| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/06105/И |
| Дугаар | 151/ШШ2024/00639 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00639
2024 07 04 151/ШШ2024/00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Гт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 110.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2014 оны 01 дүгээр сард эхнэр Б.Гтайгаа оюутан байхдаа танилцаад 2015 оноос хойш хуримлан хамт амьдарч байсан юм. Бид хоёрыг хамт амьдарч байхад түүний төрсөн ах болох Б.Г манайхаар нэг хоёр удаа ирснээр би түүнийг зүс таних болсон. 2016 оны 10 сард би компьютерын шинжлэх ухааны мастер хамгаалахаар АНУ-руу ганцаараа явж, дараа нь эхнэр 2017 оны 03 сард ирж бид хоёр АНУ-д хамт амьдарч би ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Би сургуулиа төгсөөд 2017 оны 8 сараас АНУ-н “Амазон” ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх инженерийн ажилд орж дараа нь 2010 оны 06 сараас тэр ажлаасаа гараад өөр ажил буюу “Google” ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх ажилд орсон.
Би цалингаараа өмнө байсан оюутны өрөө дуусгаад дараа нь эхнэртэйгээ “Монголд байр авья” гэж яриад байрны мөнгө цуглуулахаар шийдвэрлэж 2019-2021 оны 03 сар гэхэд гуч гаран мянган доллар цуглуулсан байсан. Энэ цуглуулсан мөнгийг эхнэртээ бүгдийг хэлдэг байсан. Нэг удаа эхнэр надад “3 хувийн зээл Монголд гарч байгаа гэсэн. Тэгээд ах Билгүүн нь 300.000.000 төгрөгийн зээл гаргуулахын тулд Монголд 100.000.000 төгрөгтэй дүйцэхүйц байртай байх шаардлагатай юм байна. Энэ зээлийг гаргуулчих юм бол дор нь мөнгийг чинь шууд буцаагаад өгчихнө гэж байна гээд намайг энэ мөнгөө өгчхөөч ээ” гэж хэлсэн.
Тэгээд би эргэлзээд “яах юм бэ хэрэггүй” гээд хэлтэл манай эхнэр ах Б.Гт нэг л удаа тусалъя гэсэн, мөн Б.Г над руу утсаар яриад мөнгө зээлчих, найдвартай би буцааж өгнө гэсэн 7 хоногийн дараа, үсрээд нэг сарын дараа өгнө гэсэн тул итгээд би 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25.000 доллар, 2021 оны 04 сарын 15-ны өдөр 6.500 доллар нийт 31.500 долларыг Б.Гын Худалдаа хөгжлийн банк дахь 152644351 тоот данс руу АНУ-аас шилжүүлсэн.
Б.Г надаас мөнгө зээлэхдээ 2-3 удаа утсаар яриад “би 300.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, энэ зээлийг бүтээгээд мөнгийг чинь гаргаад өгнө” гэсэн тул итгээд хурааж хуримтлуулсан байрны мөнгөө шилжүүлсэн.
Энэ хугацаанаас хойш сарын дараа нөгөө мөнгөө асуухад “болоод л байх шиг байна, утас нь холбогдохгүй байна” гэж эхнэр хэлсэн. Тэгэхээр нь би итгээд хүлээж байгаад эхнэрээсээ 6 сард нэг удаа асуусан. Тухайн үед өгсөн хариу нь “нөгөө ах чинь таг болчихлоо, утас нь ядаж холбогдохгүй байна” гэж эхнэр хэлсэн.
Дахиад сарын дараа дахиад эхнэрээсээ асуусан чинь “Билгүүнээ малын өвс тэжээл тарьсан гэнээ гэсэн. Тэгэхэд нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, хэлсэн ярьсандаа байхгүй гэсэн чинь харин тийм ээ” яах вэ гэж хэлсэн. Эхнэр намайг хурааж байсан орон сууц худалдан авах мөнгийг өрийн төрсөн ах Б.Гт зээлчих гэж хэлж байсан тул би итгээд өгсөн байсан ба эхнэр ахтайгаа холбогдоод мөнгө төгрөг нэхэх талаар ярьдаг байсан тул би эхнэрээсээ асуудаг байсан.
Сүүлд би мөнгөө нэхэж Б.Гын утас руу залгаж асуухад “Чи юу гээд байгаа юм бэ, чамайг Монголд ирвэл онгоцны буудал дээр чинь хүнээр алуулна” гэж заналхийлсэн.
Үүний дараа Гтай ямар ч холбоогүй миний утсыг авахгүй удаж байгаа тул арга буюу шүүхэд хандлаа.
Энэ асуудлаас болж эхнэртэйгээ таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа юм. Гаас 110.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч Б.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх иргэн Гтай харилцан тохиролцсон байр худалдаж авахаар ярьсан. Улмаар байр захиалсан. Захиалга авсан ХХК-ийн барилгын ажил удааширсан” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Г миний бие Б.Гын нэхэмжлэлтэй Б.Гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 110.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэмэлт хариу тайлбарыг гаргаж байна.
Б.Г нь миний төрсөн дүү Б.Гтай 2015 онд гэр бүл болж, 2017 онд Америкийн нэгдсэн улсад суралцаж, ажиллаж амьдрахаар явсан. Миний бие Монгол улсад ажиллаж амьдарч байсан ба 2021 онд хямдхан байр авах санал орж ирсэн тул өөрт байсан мөнгө хүрэхгүй байсан тул өөрийн төрсөн дүү Б.Гтай холбогдож мөнгө зээлээч гэж гуйсан.
Тухайн үед Б.Г нь цуглуулсан багахан хэмжээний мөнгө байгаа бид бас байр авах санаатай цуглуулж байгаа таны байр яг бүтэх юм уу, найдвартай юм уу гэх зэргээр асууж байсан ба Б.Гын зүгээс байр нь бүтэх талаар ярилцаж байсан.
Ингээд Б.Г нь өөрийн төрсөн дүү Б.Гаас тухайн үед 31.000 ам.долларыг зээлж авахаар болж миний худалдаа хөгжлийн банкны 452644351 дугaap санд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25.000 ам доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6 500 ам.доллар нийт 31.000 ам доллар зээлж авсан.
Тухайн Б.Гын дансанд орж ирсэн 31.000 ам долларыг Б.Гаас шилжүүлсэн гэж үзэн, мөнгийг буцаан Б.Гд буцаан төлөхөөр тохиролцож байсан.
Дээрх зээлийн хэлцлийн талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр ч бас Б.Гаас Б.Г нь ямар нэгэн байдлаар мөнгө зээлэхээр талаар харилцаж байгаагүй, зөвхөн Б.Гаас мөнгө зээлэх талаар ярилцаж байсан талаар дурдсан байдаг.
Хариуцагчийн зүгээс Б.Гаас 31.000 ам долларын зээл авах хэлцэл, гэрээ хийгээгүй нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 110.250.000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Гын нэхэмжлэлийн шаардлага 110.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0563 дугаар итгэмжлэл (хх-4), Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5), Б.Гаас Б.Гт 25.000 ам доллар, 6.500 ам доллар шилжүүлсэн баримт (хх-6-7), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-23), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-24), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-49), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-55), Б.Гын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-70), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-77), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчаас Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-48), Б.Гын шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-54), 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0201 дүгээр итгэмжлэл (хх-74), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-85-86), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6.-Шүүхээс Г дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1004 дугаар албан бичиг (хх-21), Г дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 4-2/333 дугаар албан бичиг (хх-27), Төв аймгийн цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 47/04-1662 дугаар албан бичиг (хх-47), Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6/6100 дугаар албан бичиг, хавсралт (хх-61-62), зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Шүүх Б.Гын нэхэмжилсэн 110.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 89.767.755 төгрөгийг хангаж, үлдэх 20.482.245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
“...Нэг удаа эхнэр надад ах Б.Гт 100.000.000 төгрөгийг зээлж тусалъя гэсэн. Тэгээд би 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25.000 доллар, 2021 оны 04 сарын 15-ны өдөр 6.500 доллар нийт 31.500 долларыг Б.Гын Худалдаа хөгжлийн банк дахь 152644351 тоот данс руу Америкийн Нэгдсэн Улсаас шилжүүлсэн...”
“...Үүний дараа Г ямар ч холбоогүй миний утсыг авахгүй удаж байгаа тул арга буюу шүүхэд хандлаа. Гаас 110.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү”...” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
“...Б.Г нь өөрийн төрсөн дүү Б.Гаас тухайн үед 31.000 ам.долларыг зээлж авахаар болж худалдаа хөгжлийн банкны 452644351 дугaap санд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25.000 ам доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6 500 ам.доллар нийт 31.000 ам доллар авсан нь үнэн...”
“...Тухайн Б.Гын дансанд орж ирсэн 31.000 ам долларыг Б.Гаас шилжүүлсэн гэж үзэн, мөнгийг буцаан Б.Гд буцаан төлөхөөр тохиролцож байсан...”
“...Хариуцагчийн зүгээс Б.Гаас 31.000 ам долларын зээл авах хэлцэл, гэрээ хийгээгүй нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 110.250.000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Гын нэхэмжлэлийн шаардлага 110.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0563 дугаар итгэмжлэл (хх-4), Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-5), Б.Гаас Б.Гт 25.000 ам доллар, 6.500 ам доллар шилжүүлсэн баримт (хх-6-7), Г дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1004 дугаар албан бичиг (хх-21), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-23), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-24), Г дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 4-2/333 дугаар албан бичиг (хх-27), Төв аймгийн цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 47/04-1662 дугаар албан бичиг (хх-47), Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-48), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-49), Б.Гын шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-54), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-55), Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6/6100 дугаар албан бичиг, хавсралт (хх-61-62), Б.Гын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-70), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-77), 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0201 дүгээр итгэмжлэл (хх-79), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-85-86), зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл явдал тогтоогдож байна.
5. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.
6.-Нэхэмжлэгч Б.Г нь Б.Гын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк 452644351 тоот дансанд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25.000 ам доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.500 ам доллар шилжүүлсэн бөгөөд нийт 31.500 ам долларыг хүлээж авсан, өгсөнд талууд маргаагүй болно. /хх-62 хуудас/,
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нийт 31.500 ам доллараа шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханш болон мөн 2021 оноос хойш тухайн мөнгөө банканд хадгалуулсан бол энэ мөнгөн дүн өсөх байсан зэргийг тооцож 1 ам долларыг 3.500 төгрөгөөр тооцож нийт 110.250.000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
8. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т ... эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хууль заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр... гэрээ байгуулагдсанд тооцно.
Гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.
9. Хэдийгээр нэхэмжлэгч тал зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж хариуцагч мөнгө зээлээгүй гэж маргаж байгаа боловч 31.500 ам долларыг өгсөн, авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй боловч гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.
10. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар гэрээ байгуулсанд тооцох ч хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан объектив /талуудын бодит хүсэл зоригт нийцсэн, хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан зэрэг/ шинжийг шалган үздэг. Гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Учир нь гэрээг анхнаасаа байгуулаагүй гэж үздэг.
11. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар ... Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй...” гэж заасны дагуу хариуцагч Б.Гыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, мөн нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна.
13. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ.
14.-Иймд нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлага 31.500 ам долларыг тухайн долларыг шилжүүлсэн өдрийн ханш болох 1 долларыг 2.849.77 төгрөгөөр тооцоход 89.767.755 төгрөг болж байна. Хариуцагч Б.Гаас 89.767.755 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.482.245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 606.789 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.-Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Гаас 89.767.755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.482.245 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 606.789 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ