Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2024/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар, шүүгч Ч.Одсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Уранбилэг, Д.Энхтүвшин, Ж.Энхжаргал

Хариуцагч: Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,

Гуравдагч этгээд: Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Тэнгэрийн тэмдэг ХХК нарын хооронд үүссэн барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Уранбилэг, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэддолгор, хариуцагч Э.Энхмэнд, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн, гуравдагч этгээд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Энхзориг, иргэдийн төлөөлөгч Н.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ж.Энхжаргал, Н.Уранбилэг, Д.Энхтүвшин нар нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд холбогдуулан Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэж анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.[1]

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Уранбилэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.[2]

3. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Худалдааны гудамж-2, 224 тоотод, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, хөдөө аж ахуйн машин, механизмын хашаа, гараж газрын зориулалттай, 2650.0 мкв талбайд Эрүүл мэндийн яамны захиалгаар өндөр төвөгшилтэй эмнэлгийн барилгыг Грийн арт солюшн ХХК-ийн зохиосон барилгын зураг төслийн дагуу, Тэнгэрийн тэмдэг ХХК барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах талаар тусгаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн олгожээ.[3]

4. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/2019 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт ... цутгамал төмөр бетон араг бүтээцэн хийцтэй, 6 хүртэл давхар барилга, 1 давхар нь зоорьтой, барилгажих талбай нь эдэлбэр 2650 мкв газрын 70 хувиас ихгүй /ХБТ хуул 12.8/, ногоон байгууламж 30 хувь /ХБТ хууль 12.6.3/, ...Орчны барилгуудтай уялдуулан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм Бнбд-ийн 30-01-04-ийн 2.11, 9.19 дэх заалт болон Орон сууц олон нийтийн барилгын байгалийн гэрэлтүүлэг БД31-112-11, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 бусад норм дүрмийн холбогдох заалтыг баримтлан төлөвлөх... гэж тусгажээ.[4]

5. Дараа нь Дундговь аймгийн Ерөнхий архитектур бөгөөд БХБХ-ийн дарга Д.Нэргүй, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар багийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын загвар зургийг баталсан байна.[5]

6. Улмаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат /байгууллагын тамгагүй/ нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7 дугаар багийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын зургийг баталжээ.[6]

7. Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1981/2019 дугаар магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын хэмжээ нь тэнхлэгээрээ 34.0 м х 25.0 м гэж, барилгын талбай S= 6018.4 м2, 0.00 түвшнээс доош 1 давхар зоорьтой, 0,00 түвшнээс дээш 6 давхар байхаар Грийн арт солюшн ХХК зураг төсөл зохиосныг магадлал хийх ажлын хэсгийг зохион байгуулж нэгтгэсэн дүгнэлт гаргасан байна.[7]

8. Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 93 тоот тогтоолыг үндэслэн нэгдсэн эмнэлгийн 8 айлын орон сууцыг хувьчилсантай холбогдуулан уг сууцны 226.0 м.кв газрыг нэгдсэн эмнэлгийн газраас хасч, 2650 м.кв болгон багасгасан шийдвэрийг Дундговь аймгийн Засаг дарга 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр захирамж гаргаж, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр А/116 дугаар захирамжаар зориулалтыг өөрчилжээ.

9. Нэхэмжлэгч нар анх 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

10. Улмаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 117/2022/0021 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0655 дугаар магадлалаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийн хянан шийдвэрлэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

12. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 117/ШШ2023/0001 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2023/0262 дугаар магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт хийгээгүй үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан.

11. Нэхэмжлэгч Н.Уранбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

12. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

13. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

14. Хариуцагч Э.Энхмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

15. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

16. Гуравдагч этгээд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

17. Иргэдийн төлөөлөгч Н.Хажидмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгэнт баригдсан барилгыг буулгах биш дээ. Нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

17. Гуравдагч этгээд Тэнгэрийн тэмдэг ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Н.Уранбилэг, Ж.Энхжаргал, Д.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Энхмэндэд холбогдох маргаанд гуравдагч этгээдээр манай компанийг татан оролцуулж байгаа билээ. Гэвч манай байгууллага гэрээт ажлаа дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн учраас шүүх хуралд оролцуулалгүй шийдвэрлэж өгнө үү. Оролцуулалгүй шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Уранбилэг, Д.Энхтүвшин, Ж.Энхжаргалын нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Нэхэмжлэгч Н.Уранбилэг, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Д.Энхтүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нараас Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох гэж маргасан.

1.1 Нэхэмжлэгч Ж.Энхжаргал, Н.Уранбилэг, Д.Энхтүвшин нар нь Сайнцагаан сумын 7-р баг 140-р байрны 1, 2, 7 тоот байрны өмчлөгч болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.[8]

2. Тэнгэрийн тэмдэг ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн ба 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Худалдааны гудамж-2, 224 тоотод, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, хөдөө аж ахуйн машин, механизмын хашаа, гараж газрын зориулалттай, 2650.0 мкв талбайд Эрүүл мэндийн яамны захиалгаар өндөр төвөгшилтэй эмнэлгийн барилгыг Грийн арт солюшн ХХК-ийн зохиосон барилгын зураг төслийн дагуу, Тэнгэрийн тэмдэг ХХК барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах талаар тусгаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхмэндийн олгосон барилгын зөвшөөрөл нь магадлал бүрэн хийгдээгүй байхад олгогдсон бөгөөд барилгын ажлын зургийг, хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй байхад зураг төслийг магадлалаар оруулсан нь холбогдох дүрэм журам заалтыг зөрчсөн байна. Мөн магадлалын нэгдсэн дүгнэлт бүрэн баталгаажаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна.

2.1 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/2019 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдах 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт ... цутгамал төмөр бетон араг бүтээцэн хийцтэй, 6 хүртэл давхар барилга, 1 давхар нь зоорьтой, барилгажих талбай нь эдэлбэр 2650 мкв газрын 70 хувиас ихгүй /ХБТ хууль 12.8/, ногоон байгууламж 30 хувь /ХБТ хууль 12.6.3/, ...Орчны барилгуудтай уялдуулан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм Бнбд-ийн 30-01-04-ийн 2.11, 9.19 дэх заалт болон Орон сууц олон нийтийн барилгын байгалийн гэрэлтүүлэг БД31-112-11, Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07 бусад норм дүрмийн холбогдох заалтыг баримтлан төлөвлөх... гэж тусгасан боловч норм дүрэм журмын дагуу баригдаагүй болох нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнцэцэгийн дүгнэлт[9], мөн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн норм нормативын хэлтсийн мэргэжилтэн С.Болормаа, Г.Дашням нарын дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаар тогтоогдож байна.

2.2 Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж, /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 140-р байрны 2, 3, 7 тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байгаа нь тус нормын 3.5, 3.6 дах заалтыг зөрчиж байна. ... 2019.11.18-ны өдрийн 1981/2019 дугаар магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан Грийн Арт Солюшн ХХК-ийн 100 ортой эмнэлгийн барилга болон нэхэмжлэгч нарын оршин суугаа Дундговь аймаг, Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах 140-р байр хооронд хэмжилтээр ертөнцийн зүгээр урд талаараа 7.7 м, хойд талаараа 8.5 м-ийн зайтай баригдаж байна гэх дүгнэлт[10] байх бөгөөд Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 31-01.10-ийн 4 дүгээр хавсралтын 2.5-т зааснаар 5-9 давхар барилгын тууш /урт/ талуудын хооронд 21-32 метр байна гэх, БНбД 23-04-07-ын 3.5, 3.6 дахь заалтыг зөрчиж шаардлага хангахгүй байгаа нь тус дүгнэлтээр тогтоогддог.

2.3 Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 6-т Уг барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт хийлгээгүй учир тогтоох боломжгүй, 9-т Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай байсан боловч хийлгээгүй байгаа нь Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2..., 7.3-т ... гэж заасныг зөрчиж байна гэх дүгнэлтээр барилгын ажлын зургийг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хянуулж дүгнэлт гаргуулаагүй, мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх ёстой байсан боловч хийлгэлгүй барилгын зураг төслийг хянуулалгүй гаргаж магадлалын нэгдсэн дүгнэлтийг хийлгэсэн байна.

Тодруулбал барилгын ажлын эскиз зураг, ажлын зураг, магадлалын нэгдсэн дүгнэлт, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь өөрөө хууль бус байсан болох нь хэрэгт авагдсан дүгнэлт, гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагчийн барилгын норм ба дүрмийг зөрчсөн, эрүүл ахуйн дүгнэлт болон өөр бусад дүгнэлтүүд гараагүй байхад барилгын эскиз зураг гаргасан, ажлын зураг гаргаж баталсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хийсэн, бүр цаашлаад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь анхнаасаа холбогдох хууль, дүрэм журам стандартыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Барилгын ажлын тусгай зөвшөөрлийг олгохдоо зөвхөн баримт бичгийн бүрдлийг хянахаас гадна, шаардлага хангаагүй баримт бичиг бүрдлийг татгалзах буцаах эрх түүнд байсан бөгөөд түүнийгээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн бусдын эрх ашиг зөрчигдсөн байна. 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй гэх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас олгосон барилгын ажлын тусгай зөвшөөрөл нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, норматив баримт бичгээр зохицуулна, 5.1.1-д барилгын норм, дүрэм, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т ... хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө ... аюул учруулахгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх, 28 дугаар зүйлийн 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана, 28.2.2-т барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, 28.2.4-т байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, 28.5-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт Шүүхийн зардлыг улсын төсөвт тушаана гэж заасан бөгөөд шинжээчийн зардал нийт 4.652.800 төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Энхжаргал, Н.Уранбилэг, Д.Энхтүвшин нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал болох 4.652.800 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг Дундговь аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас гаргуулж, улсын төсөвт нөхөн олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, Дундговь аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 25-27, 110-112 тал

[2] 2 дугаар хавтас 150-152 тал

[3] 1 дүгээр хавтас 37-38 тал

[4] 1 дүгээр хавтас 52-54 тал

[5] 1 дүгээр хавтас 55-57 тал

[6] 1 дүгээр хавтас 58-60 тал

 

[7] 1 дүгээр хавтас 61-68 тал

[8] 1 дүгээр хавтас 8, 116, 3 дугаар хавтас 80, 4 дүгээр хавтас 90, 96, 100 тал

[9] 1 дүгээр хавтас 238-239 тал

[10] 3 дугаар хавтас 29-34 тал