Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2024/00712

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2024/00712

Баян-Өлгий аймаг

 

                         

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Жсумын Наран багийн 00 тоотод оршин суух, Ж овогт У.Т,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт Х.Х,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,248,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Т (цахим сүлжээгээр),

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э,

Хариуцагч Х.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч У.Т нь хариуцагч Х.Х-т холбогдуулан 7,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие У.Т нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн Х.Х-тай тохиролцсон хүнсний ногоо болон манжин луувангийн үр өгсөн. Үүнд төмс 11 тонн буюу нэг бүрийн үнэ 500 төгрөг нийт 5,500,000 төгрөг, сонгино 200 кг буюу нэг бүрийн үнэ 7000 төгрөг нийт 1,400,000 төгрөг, манжингийн үр 0,5 кг нэг бүрийн үнэ 200 төгрөг нийт 100,000 төгрөг, луувангийн үр 1,5 кг нэг бүрийн үнэ 3,000 төгрөг нийт 45,000 төгрөг, шар манжин 7 хоногийн түрээс 300,000 төгрөг бүгд 7,345,000 төгрөг байх ба тухайн үеийн ханшаар бодож зээл олгосон.

1.2.Тухайн үед дээрх үр, ногоог Б аймаг рүү Г гэх жолоочид ачуулсан. Үр суулгадаг шар машиныг  түрээсэлж аваад,  төмс болон бусад үрүүдийг явуулсан. Хариуцагч Х.Х гуай надаас төмсийг тарина гээд аваагүй, борлуулаад өөрөө зарна гээд таваарын төмс авсан. Тухайн үед би өөрийнхөө төмсийг биш Х аймгийн Х сумын зооринд байгаа 11 тонн  төмс ачуулсан юм. Тухайн үед бид хоёр төмсийг 500 төгрөгөөр  тохиролцож, Х.Х гуай мөнгийг чинь явсан машины жолоочдоо шилжүүлнэ гээд авсан юм. Хариуцагч Х.Х нь мөнгийг маргааш, нөгөөдөр өгнө гэсээр байгаад  4 жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин мөнгийг  өнөөдөр хүртэл өгөөгүй.  Х.Х гуай өөрөө мэдэж байгаа. Би Б аймагт 4 удаа мөнгө авахаар гэрт нь очсон. Тэгээд маргааш, нөгөөдөр гээд хойш нь тавьсаар байж байгаад 4 жил болж байна. 

1.3.Х.Х нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй тул зээлийн үлдэгдэл 7,345,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт  8,845,000 төгрөг байх ба би эвлэрүүлэн зуучлагчид хандахад төлсөн 30,000 төгрөгийн хамт нийт 8,848,000 төгрөг болж байна. Х.Х нь үүнээс 2023 оны 11 дүгээр сард 1,600,000 төгрөг шилжүүлснийг хасаад одоо үлдэгдэл 7,248,000 төгрөгийг өгөхгүй 2 жил болж байна. Иймд Х.Х-аас 7,248,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Х.Х-ын хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие 2021 оны 04 дүгээр сард У.Т-тай танилцсан. 2021 оны 4 дүгээр сард Бугын газраас ногоо тарих газрыг сонгож, 2021 оны  5 дугаар сарын 21-ний өдөр ногоо тарих газрын зөвшөөрөл авсан юм. Нэхэмжлэгч У.Т нь  нэхэмжлэл дээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний  өдөр төмс өгсөн гэж бичсэн байна. Би 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр газрын зөвшөөрөл аваад, 2021 оны  6 дугаар сарын 12-ны өдөр үрийн төмс авсан. Би таваарын төмс биш үр авсан.

2.2. Би 2021 оны 06 дугаар сарын 12-ы өдөр У.Т-аас төмс 11 тонныг 1 кг-ийг 500 төгрөгөөр нийтдээ 5,500,000 төгрөгөөр, сонгино 200 кг-ийг 7000 төгрөгөөр нийтдээ 1,400,000 төгрөгөөр, лууван 1.5 кг-ийг 30,000 төгрөгөөр нийтдээ 45,000 төгрөгөөр, манжин 0.5 кг-ийг 200,000 төгрөгөөр 100,000 төгрөгөөр бүгд 7,045,000 төгрөгийн материалыг Камаз машиныг ачуулсан.

2.3 Нэхэмжлэгч У.Т нь өөрийн дураар дур мэдэж үнэ бичсэн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Алтай жимс холбоо” гэх мэргэжлийн байгууллага нь 2021 оны 5, 6 дугаар сарын байдлаар Б аймгийн хэмжээнд  төмс, хүнсний ногооны үрийг худалдах, худалдан авах тухай үнийн судалгааг үндэслэн тогтоосон. Хүнс хөдөө аж ахуйн яамны сайдын 2021 оны  5 дугаар сарын 10-ны өдрийн А\135 дугаар үнэ тогтоох хувиар баталсан тухай тушаал, мөн Хүнсний үйлдвэрийн  яамны Төрийн нарийн бичгийн дарга болон  Б аймгийн Хөдөө аж ахуйн газрын  хамтран байгуулсан хүнсний ногоо үр нийлүүлэх 05170 гэрээний хавсралтаар луувангийн үрийг 16,500 төгрөг, шар манжингийн 1 килограммыг 18,000 төгрөг, бөөрөнхий сонгино 1 килограммыг 3,360 төгрөгөөр тус тус тогтоосон. Тухайн үед бол төмс болон бусад хүнсний үнийн талаар хоорондоо тохиролцсон  ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул би алданги төлөх ёсгүй.

2.4 Харин тухайн үед үр, ногоог хүлээж авах үед төмс нь 10,810 килограмм байсан. 100 төгрөгөөр тооцож 1,081,000 төгрөг, сонгино 135 килограмм байсан ба 3,360 төгрөгөөр бодоод 453,600 төгрөг болсон. Манжин 5 килограммыг 18,000 төгрөгөөр бодоод 90,000 төгрөг, лууван бол 1,5 килограмм байсан 16,500 төгрөг байсан гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлүүлэн зуучлалын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай тэмдэглэл, өмгөөллийн гэрээ, Х аймгийн Жаргалант сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтний тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг,

 

Хариуцагчаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон Б аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн даргын хооронд байгуулсан ТГ/21/0517-1 дугаартай Хүнсний ногооны үр нийлүүлэх гэрээ, Алтайн жимс холбооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай үнэ ханшны үнэлгээний жишиг үнэ, 000143414 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн лавлагаа, кадастр зургийн хуулбар, фото зургууд, 5193056068 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Х.Бахытжол, Н.Бахатгүл, Л.Ганболд нарыг, хариуцагч талын хүсэлтээр  М.Бигажы, А.Хыстаубай нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч У.Т-ын  хариуцагч Х.Х-аас 7,248,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,895,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,353,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч У.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Х.Хтай харилцан тохиролцож хүнсний ногоо болон манжин луувангийн үр өгсөн бөгөөд тухайн худалдан авсан эд хөрөнгийн үнийг Х.Х хугацаандаа төлж өгөөгүй. Мөн шар манжин тарих төхөөрөмжийн хөлс 300,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч мөн төлөөгүй. Иймд дээрх үр, ногооны үнэ болон алданги, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30,000 төгрөг нийт 7,248,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч Х.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие У.Тад үрийн төмс авахаар захиалсан ба тэр үед үрийн төмсний 1 кг-ыг нь 200-250 төгрөгөөр олж өгөхөөр тохиролцсон. У.Т-ын явуулсан төмсийг хүлээж авах үед 10810 кг, сонгино 135 кг гарч байсан. Миний бие тухайн үрийн төмс болон сонгины үнэд нийт 1,600,000 төгрөгийг төлсөн. У.Т нь тухайн үеийн төмс, сонгино, лууван, манжины үрийн үнийг өөрөө дур мэдэн бичиж надаас илүү мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Гэрч Х.Б-ын  “... У.Т нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны үед байх Х аймгийн Х сумаас 11 тонн төмс, сонгины үр, луувангийн үр зэргийг ачуулсан. Тухайн үед би хажууд нь байж килограммыг нь хараад тэмдэглэж байсан. У.Т нь ногоогоо ачаад Б аймаг руу явсан. Намайг ногоогоо ачих үед жин, тонн дээр нь хяналт тавиад бичээд өгөөч гэхээр нь би очиж ачилцсан юм. Үүнээс өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-н “... У.Т нь 2021 онд манай зооринд төмс хадгалуулсан байсан юм. Ингээд У.Т нь 4, 5 дугаар сарын үед манай зоориноос ирж төмсөө машинд ачаад аваад явсан. У.Т нь Х аймгийн Х сумын 9-ийн газарт ногоо тарьсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сард манай зооринд ирж дан төмс хадгалуулсан юм. У.Т нь манай зоориноос төмсөө ачаад явахдаа Б аймаг руу зарж байгаа гэж хэлж байсан. Машиндаа төмсөө ачихдаа 200 кг сонгины үрийг машинаасаа буулгаж төмсөө аччихаад сонгины үрээ төмсөн дээрээ ачаад явсан. У.Т-ын ачиж явсан төмс муудаагүй, зүгээр төмс байсан. У.Т нь манай зооринд хадгалуулсан төмсөө бүгдийг нь аваад явсан. Тухайн үед жинлээд ачихад 11 тонн төмс болсон” гэх мэдүүлэг, гэрч Л.Ганболдын “... У.Т нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр миний өмчлөлийн 0000 ХОА  дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслээр Б аймаг руу хүнсний ногоо болон манжингийн үр, луувангийн үр ачуулсан нь үнэн. Дээрх хүнсний ногоо болон манжингийн үр, луувангийн үрийг У.Т нь Х аймгийн Х сумаас ачиж өөрөө Х руу буцсан. Би тухайн хүнсний ногоо болон манжин луувангийн үрийг ачаад Баян -Өлгий аймаг руу ганцаараа явсан. Тухайн үед ковидын үе гээд хөл хориотой байсан учаас жолоочоос өөр хүн явдаггүй байсан. Намайг Б аймагт очиход авто тээврийн газрын хашаанд зогсоосон бөгөөд тухайн ногоог хүлээж авах хүн болон Онцгой байдлын газрын машин дагаж ирээд намайг машины кабинаас буулгаагүй гэрлүүгээ дагуулаад явсан. Тэгээд өөрсдөө ногоогоо буулгаж авсан. У.Т нь тухайн ногоог хүлээж авах хүний утасны дугаарыг өгсөн. Нэрийг нь бол мэдэхгүй. Ногоог буулгаж дууссаны дараа би Онцгой байдлын газрын машиныг дагаад явсан бөгөөд авто тээврийн газрын хашаанд ирээд Х руу буцсан. Тээврийн хэрэгслээр хүнсний ногоо болон луувангийн үр, манжингийн үрийг тээвэрлэхэд уг ногоо нь эвдэрсэн, муудсан, гэмтсэн, чанараа алдсан зүйл огт байгаагүй. Би Х сумаас ногоогоо ачаад шууд Б аймаг руу явсан. Х сумаас ачиж байх үед хэвийн чанар алдаагүй хүнсний ногоонууд байсныг би харсан. Х сумаас ачих үед ногоо зооринд байсан бөгөөд нэг хоногийн дотор чанараа алдаж муудна гэж байхгүй. Тухайн ногоог худалдаж авсан хүний гэрийн хашаанд байх грашид буулгасан. Тэр хүний гэр Б аймгийн төвд гүүрний ар талд байсан” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч У.Т нь хариуцагч Х.Х-т төмс болон манжин, луувангийн үр худалдаж уг худалдсан эд хөрөнгүүдийг худалдан авагч Х.Хт шилжүүлсэн нь тус тус тогтоогджээ.

7.2. Гэрч М.Б-ын “... 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн Майти машинаар Х.Х-ын хашаанаас нийт 200 шуудай үрийн төмсийг хоёр удаа тээвэрлэж тус Бугат сумын Бугын голын эрэгт байгаа Х.Х-ын тариалангийн газарт нь хүргэж өгсөн. Өөрөөр хэлбэл, хоёр удаа тээвэрлэж нийт 200 шуудай үрийн төмсийг нь тээвэрлэж хүргэж өгсөн. Тухайн үрийн төмсийг хаанаас хэнээс авсныг мэдэхгүй, түүний хашаанд нь байсныг нь тээвэрлэж өгсөн. Би хөлсөнд 100,000 төгрөг авсан.  Баяннуур сумаас ирсэн гэх хүн ЮМЗ трактороор газрыг хагалж байсан. Гэхдээ нэрийг нь хэн гэж хүн байсныг мэдээгүй. Ямар ч байсан Баяннуур сумаас ирсэн хүн байсан. Миний тээвэрлэсэн төмс үрийн төмс байсан. Тухайн үрийн төмс нь ногоорсон, хуучин, хүнсэнд хэрэглэх боломжгүй үрийн төмс байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Хыстаубайгийн “... 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х.Х-ын хүсэлтээр тус аймгийн Бугат сумын Бугын голын эрэгт Х.Х-ын 5 га газрыг хагалж төмсний үр суулгаж өгч ажпын хөлсөнд 1,600,000 төгрөг авсан. Тухайн үе 6 дугаар сар байсан бөгөөд бид нар оройтож суулгасан байсан.  Миний суулгасан төмс ногоорсон үрийн төмс байсан. Миний трактор ЮМЗ маркийн трактор байсан” гэх мэдүүлгүүдээр хариуцагч Х.Х нь Бугат сумын Бугын гол гэх газарт байрлах тариалангийн газарт хүнсний ногоо тарьсан үйл баримт тогтоогджээ.

7.3. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон 000000 дугаартай иргэний газар эзэмших гэрчилгээгээр Х.Х нь Б аймгийн Б сумын 4-р баг Буга баг, Бугын хойд талд байрлах 7.24 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшдэг болох нь,  ХААН банкны харилцагч Х.Х-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хөлс гэдэг агуулгаар 500,000 төгрөрөгийн зарлага гарсан нь тогтоогдсон байна.

7.4. Алтайн жимс холбооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолтоор “Б аймгийн хэмжээнд 2021 оны 5, 6 дугаар сарын байдлаар төмсний үнэ кг нь 100 төгрөг, бөөрөнхий төл сонгины кг нь 3,360 төгрөг, шар маншжингийн үр кг нь 18,000 төгрөг, луувангийн үр кг нь 16,500 төгрөг” гэж тодорхойлжээ.

7.5.Х аймгийн Жаргалант сум дахь Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.М-ийн тодорхойлолтоор “2021 онд Х аймгийн Жаргалант суманд төмс  1 кг нь 850 төгрөгөөр, луувангийн үр 1 кг нь 45,000 төгрөг, шар манжингийн үр 1 кг нь 200,000 төгрөг, бөөрөнхий сонгины үр 1 кг нь 7,000 төгрөгийн үнэлгээтэй байсан нь үнэн болно” гэж тодорхойлжээ.

8.Нэхэмжлэгч У.Т нь хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл үнийг төлөөгүй гэж тайлбарласан байх ба хариуцагчийн зүгээс худалдан авсан эд хөрөнгийн үнийг дур мэдэн бичсэн, мөн надад үрийн төмс өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

9.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

10.Нэхэмжлэгч У.Т-аас хариуцагч Х.Х-т төмс болон лууван, манжин, сонгины үр өгсөн болох нь гэрч нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. Энэхүү байдлаас үзэхэд нэхэмжлэгч  У.Т нь хариуцагч Х.Х-т харилцан тохиролцсон эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэтэй байна. Нэхэмжлэгчээс 11 тонн төмс, 200 кг үр шилжүүлсэн гэж тайлбарласан байх боловч хариуцагч Х.Х-аас 10810 кг үрийн төмс, 135 кг сонгины үр хүлээж авсан талаар тайлбарлаж манжин болон луувангийн үрийн хэмжээнд маргаагүй байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тухайн баримт ямар үйл баримтыг нотлож, тогтоож байгааг анхаарах шаардлагатай бөгөөд гэрч Х.Б, Н.Б нарын мэдүүлгээр зооринд хадгалсан төмс ачсан талаар мэдүүлсэн байх ба хариуцагчийн зүгээс У.Т-аас ачуулж шилжүүлсэн төмс нь үрийн төмс байсан гэдгийг нотлоогүй болно. Гэрч М.Б, М.Х нарын гэрчийн мэдүүлэг нь төмсийг тариалангийн талбайд ачиж хүргэж өгснийг болон суулгаж өгснийг нотлохоос биш нэхэмжлэгч У.Т-аас хариуцагч Х.Х-т шилжүүлэн өгсөн төмсийг тээвэрлэсэн, суулгаж тарьсныг нотлохгүй байгаа тул тухайн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн үрийн төмс шилжүүлсэн, нэхэмжлэгчээс шилжүүлсэн төмс гэмтэж муудсан гэж үзэх боломжгүй байна.

11.Хариуагчаас эд хөрөнгийн үнийн хувьд маргаж, үүнийг нотлох үүднээс Алтайн жимс холбооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн байна. Тухайн тодорхойлолтын тайлбар хэсгээс үзэхэд “Хүнсний ногооны үр”-ийн үнийг ХХААХҮ-ийн Яамны сайдын 2021 оны 05 дугаар саын 12-ны өдрийн А-135 дугаар тушаалын хавсралтаар баталж ХХААХҮ-ийн Яамны төрийн нарийн бичгийн дарга, Б аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын хамтарсан 2021 оны “Хүнсний ногооны үрийн үнэлэх тухай” №ТГ/21/0517/-01 дугаартай гэрээгээр хатуу тогтоосныг үндэслэж тодорхойлов гэж дурдсан байна.

Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Б аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хооронд байгуулагдсан 2021 оны “Хүнсний ногооны үрийн үнэлэх тухай” №ТГ/21/0517/-01 дугаартай гэрээнээс үзэхэд уг гэрээний зорилго нь 2021 оны тариалалтын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байх ба Б аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын баталсан тариф нь 2021 онд  Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн худалдаалж байгаа үнэ байх тул дээрх гэрээ болон тухайн тарифыг үндэслэн тогтоосон Алтайн жимс холбооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Харин Х аймгийн Жаргалант сум дахь Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Мөнгөнцэцэгийн тодорхойлолтоор “2021 онд Х аймгийн Жаргалант суманд төмс  1 кг нь 850 төгрөг, луувангийн үр 1 кг нь 45,000 төгрөг, шар манжингийн үр 1 кг нь 200,000 төгрөг, бөөрөнхий сонгины үр 1 кг нь 7000 төгрөгийн үнэлгээтэй байсан нь үнэн болно” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч өөрөө төмсний нэг кг-ын үнийг 500 төгрөг, нэг кг сонгины үрийн үнийг 7000 төгрөг, манжины үрийн нэг кг-ыг 200,000 төгрөг, луувангийн үрийн нэг кг-ыг 30,000 төгрөг гэж тус тус тодорхойлж нэхэмжилснийг хариуцагч тал няцааж чадаагүй тул нэхэмжлэгчээс  нэг кг төмсний үнийг 500 төгрөг, нэг кг сонгины үрийн үнийг 7000 төгрөг, манжины үрийн нэг кг-ыг 200,000 төгрөг, луувангийн үрийн нэг кг-ыг 30,000 төгрөг гэж тус тус тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

12.Иймд хариуцагчаас хүлээж авсан гэж тайлбарласан хэмжээгээр тооцож төмсний үнэ 5,405,000 /10810 кг х 500 төгрөг=5,405,000/ төгрөг, сонгины үрийн үнэ 945,000 /135 кг х 7000=945,000/ төгрөг, манжины үрийн үнэ 100,000 төгрөг /0.5 кг х 200,000=100,000/ төгрөг, луувангийн үр 45,000 /1.5 кг х 30,000 = 45,000/ төгрөг, нийт 6,495,000 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс 1,600,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул үлдсэн 4,895,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

13. Нэхэмжлэгчийн шар манжингийн үр  суулгах төхөөрөмжийн түрээсийн үнэ 300,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч У.Т-аас шар манжингийн үр  суулгах төхөөрөмжийг 300,000 төгрөгөөр түрээслэсэн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй тул алданги шаардсан нь үндэслэлгүй байна.

14.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэлээс үзэхэд өргөдөл гаргагч У.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг Улсын тэмдэгттийн хураамжийн ухай хулийн 44.1.3-т зааснаар өргөдөл гаргагчид буцаан олгохыг дурдсан байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй болно.

15.Иймд хариуцагч Х.Х-аас 4,895,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Тад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,353,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,470 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 93,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Х-аас 4,895,000 (дөрвөн сая найман зуун ерэн таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Тад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,353,000 (хоёр сая гурван зуун тавин гурван мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,470 (нэг зуун гучин хоёр мянган дөрвөн зуун далан) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Х-аас 93,270 (ерэн гурван мянган хоёр зуун далан) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Тад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК