Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/03323

 

 

 

 

 

 

 

 

2024 09 11 181/ШШ2024/03323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.А ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

К.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр TOYOTA PRIUS-30 /2010-2022/ маркийн, ZVW............ арлын дугаартай, ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 17,990,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 213200744 тоот зээлийн гэрээ байгуулан авсан.

Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 1478 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна.

К.Ц /............../-аас нийт 26,311,612.2 төгрөгийг гаргуулахаар, манай компанитай гэрээ байгуулах үед оршин сууж байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ..................... тоот хаягт оршин суух хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32024/09754 дүгээр захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлэн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд К.Ц-ийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Н.А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн НТ-01/029-2024 тоот итгэмжлэлийн хуулбар, Б.М, Г.П нарт олгосон итгэмжлэл, зээл хүсэгчийн анкет, зээл хүсэгчийн өргөдөл, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №213.......... дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, гарын үсгийн баталгаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/09754 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Н.А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Ц-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Н.А ХХК нь К.Цтай 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №213...... дугаартай Зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт К.Ц-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Цийн зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Баянзүрх дүүрэг, ............ 29 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр К.Ц өөрөө гардаж авсан байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Ц нь Баянзүрх дүүрэг, .................... 29 тоот хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон тул К.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай Н.А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэлгүй тул К.Ц-ийг эрэн сурвалжлуулах тухай Н.А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ