Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00642

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00642

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч А.Жархынгүл, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Х.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Н овогт А.А-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,979,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгч Х.М,

Хариуцагч А.А,

Иргэдийн төлөөлөгч Х.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч А.А-д холбогдуулан Гэм хорын хохирол 1,979,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б Эрчим-00 айлын орон сууцны 106 дугаар байр, 0 дугаар давхар 00 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг.

1.2 Уг байрыг 2020 онд 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгөөр худалдан авсан бөгөөд анх худалдан авах үед заал, унтлагын өрөө, угаалтуурын өрөөнүүдэд иж бүрэн засвар хийж паркетан шал, ханын обой, таазны абажур, унтлагын, угаалгын өрөөнүүдийн хаалга, гэрлийн унтраалга, розетка, суултуур, халуун усны ванн, гар нүүрний угаалтуур, хаалтын пар зэргийг өөрийн хөрөнгөөр шинээр хийсэн билээ.

1.3 2023 оны 10 дугаар сард дээд давхрын айлын тагтнаас ус гоожиж тухайн үед дээд айлд очиж мэдэгдэн шалтгаан нөхцөлийг тайлбарлаж гэрийн эзэнд нь хэлж сануулсан. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахиж ус алдаж миний өмчлөлийн байрны хаалганы баруун булангийн тааз, унтлагын өрөөний хойд хананы тааз, тагтнаас маш их хэмжээний ус гоожиж тагтанд байсан эд хөрөнгөд хохирол учирч, тухайн үед унтлагын өрөөний таазанд ус шингэсний улмаас унтлагын өрөөний хоёр абажур шатсан.

1.4 Өвлийн улирал эхэлж байранд ус алдаж, эд хөрөнгийн хохирол учирсны зэрэгцээ удаа дараа хэлж мэдэгдээд, мэргэжлийн байгууллагуудаар үнэлэлт, дүгнэлт гаргуулсаар байхад биднийг үл тоомсорлон өрөөндөө биеийн тамирын дасгал хийж техник хэрэгслүүдийг дур мэдэн хаяж шийддэгээс болж таазны абажурын адаптор гэмтэл авч гэрэл нь удаа дараа шатаад байна.

1.5 Мөн шөнийн цагаар хүүхдүүдээр бөмбөг тоглуулж доромжилдог, үг хэлээр дарамталдаг зэргийг бид байрны Эрчим-00 айл группт эхнэр С-д тэмдэглэснээр бичиж авсан бөгөөд тэдгээрийн үр дүнд манай гэр бүлд санхүүгийн болоод маш их хэмжээний сэтгэл санааны дарамт учруулсан. Үүний улмаас миний бие толгой, зүрхний хэсгээр өвдөлт өгч түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэснээс гадна уг этгээд хэл амаар доромжилсноос болж цагдаа дуудсан явдал болсон. Өөрөө хуульч мэргэжилтэй, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст улсын байцаагчаар ажилладаг ч иймэрхүү ёс бус үг үйлдэл хийж ирсэн нь харамсалтай.

1.6 Тухайн ус алдсан өдөр Б аймгийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын мэргэжилтэн Е-т утсаар дуудлага өгсний дагуу ирж үзэж Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 904 дугаартай тушаалаар баталгаажсан дүгнэлт гарсан. Дүгнэлтийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч М.Д-т 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр өргөдөл гаргаж өгсний дагуу М.Д биеэрээ ирж үзэж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7-00/0000 дугаартай дүгнэлт гаргаж өгсөн. 7 дугаар давхар 41 айлын буруугаас болж миний өмчлөлийн орон сууцны тагт, өрөөнүүдийн тааз, эд хөрөнгөд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргаж өгсөн юм.

Иймд 7 дугаар давхар 41 айлын надад учруулсан хохирлыг дараах хүснэгтээр тоймлон хүргүүлж байна. Үүнд:

Худалдан авалт хийсэн байгууллага, дэлгүүр

Худалдан авсан барааны нэр

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Дизайн абажур материалын дэлгүүр

Унтлагын өрөө уналттай модон абажур тус бүрийн үнэ 350.000 төгрөг хоёр ширхэг

700,000 төгрөг

2

Дизайн абажур материалын дэлгүүр

Үүдний гоёлын лед абажур

200,000 төгрөг

3

Оргил барилгын материалын дэлгүүр

Дөрвөлжин лед гурван эгнээтэй абажур

480,000 төгрөг

4

Б-Импекс ХХК (Пи си молл)

SDA (Small Domestic Appliances)-Тоос сорогч

599,000 төгрөг

5

Нийт дүн

1,979,000 төгрөг

 

Иймд 7 давхар Эрчим 00 айлын орон сууцны 7 давхрын 41 тоотын буруутай үйл ажиллагааны улмаас надад учруулсан хохирол 1,979,000 /нэг сая есөн зуун далан есөн мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.А-ийн хариу тайлбар, татгалзал:

2.1  Нөхөр Ж.А бид хоёр 2016 оны 6 дугаар сард Эрчим 00 айлаас 41 тоот 76 м.кв бүхий 2 өрөө байрыг худалдан авч өдий хүртэл 8 дахь жилдээ амьдарч байна.

2.2 Жилийн жилд байр өвөлдөө дулаахан байдаг болохоор унтлагын өрөөний 2 паарны зөвхөн 1 паарыг ажиллуулдаг байсан. Энэ жил бид нялх хүүхэдтэй болсон. 2023 оны 12 дугаар сарын 16-17-ны үеэр байх гадаа маш их хүйтэрсэн. Нөхөр А хөдөө ажлаар явсан байсан. Унтлагын өрөө сэрүүсэж нялх хүүхэд маань ханиад хүрч өвдсөн болохоор унтлагын өрөөний тагтны хажуудах паарын хаалтыг нээж ажиллуулсан бөгөөд маргааш өдөр нь доод айлын эхнэр Эрчим-0 айлын нэгдсэн группт маргаан гаргаж нөхөр нь М ирж тагтнаас ус дусаж байна гэж хэлсэн. Хөдөөнөөс нөхөр маань ирсэн байсан доод айлд очиж үзээд тагны аваарын гарцын хаалганы завсраас ус дуссан юм байна эвдэж гэмтсэн юм байхгүй байна гэж хэлсэн.

2.3 Манай өрөөний паар цоороогүй, ус алдаагүй, тагтанд паар халаалт, ус байхгүй байхад ямар учиртай юм бол гэж би гайхсан. Тэгэхэд сүүлийн 2-3 жил энэ паарыг ажиллуулаагүй энэ паарыг ажиллуулснаас болж байж магадгүй, намар халаалт өгөх үед би энэ паарыг нээж байсан тэр үед доод айл тагтнаас ус дуссан гэхээр тухайн паарыг хаахад зогсож байсан гэж хэлсэн. Өнөөдөр сантекникч дуудаж үзүүлье гэж нөхөр маань тухайн паарны хаалтыг үүдний хэсгийн коллектороос хаасан. Би Мобиком ХХК-ийн  хажуудах Эрчим ХК-ийн дулаан дамжуулах №5 дугаар төвд очиж дуудлагын слесарь дуудсан. Манай паарнаас ямар нэгэн ус алдсан асуудал гараагүй, нэг ч дусал ус дусаагүй, паркет цэвэрхэн, ховхроогүй, бүгд жигд ажиллаж байсныг болон тагтыг доод айлын эзэн М өөрийн биеэр шалгаж үзэж байсан.

2.4 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуудлагын слесарь С   гэдэг хүн ирж манай халаалтын системийг шалгаж үзээд паар цоороогүй, хагараагүй, ус алдсан асуудал байхгүй байна гэж хэлсэн. С-ийг доод айлын тагтыг үзүүлэхээр дагуулж очсон боловч доод айл хүнгүй байсан. Маргааш нь бас нэг өөр дуудлагын С ирж үзсэн. Түүнийг М дуудсан байсан. Тэр ч бас шалгаж үзээд паар цоорсон, ус алдсан асуудал байхгүй хэлсэн. Унтлагын өрөөний тагтны хэсгийн далд шугамыг хавар шалгуулаарай одоогоор доод айлын тагтнаас ус дуссан асуудал зогссон байна гэж хэлээд унтлагын өрөөний тагтны хажуудах паарыг хаалттай байлгахыг зөвлөөд явсан. Болж байгаа үйл явцыг ойлгуулж хэлэх гээд доод айлд очиход доод айлын эхнэр С-д хүний үг сонсохгүй ёс бус харьцаж явуулсан. Түүнээс хойш доод айлын хүмүүстэй ярилцах, ойлголцох боломжгүй хүмүүс байна гэдгийг ойлгосон юм. Бид тэр өдрөөс хойш тагтны хажуу дахь паарыг нээгээгүй, доод айлын тагтанд ус дусах асуудал тухайн үед зогссон гэдгийг слесарь хэлсэн, өвөлжингөө унтлагын өрөө маань ганц паартай сэрүүвтэр байсан ч иргэний үүргээ ухамсарлан өдий хүрсэн.

2.5 Тухайн үед М болон түүний эхнэр С-д нь намайг хивс угааж бохир ус асгасан байж болзошгүй гэж гүтгэж Эрүүл мэндийн газарт, паар хагарсан гэж гүтгэж аймгийн Засаг даргын тамгын газрын Эрчим хүчний хяналтын байцаагчид гомдол гаргаж нялх биетэй ээж болох намайг ийшээ тийшээ дуудуулж сэтгэл санааны дарамт үзүүлэхээс гадна өвлийн цагт нялх хүүхэдтэй гэрт маань энэ тэндээс шалгалт оруулж, үзлэг хийлгүүлж сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газар М-ын гаргасан гомдлыг үндэслэлгүй болохыг тогтоож холбогдох хариуг нь бичгээр өгч байсныг материалд М-ын хавсаргаж өгснөөс харж болно. Эрүүл мэндийн газар, Аймгийн Засаг даргын тамгын газраас улсын байцаагчийн дүгнэлт гараагүй, мөн ямар нэгэн хохирол тогтоогдоогүй, бидний буруу байхгүйг бичсэн байна.

2.6 Бид энэ байрны халаалтын систем нь шаардлага хангасан, улсын комиссын дүгнэлт гарсан байр болохоор худалдаж авсан, бид халаалтыг гараар тавьж суурилуулаагүй, өөрийн өмчлөлийн байранд өвлийн цагт халаалт авах нь бидний эрхийн асуудал, халаалтын далд системд ашиглалтын явцад ямар нэгэн гэмтэл үүссэн бол биднээс шалтгаалаагүй, бидний буруутай үйлдэл биш гэж ойлгож байна. Одоогоор далд шугамд гэмтэл байгаа эсэхийг мэргэжлийн хүмүүс тогтоож гаргаж ирээгүй.

2.7 Иргэн М нэхэмжлэлдээ “2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахиж ус алдаж хаалганы баруун булангийн тааз, унтлагын өрөөний хойд хананы тааз, тагтнаас маш их хэмжээний ус гоожсон” гэж худлаа гэж бичсэн байна. Энд маш их хэмжээний ус гоожсон барьсан асуудал болоогүй. Тагтнаас нь ус бага хэмжээгээр дуссан гэж харагдсан. Эрүүл ухаанаар бодвол ус гоожсон бол 1-2 цагийн дотор шал бүхэлдээ усанд автаж гамшгийн байдалд хүрэх ёстой. Тийм асуудал болоогүй. Үүдний хэсгийн хананы жоохон хэсэг газарт байгаа ус алдсан ул мөр Эрчим-48 айлын бүх айлд байгаа манайх ч ялгаагүй. Учир нь тэр хэсэгт халаалтын коллектор байрладаг ба доошоо 2 труба байдаг. Жил бүр Эрчим компаниас халаалт өгч ус дамжуулах үед коллекторын нээлт хаалтаас ус бага хэмжээгээр алдаж байж зогсдог гэж дуудлагын слесарь тайлбарлаж байсан юм. Тухайн үед бид Молшылыхын гэрт өөрийн биеэр очиж үзэж байсан. Хананаас нь ус гоожиж абажур шатсан, тоос сорогч шатсан, бусад эд хөрөнгөөрөө хохирсон асуудлыг бид хараагүй, тэд ч хэлээгүй, мэдэгдээгүй, үзүүлээгүй.

2.8 Хана таазнаас ус гоожсон асуудал гараагүйг, тухайн үед тагтанд нь эд зүйл байгаа эсэхийг шалгалт хийсэн Эрүүл мэндийн газрын байцаагчид болох Х.Е, Б.Г, тухайн үед очиж үзэж байсан бусад хүмүүс бүгд гэрчлэх болно. Молшылыхын тагтнаас ус дуссан ул мөр байсан ус гоожоогүй, унтлагын өрөөнийх нь болон үүдний хэсгийн таазны хэсэгхэн газарт усны ул мөр тогтсоныг далимдуулж таазанд ус бүхэлдээ шингэсэн мэт төөрөгдүүлж эвдэрсэн ажиллагаатай эсэх нь тодорхойгүй абажуруудаа, тагтнаас ус дуссан асуудалтай он цагийн хувьд огт хамааралгүй гал тогооны өрөөнийх нь 2023 оны 6 сард шатсан абажур, эвдэрсэн тоос сорогчоо өш хонзон санаж надаар төлүүлж авах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.9 Нэхэмжлэлдээ манай гэрт биеийн тамирын дасгал хийж техник хэрэгслүүдийг хаяж шийддэг мөн намайг ёс бус үйлдэл гаргасан гэж гүтгэж, нэр төрд минь халдаж бичсэн байна. Молшылых нь өглөө, өдөр, орой харгалзахгүй айлын хаалга өшиглөж, бариул эвдэж бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлдэг, эхнэр нь хар өглөө хаалга өшиглөөд зогсохгүй бусдын нөхрийг хараалын үгээр доромжилчхоод өөрсдийгөө ёс зүйтэй гэж явдаг нь харамсалтай байна. Энэ явдлыг бүх хөршүүд харж сонсож байсан гэрчлэх ч болно. Бусдыг гүтгэхээс өмнө өөрсийнхөө үг, үйлдэлд дүгнэлт хийвэл зүйтэй байна.

2.10 Манай гэрт биеийн тамирын арга хэмжээ явуулдаггүй, гэрт дасгал хөдөлгөөн хийх техник хэрэгсэл ч байхгүй, тэнд амьдрал өрнөж байна, хүүхэд өсөж торниж байна. Өнөөдөр ямар нэгэн нотолгоогүй хүнийг гүтгэж, нэр төрд нь халдвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг нэхэмжлэгч анхаармаар байна. Миний бие төрийн албанд олон жил ажилласан нэр төртэй, ёс зүйтэй, 4 хүүхэд хүмүүжүүлж өсгөж байгаа эх хүн гэдгийг хүн бүр мэддэг. Надад худлаа ярих, хүн гүтгэх шаардлага байхгүй, би болсон үйл явдал, учир байдлыг үнэн мөнөөр нь тайлбарлаж байна.

2.11 Бидний байрны халаалтын шугам нь далд шугам байдаг. Анх баригдахдаа тийм байсан одоо ч тийм байгаа. Бидний зүгээс тухайн шугамыг эвдэж тэндээс ус алдуулсан асуудал байхгүй, мэргэжлийн хүн биш учраас тухайн шугамыг яагаад далд байдлаар хийснийг мэдэхгүй. Хэрэв шалны доогуур байгаа далд шугамаас ус алдсан бол тэр нь бидний буруу биш. Тухайн хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан, үүнээс болж М-т хохирол учирсан талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Иймд 48 айл 6 давхрын оршин суугч иргэн Х.М-ын хууль бус нэхэмжилсэн 1,979,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.А: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, 00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.М, Х.С-д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 000 дугаартай албан бичиг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7-03/1121 дугаартай албан бичиг, Тренд мебель монголия ХХК-ийн Дизайн дэлгүүрийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Зарлагын баримт, Азийн жигүүр групп ХХК-ийн 2023 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн Зарлагын баримт, Б-Импекс ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэх, А.Д-ы нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, фото зургууд, фейсбүүк цахим сүлжээний зурвасууд , Х.М-ын ХААН банкны Депозит дансны хуулга зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр М.Д, Б.Г, Х.Е нарын гэрчийн мэдүүлгийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Х.М-ын хариуцагч А.А-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,979,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б эрчим-18 айлын орон сууцны 106 дугаар байр, 6 давхрын 35 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2023 оны 10 дугаар сард дээд давхрын айлын тагтнаас ус гоожиж тухайн үед дээд айлд очиж мэдэгдэж шалтгаан нөхцөлийг тайлбарлаж эзэнд нь сануулсан боловч 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин ус алдаж миний өмчлөлийн байрны хаалганы баруун булангийн тааз, унтлагын өрөөний хойд хананы тааз, тагтнаас маш их хэмжээний ус гоожиж тагтанд басан эд хөрөнгөд хохирол учирч, тухайн үед унтлагын өрөөний таазанд ус шингэсний улмаас унтлагын өрөөний хоёр абажур шатсан. Тухайн үед мэргэжлийн байгууллагуудад хандаж үнэлэлт дүгнэлт гаргуулсан боловч биднийг үл тоомсорлож өрөөндөө биеийн тамирын дасгал хийж техник хэрэгслүүдийг дур мэдэн шиддэгээс болж таазны абажурын адаптор гэмтэж удаа дараа шатаад байна. Мөн шөнийн цагаар хүүхдүүдээр бөмбөг тоглуулж, үг хэлээр дарамталсны улмаас санхүүгийн болон сэтгэл санааны маш их дарамт учруулж байна. Иймд эд хөрөнгөд учруулсан хохирол 1,979,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

7.Хариуцагч А.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нөхөр Ж.А бид хоёр 2016 онд Эрчим 00 айлаас 41 тоот байрыг худалдан авч өдий хүртэл амьдарч байна. 2023 оны 12 дугаар сарын 16, 17-ны үеэр гадаа маш их хүйтэрсэн тул унтлагын өрөөний тагтны хажууд дахь  паарын хаалтыг нээж ажиллуулсан бөгөөд маргааш өдөр нь доод айлын эхнэр маргаан гаргаж нөхөр нь М ирж тагтнаас ус дусаж байна гэж хэлсэн. Нөхөр маань доод айлд очиж үзээд тагтны аваарын гарцын хаалганы завсраас ус дуссан юм байна эвдэрч гэмтсэн юм байхгүй байна гэж хэлсэн. Манай байрны өрөөний паарууд цоороогүй, ус алдаагүй, тагтанд паар халаалт, ус байхгүй байхад ямар учиртай юм бол гэж гайхсан. Сүүлийн 2-3 жил ажиллуулаагүй энэ паарыг ажиллуулснаас болж байж магадгүй намар халаалт өгөх үед бид энэ паарыг нээж байсан тэр үед доод айл тагтнаас ус дуссан гэхээр тухайн паарыг хаахад зогсож байсан гэж хэлсэн. Өнөөдөр сантекникч дуудаж үзүүлье гэж нөхөр маань тухайн паарны хаалтыг үүдний хэсгийн коллектороос хаасан. Би Эрчим ХК-ийн дулаан дамжуулах №5 дугаар төвд очиж дуудлагын слесарь дуудсан. Манай паарнаас ямар нэгэн ус алдсан асуудал гараагүй, нэг ч дусал ус дусаагүй, паркет цэвэрхэн, ховхроогүй, бүгд жигд ажиллаж байсныг болон тагтыг доод айлын эзэн М өөрийн биеэр шалгаж үзэж байсан. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуудлагын слесарь С гэдэг хүн ирж манай халаалтын системийг шалгаж үзээд паар цоороогүй, хагараагүй, ус алдсан асуудал байхгүй байна гэж хэлсэн. С-ийг доод айлын тагтыг үзүүлэхээр дагуулж очсон боловч доод айл хүнгүй байсан. Маргааш нь бас нэг өөр дуудлагын С ирж үзсэн. Түүнийг М дуудсан байсан. Тэр ч бас шалгаж үзээд паар цоорсон, ус алдсан асуудал байхгүй хэлсэн. Унтлагын өрөөний тагтны хэсгийн далд шугамыг хавар шалгуулаарай одоогоор доод айлын тагтнаас ус дуссан асуудал зогссон байна гэж хэлээд унтлагын өрөөний тагтны хажуудах паарыг хаалттай байлгахыг зөвлөөд явсан. Бидний байрны халаалтын шугам нь далд шугам байдаг. Анх баригдахдаа тийм байсан одоо ч тийм байгаа. Бидний зүгээс тухайн шугамыг эвдэж тэндээс ус алдуулсан асуудал байхгүй, мэргэжлийн хүн биш учраас тухайн шугамыг яагаад далд байдлаар хийснийг мэдэхгүй. Хэрэв шалны доогуур байгаа далд шугамаас ус алдсан бол тэр нь бидний буруу биш. Тухайн хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж ус алдсан, үүнээс болж М-т хохирол учирсан талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

8.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч Х.М нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б эрчим-00 айлын орон сууцны 0-р байр  0 тоотод байрлах сууцыг өмчилж тухайн байранд эхнэр хүүхдүүдийн амт амьдардаг болох нь түүний тайлбар болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэгсэд болох Х.М, Х.С-д нарын гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогджээ.

8.2. Нэхэмжлэгч Х.М-т Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 904 дугаартай албан бичгээр  “Ө сумын Эрчим-00 байрны 7 дугаар давхрын 41 тоотын оршин суугч иргэн Ж.А-ийн гэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ус хаанаас алдаж байгаа нь тодорхой бус, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлд хамааралгүй учраас мэргэжлийн байгууллагад хандаж барилгын дотор шугам сүлжээний гэмтэл байгаа эсэх, ус гоожиж буй шалтгаан нөхцөлийг тогтоолгох”, мөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7-03/1121 дугаартай албан бичгээр  “... Шалгалтаар дээрх айлын тагт, хаалганы баруун булан, унтлагын өрөөний хойд хананы тааз хэсэгт ус алдсан ул мөр тогтоогдсон байна. Харин дулаан хангамжийн систем нь шалны радиотораар халаалт түгээдэг ба шууд үзлэг хийх боломжгүй юм. Дээд давхрын 41 тоот айлд хангагч байгууллагын шугам сүлжээний дуудлагын засварчин нь орж үзлэг хийж нэг хаалтыг хаахад ус алдсан байдал зогссон байна. Иймд эд хөрөнгөтэй холбоотой хоорондын маргааны сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх эсвэл шүүхэд гомдол гарган шийдвэрлэхийг” тус тус зөвлөсөн байна.

 8.3.“Д” дэлгүүрийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зарлагын баримтаар нийт 2,400,000 төгрөгөөр 5 төрлийн абажур худалдагдсан болох нь, “А жигүүр групп” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримтаар 480,000 төгрөгийн абажур худалдагдсан нь тогтоогдсон, мөн Б-Импекс ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэхээс үзэхэд Молшылых нь 599,000 төгрөгийн үнэтэй тоос сорогч худалдаж авсан нь нотлогджээ.

8.4.Гэрч Х.Е-ээс “.. М-ын хүсэлтийн дагуу Эрчим 48 орон сууцанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ба Молшылыхын тагтнаас ус гоожсоны улмаас шохойн ховхорч, толбо үлдсэн байдалтай байсан. Тухайн үед ус алдаж байсан үйл баримт харагдаагүй. А.А-ийн гэрт орж шалгалт хийхэд ус алдсан зүйл харагдаагүй. Тухайн үед тоос сорогч хараагүй, шатсан гэх зүйл харуулж, үзүүлээгүй  “ гэж, гэрч Б.Г-аас ... “Х.М-ын гомдлын дагуу улсын байцаагч Х.Е бид хоёр Х.М-ын айлд дээд айлаас ус алдсан эсэхийг тогтоохоор очсон. ... Тухайн үед ус алдсан зүйл байгаагүй. Гэхдээ ханыг харахад шохой нь  ховхорсон байдалтай байсан. ... эд зүйл шатсан тухай зүйл яриагүй. Бид нар эрүүл ахуйн улсын байцаагч учраас бид нарын ажилд хамааралгүй гэж” холбогдох албан тоотоор хариу өгсөн” гэж, гэрч М.Д “Х.М-ын өргөдлийн дагуу тухайн өдөр очиж гэрт шалгалт хийсэн. Яаг ус алдсан өдөр үзлэг хийгээгүй бөгөөд ус алдсан гэх өдөр нь 3-4 хоногийн өмнө байсан. Тухайн өдөр тухайн айлыг бүхэлдээ ус авсан, их хэмжээгээр ус алдсан, айлын шал, тааз гэмтсэн зүйл байгаагүй, хуурай байсан. Гэхдээ нүдний хараагаар унтлагын өрөөний хананы гол хэсэгт ус тогтсон байдалтай байсан. Мөн тухайн айлын коридорын зүүн талын буланд усны толботой байсан.  Мөн тагтанд ус алдсан байсан нь тодорхой харагдаж байсан. Өөрөөр хэлбэл ус алдаад шохой ховхорсон ул мөр харагдаад байсан. Гэхдээ их хэмжээгээр биш.  ... М-аас ширдэг, тоос сорогчийг харуулаад ус авсан гэж харуулаад байсан. Гэхдээ шатсан эсэхийг би мэдээгүй, тийм зүйл хэлээгүй. Абажур өлгөсөн хэсгээс ус алдсан зүйл надад тухайн үед харагдаагүй” гэж тус тус мэдүүлсэн байна.

9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч А.А-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

10.Нэхэмжлэгчээс гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амьдарч байгаа байрны өрөөнүүдийн дөрвөн тооны абажур, мөн тоос сорогч гэмтэж хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагч А.А-ээс гэм хорын хохирол гаргуулах боломжгүй байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.М-ын байрны тагтны хэсэгт ус гоожсон үйл баримт тогтоогдож байгаа боловч өрөөнүүдийн дөрвөн тооны абажур, мөн тоос сорогч ус гоожсон шалтгаанаар гэмтсэн эсэх талаар нотлох баримтгүй байна.

13.Иймд нэхэмжлэгч Х.М-ын хариуцагч А.А-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,979,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байх ба шүүхээс хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

15.Нэхэмжлэгч Х.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,614 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ын хариуцагч А.А-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,979,000 (нэг сая есөн зуун далан есөн мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,614 (дөчин зургаан мянган зургаан зуун арван дөрвөн) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             К.БҮЛДИРГЕН

                                                  ШҮҮГЧИД                              А.ЖАРХЫНГҮЛ

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК