Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.С,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Д,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

            Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох 1735001220064 дугаартай  эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  - багт оршин суух Н.Б

Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийнхөө авто машинаар айлын хог ачиж өгсөн. Тэр айл надад болон хамт байсан хүмүүст 2.5 литрийн 1 ширхэг “Боргио” нэртэй пиво задалж өгснийг уучихаад тэднийхээс явах гэхэд хог ачуулсан хүн баярлалаа гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би дэлгүүрээс ойр зуурын хэрэгцээний зүйл авах гээд дэлгүүрийн гадна очиход хаалттай байсан. Явах гээд зогсож байтал H.Б ирээд бид хоёр мэнд мэдээд зогсож байгаад би өврөөсөө мөнгө авах гэхэд байхгүй болохоор нь Н.Б-ыг “Чи миний мөнгийг авчихсан уу?” гэхэд “Би яахаараа таны мөнгө авдаг юм” гээд хоёр гараараа намайг заамдаж байгаад хөлөөрөө хавсарч унагачихаад яваад өгсөн. Би босоход миний баруун гар даагдахгүй, их өвдөж байсан юм. Би унахдаа нүүрээрээ унасан учраас нүүр шалбарсан байсан. Тэгээд би Н.Б-ын гэрт очиж ээж болох Ж-д нь “Танай залуу миний гарыг хугалчихлаа” гэсэн чинь намайг дагуулж эмнэлэг дээр очиж шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Би мөнгөө унагаад гээсэн байсан. Н.Бт эрүүл, би пиво уусан байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,

 

2. Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Өндөрхангай  сумын Сум дундын эмнэлэгт их эмч ажилтай. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын цаг дуусаад гэртээ байж байтал Т.Б “Хүнтэй маргалдаж байтал хавсраад унагачихлаа. Тэгээд гэр эвгүй болчихлоо. Та бариад өгөөч өгөх үү” гэхээр нь  дагуулаад эмнэлэг орсон юм. Эмнэлэгт ирээд гарыг нь үзэхэд баруун гарынхан  шуу шуурсан байхаар гарт нь чиг тавьж боогоод маргааш ир гээд явуулсан. Маргааш нь ирэхээр үзэхэд шохойдох шаардлагатай байсан болохоор аймгийн төв орж арга хэмжээ авахуул гээд аймаг явуулсан. Тухайн үед Т.Б “Б-тай юм яриад зогсож байтал хасвраад унагачихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 9-10-р тал/,

 

3.  Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би  2017 оны 8 дугаар сараас хойш нөхөртэйгөө хамт амьдрахгүй байгаа. 2017 оны 10 дугаар сарын 01-ний сумын эмнэлэг дээр очиход манай нөхөр Т.Б “Гараа хугалчихлаа” гэсэн байсан. Юу болсон талаар асуухад  “Б хугалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

 

4. Гэрч Р.Ж-ын мөрдөн байцаалтанд  өгсөн: “ 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү Н.Б хөдөө явна гээд гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа манайд Т.Б ирээд “Танай хүү миний гарыг эвгүй болгочихлоо” гэж хэлэхээр нь яагаад ийм болгочихов гэхэд “Хавсраад унагачихлаа. Унахдаа гар бэртчихлээ” гэж хэлсэн. Т.Б намайг гар бариад өг гэхээр нь би барьж чадахгүй гээд нутгийн нэг хөгшин дээр дагуулж очиход согтуу байхаар нь эмнэлэг дагуулж орсон юм. М эмч үзээд чиг тавьж боож өгсөн. Тэгээд Б гар гайгүй байх харьж амарцгаая гэхээр нь бид нар харьцгаасан. Маргааш нь М эмч Б-ыг аймаг явах шаардлагатай гэхээр нь би хамт явья гэхэд М эмч өөрөө явна гээд аваад явсан. Б-аас юу болсон талаар асуухад Б дэлгүүрийн гадна тааралдаад зогсож байгаад миний мөнгийг чи авсан гээд нэхээд байхаар нь хавсарч унагасан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

 

5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Т.Б-н биед баруун гарын шууны яс битүү хугарсан, хамар дээр зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтэл тогтоолд заасан хугацаанд учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Т.Б-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,

 

6. Увс финанс–Аудит ХХК ний 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 289 дугаартай “Гэр үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

 

            7. Шүүгдэгч Н.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 39-р тал/,

            8. Шүүгдэгч Н.Бын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 27, 29, 31, 37-38-р тал/,

            9. Хохирогч Т.Бын”Б надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хааж өгнө үү. Надад гомдол, санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 42-р тал/,

 

             10.  Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө явахаар гэрээсээ гараад дэлгүүр дээр очиход Т.Б машинтай зогсож байхаар нь мэндлээд  дэлгүүр ажиллахгүй байсан болохоор явах гэтэл Б намайг “Чи миний мөнгийг авчихлаа” гээд барьж аваад дээлний өврийг үзэх гэхээр нь би “Та юу яриад байна. Би танд ойртогүй шүү дээ” гээд өвөрт байсан 3000 төгрөгөө гаргаж үзүүлсэн. Б “Чи миний мөнгийг авсан. Авсан мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйлээ аваарай. Сайн явахыг чинь харнаа” гэх мэтээр доромжлоод байхаар нь уур хүрээд би мотоцикль дээрээ сууж байгаад хоёр гараараа заамдаж барьж байгаад хөлөөрөө хавсарч унагачихаад босож ирэхээс нь өмнө зугатаад явчихсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Б ах архи уучихсан байсан болохоор архи нэхэх гэж байгаа юм байна гэж бодоод унагачихаад зугатчихсан юм. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ амлаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт Т.Бөхбааатарыг зодсон болох нь хохирогч Т.Б, гэрч Б.М, Б.Б, Р.Ж, шүүгдэгч Н.Б нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б-ын бие махбодид баруун гарын шууны яс битүү хугарсан, хамар дээр зулгаралт гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ.  

            Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Б-ын энэ талаар гаргасан хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

 

            Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

 Шүүгдэгч Н.Б нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 500 /таван зуу/ нэгтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ