| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02930/и |
| Дугаар | 497 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 497
Н.Цгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00013 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Цгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК,
Хариуцагч: Т.Эр нарт холбогдох,
“М” ХХК-аас түрээсийн гэрээний барьцаа төлбөрт 5 000 000 төгрөг, Т.Эраас 9 000 000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц "ажлын байр түрээслэх" зарыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Уг зарын дагуу Т.Эртай уулзсан. Т.Эр нь "М" ХХК-ийн захирал И.Өтай 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, уг компани Н.Цтай түрээсийн гэрээ байгуулахаар болсон.
Т.Эр Н.Ц нар нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэлцэл хийж, караоке баранд хийсэн тохижилт болон эд зүйлийн үнэд 12 500 000 төгрөгөөр тооцож Н.Цд шилжүүлэх, Н.Ц үнийг төлөх, Т.Эрын барьцаанд байршуулсан 5 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний хугацаа дуусаад гарах үед Н.Ц "М" ХХК-аас авахаар тохиролцсон.
Тухайн үед "М" ХХК-ийн захирал И.Ө "би таньтай гэрээ хийнэ, та тохижилт болон барьцааны мөнгийг Т.Эрт өгөөрэй" гэсний дагуу Т.Эрт тохижилтын 12 500 000 төгрөг, барьцааны 5 000 000 төгрөг нийт 17 500 000 төгрөгийг Н.Цогколмаа бэлнээр өгсөн.
"М" ХХК-ийн захирал И.Өтай 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан эхний 2 сарын түрээсийн төлбөрт 4 500 000 төгрөгөөр төлөхөөр болсон ба эхний сарын төлбөрийг 2019 оны 06 сарын 15-ны өдөр "М" ХХК-ний кассад бэлнээр төлсөн.
"Кинг вип" караоке барыг ажиллуулаад 20 хоног болоогүй байхад 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "М" ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сарын түрээсийг 10 000 000 төгрөг болгосон мэдэгдэл ирсэн бөгөөд уг мэдэгдлийн дагуу түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул гэрээг цуцалж, караокег хүлээлгэж өгсөн.
"М" ХХК-ийн захирал И.Ө, Т.Эр нар тохижилт болон эд зүйлийн үнэ 9 000 000 төгрөг, барьцаа 5 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгөөр Н.Цг хохироосон. "М" ХХК-ийн захирал И.Ө 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцаа болох 5 000 000 төгрөгийг надад өгөхөөр болсон ч одоо болтол өгөөгүй.
Н.Ц тохижилт болон эд зүйлийн үнэлгээнд өгсөн 12 500 000 төгрөгөөс салгаж болох эд зүйлийн үнэ 3 000 000 төгрөгийг хасч, салгаж үл болох эд зүйл болон тохижилтийн үнэ 9 000 000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Иймд "М" ХХК-аас ажлын байрны түрээсийн гэрээний барьцаа 5 000 000 төгрөг, Т.Эраас тохижилт болон эд зүйлийн үнэ 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Эр түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Н.Цтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Би түрээсийн гэрээг И.Ө захирал, Н.Ц нартай тохиролцсоны эцэст цуцалж, И.Ө захирал, Н.Ц нар гэрээ байгуулж цааш үргэлжлүүлсэн.
Тухайн үед би караоке баранд 20 000 000 орчим төгрөгийн засвар хийсэн. Хана будаж, бүх буйданг янзалж, зурагт авсан. Тухайн үед 3 жилийн хугацаатайгаар гэрээ байгуулж, 12 500 000 төгрөгийг нөхөж олгох зорилготой байсан. Худалдах, худалдан авах гэрээг байгуулан нотариатаар батлуулсны дараа “М” ХХК-ийн зочид буудлыг сарын 10 000 000 төгрөгийн төлбөртэй түрээсэлсэн.
И.Ө захирлын данс руу 9 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Сарын хугацаа өнгөрөх үед 1 000 000 төгрөгийн ашиг олж, дампуурлын нөхцөлд очсон. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр караокед хийсэн тохижилт, эд зүйлийг Н.Цд худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан.
Тухайн үед 17 500 000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс 12 500 000 төгрөг нь тохижилтын мөнгө, 5 000 000 төгрөг нь барьцааны мөнгө байсан. 2019 оны 04 сард би барьцааны мөнгийг И.Ө захиралд өгсөн.
И.Ө захирал нь Н.Цг 3 жилийн дараа гэрээ дуусахад барьцааны мөнгийг Н.Цд өгөхөөр тэд тохиролцсон. И.Ө захирал “одоо барьцааны мөнгө гаргаж өгөх боломжгүй учир чи Н.Цгаас барьцааны мөнгөө ав, би Н.Цг гарах үед барьцааны мөнгийг өгнө” гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Ц нь манай компанитай 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Талууд өөрийн хүсэл зориг, ашиг сонирхлын дагуу түрээсийн гэрээг байгуулсан.
Т.Эр уг байрыг өмнө нь түрээсэлж байсан түрээслэгч бөгөөд манай компанид мэдэгдэх ба зөвшөөрөл авалгүй миний нэрийг барьж хууль бус үйл ажиллагаа явуулж Н.Цг залилсан байна. Т.Эрын өмнөөс манай компани хариуцлага хүлээхгүй. Н.Ц нь түрээсийн сүүлийн 1 сарын төлбөрийг сард 5 000 000 төгрөгөөр тооцож төлсөн бөгөөд манай зүгээс түрээсийн төлбөр нэмэх тухай санал тавихад гэрээгээ цуцлах саналыг өөрөө тавьж гэрээг цуцалсан.
Н.Ц, Т.Эр нар нь хоорондоо юу ярьсан ямар нэгэн гэрээ байгуулсан эсэх нь манай компанид хамаагүй бөгөөд тэднийг хооронд болсон үйл явцад бид хариуцлага хүлээх ёсгүй. Н.Ц нь манай компаниас асууж лавлахгүй Т.Эрт мөнгө өгсөн байгааг бид ойлгохгүй байгаа бөгөөд 2 иргэний хоорондын хэлцэлд бид хариуцагч болоод байгааг ойлгохгүй байна.
Иймд нэхэмжлэл нь хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.3, 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу хариуцагч “М” ХХК-аас 5 000 000 төгрөгийг, хариуцагч Т.Эраас 9 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Цд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 94 950 төгрөгийг, хариуцагч Т.Эраас 158 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтыг хамт гаргаж өгсөөр байхад хурлыг хийсэн нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн. Хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдгийг мэдэгдсэн бол бид өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох байсан.
Мөн барьцаа хөрөнгө 5 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч түрээсийн байрны тоног төхөөрөмжийг тонож хохирол учруулсан байхад түүнийг суутгах хохирлоо барагдуулах боломж олгоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний барьцаа 5 000 000 төгрөг, Т.Эрт холбогдуулан түрээсийн зүйлд хийсэн тохижилт, эд хөрөнгийн үнэ 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Н.Ц нь “М” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 6/1 хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгын зоорийн давхарт байрлах "Кинг вип" караоке барыг 3 жилийн хугацаатай, сарын 5 000 000 төгрөгөөр, эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 4 500 000 төгрөг тооцон төлөхөөр тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Ингэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
“М” ХХК нь Т.Эртай 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс "Кинг вип" караоке барыг 3 жилийн хугацаатай түрээсэлж байсан нь тэдгээрийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр, мөн Т.Эртай байгуулсан түрээсийн гэрээг “М” ХХК нь цуцалсан болох нь тус компани болон Н.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.
“М” ХХК, Н.Ц нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед Т.Эр нь Н.Цгаас 17 500 000 төгрөгийг бэлнээр авсан талаар маргаагүй, уг төлбөрт барьцааны 5 000 000 төгрөг багтсан байна.
“М” ХХК нь Т.Эр, Н.Ц нарт гэж хаяглан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “түрээсийн төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 10 000 000 төгрөг болгон нэмэгдүүлэх болсон” тухай мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд Н.Ц нь уг түрээсийн төлбөрийг зөвшөөрөөгүй үндэслэлээр гэрээг цуцалж дуусгавар болгосонд талууд маргаагүй.
Түрээсийн гэрээний 5.2-д “түрээсийн барьцаа болох 5 000 000 төгрөгийг компанийн дансанд байршуулах, компанийн эд хөрөнгө болон үндсэн хийц, бичиг баримтыг бүрэн бүтэн байдлыг хангаж байвал түрээсийн хугацаа дуусмагц 2 тал хүлээлцэж тооцсоны дарагаагаар буцаан олгоно” гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, Н.Ц нь уг барьцаа мөнгийг Т.Эрт шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн байна. /хх5-6/
Түүнээс гадна “М” ХХК-ийн захирал И.Ө нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Кing viр караокены барьцаа болох 5 000 000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө” гэж, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд караокены барьцаа мөнгө 5 000 000 төгрөгийг буцаан олгох болно” гэсэн баримтыг үйлдэж гараар бичиж, гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж баталгаажуулж нэхэмжлэгчид өгсөн, уг баримтаар Н.Ц үүргээ гүйцэтгэсэн болох нь давхар нотлогдож байна. /хх 8, 101, 103/
“М” ХХК болон Н.Ц нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйийн 160.1.6-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар Н.Ц нь барьцааны шаардах эрхтэй тул “М” ХХК-аас 5 000 000 төгрөгийг гаргуулж Н.Цд олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус хойшлуулж, түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаж шийдвэрлэсэн байна. /хх51-52, 92, 107, 121/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүх “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаад улс руу явсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн “М” ХХК-ийн захирал И.Өд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчид 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 3 сар 14 хоногийн хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгч авах, нотлох баримт гаргах хангалттай хугацаа байсан гэж дүгнэнэ.
Анхан шатны шүүх Т.Эр, Н.Ц нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох эд хөрөнгийг Н.Цгийн эзэмшилд шилжүүлсэн нь тодорхойгүй тул гэрээг хэрэгжээгүй гэх агуулгаар дүгнэж Т.Эраас 9 000 000 төгрөгийг гаргуулж Н.Цд олгож шийдвэрлэсэн талаар тэдгээр нь давж заалдах гомдол гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Э.ЗОЛЗАЯА