Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 119/ШШ2024/0009

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, шүүгч Б.Болормаа, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн Д овогтой С

            Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ /А.Б/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т /цахимаар/,  иргэдийн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-д холбогдуулан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажилгүй байсан хугацааны цалин 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 07 сарыг дуустал нийт олговол зохих цалин 12663682 төгрөгнөөс 2-р сард дутуу олгосон 1147122 төгрөг хасч тооцоод 11516560 /арван нэгэн сая таван зуун арван зургаан мянга таван зуун жаран/ төгрөг 2023 оны ээлжийн амралтын мөнгө болох 2829935 /Хоёр сая найман зуун хорин есөн мянга, есөн зуун гучин таван/ төгрөг, Улаанбаатар хот албан ажлаар яваад ирсэн автобусны замын зардал 121600 төгрөг нийт 14468095 /Арван дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянган ерэн таван/ тегрөг олгуулахаар, мөн ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл 1793311,9 төгрөг төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Нэхэмжлэгч Д.С нь Хөвсгөл аймгийн ХТЗ-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалд томилогджээ.

Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэн төрийн албан тушаалд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/07 дугаар албан бичгийн дагуу  ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний Б/06  дугаар захирамжаар Д.С-ыг ХТЗ-ийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

3. Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/683 дугаартай албан бичгээр хариу өгч, нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Уг хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 126/ШШ2023/0183 дугаартай шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 126/ЕШ2023/0039 дугаар захирамжаар Д.С-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-д холбогдох захиргааны хэргийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Д.С миний бие 2016 оны 5 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Хатгал тосгоны Улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан. 2021 оны 05 дугаар сард ХТЗ-ийн ажлын албаны даргын ажлын байрны сул орон тоо гарсан бөгөөд тухайн үед уг албан тушаал нь ахлах түшмэлийн удирдах албан тушаалын ангилалд багтаж байсан бөгөөд сул орон тоо гарсан даруйд тухайн байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж хуульд заасан шаардлага хангасан албан хаагч байхгүй мөн Төрийн албаны тухай хуулийн 43.3.3-т заасан хамгийн ойр хамааралтай албан хаагч байхгүй байгаа бөгөөд тохиролцож, ажиллах албан хаагч олдоогүй, намайг хуулийн шаардлага хангаж байгаа тул түр орлон гүйцэтгэгчээр ажиллах талаар удаа дараа гуйж холбогдох албан тушаалтнаар гуйлгуулж байхад нь би зөвшөөрч манай байгууллагад албан тоот явуулж шилжүүлэн авч Захирагчийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллаж байх хугацаанд урьд албан хаагчийг ажлаас халсан маргаан шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэний дараа ажлын байрны захиалга өгч зарлуулах талаар удаа дараа хэлж байхад захирагч А.Б зарлуулж өгөөгүй өдий хүрсэн.

4.2. Гэтэл өөрийнх нь болон төрийн албан хаагчийн хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй ажиллаж ирсэний төлөө Байгаль хамгаалах мэргэжилтэн Ч.Б-тай үгсэн хуйвалдаж ажлаас гаргах арга хэмжээг янз бүрээр зохион байгуулан авч ирсэн бөгөөд байгууллагын албан хаагчдаас чөлөөлөх гарын үсэг цуглуулах арга хэмжээг зохион байгуулж байгаад хамгийн сүүлд Ковидын хуулийн хүрээнд гээд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр намайг байхгүй хойгуур чөлөөлсөн захирамж гаргасан байсан. Миний бие нэгэнт захирамж гарсан болохоор 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн.

4.3. Уг захирамжийг хууль бус гэж үзэн Төрийн албаны зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/683 дугаартай албан тоотоор хууль тогтоомж зөрчөөгүй байна гэсэн хариу өгснийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан тул уг албан тоотыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж байгаа болно.

4.4. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг шилжүүлэн ажиллуулж байгаа байгууллага хариуцахаар журамласан бөгөөд анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөс дордуулахгүй зохицуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн авчихаад Захиргааны ерөнхий хууль тогтоомж зөрчиж сонсох ажиллагааг хийхгүй, байхгүй хойгуур Ковидын хуулийн үйлчлэл дууссан нэрийдлээр шийдвэр гаргасанд гомдолтой байгаа болно” гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн ХТЗ-ийн ажлын албанд 2016 оны 5 сараас эхлээд Засгийн газрын агентлагийн даргын тушаалаар анх улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн дэс түшмэлийн албан тушаал дээр ажиллаж байсан. 2021 онд ХТЗ-ийн ажлын албаны даргын ажлын байрны сул орон тоо гараад тэр ажлын байран дээрээ байхад тухайн үед нь Захирагчийн ажлын албаны дарга “Ковид цар тахал бүх юм ингэчихсэн байна. Ажлын шаардлагад мерит зарчим бүх юман дээр надаас өөр хүн байхгүй байна ажиллаад өгөөч” гэж надаас удаа дараа гуйж, аймгийн Засаг дарга руу хэлүүлж байгаад энэ ажил, албан тушаалд шилжин ажиллахаар томилогдсон. Би урьд нь Тамгын газрын даргыг Төмөрбулаг суманд 4 жил хийж байсан. Бүх шаардлагыг нь хангаж байсан. Би яг томилогдох болвол Төрийн албаны тухай хуульд зааснаар хууль бус зүйлтэй эвлэрч ажиллахгүй, хуулийн дагуу ажиллах юм бол ажиллая гээд ажилласан. Ажиллаж эхэлж байх хугацаанд Төрийн албаны хууль тогтоомж зөрчсөн асуудал албан хаагчдаас гарч ирэхээр нь захирагч тэд нартай эвлэрч ажиллахыг шаардаж, тэр шаардлагатай нь эвлэрч чадахгүй гэхэд ажил, албан тушаалтнууд нь гарын үсэг цуглуулаад хууль бус томилгоотой гэсэн юмыг захирагч А.Б өөрөө Төрийн албаны зөвлөлд явуулсан. Ковидын хууль байгаа дээр энэ ажлын байран дээрээ шалгалт зарлуулчих, 2021, 2022 онд ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулаад өгөөч гэж А.Б даргад удаа дараа хэлсэн. Ганц ч бичиг Төрийн албаны зөвлөлд өгөөгүй. Би өөрийн биеэр Төрийн албаны зөвлөлийн аймгийн салбар зөвлөлд очиход захирагч нь бичиг явуулж зарлана. Таны хүсэлтийг авахгүй гэдэг. 2023 оны 1 дүгээр сарын 31-нд ажлаа хийгээд явж байсан. Би угаасаа тэнд ганц биеэрээ амьдарч байсан. Гэр бүл маань Төмөрбулаг суманд бас ажлаа хийгээд явж байсан. Төмөрбулаг сум руу шилжин ажиллая гэдэг хүсэлтээ гаргачихсан байсан. 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлаа хийгээд явж байх хойгуур тэндээс бичиг ирэх хооронд шууд чөлөөлсөн захирамж гаргачихсан байдаг. Улаанбаатар хотод ажлаар яваад ирэхэд манай бичээч таныг чөлөөлсөн захирамж чинь гарчихсан танд хэлээгүй юм уу гэсэн. Шууд ирээд 2 дугаар сарын 6-ны өдөр захирамжаа авъя гээд ажил хүлээлцэх комисстой уулзаад ажлаа өгөөд явсан. Төрийн албанд ажиллахад хуультай ажлаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, энэ хууль тогтоомжийг маш ноцтой зөрчиж өөрсөдтэй нь хууль бус шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байсны төлөө хүнийг бүр ямар ч үг хэлгүй чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа. Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 34/31 дугаартай хамтарсан тушаалаар төрийн захиргааны албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам хавсралтаар баталсан. Үүний 5.2-т төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг анх илгээсэн байгууллагаас дордуулахгүйгээр журамлаад өгчихсөн. ХТЗ-ийн ажлын албаны даргаас бушуухан зайлуулах сонирхолтой байсан. Оронд нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг нь хийгээд нийгмийн баталгааг нь дордуулахгүйгээр ажил, албан тушаалд шилжүүлэх боломжтой байсан. Захирамжийг нь аваад Төмөрбулаг сумын хурлын нарийн бичгийн даргын ажил дээр нь очиход төрийн албаны нөөцөд байхгүй гэсэн. Тангараг өргөчихсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг нөөцөд байхгүй зүгээр Ковидын хууль, Хөдөлмөрийн тухай хууль гээд хууль зүйн үндэслэлгүй чөлөөлчихсөн. Нөөцөд байхгүй болохоор зарласан ажлын байр дээр нь шалгалт өгөөд орох эрхгүй болчихож байгаа. Нэг үндсэндээ төрийн албаны ерөнхий шалгалт өгч байж ахиад тусгай шалгалтад орох болж байгаа юм. 2018 оноос 2023 оны 11 сар хүртэл цалингийн зээлтэй байсан. Ажил амьдрал өрнөнө. Төрийн албаны ерөнхий шалгалтад 5 сард ороод, тусгай шалгалтад орсон. 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 599 гэсэн магадлалаар хянаж тогтоогоод хариуцагч тал Улсын дээд шүүхэд хандаад эцсийн байдлаар хүчин төгөлдөр шийдвэр байна гэсэн байгаа. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч улсын бүртгэл дээр ингэж ажиллаад шилжин ажилласан нь тогтоогдож байна гээд тодорхой заачихсан. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан мерит зарчим хуульд заасан бүх шаардлагыг хангаж байгаа. Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах үндэслэлээс бусад үндэслэлээр халах, чөлөөлөхийг хориглочихсон. Надад сонсох ажиллагаа хийгээд хууль журмын дагуу нийгмийн баталгааг дордуулахааргүй ажил алба санал болгох ч гэдэг юм уу, шилжээд явъя гэдэг хүсэлтээ өгч байхад хүнийг хорлож байгаа юм шиг зүйл болсон. Амралтын мөнгө төгрөг ч авахгүй 7 сард шалгалтаа өгөөд ажлын байрандаа 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдсон. Нэг тийшээ шилжин ажиллах нөхцөл боломж надад байсан. Нэг бол тэр Тамгын газартаа ч гэдэг юм уу, өөр ажлын албан тушаалд ажиллаж байгаад шилжих боломж нөхцөл байсан. Миний нөхцөлийг хууль журмын дагуу бус дордуулсан. Иймд хууль бус шийдвэрийг тогтоож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Төрийн албаны зөвлөлөөс Д.С-ыг чөлөөл гэсэн үг үсэгтэй бичиг хавтаст хэрэгт байхгүй. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш гээд байна. Шилжин ажилласан гэдгийг шүүхийн шийдвэрээр тодорхой заагаад өгчихсөн. Хавтаст хэргийн материал дотор төрийн албаны бүх шаардлагыг хангаад тухайн үед нь ахлах түшмэл байсан. Тэр үед ахлах түшмэлийн мэргэшсэн сургалтад хамрагдсан байсан. Захирагчийн ажлын албанаас шаардлагад нийцсэн, санал болгоод ажиллуулах нэг ч албан хаагч байгаагүй. Ковидын үед тусгай шалгалт зарлахыг хуулиараа хориглосон байсан. Нийгмийн баталгааг дордуулахгүй байх нөхцөл байсан уу? Захирагчийн ажлын алба сонсох ажиллагаа хийгээгүй гээд хавтаст хэрэг дотор зохиомлоор нэг юм үйлдчихсэн байдаг юм. Тэрэн дээр нь гэрчийн мэдүүлэг хүртэл байгаа. Иймд хавтаст хэрэг доторх нотлох баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаа дууссантай холбогдуулан анх 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс гаргасан мэдэгдэл цахим орчинд тавигдаж эхэлсэн бөгөөд тухайн үеэс эхлүүлэн сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4, 27.4.5 заасан сонсох ажиллагааны төрлийг сонгон удаа дараа сонсох ажиллагааг Д.С-тай хийсэн. Тухайн захирамжийг албажуулдаг өдөр Д.С-тай ярилцаад төрийн албаны зөвлөлийн бичгийн дагуу өнөөдөр захирамжийг чинь гаргалаа хугацаа нь хэтэрсэн байна. Ямар нэг санал байгаа юу гэхэд гаргачих Мөрөнд явна орой очоод авъя гэсэн боловч чөлөө зөвшөөрөл, томилолтгүйгээр Улаанбаатар хот явсан байсан. Дараа долоо хоногийн даваа гаригт хаана явна ирж ажлаа хүлээлцэхгүй юмуу гэтэл Улаанбаатар хотод явна гэсэн Сонсох ажиллагааг дээрх заалтаас гадна байгууллагын хурал дээр танилцуулж байсан хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/07 дугаар хуулийн хэрэгжилт хангаж, хүний нөөцийн шийдвэр гаргаж ирүүлэх тухай хугацаатай албан бичгийн дагуу ковид-19 цар тахлын үед ерөнхий болон тусгай сонгон шалгаруулалтгүй томилсон албан тушаалтнуудыг чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай хугацаатай албан бичгийг ирүүлснийг Захирагчийн ажлын албаны дарга Д.С нь хүлээж авсан, мэдэж байгаа болно.

Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд 28.1.2-д зааснаар гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүй байхаар хуульчилсан байна. Мөн хуулийн 22 дугаар зүйлд Захиргааны байгууллага хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж хуульчилсан байна. 28.1.5-д зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол мөн адил сонсох ажиллагаа хийхгүй байхаар хуульчилсан. Иймд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан мэдэгдлийн дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн бөгөөд сонсох ажиллагааг хийх шаардлагагүй байсан хэдий ч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Д.С-тай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасан биечлэн уулзах, 27.4.4 заасан утсаар санал авах ажиллагааг тус тус хийсэн болно. Шаардлагатай гэж үзвэл хамт олноос гэрч оруулах хүсэлтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.С-ын тухайд Ковид-19 хуулийн хүрээнд шилжин ажилласан. Өөрөө сул орон тоо гараад ажлын бүх шаардлагыг хангаад шилжин ажилласан гэж байна. Тамгын газрын орон тооны ажил гарсан боловч тухайн үед Ковид цар тахлын хуулийн үйлчлэлийн хүрээнд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, түр томилох, гүйцэтгүүлэх хуулийн хүрээнд шилжин ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу гүйцэтгэх албан тушаалаас төрийн захиргааны, удирдах албан тушаалд шилжиж ажилласан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тангараг өргөсөн. 2016 онд төрийн албаны шалгалт өгөөд нөөцөд байгаа гэсэн баримт байдаг. Нөөцөд байх хугацаа болон тангаргийн хугацаа шинэ Төрийн албаны хуулиар аль аль нь хүчингүй байгаа. Тэгэхээр төрийн жинхэнэ албан хаагч биш. Төрийн жинхэнэ албан хаагч биш гэдгийг Төрийн албаны зөвлөлийн хавтаст хэрэгт байгаа 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1/2024 дугаар хариу дээр тодорхой байгаа. Д.С-ын тухайд төрийн жинхэнэ албан хаагч биш байна. Төрийн албаны тухай хуулийн сэлгэн шилжин ажиллах журмын 1.5 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах заалтыг зөрчсөн байна гэсэн. Өмнө нь эрхэлж байсан улсын бүртгэлийн албан тушаал бол гүйцэтгэх төрлийн, харин ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаал бол удирдах төрлийн албан тушаалд хамаарч байгаа учраас гүйцэтгэхээс өөрчлөгдөж байгаа нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэдгийг тогтоож өгсөн. Тухайн албан тушаалд шилжиж ажиллахын тулд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгсөн байхыг шаардаж байгаа. Тухайн үед энэ хүнийг Ковид 19 хуулийн хүрээнд томилж ажиллуулсан боловч 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой өмнөх томилгоонуудыг хуульд нийцүүлэхийг бүх шатны эрх бүхий албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөлөөс үүрэг болгосон. Энэ үүрэг болгосон шийдвэрүүдийг Д.С Тамгын газрын дарга байхдаа өөрөө гардаж авч шийдвэрийг хэрэгжүүлж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ХТЗ-ийн ажлын албаны хүрээнд хийсэн хуралд Д.С байсан. Энэ хурлаар цар тахлын хуулийн үйлчлэл дууссан, хуулийн үйлчлэлийн хүрээнд томилогдсон хууль бус томилгоог хуульд нийцүүлэхийг Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалтан, байгууллагуудад үүрэг болгосон талаар болон чөлөөлөх асуудлуудын талаар хэлэлцэж ярьсан байгаа. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл улс орон даяар цахимаар гарсан. Энэ мэдэгдэл гарахад Д.С захирагчийн ажлын албаны даргын ажлыг гардан гүйцэтгэж байсан хүн. Тэгэхээр өөрөө энийг мэдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэж ярьж байгаа асуудал үндэслэлгүй. Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдлийг хэрэгжүүлэх хүрээнд Ковид 19-ийн хүрээнд томилгоо хийсэн шийдвэрээ хүчингүй болгож 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлээч гэсэн албан үүрэг өгсөн. Төрийн албаны тухай хуулийг Төрийн албаны зөвлөл гүйцэтгэнэ. Түүний гаргасан шийдвэрүүдийг гүйцэтгэх үүрэг нь энэ дээр байдаг. Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл, Ковид 19 хуулийн хүрээнд томилогдсон албан хаагчдыг чөлөөлөх, сул орон тоон дээр сонгон шалгаруулалтаа нөхөн зарлах, төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмын хүрээнд төрийн албан тушаалтны түр, орлон гүйцэтгэгчийг томилох, хэрвээ сонгон шалгаруулалтаар томилогдсон албан тушаалтныг чөлөөлөөгүй бол томилсон албан тушаалтнаас Төрийн албаны тухай хуулийн 50-р зүйлд заасан хууль бусаар томилсон гэж үзэж хохирлыг гаргуулахаар заасан. Ийм 4 үндсэн шаардлага мэдэгдлийг хүргүүлж хугацаатай үүрэг өгсөн. Энэ үүргийнхээ хүрээнд хуралдаж 1 дүгээр сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөн. Шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэг дээр өөрийнх нь яриад байгаа автобусны билетийн мөнгө томилолтоор Улаанбаатар хотод Засгийн газрын хуралдаанд оролцох байсан гэдэг боловч энийг нотлох ямар ч үйл баримт байдаггүй. Автобусны билетийг харахаар 1 дүгээр сарын 31-ний оройны 20 цагт Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу хөдөлсөн байдаг. Энэ хүний ажлын цаг өглөө 9-өөс орой 6 цагийн хооронд байгаа. Тэгэхээр ажлын байран дээрээ энэ хүн байсан. Тухайн 31-ний өдрийн гарсан шийдвэрийг сонссон. Гэвч надад сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг асуудал гардаг. Сонсох ажиллагааны тухайд хуулиар олгогдсон заалтууд байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 43 дугаар хуралдааны тэмдэглэл ерөнхий болон тусгай шаардлага хангасан, тусгай шалгалт өгсөн сонгон шалгаруулалттай бол томилохыг үүрэг болгочихсон. Ийм шаардлагагүйгээр томилогдсон албан хаагчийг чөлөөлөхийг даалгасан зөвлөмжийг л хүргүүлсэн байгаа. Д.С-ын тухайд хуулийн үйлчлэлийн хүрээнд томилгоо дуусгавар болсон. Төрийн жинхэнэ албан хаагч бол биш. Давж заалдах шатны шүүх анхнаасаа томилогдоод Төрийн албаны тухай хуулийн 44.1-д төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаардаг ийм заалт байдаг. Энд хамаарч байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй юм байна. Энэ хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Цалин хөлсний асуудлыг тодруулах хэрэгтэй байна. Үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан эсэхийг тодруулж дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна гэдгээр шийдсэн. Анхан шатны шүүхэд гэм хорын талаар нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй, цалин хөлс, нийгмийн даатгал гэсэн асуудлуудыг тодорхой заагаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас нь үзэхэд ХТЗ-аас цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн байна. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой лавлагаа гаргаж өгсөн баримт дотор ХТЗ нийгмийн даатгалын шимтгэлийг нэг сар төлсөн байгаа юм байна. Цалин хөлс 996898 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл нь 479.255 төгрөг, 2023 оны 2 сард цалин 1.147.992 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 275.501 төгрөг гэсэн баримт байгаад байна. Ажилгүй байсан цалин хөлс, амралтын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гээд баахан төлбөрүүдийг гаргаж ирсэн байна. Энэ төлбөрүүдийг тооцож гаргаж ирсэн үндэслэл буюу нотлох баримт байхгүй байна. Энэ хүн одоо ээлжийн амралтаа авсан байхад цалин авсан бол цалингаа буцааж өг, мэдээж ажиллаж байсан хугацааныхаа саруудыг тулгаж үзээд тохирох цалин хөлсөө авах эрх нь нээлттэй байх гэж бодож байна. Улаанбаатар хот руу явсан 121.600 төгрөг буюу автобусны мөнгө нэхэмжилсэн. Халагдах чөлөөлөх тушаал гарсан 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод томилолт хийсэн баримт шаардахад тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангаагүй нэг баримт байдаг. Дураараа ажлаа хаяж явчихаад дараа нь ажлаар явсан, мөнгийг өгсөнгүй гэдэг асуудал яригдаж байна. Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар шийдвэр гаргаад хугацаатайгаар үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулахаар эрх бүхий байгууллага албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Тухайн томилох үеийн хуулийн үйлчлэл дуусгавар болж чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор гомдол гаргаж байгаа юм байна. Тухайн хүнийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай эсэх талаар давж заалдах шатны шүүхээс тодруулах гэж байгаа юм. Тухайн албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч буюу хамгийн ойр бүх шаардлагыг хангасан тусгай шалгалт өгсөн байж томилогдоно. Д.С-ын өгсөн гомдлыг шийдвэрлэх хүртэл сул орон тоог зарлахгүй байна гэсэн. Хөвсгөл аймгийн төрийн албаны зөвлөлөөс ХТЗ-д бичиг ирүүлчихсэн. Хатгал тосгоны 9000 гаруй иргэд нотариатын үйлчилгээ авч чадахгүй, сул орон тоогоо зарлаж чадахгүй явж байдаг. Тэгэхээр өөр ажил, албан тушаалд томилогдохдоо ерөнхий шалгалт өгсөн гэж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч биш учраас шалгалт өгч байж төрийн албанд орно. Захирагчийн ажлын албаны даргын албан тушаал гэдэг бол төрийн жинхэнэ албан тушаалтан буюу зэрэг дэв ангиллаараа тодорхой шаардлагыг хангасан байна гэж тайлбарлаад байгаа юм. Тэгэхээр энэ шаардлагыг хангахгүй байж хангасан гэж яриад байгаа. Нотлохгүйгээр амаараа ярьснаараа нотлогдохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 05 дугаар сарын 22-ны өдөр Удирдлагын академид сураад ахлах түшмэлийн сертификат авсан. Энэ бол чөлөөлөгдсөнөөс хойш суусан. Захирагчийн ажлын албаны дарга бол ахлах түшмэлийн шаталсан сургалтуудад суусан байхыг шаардаж байгаа. Тухайн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах асуудал байгаа. Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд сонгон шалгаруулж томилно гэж заасан. Энэ шаардлагууд хэрэгт орж ирээгүй нь хангалттай тогтоогдсон. Ковидын хуулийн 3.2 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, 65 дугаар зүйл, 66 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Иргэдийн төлөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Төрийн албанаас бол гүйцэтгэх албан тушаалаас төрийн жинхэнэ албан хаагч болсон. 2023 оны 01 сард цалин хөлс, нийгмийн даатгал төлөгдсөн зэрэг захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй, шүүхэд хэрэг шийдэх үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хуулийн 52.2-д заасны дагуу хуралд суулаа” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С-аас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-д холбогдуулан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн дээрх шаардлагаа дэмжсэн.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажилгүй байсан хугацааны цалин 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 07 сарыг дуустал нийт олговол зохих цалин 12663682 төгрөгнөөс 2-р сард дутуу олгосон 1147122 төгрөг хасч тооцоод 11516560 /арван нэгэн сая таван зуун арван зургаан мянга таван зуун жаран/ төгрөг 2023 оны ээлжийн амралтын мөнгө болох 2829935 /Хоёр сая найман зуун хорин есөн мянга, есөн зуун гучин таван/ төгрөг, Улаанбаатар хот албан ажлаар яваад ирсэн автобусны замын зардал 121600 төгрөг нийт 14468095 /Арван дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянган ерэн таван/ төгрөг олгуулахаар, мөн ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл 1793311,9 төгрөг төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлжээ.

            3. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            3.1. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/14 дугаартай захирамжаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 он 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/250 дугаар тушаал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтуудыг үндэслэн Д.С-ыг тус тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилж, албан тушаалын ТЗ-9-5 зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн. /Хавтаст хэргийн 26 дахь тал/

            3.2. Ийнхүү шийдвэр гаргахад Д.С нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны улсын бүртгэгчийн албан тушаалд ажиллаж байсан ба уг албан тушаалаас ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалд шилжүүлэн томилсон шийдвэрийг гаргасан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/250 дугаар тушаал, Д.С-ын хүсэлт, Хөвсгөл аймгийн ХТЗ-ийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/482, 1/484 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/502 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байна. /Хавтаст хэргийн 35-38, 45-46 дэх тал/

            3.3. Д.С-ыг уг албан тушаалд шилжүүлэн томилох шийдвэр гаргах үед Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...албан тушаатныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж зааснаар төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл үүссэн байжээ.

            3.4. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 44 дүгээр зүйлийн 44.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 35, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тус тус заасан.

            3.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэвэл Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихэд төрийн албаны тусгай шалгалт авахаар заасан бөгөөд мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдол сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шилжүүлэхээр зохицуулжээ.

3.6. Нэхэмжлэгч Д.С нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны улсын бүртгэгчийн албан тушаалд “Дэс түшмэл”-ийн гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан байх бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан тушаал нь “Ахлах түшмэл”-ийн ТЗ-9, удирдах албан тушаалын ангилалд хамаарч байсан болох нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03/12417 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн ХТЗ-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/476 тоот албан бичиг, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 131-136 дахь тал/

            3.7. Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 312 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлтоос өмнөх/ хоёр өөр албан тушаалын ангилалтайгаар авагдсан байх бөгөөд шүүхээс Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/14 дугаартай захирамж, тухайн үед Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн ажлын байрны тодорхойлолтод зааснаар албан тушаалын ангиллыг “ТЗ-9 буюу ахлах түшмэл” гэж тодорхойлсон болно. /Хавтаст хэргийн 118-120, 131-136 дахь тал/

            3.8. Иймд Д.С-ыг улсын бүртгэгчийн албан тушаалаас захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд шилжүүлэн томилоход төрийн албаны тусгай шалгалт авах шаардлага хууль, журмаар тавигдаж байх ба анх түүнийг шилжүүлэн томилохдоо Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас төрийн албаны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр төрийн албаны тусгай шалгалт авахгүйгээр шилжүүлэн томилгоо хийснийг буруутгах үндэслэлгүй.

            3.9. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохтой холбоотой Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаартай хуралдааны тэмдэглэл, мэдэгдэл гарч, уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулах, эрх бүхий албан тушаалтнууд гаргасан шийдвэрээ хүчингүй болгохыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 51-52, 20-21 дэх тал/

            3.10. Дээрх үндэслэлээр ХТЗ-ийн ажлын албаны даргаар томилогдсон Д.С нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэх үндэслэлээр тухайн албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл бүрдсэн байх бөгөөд ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-т заасан төрийн албанаас чөлөөлөх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, шууд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаар өмнө төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийгмийн баталгааг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж дүгнэлээ. /Хавтаст хэргийн 5-6 дахь тал/

            3.11. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэхгүй, дахин төрийн албанд ороход төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгч төрийн албанд томилогдох, өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах боломжгүй болох зэрэг үр дагвар үүсгэнэ. Ийм ч учраас Д.С нь төрийн албаны сонгон шалгаруулалтын үндсэн дээр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/11 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан байх бөгөөд энэ хүртэлх хугацаанд ажилгүй байсан болох нь тогтоогдсон. /Хавтаст хэргийн 217 дахь тал/

            3.12. Хөвсгөл аймгийн ХТЗ А.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй гэж үзэв.  

            3.13. Тодруулбал, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагааны хүрээнд өмнө төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсан албан хаагчийг шилжүүлэн авч уг албан тушаалд томилж ажиллуулж байсан учраас төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, нийгмийн баталгааг алдагдуулахгүйгээр өөр ажилд шилжүүлэх, шаардлага хангасан төрийн албаны сул орон тоонд шилжүүлэн томилох, өөрийнх нь хүсэлтээр өөр ажилд шилжих боломжийг судлах зэргээр төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй байжээ.

            3.14. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захирагчийн ажлын албаны хурал дээр Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд томилогдсон албан хаагчдын чөлөөлөх талаар мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийсэн гэж үзнэ” гэж тайлбарлаж байгаа бөгөөд үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж дүгнэх хангалттай үндэслэл биш байна. Учир нь Д.С-ыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захиргааны актад хамаарах бөгөөд тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд тухайн шийдвэрийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, түүний санал хүсэлтийг сонсох, сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулах зэрэг шат дараалсан ажиллагаануудыг цогцоор нь хэрэгжүүлэхийг шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан гэж үзнэ. /Хавтаст хэргийн 17-19 дэх тал/

3.15. Төрийн албаны тухай хуулийн 44.7, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 35, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг шилжүүлж, сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хариуцна. Тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг анх илгээсэн төрийн байгууллагад ажиллаж байсан нөхцөлөөс дордуулахгүй” гэж зааснаар тухайн төрийн албан хаагчийг шилжүүлэн авч ажиллуулсан ХТЗ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үүрэгтэй.

            3.16. Гэтэл    Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үндэслэлээр төрийн албаны тусгай шалгалт авах боломжгүй нөхцөл үүссэн үед төрийн жинхэнэ албан тушаалтныг шилжүүлэн авч, захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд томилон ажиллуулсан атлаа хуулийн үйлчлэл дуусгавар болсон гэдэг үндэслэлээр түүнийг төрийн албанаас нэг мөр чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус байна.

            3.17. Тухайн хуулийн үйлчлэлийн хүрээнд Д.С-ыг ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргах үндэслэл бүрдсэн ч түүнийг шууд төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, тодорхой албан тушаалаас чөлөөлөх, төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөх асуудал нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай зохицуулалт юм.  

            3.18. Ийнхүү Д.С-ыг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 61 дүгээр зүйлийн 61.1.1-т “Албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах”, 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгааг зөрчсөн шийдвэр болсон байна.

            3.19. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамж нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлага буюу захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргахад зайлшгүй баримтлах ёстой шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, мөн захиргааны актад тавигдах материаллаг эрх зүйн шаардлага болох захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй байх, тодорхой байх, хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх зэрэг шаардлагыг хангаагүй тул хууль бус захиргааны акт гэж үзэв.

            3.20. Дээрх хууль бус захиргааны актын улмаас төрийн жинхэнэ албан хаагч Д.С-ын төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгаа, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            3.21. Нэхэмжлэгч Д.С нь төрийн албан хаагчаар ажиллаж байсан хүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, амралтын мөнгийг гаргуулахаар маргасан бөгөөд ХТЗ-ийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаагүй, энэ талаар маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болно.

            3.22. Д.С нь 2023 оны 1 дүгээр сард “22 хоног” ажиллаж 1996899 төгрөгийн цалин, 2 дугаар сард ажилласан хоног “0 хоног” гэсэн боловч 1147922 төгрөгийн цалин бодогдсон байх ба ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар түүнийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 116-118 дахь тал/

2.23. Иймд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хууль бусаар төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс болж, цалин хөлс авах нийгмийн баталгаа алдагдсан гэж үзэж, дээрх хугацаанд ногдох цалинг нөхөн олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар нийгмийн даатгалын шимтгэл болон амралтын нөхөн олговрын тооцоог хууль, тогтоомжид заасан журмын дагуу хийх нь зүйтэй.

3.24. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажилгүй байсан хугацааны цалин 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 2023 оны 07 сарыг дуустал нийт олговол зохих цалин 12663682 төгрөгнөөс 2-р сард дутуу олгосон 1147122 төгрөг хасч тооцоод 11516560 /арван нэгэн сая таван зуун арван зургаан мянга таван зуун жаран/ төгрөг 2023 оны ээлжийн амралтын мөнгө болох 2829935 /Хоёр сая найман зуун хорин есөн мянга есөн зуун гучин таван/ төгрөг, Улаанбаатар хот албан ажлаар яваад ирсэн автобусны замын зардал 121600 төгрөг нийт 14468095 /Арван дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянган ерэн таван/ төгрөг олгуулахаар, мөн ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл 1793311,9 төгрөг төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн дүнгээр цалин хөлс, шимтгэлийг гаргуулах, мөн албан ажлаар явсан гэх замын зардлыг тооцож гаргуулах боломжгүй байна. Учир нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, амралтын нөхөн олговрын тооцоог хуульд заасан журмын дагуу хийж, бодож олгох нь ажил олгогч, тухайн байгууллагын нягтан бодогчийн үүрэг тул холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

3.25. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь захиргааны шийдвэр үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч дээрх хууль зүйн үндэслэлээр захиргааны акт хууль бус бөгөөд актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтуудыг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.С-ын ажилгүй байсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын нөхөн олговрын тооцоог хийхийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ, ажлын алба /Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч, нягтлан бодогч/-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХТЗ-аас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      П.УУГАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА

                                             ШҮҮГЧ                                     Д.САРАНГЭРЭЛ