Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/03320

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11 181/ШШ2024/03320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: С овогт Д.Б /РД:ИА72030524/-ийн хүсэлттэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Б ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д овогтой Б миний бие 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын харъяа Эмээлт өртөөн дэх Янзага хүүхдийн цэцэрлэгт багшаар орж ажиллан ажлын гараагаа эхэлсэн. Анхнаасаа хөдөлмөрийн дэвтэр огт нээгээгүй, шууд 1995 оны 01 дүгээр сараас нийгмийн даатгалын дэвтэр нээж өгсөн байдаг.

Тиймээс 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын хооронд нийт 11 сарын ажилласан хугацаа нь ажилласан хугацаанд ороогүйн улмаас тэтгэвэр тогтоолгоход хугацаа дутаж байна.

Тухайн байгууллагаас надад огт хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй, ажилд орсон тушаал зэрэг баримт архивт хадгалагдаагүй байна. Би 4 хүүхэд төрүүлсэн, 50 насандаа тэтгэвэрт гарах хуулийн үндэслэл бүрдэж, тэтгэврээ тогтоолгохоор хүсэлт өгөх үед 2, 3 жил дутаж байна гээд сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч дахин дутуу сар гарч ирснийг тодруулан эхнээс бүх архивын материалыг бүрдүүлж үзэхэд анх ажилд орсон тус Улаанбаатар төмөр замын Янзага цэцэрлэгт ажилласан 11 сар огт ороогүйг шалгаж, цалингийн тодорхойлолт, хамт ажиллаж байсан тогооч Б.Б, сахиул Ц.Д нарын гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын хооронд Улаанбаатар төмөр замын Янзага цэцэрлэгт багшаар ажилласан 11 сар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

 

 

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт, Д.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааны авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Янзага цэцэрлэгийн цалингийн тооцооны карт, Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын даргын 1996 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б-18 тоот, 1995 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-58 тоот Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Д.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлсон нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа, Б.Э, Б.Д, Э.А, Э.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Б-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Д-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Б.Б, Ц.Д нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримтуудыг, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архиваас Янзага цэцэрлэгийн багш Д.Бгийн 1994 оны цалингийн картыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын харъяа Эмээлт өртөөн дэх Янзага хүүхдийн цэцэрлэгт багшаар орж, тасралтгүй 3 жил 6 сарын хугацаанд ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр нээгээгүйн улмаас 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.

 

4. Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хүсэлт гаргагч Д.Б нь 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын харъяа Эмээлт өртөөн дэх Янзага хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болох нь Янзага цэцэрлэгийн багш Д.Бгийн цалингийн тооцооны карт, гэрч Б.Б-ийн ...Би 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр УБТЗ-ын хүүхдийн байгууллагын секторын харъяа Эмээлтийн цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчаар ажилд орсон...Д.Б нь манай байгууллагад 1994 оны 02 дугаар сард багшаар ажилд ороод 1997 онд ажлаас гарсан. Д.Б хэл амгүй, хэрэг зөрчилгүй ажилладаг байсан. Гэх мэдүүлэг, гэрч Ц.Д-ийн ...Би 1991 оны 6 дугаар сарын 15-ны өдөр УБТЗ-ын хүүхдийн байгууллагын секторын харъяа Эмээлт өртөөний Янзага цэцэрлэгт сахиулаар ажилд орсон. Тухайн үед манаачийн ажлыг сахиул гэдэг байсан. Би 1995 оны 6 дугаар сард цомхотголд ороод ажлаас гарч байсан. Д.Б нь манай байгууллагад 1994 оны 02 дугаар сард цэцэрлэгийн том ангийн багшаар ажиллаж байсан. Намайг ажлаас гарах хүртэл хугацаанд хамт ажилласан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэрч Б.Б, Ц.Д нарын хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт хүсэлт гаргагч Д.Б болон гэрчүүдийн ажиллаж байсан гэх цаг хугацаатай тохирч байх тул гэрчүүдэд хууль сануулж авсан мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Д.Бг 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын харъяа Янзага цэцэрлэгт багшаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч С овогт Д.Б /РД:......../-г 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын хүүхдийн байгууллагын секторын харъяа Янзага цэцэрлэгт багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ