Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/760

 

           

Б.Э, Т.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогч Х.Я,  

шүүгдэгч Б.Эөмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

шүүгдэгч Т.Бөмгөөлөгч О.Сайнгэрэл,   

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Э, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2109000001284 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Э, 

2.  Т.Б, 

- 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт хохирогч Х.Яын эзэмшлийн 00-59 УАМ улсын дугаартай “Мерседес бенз ЖЛЕ” маркийн тээврийн хэрэгслийг Т.Бд шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан, Авто тээврийн үндэсний төвд бүртгэсний улмаас Х.Яад 291.752.140 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Б нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Х.Яын эзэмшлийн 00-59 УАМ улсын дугаартай “Мерседес бенз ЖЛЕ” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахын тулд эрх олгосон баримтад Х.Яын гарын үсгийг хуурамчаар зурж, нотариатч Б.Эгээр гэрчлүүлэн, Авто тээврийн үндэсний төвд хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 17-59 УАМ улсын дугаартай “Мерседес бенз ЖЛЕ” маркийн тээврийн хэрэгслийг “К” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос: Шүүгдэгч Б.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Т.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдааны эхэнд улсын яллагчаас иргэний хариуцагчаар “КХХК-ийг томилж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тогтоох боломжгүй байх тул хууль ёсоор хариуцах хуулийн этгээд мөн эсэхийг гэрч С.Отгондулам болон гэрчээр Б.Алтантуяа нарыг асуух, улсын бүртгэлийн газраас тухайн байгууллагын лавлагааг авах болон бусад ажиллагааг хийсний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос шүүгдэгч Б.Эг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан атал мөрдөгч нь шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан талаар танилцуулсан байна. /1хх 4/. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй байна. Шүүгдэгч Б.Эг ямар хэрэгт яллагдагчаар татсан талаар танилцуулаагүй тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.6-д заасан нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. Тодруулбал: Шүүгдэгч Б.Э, Т.Б нар тус тусын гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэлдээ санаатай эсхүл болгоомжгүй үйлдсэн эсэх, тэдний гэмт хэргийн сэдэлт, зорилго нь тодорхой бус, шүүгдэгч Т.Бгэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг шалгаж тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ тодорхой бус, бүрэн гүйцэд хийгдээгүй нь тухайн гэмт хэргийн хохирол хор уршгийг зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байна гэж үзнэ. Хохирогч Х.Яийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт “өөрийн иргэний үнэмлэхийг өөр хүнд дамжуулж өгөөгүй, миний иргэний үнэмлэх 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр надад өөрт байсан. Харин Т.Ганболдын үеэл дүү “Корпорейт зайсан” ХХК-ийн захирал Б.Алтантуяа надаас иргэний үнэмлэхийн зургаа өгөөч гэсний дагуу цахимаар зургийг нь явуулсан” гэх мэдүүлэг, гэрч С.Отгондуламын “...надад манай байгууллагын барилга хариуцсан захирал Б.Алтантуяа нь тэр өдөр “машины нэр шилжүүлэх гэж байгаа бол Х.Яийн иргэний үнэмлэх нь хэрэг болох байх” гэж хэлээд өгөхөөр нь би Т.Бд өгөөд явуулсан гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Б“... Отгондулам нь намайг 17-59 УАМ улсын дугаартай “Мерседэс бэнз ЖЛЕ” загварын суудлын автомашины эзэмшигч Х.Яаас “КХХК-ийн нэр дээр шилжүүлээд ир гэж хэлээд Х.Яийн иргэний цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өгч явуулсан. Тухайн үед би автотээврийн үндэсний төв дээр очиж үзсэн итгэмжлэх шаардлагатай байхаар нь 100 айлын Хаан банкны орчим явж байхад нотариатийн газар тааралдахаар нь гудамжинд явж байсан үл таних 30 орчим насны эмэгтэй тамхи татаад зогсож байхаар нь “нотариат дээр итгэмжлэх хийлгэх гэсэн манай дүү завгүй байгаа учир ирэх боломжгүй байна, чи надтай хамт ороод манай дүүгийн өмнөөс итгэмжлэх дээр гарын үсэг зураад өг 20.000 төгрөг өгье...” гэж гуйтал тэр эмэгтэй зөвшөөрсөн. Нотариатын газарт ороод тухайн эмэгтэйгээр Х.Яийн гарын үсгийг дуурайлгаж зуруулсан.” мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч Т.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцогч, захиалагч байж болзошгүй байх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай, түүнчлэн гэрч, хохирогч нарын мэдүүлэгт иргэний үнэмлэхийн хуулбарыг Б.Алтантуяад өгсөн гэх бөгөөд гэрчээр Б.Алтантуяагаас мэдүүлэг авч, дээрх байдлыг тодруулж, шалгах, иргэний үнэмлэхийг хуурамчаар хийсэн эсэх, тухайн итгэмжлэлд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбарт шинжилгээ хийлгэх, хохирогчийн өөрийн иргэний үнэмлэх мөн эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй. Шинжээч томилсон тогтоолыг /хх84/ шүүгдэч нарт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “яллагдагч, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрх”-ийг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэх ажиллагаа хийгдээгүй, шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шинжээчийн дүгнэлт хийхдээ шинжилгээний объект болох машиныг биечлэн үзээгүй атлаа сэв замасктай гэж бичсэн нь эргэлзээтэй, хууль журмын дагуу хийгдээгүй байх тул дахин шинжилгээ хийж хохирлын хэр хэмжээг тогтоох нь зүйтэй. Хохирогч Х.Яын өмнөөс итгэмжлэл хийлгэхэд /1хх 59/ бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь шүүгдэгч Б.Э, Т.Б нарын бичгийн хэв мөн эсэхийг криминалистикийн шинжилгээ хийлгэж тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 -т зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх ажиллагааг огт хийгээгүй, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ”, “шүүхийн шийдвэрлэх эрх хэмжээнд халдсан байх тул уг автомашиныг олж тогтоож битүүмжлэх, хураах” зэрэг ажиллагааг хийх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн байхад мөрдөгч нь дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаж ажиллаагүй, прокурор мөрдөгчийн уг үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу зохих ёсны хяналт тогтоогоогүй байна. Иймд шүүх шүүгдэгч Т.Б, Б.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр дурдсан  зөрчлүүдийг арилгаж, эрүүгийн 2109000001284 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Булганчимэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив.

1. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2109000001284 дугаартай хэрэгт яллагдагч Б.Эөмгөөлөгч Д.Цолмон, Ч.Шаравнямбуу нараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан.

Хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2022/ЕШЗ/131 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар “...Яллагдагч Б.Э, Т.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацаанд шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна...” гэж 30 хоногоор сунгасан. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 222 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоох тухай” шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад явуулахаар тогтсон боловч энэ талаар улсын яллагч, яллагдагчийн өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй байхад яллагдагч нарыг шүүгдэгч гэж захирамжид тусгасан байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов хойшлуулах тухай” захирамж гарсан боловч 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдаанд хэлэлцэхээр орхиж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан байхад хүсэлтийг огт хэлэлцэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. Шүүх хуралдааны эхэнд улсын яллагч миний зүгээс иргэний хариуцагчаар "Ко" ХХК-ийг томилж өгнө үү гэх хүсэлт гаргасан.

Учир нь, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг “...гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар "КХХК хүлээхээр байх тул иргэний хариуцагчаар тогтоолгох талаар хүсэлтэд дурдагдсан. Уг хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй учраас улсын яллагчаас шүүх хуралдааны эхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасны дагуу шүүгч хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Корпорейт хотел энд конвейшн центр" ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, гэрч С.Отгондуламын мэдүүлэгт үндэслэн "Корпорейт хотел энд конвейшн центр" ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоон захирамж гаргуулах саналыг гаргасан.  Шүүгч улсын яллагчаас шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар гаргасан саналыг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн гэм буруугийн хурлаар шийдвэрлэнэ гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгчийн захирамжид С.Отгондулам, Б.Алтантуяа нарыг асуух, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн байгууллагын лавлагааг авах ажиллагаа хийсний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нь ойлгомжгүй байна.

3. Прокуророос шүүгдэгч Б.Эг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөгч тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танилцуулан Б.Э гарын үсэг зурж яллагдагчаар мэдүүлэг авсан. Мөрдөгчийн тогтоол танилцуулсан тэмдэглэлд зүйл ангийг алдаатай бичсэнийг зөвтгөх боломжгүй боловч яллагдагч Б.Э нь ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэж өмгөөлөгчтэй мөрдөн шалгах ажиллагаанд оролцон удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан. Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танилцуулан тухайн өдрөө яллагдагчаар мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

4. Итгэмжлэлд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбарт шинжилгээ хийлгэх боломжгүй юм. Учир нь, итгэмжлэлд хавсаргасан иргэний үнэмлэх нь Х.Яын иргэний үнэмлэхийн хуулбар бөгөөд эх хувиас хуулбарласан, хуулбар хувиас хуулбарласан эсэхийг шинжээч тогтоохгүй харин тухайн иргэний үнэмлэх нь хохирогч Х.Яын иргэний үнэмлэх мөн эсэхийг л тогтоох боломжтой юм. Мөн хохирогч Х.Я нь миний иргэний үнэмлэхийг Б.Алтантуяа нь скайнердаж авсан гэж мэдүүлсэн ба скайнердаж явуулсан баримтыг хэрэгт хавсаргасан.

5. Шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгч нарт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй гэсэн ба шинжилгээ хийлгэх тогтоол үйлдсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Б.Э, Т.Б нар нь яллагдагчаар татагдаагүй байсан тул тогтоолыг хохирогчид танилцуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоолыг “Дамно” ХХК-нд хүргүүлсэн бөгөөд үнэлгээний тайлан “...Мерседес бенз ЖЛЕ” 53 маркийн тээврийн хэрэгсэл 291.752.140 төгрөг...” /1хх 85-87/ гэж үнэлгээний тайлан гаргасан.

Хэрэв шүүх үнэлгээний тайланг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч захирамж гарган дахин шинжилгээ хийлгэх боломжтой.

6. Хохирогч Х.Яын өмнөөс итгэмжлэл хийлгэхэд /1хх 59/ бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь шүүгдэгч Б.Э, Т.Б нарын бичгийн хэв мөн эсэхийг криминалистикийн шинжилгээ хийлгэж тогтоолгох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн итгэмжлэлд зурсан гарын үсэг Х.Яын гарын үсэгтэй харьцуулах шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд тухайн гарын үсгийг Б.Э, Т.Б нарын бичгийн хэвтэй харьцуулан шинжилгээ хийлгэх боломжгүй бөгөөд Х.Яын гарын үсгийг харьцуулан шинжилгээ хийлгэхэд шинжээчийн 2807 дугаартай дүгнэлт гарч “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Э нотариатчидын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр №009 дугаараар бүртгэж, гэрчилсэн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэсэн огноотой итгэмжлэлийн зүүн хэсэгт “Х.Я” гэсний ард болон Монголын нотариатчидын танхимын Бүртгэлийн дэвтрийн 3 дугаар хуудасны №009 бүртгэлийн дугаартай хөндлөн хүснэгтэд, “Гарын үсэг” гэсний доор тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн харьцуулах загвараар ирүүлсэн Х.Яын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна...” гэсэн баримт хэрэгт авагдсан болно.

7. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх ажиллагааг огт хийгээгүй, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ”, “Шүүхийн шийдвэрлэх эрх хэмжээнд халдсан байх тул уг автомашиныг олж тогтоож битүүмжлэх, хураах" зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.” гэж заасан бөгөөд хохирогч Х.Яын эзэмшлийн 17-59 УАМ улсын дугаартай “Мерседес бенз ЖЛЕ” маркийн тээврийн хэрэгслийг “КХХК-нд хууль бусаар шилжүүлсэн боловч уг автомашин “ЛДМШ” ХХК-нд шилжсэн байдаг. Уг “ЛДШМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.ӨлзийТ.Бс гэрчээр мэдүүлэг авахад бартерын төлбөрт шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул тухайн эд хөрөнгийг битүүмжлэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд Т.Б, Б.Э нар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл бөгөөд хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад дүгнэлт хийх бүрэн боломжтой юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Х.Я тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Эөмгөөлөгч Ч.Шаравнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж миний зүгээс үздэг. Анхан шатны шүүх хуралдаанд миний оролцсон байр суурь бол энэ хэргийн тухайд гэм буруугийн асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Нотлогдвол зохих байдал нотлогдоогүй” гэж маргаанд мэтгэлцэж оролцсон. Яг энэ үндэслэлүүдээ анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Энэ гэмт хэргийн тухайд миний үйлчлүүлэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Илт хууль бус хэлцлийг нотариатаар гэрчилсэн” гэх гэмт хэрэгт буруутгасан. Тэгэхээр энэ гэмт хэргийн хамгийн чухал зүйл нь “илт хууль бус” байдлыг мэдсэн үү гэдэг зүйл талуудын дунд яригддаг. Гэтэл миний үйлчлүүлэгч “Илт хууль бус байсныг мэдээгүй. Учир нь, Х.Ятай яг адилхан царай төрхтэй, масктай хүн авчраад тухайн баримтаа гэрчлүүлсэн. Би болгоомжгүй хандсан гэж мэдүүлдэг. Энэ гэмт хэргийн тухайд илт хууль бус гэдгийг мэдэж байгаа гэдэг агуулгаараа санаатай гэмт хэргийн ойлголт гарч ирдэг. Тиймээс энэ нөхцөл байдлыг шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг прокурорт гаргасан. Гэтэл прокурор хүлээж аваагүй. Шүүх хуралдааны явцад бид урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцье гээд прокурор ямар нэг байдлаар маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудал хэлэлцэх асуудал явсан. Прокурор сая урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр анхан шатны шүүх шууд гэм буруугийн асуудал хэлэлцсэн нь хууль зөрчсөн байна гэж дурдаж байна. Гэтэл энэ асуудалд тухайн үед прокурор ямарваа нэг эсрэг байр суурь илэрхийлээгүй. Энэ агуулгаар харахад энэ хэргийг прокурор нотлогдсон гэж үзэж байгаа. Бидний зүгээс талууд маргаантай, нотлох баримт эргэлзээтэй гэж үзэж байна. Гадны хүн авчирсан гээд манай хүн хэлээд байна. Өөр гуравдагч этгээд байсан гэдэг асуудлыг аль аль нь ярьдаг. Мөн хохирогчийн зүгээс “Би иргэний үнэмлэхээ хэнд ч, хэзээ ч алдаагүй” гэж мэдүүлдэг. Тиймээс шинжээч томилж тогтоох нь зүйтэй. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ шинжээч томилох боломжгүй гэж үзэж байна. Прокурор тусгай мэдлэгтэй юм уу, үүнийг мэргэжлийн байгууллагаас нь тогтоох боломжтой, боломжгүй эсэх талаар тайлбар өгвөл энэ асуудал шийдвэрлэгдэнэ. Гэтэл прокурор өөрийн дотоод итгэлээр энэ асуудлыг тогтоох боломжгүй гэж үзэж байгаа нь прокурорт ямар нэг хувийн сонирхол байгааг илтгэж байна. Энэ бол прокурорын мэдлэгт хамаарахгүй. Мөн прокурор шууд үнэлэмжээр тогтоож болохгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Бөмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үйл баримтуудыг шалгах шаардлагагүй гэж маргахгүй байгаа. Энийг хийж болно. Гэхдээ шүүх хийж болно гэж үзэж байна. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд Мөрдөн байцаагчийн хийх ажлыг тодорхой заасан байдаг.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд яллагдагчаар татах тогтоол үйлдэхэд саналыг нь үндэслээд прокурор юу хийх ёстойг гэх мэтчилэн прокурор, мөрдөгчийн ажлыг хуульд тодорхой заасан байна. Тэгэхээр энэ ажиллагааг шүүх хийх, шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг асуудал нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.16 дугаар зүйлд заасан нөхцөлийг тодорхой тогтоогоогүй. Ялангуяа яллах дүгнэлтэд 291.752.000 төгрөгийн ганцхан автомашин дурдагдаад байна. Гэтэл энэ гэмт хэрэгт давхар хуулийн этгээд хохирчихсон байгаа. Үнэлгээний тайланд автомашин гэж бичсэн нь яллах дүгнэлтэд дурдсан “Мерседес бенз ЖЛЕ” маркийн автомашин юм уу эсхүл өөр автомашин юм уу тодорхойгүй. Хөрөнгийн үнэлгээ мөн эсэх нь эргэлзээтэй харагдаж байна. Мөн хамгийн ноцтой зөрчил нь яллагдагчаар татсан тогтоол нь санал, зүйлчлэлтэйгээ, танилцсан нэр овог нь өөр зөрүүтэй байдаг. Эцэст нь эсэргүүцэл бичих хугацаа өнгөрсөн байна. “2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болоод 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан” гэж прокурор эсэргүүцэлдээ бичсэн байдаг. Тэгээд сарын хугацаа өнгөрсөний дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эсэргүүцлээ бичсэн. Бид прокурорын эсэргүүцэлтэй 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танилцсан. Яагаад сарын дараа хугацаа хэтэрч эсэргүүцэл бичсэн бэ гэхэд туслах ажилтан нь би буруутай гэдэг тайлбар өгдөг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцааж болох бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг мөрдөгч, прокурор нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/949 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ