Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/829

 

 

 

 

     2022          08            18                                        2022/ДШМ/829

 

Б.М-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-ад холбогдох эрүүгийн 2106000000990 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М-,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

Б.М- нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ****тоот хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.М-ыг “Жирэмсэн эхнэрийг минь зодлоо” гэх шалтгаанаар чулуугаар толгойд нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                   

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 393 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У- нь насанд хүрээгүй хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа нар хамтран гаргасан  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Булгамаа оролцож гаргасан тайлбартаа: “... Шүүх “... шүүгдэгч Б.М- нь санаатай үйлдлээр амь хохирогч руу гарын алганд багтах хэмжээтэй чулууг толгойн тус газар руу нь шидсэн бөгөөд уг чулуу хохирогчийн зүүн чамархай хэсэгт онож, тэрээр шууд гэмтэл авч газар унасан ба ямар нэгэн эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр гэрт нь нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй ...” гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, хэрэгт дор дурьдсан нотлох баримтууд авагдсан. Үүнд:

             1 дүгээр хавтаст хэргийн 47-51 дүгээр талд авагдсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний 840 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.2.Талийгаач И.М-ын цогцост зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн булчин, ясны хальс хуйхны дотор гадаргуу, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мөр, дал, шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост учирсан зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавал тархины гэмтлийг авсан даруйд зөв оношилж яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэж дүгнэсэн.

             1 дүгээр хавтаст хэргийн 59-62 дугаар талд авагдсан шинжээч Э.Баасанжавын мэдүүлэгт “...И.М-д яаралтайгаар богино хугацаанд гавал тархины битүү гэмтлийг оношилж мэс засал хийсэн тохиолдолд амь аврагдах боломжтой. И.М- нь тус гэмтлийг авсан даруйд нас бараагүй байна. Уг гэмтлийг авсны дараагаар зүүн чамархай яс цөмөрч хугарсны улмаас  цусан хураа үүсч эхэлнэ. Уг цусан хурааны хэмжээ нэмэгдэж тархийг дарах хүртэл эмнэлзүйн шинжүүд буюу дотор муухайрах, огиулж бөөлжих, нүд бүрэлзэх толгой эргэх зэрэг зовиурууд илрэх боловч тархи дарагдаж нас барах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байна...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр талд авагдсан насанд хүрээгүй гэрч О.У-ийн мэдүүлэгт “...цагдаа хашааны хаалгаар орж ирэхэд М- ах эхнэрийнхээ хамт манай гэрт орсон. Цагдаа нар орж ирээд эхлээд Э- эгчийн гэрт орчихоод дараа нь манай гэрт орж ирээд М- ах эхнэртэйгээ унтаж байсан тул уулзалгүй буцаж гараад Э- эгчийн гэрээс М- ахыг авч явсан. Цагдаа явсны дараа би гэртээ ороход ээж М- ахыг түргэн дуудаж үзүүлэх үү гэхэд “хэрэггүй би М- ахдаа гай болмооргүй байна. Хоол байна уу” гэж асуугаад унтаад, өглөө сэрсэн чинь М- ах нас барсан байсан тул цагдаа, түргэн дуудсан...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар талд авагдсан гэрч Ө.Пүрэвдоржийн мэдүүлэгт “... Тэгээд явах замдаа дуудлага өгсөн О- гэх эмэгтэйд цохиулсан гэх хүнээ эмнэлэгт дуудаж үзүүлээрэй гэж хэлэхэд дуудсан гэж хэлсэн...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 159-162 дугаар талд авагдсан гэрч О.Д-ны мэдүүлэгт “... талийгаач эхнэрийн хамт орон дээр хэвтэж байсан бөгөөд шингэн зүйлээр бөөлжиж байгаад буцаад хэвтсэн, бид нар түргэн дуудах уу гэсэн... И.М-, М- хоёр нэг айлын хүргэн учраас хоорондоо хэвийн харилцаатай...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дугаар талд авагдсан насанд хүрээгүй гэрч Э.Энхжингийн мэдүүлэгт “...О-, О- хоёр эмнэлэг дуудаж үзүүлье гэсэн чинь би зүгээр, ахдаа гай болмоогүй байна гэж хэлээд эмнэлэг дуудуулаагүй...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар талд авагдсан гэрч О.О-ийн мэдүүлэгт “...чулуу аваад холоос шидсэн. М- ахын шидсэн чулуу манай нөхрийн толгой хэсэгт оносон... шөнө түргэн дуудах гэхэд манай нөхөр М- ахад гай болохгүй, түргэн дуудаад хэрэггүй, маргаашнаас гайгүй болчихно, зүгээр миний хайр тайван бай гээд түргэн огт дуудуулахгүй байсан ... Би нөхрөө өргөж босгоод түргэн дуудах уу гэсэн чинь зүгээр, шөнө унаа тэрэг байхгүй, О-ийнд унтаад өглөө явъя гэж хэлсэн... цагдаа манай нөхрийн биеийг асуухад зүгээр гэж хэлсэн. Би түргэн дуудах уу, яаж байна гэхэд зүгээр байна, хүнд гай болохгүй гэж хэлээд хамт унтсан...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дугаар талд авагдсан гэрч О.О-ийн мэдүүлэгт “...М- ах зүгээрээ, хүнд гай болмооргүй байна гэхээр нь үзүүлээгүй...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр талд авагдсан гэрч О.О-ийн мэдүүлэгт “... тэгээд намайг дуудлага өгснөөс хойш удаагүй 2 цагдаа ирэхэд талийгаач өөрийгөө зүгээр гэж хэлээд манай гэрт орж ирээд орон дээр хэвтсэн. Араас цагдаа орж ирэхэд талийгаач өөрийгөө зүгээр, хоол байна уу гэж асуугаад ус уучихаад яах гэж цагдаа дуудсан юм бэ, хүнд гай болмооргүй байна гэсэн. Тэгэхээр нь би толгой чинь хавдсан байна, эмнэлэг дуудах уу гэсэн чинь зүгээр, унтлаа гээд эхнэрийнхээ хамт унтсан. Амь хохирогч И.М-, Б.М- хоёр нэг айлын хүргэн гэдэг утгаараа хоёр биедээ сайн харилцаатай байдаг. Бид нарын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй...” гэдэг.

             1 дүгээр хавтаст хэргийн 183-185 дугаар талд авагдсан гэрч О.Э-ийн мэдүүлэгт “...Талийгаач М-ыг 103 дуудаж үзүүлье гэхэд би зүгээрээ, хүргэн ах М-ад гай болмооргүй байна гэж хэлсэн...” гэдэг.

             Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь, эмнэлгийн тусламж авч чадаагүй шалтгаан нь шүүгдэгчтэй холбоогүй болох нь тогтоогддог. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 205-210 дугаар талд авагдсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “... талийгаачид учирсан гэмтлийг цаг алдалгүй зөв оношилж яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэж өмнөх дүгнэлтийг үгүйсгээгүй байдаг. Иймд дараах асуудлыг анхаарч өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр Б.М-ын шидсэн чулууны улмаас М.М-д учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа. Шинжээчийн 2 дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтлийг цаг алдалгүй зөв оношилж, яаралтай мэс засал хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан талаар дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тухайн үйл явдал болсон цаг хугацаанд М.М-, тэнд байсан гэрчүүд, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нар хэн аль нь М.М-д учирсан гэмтлийг цаг алдалгүй түргэн тусламж дуудаж арга хэмжээ авах үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч Б.М-ын тухайд цагдаагийн алба хаагч нар авч явсан учир хохирогчид тусламж үзүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан. Шүүгдэгч Б.М- болон хохирогч М.М- нарын хувийн харилцааны талаар дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. Шүүгдэгчийн санаа зорилгыг зөв тогтоох нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

          Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний дүүгийн амь насыг санаатай хөнөөсөн. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ял тохирсон. Маш их гомдолтой байна...” гэв.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон бөгөөд уг хууль 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалж байр сууриа илэрхийлж байна. Хүнийг алах сэдэлт Б.М-ад байгаагүй гэж байна. Хэргийн 161 дүгээр хуудас, гэрч О.Д-ны мэдүүлэгт “Б.М- талийгаачийн эхнэрт “Та хоёрын аль нэгийг алж байж эндээс гаргана” гээд хаалга түгжсэн...” гэж байгаа.  Энэ талаар О.Д-ны аав мэдүүлдэг. Эдгээр гэрч нарын мэдүүлэгт “Би эмэгтэй хүнийг хутгалдаггүй, шууд алчихдаг, тархийг чинь 2 хуваана шүү” гэж байгаа нь сэдэлт санаа зорилгыг харуулж байна. “Та хоёрыг битгий ирээсэй гэж бодож байсан чинь хүрээд ирдэг гай юм” гэж хэлээд гэр тойруулж гүйлгээд, хутга авч хурцлаад байсан талаар хавтаст хэргийн материалд байдаг. Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар тогтоолд бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл хийсэн үү, үгүй юу гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоосон байхыг, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 дугаар тогтоолд энэ үйлдлийн улмаас хүний амь хохирсон бол төгс үйлдэгдсэнд тооцно гэжээ. Б.М- нь гараараа цохиогүй, чулуу авч шидэж байгаа нь хүний амь насыг хохироох санаа, сэдэлт байсныг тодорхойлж байна. Өмнө нь 2, 3 удаа ял эдэлсэн, өдий насны хүн энэ зүйлийг мэдэхгүй байх боломжгүй. Б.М- нь хүний амь насыг хохироох үйлдэл хийсэн нь тогтоогдож байгаа учраас хүнийг эмнэлгийн тусламж авсан уу, үгүй юу гэдэгт үнэлэлт өгөх шаардлагагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон баримтыг няцаах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

             Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан хандлага, хохирол, хор уршигийг харьцуулан дүгнэх учиртай. Шүүгдэгч Б.М- нь чулуугаар уг гэмтлийг үүсгэсэн, хохирогч гэмтэл аваад удалгүй нас барсан зэргийг шалтгаант холбоогоор холбож дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзлээ.

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ****тоот хашаанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.М-ыг “Жирэмсэн эхнэрийг минь зодлоо” гэх шалтгаанаар чулуу шидэж гавал тархины хүнд гэмтэл учруулан алсан болох нь:

насанд хүрээгүй гэрч О.У-ийн “... М- ахын гэрт хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэж архи ууцгаасан... Э- эгч М- ахтай маргалдаад ... Мөнхжингийн аавыг бид хоёр дуудаж сэрээгээд хамт очсон. Э- эгч “М- намайг зодоод байна” гэсэн. М- ах “Чи миний жирэмсэн эхнэрийг зоддог хэн бэ” гээд зодолдсон. Хажууд Э-, О- нар зодолдоод байхаар нь аав О.Д-ныг дуудсан. Аав гарч ирээд М-, М- нарыг салгахад Мөнбат ах чулуу авч шидэхэд М- ахын толгой хэсэгт онож, дээшээ хараад газар унасан. Толгойноос нь бага зэргийн цус гарсан. О- эгч нөхрөө сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Манай аав, М- ах хоёр өргөөд Э- эгчийн гэрт оруулаад газар хэвтүүлсэн... ээж түргэн дуудах уу гэхэд М- ах “... хэрэггүй, би М- ахад гай болмооргүй байна, хоол байна уу...” гэж асуугаад унтаад, өглөө нас барсан байсан...” /1-р хх 151/,

гэрч О.Д-ны “... архи ууж байхдаа О.О- нь Б.М-ыг хутгалсан асуудлыг ярьж “Ах нь эмэгтэй хүнд хутгалуулж үзээгүй” гээд тэр хоёр маргалдаад М- шүүгээнээс хутга авахаар нь булааж аваад гэртээ харьж амрахаар явсан. Гэртээ унтаж байтал охин У- тэд нарыг зодолдож байгаа тухай хэлсэн... М-, М- хоёр зодолдож байсан. Б.М- М- руу чулуу шидээд толгойд онож газар унасан. Гэрт талийгаач, эхнэрийн хамт орон дээр хэвтэж байхдаа бөөлжиж байсан. Бид нар “Түргэн дуудах уу” гэхэд “зүгээр” гэсэн...” /1-р хх 160/,

гэрч Х.О-ийн “... Э- “Би жирэмсэн шүү дээ, намайг аллаа” гээд орилоод байсан. Тэр үед гэрт унтаж байсан М- ах гарч ирээд М-ыг “Чи жирэмсэн эхнэрийг маань яагаад зодоод байгаа юм” гээд чулуу аваад шидсэн. Ахын шидсэн чулуу манай нөхрийн толгойнд оносон...” /хх 167/,

“... бид нар архи уугаад сууж байхад М- ах “Эхнэрийн чинь толойг хоёр хуваана, та хоёрын нэгийг алж байж энэ гэрээс гаргана, алж байж санаа амарна” ... гэсэн гэнэт заазуур барьж босч ирээд “Миний толгойг хоёр хуваана, хоншоортой юм бол эхнэрийнхээ өмнөөс амиа өгөх үү” гэхэд талийгаач “Та юу яриад байгаа юм бэ” гэхэд О-, Д-н хоёр салгаж, заазуурыг нь авсан чинь “Эр хүн юм бол хоёулаа зодолдоё” гэж нөхрийг заамдаж, толгой тархи руу нь цохисон. Д-н, О- нар салгаад асуудал жаахан намжсаны дараа М- ах унтаж байсан. Би Э- эгчид нөхөр нь ална гэсэнд гомдолж бид хоёр маргалдсан. М- ах босч ирээд “Энэ хоёр юу гээд байгаа юм, алсан байхад хэн амийг нь нэхэх юм” гээд нөхрийг нүүрэнд нь цохиод байсан... бид хоёр гарах гэхэд хаалга цоожтой байхаар нь У-т “Ээжийгээ дуудаарай, бид хоёрыг зодоод байна” гэж хашгирч хэлсэн. О- эгч орж ирээд бид нарыг салгаад байж байтал Э- эгч намайг дахин үсдэхэд, нөхөр өмөөрөхөд М- ах “Чи муу банди минь юу гээд байгаа юм ална шүү, би чамайг алж байж гаргана, та нарын амийг авна” гээд дэгээдэж унагаад нүүрэнд цохиж байхад О-, Д-н нар салгасан. М- ах араас “Та хоёрын аль нэгийг алж байж энэ хашаанаас гаргана” гэж хэлээд гарын алганаас том чулуу аваад шидэхэд нөхрийн толгойн зүүн хэсэгт оносон...” /1-р хх 170/,

гэрч О.О-ийн “... унтаж байхад том охин У- “Э- эгчийг М- ах зодоод байна” гэхээр нь гараад очиход М- “Жирэмсэн эхнэрийг маань зодлоо” гээд М-тай маргалдаж байсан. М- ах газраас том чулуу аваад М- ах руу шидэхэд шанаа хэсэгт нь оноод, толгойгоо бариад газар суусан...” /1-р хх 178/,

гэрч О.Э-ийн “... М- “Жирэмсэн эхнэрийг маань яагаад зодож байгаа юм” гээд газраас чулуу аваад шидэхэд М-ын толгойн дагз хэсэгт цохих шиг болсон...” /1-р хх 185/,

шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...М- бид хоёр харилцан зодолдож газар унахад Д-н, О- хоёр салгасан. Дараа нь би гэрийн үүднээс чулуу шидэж толгойг оноход “ёо ёо” гээд толгойгоо бариад газар хэвтсэн. Талийгаачийн шанаа орчим зүсэгдсэн байсан... өмнө нь бид нар архи ууж байхад О- намайг хутгалж байсан болохоор “Ингэж болохгүй шүү” гэдгийг анхааруулахад уучлалт гуйсан...” /1-р хх 207/ гэсэн мэдүүлгүүд,

амь хохирогч И.М-ын биед зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн булчин, ясны хальс хуйхны дотор гадаргуу, баруун бугуйн үе, сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд шарх, баруун зовхи, хацар, чих, хүзүү, шуу, өвдөг, зүүн шанаа, чих, мөр, дал, шуу, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдан төвийн гаралтай, амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 840 тоот дүгнэлт /1-р хх 47-51/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 146 тоот дүгнэлт /2-р хх 205-210/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 5-12/, гэрэл зургууд /1-р хх 13-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 18-22/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг бөгөөд тухайн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байдаг онцлогтой. Объектив талын заавал байх шинжид хүний амин чухал эрхтэнд шууд халдсан гэмт үйлдэл нь хохирогчийн үхлийн шалтгаантай шууд холбоотой байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд энэ шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн үйлдлийн нийгэмд аюултай, хууль бус шинжийг урьдаас ухамсарлан ойлгож, хүний амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн байх хууль зүйн шалгууртай.  

Шүүгдэгч Б.М- нь өмнөх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчтой маргалдаж “Жирэмсэн эхнэр зодлоо” гэх шалтгаанаар амин чухал эрхтэн болох толгой руу чулуугаар шидэж “... чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн эвдрэл, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулайн оройн аалзан хальсан доорх цус харвалт...” бүхий гэмтэл учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байх тул энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ад 9 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нар шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргээр зүйлчлэхийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт санаа зорилгын хувьд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай, хууль бус шинжийг урьдаас мэдсээр байж, хүний амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бол хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь хохирогчид хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатай хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдаж болохыг урьдчилан тооцоолоогүй, хохирогчийн үхлийг хүсээгүй байдгаараа ялгаатай болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад тодорхой хуульчлагджээ.

Түүнчлэн хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход дээр тайлбарласнаар гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан хандлага буюу гэмт санаа зорилгоос гадна хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл учирсан гэмтлээс шалтгаантай бусад хүндрэлээр нас барсан зэрэг хэргийн нөхцөл байдал чухал ач холбогдолтой.

Гэрч Х.О-ийн “... М- ах “Эхнэрийн чинь толойг хоёр хуваана, та хоёрын нэгийг алж байж энэ гэрээс гаргана, алж байж санаа амарна” гэж хэлсэн ... гэнэт заазуур барьж босч ирээд “Миний толгойг хоёр хуваана, хоншоортой юм бол эхнэрийнхээ өмнөөс амиа өгөх үү” гэхээр нь О-, Д-н хоёр салгаж, заазуурыг нь авсан... Би Э- эгчид нөхөр нь ална гэсэнд гомдолж бид хоёр маргалдсан. М- ах босч ирээд “Энэ хоёр юу гээд байгаа юм, алсан байхад хэн амийг нь нэхэх юм” гээд нөхрийг нүүрэнд нь цохиод байсан... М- ах “Чи муу банди минь юу гээд байгаа юм ална шүү, би чамайг алж байж гаргана, та нарын амийг авна” гээд дэгээдэж унагаад нүүрэнд цохиж байхад О-, Д-н нар салгасан. М- ах араас “Та хоёрын аль нэгийг алж байж энэ хашаанаас гаргана” гэж хэлээд гарын алганаас том чулуу аваад шидэхэд нөхрийн маань толгойн зүүн хэсэгт оносон...” /1-р хх 170/, гэрч О.Д-ны “... Б.М-, О.О-т хандаж “Намайг эмэгтэй хүн хутгалдаггүй шүү, тархийг чинь хоёр хуваана” гэж хэлээд шүүгээнээс хутга авахаар нь булааж авсан ...” /1-р хх 160/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.М- нь хүнийг алах гэсэн гэмт санаа зорилгоо урьдаас илэрхийлж байсан болох нь нотлогдож байна. Мөн түүний хохирогч руу чиглүүлж шидсэн чулуу толгойн тус газарт нь онож, уг гэмтлээр хохирогч нас барсан байх тул цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврах боломжтой байсан нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүгдэгч Б.М-ын хүнийг алах гэсэн гэмт санаа зорилго хийгээд, гэм буруутай үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар хэргийг зүйлчлэхийг хүссэн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.М-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/814 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР       

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН