| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03710/И |
| Дугаар | 181/ШШ2024/03321 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/03321
2024 09 11 181/ШШ2024/03321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц овогт Б.Д /РД:............./-ийн хүсэлттэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Д ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Д миний бие 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт оройн хүмүүжүүлэгч багшаар ажилласан билээ. Тус цэцэрлэг маань Нийслэлийн Засаг даргын А-192 тоот захирамжаар татан буугдаж, хүүхдийн Итгэл төвийн салбар болсон. Иймээс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн орон тоо, зохион байгуулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үеийн тушаалын хуулбарыг улсын болон нийслэл, дүүргийн архивт шүүлгэн үзэхэд 13 дугаар цэцэрлэгийн баримт архивт огт хадгалагдаагүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бичигдсэн боловч дэвтрээ үрэгдүүлсэн учир надад өөр өгөх ямар ч бичиг баримт байхгүй. Энд, тэнд шүүлгэж үзэхэд баримт гарч ирэхгүй байна.
Иймд намайг 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 466 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 804 дүгээр тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Ж.Э-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, О.Оюуны тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А-192 тоот Хүүхдийн Итгэл төвийн салбар байгуулах тухай захирамжийн хуулбар, А.Д-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Н.Э, Д.О нараас гэрчийн мэдүүлэг авч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримтуудыг, Нийслэлийн Архивын газраас Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А-192 тоот Хүүхдийн Итгэл төвийн салбар байгуулах тухай захирамжийн хуулбарыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хүсэлтээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Б.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт багшаар ажилласан боловч тухайн үеийн баримтууд архивт хадгалагдаагүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж тодорхойлов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилжээ.
4. Хүсэлт гаргагч Б.Д нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
5. Хүсэлт гаргагч Б.Д нь 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт багшаар, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн Итгэл төвийн салбарт багшаар ажиллаж байсан болох нь Төрснийг бүртгэх анкет /ХААТР-11/-д бичигдсэн 13 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг гэх бичилт, гэрч Д.О-ы ...Би 1984 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар цэцэрлэгт багшаар ажилд орсон...1993 оны 8 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Б.Д 1989 оны 12 дугаар сард туслах багшаар ажилд орсон. Намайг ажлаас гарах хүртэлх хугацаанд бид хамт ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Н.Э-ийн ...Би 1990 оны 10 дугаар сард ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан...Манай байгууллага татан буугдаад 1995 онд бүгдээрээ ажлаас гарсан... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэрч Д.О, Н.Э нарын хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт хүсэлт гаргагч Б.Д болон гэрчүүдийн ажиллаж байсан гэх цаг хугацаатай тохирч байх тул гэрчүүдэд хууль сануулж авсан мэдүүлэгт үндэслэн хүсэлт гаргагч Б.Дг 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт багшаар, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн Итгэл төвийн салбарт багшаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Харин 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байх-аар заасан тул шүүх хүсэлт гаргагч Б.Д-ийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц овогт Б.Д /РД:.........../-г 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ажилчны районы 13 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн Итгэл төвийн салбарт багшаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ