| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03826/И |
| Дугаар | 181/ШШ2024/03325 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/03325
2024 09 11 181/ШШ2024/03325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б.Р ГХОХХК /РД:5180651/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.И ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б.Р ГХОХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.И ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани нь Х.И ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 28-ний өдөр ............ тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүрэг, .................35 тоот хаягт байрлах бетон зуурмагийн үйлдвэрт дулаан тусгаарлалт сайтай, өнгө үзэмж сайтай, 3 тал нь фасад метал болон шилэн фасад, хойд хэсэгт хөөсөн фасадтай, чанар стандартад нийцсэн 596,59 м.кв авто засварын төвийн зориулалтаар ашиглагдах 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг баталгаажсан зураг төслийн дагуу, өөрсдийн ажиллах хүчийг гарган барьж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэн нэг м.кв талбайг 1,900,000 төгрөгөөр нийт 1,133,521,000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохирсон юм.
Манай компанийн зүгээс ажлын хөлсийг эд хөрөнгө, ажил үйлчилгээний хөлсөөр тооцохоор тохирсон бөгөөд гэрээ байгуулсанаас хойш 2023 он хүртэл нийт 913,434,776 төгрөгийн эд хөрөнгийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгсөн байна.
Гэтэл гүйцэтгэгч Х.И ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй, гэрээ дуусах хугацаа удаан хугацаагаар сунжирсан, сүүлдээ ажлын байранд гүйцэтгэгч талаас ажил хийж байгаа хүн байхгүй, гэрээний үүрэг биелэгдэж барилга баригдаж дуусах нь нэгэнт боломжгүй болсон тул 2023 оны 6 дугаар сарын 29-нд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Гэрээний нэмэлт өөрчлөлтийн 4 дэх заалтанд Тус барилгын гадна пасадны ажлыг гүйцэтгэгч тал нь гүйцээн хийж 2023 оны 7 дугаар сарын 07-ны дотор бүрэн дуусгах.... Захиалагч талаас илүү төлсөн 217,745,410 /хоёр зуун арван долоон сая долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гүйцэтгэгч тал нь захиалагч талд 2023 оны 7 дугаар сарын 30-ны дотор бэлэн мөнгөөр төлж барагдуулна... гэж тохирсон.
Х.И ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ............ тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу илүү төлсөн 38,311,805 төгрөг, алданги 7,662,361 төгрөг, нийт 45,974,166 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Х.И ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/Ш32024/09473 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.
Тус захирамжийн үндэслэх хэсэгт Хариуцагч Х.И ХХК-д шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Премиум палас, 811 тоот хаягаар хүргүүлэхэд дээрх хаягт оршин байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадлалаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгтзаасан үндэслэл иргэний хэрэг үүсгэсэнээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэжээ.
Иймд Х.И ХХК, захирал Л овогтой Д-ыг эрэн сурвалжлуулж, төлбөрийг нэхэмжлэх шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/09473 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Б.Б.Р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Х.И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Б.А-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч "Б.Б.Р ГХОХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.И ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч "Б.Б.Р ГХОХХК нь Х.И ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ............ дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар нэхэмжлэлд дурдсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Х.И ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.И ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .............. тоот хаягт оршин байдаггүй болох нь Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаа, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор,
Чингэлтэй дүүрэг, ................ тоот хаягт оршин байдаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/09473 тоот шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Х.И ХХК /РД:............./, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х.И ХХК /РД:............./, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х.И ХХК /РД:............./, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Х.И ХХК /РД:............./, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч "Б.Б.Р ГХОХХК /утас:.........../-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ