| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/00139/э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Д |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.С,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Хохирогч: Н.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н, ,
Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.У-д холбогдох 1735001030062 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, баяд ястан, дээд боловсролтой, Безнесийн удирдлага, нягтлан бодогч мэргэжилтэй, “- ажилладаг, ам бүл-4, аав, ээж, хүүгийн хамт -тоотод оршин суух Б.У
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Д зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Д-г зодсон болох нь хохирогч Н.Д-ийн “2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б хүүхэдтэйгээ уулзахаар болж У-гийн гар утас уруу “Хоёулаа хүүхдээ 7 хоногоор ээлжлэн өөр дээрээ байлгаж баймаар байна” гэж мессеж бичээд явуулхад У буцааж гар утсаараа залгахад нь Б надад “У залгаж байна” гэсэн. Тэгэхээр нь би “Битгий ав, утсаар яривал хэрүүл гарна” гэж хэлээд утсаар яриулаагүй. Тэгээд Б-ы хамтаар гэрийнх нь гадна очиход У гадуур явж байгаад ирсэн бололтой байрныхаа гадна үүдний хэсэгт түүний найз залуу болох Э нь байрны өмнө талын зогсоол дээр байсан 77-77 УВА улсын дугаартай суудлын жижиг машин дотор утсаар яриад сууж байхаар нь би очиж Э-ийн гар утсыг нь булааж аваад машин уруугаа ороод сууж байтал Э ирээд “Та яаж байгаа юм бэ?” гэхээр нь би өмнөөс нь “Чиний нөгөө гэр бүл үймүүлдэггүй чинь хаана байна, хүүхдийг эцэгтэй нь яагаад уулзуулахгүй байгаа юм бэ? Миний ач хүүг гаргаад ир” гэхэд Э миний өмнөөс “Пизда минь чиний хүүхэд надад ямар хамаатай юмв Би тэгээд ч гэр бүл үймүүлээгүй шүү. У нөхрөөсөө салчихсан гэж өөрөө надад хэлсэн болохоор үерхэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд надтай маргалдаж байгаа, надад “Чиний хүүхдийг У-тай ярилцаж байгаад долоо хоногийн 2 өдөр өгч байя” гэж хэлсэн. Тэгтэл У хажуунаас ирээд жолооныхоо хүрд дээр суусан. Б-ны талын цонхны онгорхойгоор гараа оруулж нүүрийг нь маажихаар нь би Б-ныг явчих гэж хэлээд машинаас бууж У-д хандаж “Ээжийн хүү машинаас холдчих” гэхэд Чиний ээж гэж юу байдаг юм” гээд надруу дайрч миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөхөөр нь айгаад машин уруугаа буцаад суух үед У миний баруун талын хөлний булчин уруу нэг удаа өшиглөсөн. Энэ үед машин хөдөлсөн ба У цонхоор цээж хэсгээ оруулж 3 орчим метр газарт явсан. Гэхдээ У-гийн хувьд машинд чирэгдсэн зүүгдсэн зүйл байхгүй. Тэгээд өмнө талын 2 суудал дунд байсан миний гар утсыг авах гэхээр нь би хойд талын суудлаас өмнө талын 2 суудал завсраар гар утсар булаацалдах зуурт У миний үснээс зуурч өмнө талын 2 суудлын завсарт байх дунд хайрцаг мөргүүлсэн. Энэ үед Э ирж У-д хандаж “Чи хүн аллаа шүү дээ” гээд салгаж авсан. У нь миний гар утсыг булаах үедээ миний SUMSUNG S2 маркын гар утасны дэлгэцний хамгаалалт шилийг хагалж, бор хүрээ бүхий нарны шилийг эвдэж, ягаан хүрээ бүхий нарны шилний зүүн талын шилний доод хүрээг эмтэлж гэмтээсэн. Уг үйлдлийн улмаас миний толгой болон хөл өвддөг болсон. Одоо миний толгой өвдөж, чих шуугиж, нүд бүрэлзээд байна. У нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/, гэрч Б.Б-ны “2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах 28 дугаар байрны гадна У нь машин дотор суусан над уруу машины гаднаас цонхоор дайраад байсан тул ээж холдуулхаар нэг удаа машинаас буугаад У-д зодуулсан мөн У нь машины зүүн өмнө талаар ирээд манай ээжтэй маргалдаж байгаад машины хаалга онгойлгож ээжийг үсдэж толгойг нь дунд хайрцаг мөргүүлсэн. Энэ үйлдэл нь тухайн үед гар утсаар У-гийн үйлдлийг баримтжуулж бичсэн бичлэг дээр тодорхой байгаа. Тухайн өдөр манай ээж Д-гийн бор өнгийн нүдний нарны шил эвдэрсэн, ягаан өнгийн хүрээ бүхий нүдний нарны шилний шилнийх нь доод ирмэг бага зэрэг мөн Samsung S2 маркын гар утасынх нь дэлгэцний хамгаалалт болох наалт шил тус тус цуурч гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, гэрч Б.Б-ийн “2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үдийн орчимд /цагийг санахгүй байна/ цахилгаан хөрөө дээр мод зүсэж байгаад хөрөөгөө хөргөөхөөр унтраахад хашааны гадна буюу байрны өмнө хэсэгт хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь хашааны дээгүүр харахад манай найз Б, У нар Б-ы аавынх нь цагаан өнгийн Пажеро маркын машины зүүн талд байсан ба Б У руу “Би хүүхэдтэйгээ уулзмаар байна. Чи яагаад миний хүүхдийг надтай уулзуулдаггүй юм бэ?” гээд орилж байсан. Тэгтэл Б ээж Д эгч машины зүүн талаас гарч ирсэн ба түүний толгойнх нь үс арзайчихсан байсан. Д эгч над дээр ирээд “Намайг У үсдэж зодлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч Г.Б-гийн “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр миний эхнэр Н.Д нь 10 цагийн үед өөрийнхөө ач хүүг авахаар явсан байсан бөгөөд над уруу залгаад “У намайг зодлоо. Одоо цагдаад дуудлага өгөөд цагдаатай цуг явж байна” гэхээр нь 6и цагдаа дээр явж ирэхэд гомдол өгсөн байсан бөгөөд өдөр 13 цагийн үед цагдаагийн байрнаас гарч ирсэн бөгөөд тухайн үед бие өвдөж байна гэхээр нь явж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд эмч нь үзээд зохих эмчилгээ хийгээд та гэрээрээ түр эмчилгээ хийлгэж бай болохгүй бол дахин дуудаарай гэсэн тэгээд гэрт очоод байж байтал даралт нь өгсөж, огиулаад байсан мөн тухайн үед хөлний урд шилбэ дунд хэсгээр хар хөхөрсөн цус хуралт үүссэн байсан. Толгой өвдөж байна гэсэн даралт үзүүлэхэд даралт нь өгссөн байсан. Тэгээд орой 19 цагийн үед эмнэлэгт дуудлага өгөхөд эмч ирж үзээд даралт 220 байна гээд гэрт эм тариа хийгээд эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 161-р тал/, гэрч Я.Аийн “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н.Д надад ирж үзүүлэхэд хурууны дардасын шинж дух хэсгээр олширсон, энэ нь тархи доргилтын шинжийг илтгэж байгаа юм. Тухайн үеийн тархи доргилтын шинжийг хуучин, шинэ гэж тодорхойлох боломжгүй. Тухайн үед тархины зураг авсан, тархины зураг одоо надад байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 175-р тал/, шинжээч О.П-ийн “2017 оны 9 сарын 11-ний өдөр Н.Д надад ирж үзүүлэхэд хуйханд илтээр гэмтэл байхгүй боловч 2 хоногийн өмнө Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн жижүүр эмч нарт үзүүлсэн тэмдэглэл, рентген зураганд гавал ясны пластик /гадна, дотно/ хэвийн судасны зураглал олширсон. Хурууны даралтны шинж дух хэсгээр олширсон. Мэс заслын эмч тархины доргилт, зөөлөн эдийн няцрал гэж эмчилгээ хийгдэж онош тавигдсан талаар тодорхой бичигдсэн байгаа. Мөн тухайн үеийн үзлэгээр цээж, нүүрний хэсэгт өнгөц зурагдалт, 2 хөлний шилбэний хэсэгт хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Мэргэжлийн эмч нарын онош, эмчилгээг үндэслэл дүгнэлт гаргасан. Тархины зураг авахуулсан байсан, тархины зургийн хариу өвчний картан дээр бичигдэж мэргэжлийн эмч нар онош тавьсан байсныг үндэслэж дүгнэлт гаргахад хөнгөн зэргийн гэмтэлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177-р тал /, гэрч Б.О-гийн “ 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн төвд дуудлагын эмчээр гарч байсан. Үдээс хойш цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна 17-19 цагийн үед Улаангом сумын 3 дугаар багаас дуудлага ирсэний дагуу явж очиход Н.Д гэдэг хүн тухайн үед бэр охиноороо зодууллаа толгой, хүзүү, гар өвдөөд зүрх дэлсэж өвдөөд байна гэсэн зовиуртай байсан. Үзэхэд даралт өндөр 180-200, пульс 110-120, хөл нь зулгарсан байсан. Тэгээд даралт буулгах тариа, өвчин намдаах тариа, өвчний пульс буулгах эм уулгаад 103-т авч очиж эмчид үзүүлж онош тодруулахаар авч явсан. Хөл нь зулгарсан өвдөг хавдсан, нүүрэнд нь маажуулсан гэх зурагдалт үүссэн байсан. Тархи толгой өвдөж байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 178-р тал/, насанд хүрээгүй гэрч Д.Н-гийн “Тэр өдөр би дэлгүүр орж 4 ширхэг өндөг аваад дэлгүүрээс гарч ирэхэд цагаан машины дэргэд хүмүүс хэрэлдэж байсан. Тэгээд машины цаад талд хүмүүс юм булаацалдаад байхаар нь тойроод цонхоор харахад миний хүүхдийг өг гээд машин дотор байсан настай эгчийг энгэрээс нь заамдаад барьчихсан хоорондоо татаж түлхэлцээд байсан тэгээд нүднийхэн шилийг аваад миний хүүхдийг өг гээд байсан. Мөн настай эгчийг үсдээд чанга чанга дуугараад байсан. Тэгээд тэр хоёр машины цаад талаас гарч ирэхэд настай эгчийн үс нь арзайчихсан гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 181-182-р тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг диск /CD/-эд бичигдсэн дуу-дүрсний болон дүрсний бичлэгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У “Би Н.Д гэдэг хүнийг цохиогүй, гар хүрээгүй байхад гэмтэл учирсан байна иймд би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э надад хандаж У миний утсыг Д аваад явчихлаа гэхээр нь би Д-гийн араас гүйж очиход машиныхаа хойд талын суудал дээр ороод хаалгаа дотроос нь цоожилоод авчихсан. Би Д-тэй зууралдаж зулгаасан түлхсэн зүйл байхгүй. Би Н.Д-д огт ойртоогүй. Би Н.Д-гийн үснээс татаж зулгаасан зүйл байхгүй би хэрэлдсэн болохоос биед нь хүрээгүй” гэж мэдүүлж байгаа нь
хохирогч Н.Д-ийн “Би У-д хандаж “Ээжийн хүү машинаас холдчих” гэхэд Чиний ээж гэж юу байдаг юм” гээд надруу дайрч миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөхөөр нь айгаад машин уруугаа буцаад суух үед У миний баруун талын хөлний булчин уруу нэг удаа өшиглөсөн. Урд талын 2 суудал дунд байсан миний гар утсыг авах гэхээр нь би хойд талын суудлаас өмнө талын 2 суудал завсраар гар утсар булаацалдах зуурт У миний үснээс зуурч өмнө талын 2 суудлын завсарт байх дунд хайрцаг мөргүүлсэн. Энэ үед Э ирж У-д хандаж “Чи хүн аллаа шүү дээ” гээд салгаж авсан гэх мэдүүлэг, гэрч Б.Бны “У нь машин дотор суусан над уруу машины гаднаас цонхоор дайраад байсан тул ээж холдуулхаар нэг удаа машинаас буугаад У-д зодуулсан мөн У нь машины зүүн өмнө талаар ирээд манай ээжтэй маргалдаж байгаад машины хаалга онгойлгож ээжийг үсдэж толгойг нь дунд хайрцаг мөргүүлсэн. Энэ үйлдэл нь тухайн үед гар утсаар У-гийн үйлдлийг баримтжуулж бичсэн бичлэг дээр тодорхой байгаа” гэх мэдүүлэг, гэрч Г.Б “Н.Д бие өвдөж байна гэхээр нь явж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд эмч нь үзээд зохих эмчилгээ хийгээд та гэрээрээ түр эмчилгээ хийлгэж бай болохгүй бол дахин дуудаарай гэсэн тэгээд гэрт очоод байж байтал даралт нь өгсөж, огиулаад байсан мөн тухайн үед хөлний урд шилбэ дунд хэсгээр хар хөхөрсөн цус хуралт үүссэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.А-лийн “Н.Д надад ирж үзүүлэхэд хурууны дардасын шинж дух хэсгээр олширсон, энэ нь тархи доргилтын шинжийг илтгэж байгаа юм” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Н “Машины цаад талд хүмүүс юм булаацалдаад байхаар нь тойроод цонхоор харахад миний хүүхдийг өг гээд машин дотор байсан настай эгчийг энгэрээс нь заамдаад барьчихсан хоорондоо татаж түлхэлцээд байсан тэгээд нүднийхэн шилийг аваад миний хүүхдийг өг гээд байсан. Мөн настай эгчийг үсдээд чанга чанга дуугараад байсан. Тэгээд тэр хоёр машины цаад талаас гарч ирэхэд настай эгчийн үс нь арзайчихсан гарч ирсэн” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Б.У нь хохирогч Н.Д зодсоны улмаас хохирогч Н.Д-гийн бие махбодид Тархины доргилт, цээж, нүүрний хэсэгт өнгөц зулгаралт, 2 хөлний шилбэний хэсэгт хар хөхөрсөн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Д нь нийт хохиролд 504.300 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнд эмчилгээ, эмийн зардалд 109.000 төгрөг, гэмтсэн Samsung S4 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр, гэмтсэн Samsung S2 загварын гар утсыг 64.000 төгрөгөөр, гэмтсэн нарны шилийг 30.000 төгрөгөөр, гэмтсэн жижиг нарны шилийг 24.000 төгрөг гэж Увс финанс Аудит ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 340 дугаартай “Эд зүйл үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 46-47-р тал/-ээр тогтоосон үнээр нийт 388.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал буюу бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд зарцуулсан 7.000 төгрөгийн зардал байна.
Гэмтсэн Samsung S4, Samsung S2 загварын гар утсуудыг засуулаад хэрэглэж байгаа гэдгийг хохирогч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэтэл уг гар утаснуудыг бүхлээр нь үнэлэж хохиролт тооцож байгаа нь үндэслэлгүй харин засуулахад гарсан зардлыг хохиролд тооцож нэхэмжлэх боломжтой. Хавтаст хэрэгт дээрх гар утаснуудыг засварлахад гарсан зардлын талаар баримт авагдаагүй тул хоёр гар утасны үнэ болох 334.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Нэгэнт ашиглах боломжгүй болж эвдэрсэн хоёр ширхэг нарны шилийн үнэ болон эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал болох 170.300 төгрөгийг ийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Д-гийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхээ нээлттээй үлдээлгэх тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Учир нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах” гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамруулна гэж заасан байна. Хохирогч Н.Д-гийн бие махбодид 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд түүнээс хойш 2 сар 11 хоног өнгөрсөн тул уг гэмтлийг хэвийн байдалд /эдгэрсэн/ орсон гэж үзэх тул цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотой зардал гарахгүй.
2. Шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Д-гийн тархины рентген зураг 1 /нэг/ ширхэг, гэмтсэн хэсгийг харуулсан гэрэл зураг 5 /тав/ ширхэг, диск /CD/ 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ашиглах боломжгүй болж эвдэрсэн нарны шил 2 /хоёр/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.У-аас 170.300 /нэг зуун далан мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Н.Д-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хохирогч Н.Д-ийн тархины рентген зураг 1 /нэг/ ширхэг, гэмтсэн хэсгийг харуулсан гэрэл зураг 5 /тав/ ширхэг, диск /CD/ 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ашиглах боломжгүй болж эвдэрсэн нарны шил 2 /хоёр/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.У-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ