл олгохдоо үндэслэлгүй суутгасан зээл олголтын шимтгэл 793,000 (долоон зуун ерэн гурван мянган) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,582 (хорин гурван мянган таван зуун наян хоёр) төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК