Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/759

 

 

Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч П.Эгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бхолбогдох эрүүгийн 2203000000142 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Б.Б,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын зүүн урд замд “Тоёота акуа" загварын 00-42 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт хэвтэж байсан П.Эдайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Эгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5.162.082 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Баас хохирогч П.Эд 1.400.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч Э.Х нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолд дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд зарцуулсан зардал, эмнэлгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэл бүхий байх ба энэ үнийн дүн нь 859.467+369.657+110.340= 1.339.464 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.Эд олгохоор байна. Гэвч шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1.400.000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. ”, “харин хохирогчийн нэхэмжлээд буй ахуйн хэрэглээ, хоол хүнс, архинд зарцуулсан зардал болох 288.550 төгрөг, иргэн Д.Оюунчимэг гэх хүний авсан тэтгэврийн зээл болох 2.889149 төгрөг, ГССҮТ эмнэлэг, НХГСТ хамтын төлбөр гэж баримтгүй нэхэмжилсэн 2.464.380 төгрөгөөс өвчний түүхэнд тэмдэглэгдсэн эмчлүүлэгчээс гаргасан зардал болох 369.657+110.340=479.997 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.984.383 төгрөгийг баримтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 288.550+2.889.149+1.984.383= 5.162.082 төгрөгийн зардлыг нотлох баритын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй зардал тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” байна. Чухамдаа хэргийн материалд авагдсан баримтууд, хохирогчийн зүгээс тайлбарлаж байгаа болон шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд болон хэрэг шалгаж байх хугацаанд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлж хохирогчид төлбөр мөнгө, хохирлоо барагдуулах, хор уршгаа арилгах талаар илэрхийлсэн байдаг бөгөөд шүүхээс хохирогч нь өөрийн эмчилгээний зардалд хавтаст хэрэгт авагдсан баримт зарцуулсан эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь уг хэргийн улмаас хохирогчид учирсан үр дагавар, бодит нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй нэг талыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн биед учирсан тулгуур эрхтний бэртлээс болж /Хүндэвтэр гэмтэл/ хэвтрийн дэглэм сахиж өрхийн өргөн хэрэглээний хоол, хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй, эрүүл мэндийн хувьд зовиуртай нөхцөл байдал бий болсон байдаг үүнээс улбаалж тэтгэврийн зээл авсан үйл явдал болсныг дурдах нь зүйтэй.

2. Үндэслэл хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар санал гаргасан боловч шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд төлнө хэмээн хохирол төлөхөө илэрхийлсэн тул түүнд албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно” гэж тусгасан байна. Шүүгдэгчийн хувийн байдалд Төв аймгийн Зуунмод суманд оршин суудаг, хохирогч П.Э нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл тухай бүр гарах эмчилгээний зардлыг төлөх эсэх нь эргэлзээтэй байна. Энэ нь хохирогчийн эрх ашгийг хамгаалах, учирсан хор уршигийг арилгах үүднээс албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй. Чухамдаа яаралтай хагалгаа эсхүл шаардлагатай эм тариа, эрүүл мэндийг нь сэргээх, хохирогчийг эрүүл болгоход санхүү, зардлын хувьд баталгаатай хангагдах нөхцлийг бий болгоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг хэрэглэх нь зүйн хэрэг болно. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/473 дугаартай шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж өгнө.” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан заалтыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан 1.339.464 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс 1.400.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн тул анхан шатны шүүхээс “бусдад төлөх төлбөргүй” гэж шийдвэрлэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Эгаас эмчилгээний зардалд 1.458.910 төгрөгийн нэхэмжлэлийн баримт гаргаж хэрэгт хавсаргасан. Мөн шүүгдэгч талаас 1.400.000 төгрөгийг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч П.Эгийн ахуйн хэрэглээ, хоол хүнс, архи авсан зардал, иргэн Оюунчимэгийн авсан тэтгэврийн зээлийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүн зам тээврийн осолд орсон ч бай, ороогүй ч бай ахуйн хэрэглээний хоол хүнс авах зардал өдөр тутамдаа гардаг. Мөн иргэн Оюунчимэгийн авсан тэтгэврийн зээлийг эмчилгээнд зарцуулсан эсэх талаар баримтаар тогтоогдоогүй. Хангалттай нотлох баримт байдаггүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй. Мөн шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг төлсөн. Анхан шатны шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Тиймээс түүнд албадлагын арга хэмжээ давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, хохирогч П.Эгийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын зүүн урд замд “Тоёота акуа" загварын 81-42 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт хэвтэж байсан П.Эдайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Эгийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найзтайгаа уулзаад 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад гэр рүүгээ харихаар такси бариад явж байгаад “Дүүхээ 2” дэлгүүрийн автобусны буудал дээр таксинаас буугаад зам хөндлөн гараад такси барих гэж зогсож байснаа санаж байна. Тэгээд тасарсан юм шиг байна лээ, хэсэг хугацаанд юм санахгүй байгаа юм. Гэнэт баруун хөл маш их өвдсөн. Тэгээд юу болов гээд сэрээд хартал хажууханд нэг машин зогсож байсан. Би газарт зам дээр хэвтэж байсан, миний хөл дээгүүр машин гарсан юм шиг байсан. Тухайн автомашины жолооч намайг өргөж, машинд суулгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч үзүүлсэн. Би тухайн үед согтсон байсан учир босож явж чадахгүй, мөн хөл өвдөөд гишгэж чадахгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтээд 7 хоногийн дараа баруун хөл хэсэгтээ хагалгаа хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлгээс гараад “Манал Оточ” нэртэй хувийн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний биед ослын улмаас баруун хөлийн дунд чөмөг хэсгээр хугарсан, бусдаар өөр бэртэл гэмтэл болон биед ямар нэгэн шарх учраагүй. Миний эмчилгээний зардалд одоогийн байдлаар жолооч талаас нийт 1.400.000 төгрөгийн хохирол төлсөн. Би гомдолтой байна. Өөрийн биед хийгдэх эмчилгээний зардалд 6 сая төгрөг нэхэмжилж байна. Ажил хийх чадвартай болтол банкны өрөө өгмөөр байна” /хх 18-20/,

иргэний хариуцагч Э.Хоролсүрэнгийн “... “Тоёота акуа" маркийн 81-42 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн юм. Би тухайн ослын талаар мэдэхгүй осол болох үед хажууд нь байгаагүй. Бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна.” /хх 43/,

шүүгдэгч Б.Бын “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад ханын материал руу найзындаа очихоор гэрээс гараад ханын материал салдаг уулзварын хойд талд байрлах МТ шатахуун түгээх станцын зогсоол руу орж зогсоод найз руугаа залгаад 3-4 минут орчим утсаараа ярьчихаад дөнгөж хөдлөөд явах үед машины дугуй нэг зүйл дээр гарсан. Тэгэхээр нь би гайхаад замын хашлага давчих вуу гэж бодоод машинаа зогсоогоод машинаас буугаад хартал зам дээр нэг согтуу тасарсан хүн хэвтэж байсан. Тухайн газарт хэвтэж байсан хүний хөл дээгүүр миний машины баруун талын дугуй хэсгээр дайрч гарсан байсан. Тэгэхээр нь би эмнэлэг явж очоод гялс үзүүлье гэж бодоод гэмтлийн эмнэлэг рүү нөгөө хүнийг машиндаа суулгаад авч яваад эмнэлэг дээр очоод би цагдаад хэлж бүртгүүлсэн. Тэгээд нөгөө хүнээ үзүүлтэл баруун хөлний дунд чөмөг хэсгээр хугарсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд нөгөө хүнээ гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь цагдаа нартай хамт ослын газарт очиж хэмжилт үзлэг хийсэн. Тухайн үед унаж явсан машин нь манай эхнэр Хоролсүрэнгийн эзэмшлийн машин байгаа юм. Би хохирогчид 1.400.000 төгрөг эмчилгээнд өгсөн. Хохирогчийн нэхэмжлээд байгаа 6 сая төгрөгийг одоогоор нэг мөр өгөх боломжгүй байна. Харин баримтаар хохирол нэхэмжлээд явах юм бол тухайн бүрд нь төлж барагдуулах болно. Цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд төлөх болно.” /хх 80-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2866 дугаартай: “...П.Эгийн биед баруун дунд чөмгөний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Баруун дунд чөмгөний далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 60-61/,

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн 213 дугаартай “...“Тоёота акуа" маркийн 81-42 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул үүсгэхгуй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч П.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12б “...аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, ... тээврийн хэрэгсэлд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.” гэх магадлагаа /хх 75/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 67 дугаартай дүгнэлт /хх 68-71/, ГССҮТ эмнэлгийн 1544 дугаартай өвчний түүх, “Манал Оточ” гэмтлийн эмнэлгийн өвчний түүх /хх 91-98, 100-108/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчид төлөхөөр заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, нотлох баримтын шаардлага хангахгүй болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/473 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ