| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01244/И |
| Дугаар | 181/ШШ2024/03328 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2024/03328
2024 09 11 181/ШШ2024/03328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж овогт Ц.Б /РД:......................./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК /РД:................./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч А ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын А-1 блокын 13 давхар, 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг А ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Б нь А ХХК-ийн борлуулалтын албаны менежер Ж.Этай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2 өрөө байр авахаар уулзахад Д.Л гэх хүний бартераар авсан байрыг 1 м.кв-ын үнийг 2,800,000 төгрөгт аваач гэсэн. Нэхэмжлэгч уг саналыг зөвшөөрч, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, ЗТМА-ын дарга Б.А, эрх шилжүүлэгч Д.Л, эрх хүлээн авагч Ц.Б нар 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ........... дугаартай 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр .......... тоот гэрээний өөрчлөлт гэх гэрээг байгуулан, захиалагч талыг Ц.Б гэж ойлгох, гэрээтэй холбоотой үүсэх аливаа эрх, үүрэг хариуцлага Ц.Бт шилжинэ гэдгийг баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан.
Энэхүү гэрээг үндэслэн мөн өдөртөө С барилгын 6 дугаар ээлжийн орон сууц захиалгын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01-01 дугаартай гэрээг А ХХК-ийг төлөөлөн ЗТМА-ын дарга Б.А, захиалагч Ц.Б нар байгуулж, захирал Б.Б, МБА-ын менежер Ж.Э, ЗТМА-ын дарга Б.А, захиалагч Ц.Б нар гарын үсэг зурж, А ХХК-ийн ерөнхий захирал Х.Б баталж, компанийн тамга дарсан. Уг гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Нэхэмжлэгч энэхүү гэрээг байгуулагдсаны дараа 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр тооцон 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр С, А1 блок, 55 тоот гэх гүйлгээний утгатай 90,000,000 төгрөг, 55,768,000 төгрөг, нийт 145,768,000 төгрөгийг Д.Л-ийн эхнэр Э.М дансанд шилжүүлж, байрны үнийг бүрэн төлсөн. Уг захиалсан орон сууц 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон тул байрныхаа түлхүүрийг авахаар очиход гүйцэтгэх захирал Б.Б нь Компани шүүхийн маргаантай байгаа тул танай байрны түлхүүрийг өгөхгүй. гэсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгч байрны үнийг бүрэн төлсөн тул захиалсан байранд минь оруулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01-01 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу С, А1 блок, 13 давхрын 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Манай компанийн хувьд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Э.Э ХХК-ийн газар болон хувьцааг худалдаж авахаар С.Птой худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч С.П нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн учраас гэрээ цуцлагдсан.
Энэхүү гэрээ цуцлагдсантай холбоотой тухайн гэрээний бартерт шилжүүлж өгсөн 2,650,000,000 төгрөгийн үнэтэй А ХХК-ийн хэрэгжүүлж байгаа С төслийн 15 байрыг А ХХК өмчлөлдөө шилжүүлэн авахаар С.Птой төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Захиалагч нарт гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн.
С.П нь 3 орон сууцны төлбөрийг авсан учраас уг орон сууцнуулын захиалгын гэрээг хэвээр үлдээхээр, бусад орон сууцнуудын төлбөрийг аваагүй учраас шүүх дээр ямар нэгэн маргаан гарвал өөрөө хариуцна гэсэн.
Гэвч С.П нь одоог хүртэл манай компанид ямар нэгэн хөрөнгө мөнгө өгөөгүй учраас манай компанийн зүгээс С.Пид холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаад явж байгаа юм. Үүнтэй холбоотой гомдлуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
Нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлд дурдсан орон сууцны төлбөр төлөгдөөгүй учраас манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Манай компанид энэхүү орон сууц захиалгын гэрээний төлбөр нь орж ирээгүй учраас гэрээний 6.2-т заасан захиалагчийн санаачилгаар гэрээ цуцлах үндэслэл болно гэсэн заалтын дагуу захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан. Энэ талаар Ц.Бт 2023 оны 11 дүгээр сард мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Б.Э-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 886,790 төгрөг төлсөн баримт, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01-01 тоот Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01 тоот Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн .......... тоот гэрээний өөрчлөлт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2022.03.25/, Д.Л-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Б.Болд-Эрдэнэд олгосон итгэмжлэл, А ХХК-ийн захирлын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 01/47 тоот Компанийг Иргэний болон захиргааны хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрх олгох тухай тушаал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 23...... дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/1822 тоот, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 5/418, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 5/553, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/804, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 5/1030 тоот хариу мэдэгдэх хуудас, С.Отгонтуяад олгосон итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01 тоот Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн .......... тоот гэрээний өөрчлөлт, Д.Л-ийн өргөдөл, С.Пийн хүсэлт, А ХХК, С.П нарын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн .......... тоот Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ-г нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг, ........... 55 тоот хаягт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл бий эсэх лавлагааг гаргуулж, Б.М-ээс гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай харилцан тохиролцож, Д.Л-ийн захиалсан орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авч, эрх шилжүүлэгч Д.Лд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Иймд А ХХК-тай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01-01 дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн ......... хороонд байрлах С, А1 блок, 13 давхрын 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Уг байрыг Э.Э ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн гэрээний төлбөрт шилжүүлсэн боловч Э.Э ХХК-ийн захирал С.П гэрээний үүргээ зөрчиж, гэрээ цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн гэрээний бартерт шилжүүлж өгсөн 2,650,000,000 төгрөгийн үнэтэй А ХХК-ийн хэрэгжүүлж байгаа С төслийн 15 байрыг А ХХК өмчлөлдөө шилжүүлэн авахаар С.Птой төлбөр тооцооны гэрээ байгуулсан. Захиалагч нарт гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн.
Нэхэмжлэгч Ц.Б нь А ХХК-д орон сууцны төлбөрийг төлөөгүй, уг гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч А ХХК, эрх шилжүүлэгч Д.Л нар 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах С-ын барилгын 6 дугаар ээлжийн орон сууц захиалгын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн .......... тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ........../01 тоот гэрээ байгуулж, Ц.Б нь .......... тоот гэрээний эрхийг шилжүүлэн авч, Д.Л нь гэрээтэй холбоотой үүсэх аливаа эрх, үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөж, тус гэрээтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлага нь Ц.Бт шилжихээр тохиролцжээ. /хх8, 74-77/
4.2. Нэхэмжлэгч Ц.Б нь эрх шилжүүлэгч Д.Л-ийн эхнэр Э.М Хаан банк дахь 5495578616 тоот дансанд 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 145,768,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх8-9/
4.3. Нэхэмжлэгч Ц.Б нь дээрх гэрээг үндэслэн хариуцагч А ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ........../01-01 тоот Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын 6 дугаар ээлжийн орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын А1 блокын 13 давхрын 55 тоот хаягт байрлах 52,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 3,100,000 төгрөгөөр, нийт 161,386,000 төгрөгөөр захиалахаар харилцан тохирчээ. /хх5-7/
4.4. Гэрээнд дурдсан Баянзүрх дүүргийн ......... хороо, С хотхон, А1 блокын 13 дугаар давхрын 55 тоотын албан ёсны хаяг нь Баянзүрх дүүргийн ......... хороо, ............ дугаар байр нь 40 хувийн гүйцэтгэлтэйгээр А ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн ......... хороо, ................... 55 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/6356 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх56/
5. Шүүх Д.Л, Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг үндэслэн Ц.Б, А ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
6. Хариуцагч А ХХК нь Ц.Бтай байгуулсан гэрээ цуцлагдсан, орон сууцны төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар, А ХХК, Э.Э ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Э.Э ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Лд шилжүүлсэн байна.
Улмаар А ХХК-ийн ерөнхий захирал Х.Б, С.П нар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулж, Э.Э ХХК-ийг С.Пид буцаан шилжүүлж, С.П нь 4,000,000,000 төгрөгийн төлбөрт А ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр заасан орон сууц захиалгын гэрээний жагсаалтад .......... тоот гэрээ багтсан байна. /хх87-92/
Гэвч, А ХХК-ийн ерөнхий захирал Х.Б, С.П нарын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ нь Ц.Б, А ХХК, Д.Л нарын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ........../01 тоот гэрээ, Ц.Б, А ХХК нарын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ........../01-01 тоот гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүйн зэрэгцээ А ХХК-иас нэхэмжлэгч Ц.Бтай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ........../01-01 тоот гэрээг цуцалсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Д.Л, А ХХК нарын хооронд байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн .......... тоот гэрээний хавсралтад орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн гэж бичигдсэн, нэхэмжлэгч Ц.Баас эрх шилжүүлэгч Д.Лд орон сууцны төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, Д.Л-ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, гэрч Б.М-ийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А ХХК дээр очоод орон сууц захиалгын үндсэн гэрээ хийсэнТухайн өдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээ байгуулахдаа төлбөрөө 100 хувь шилжүүлсэн. 145,768,000 төгрөгийг 100 хувь шилжүүлээд гэрээгээ байгуулсанТухайн үед төлбөр тооцоо дууссан гэсэн бичиг авъя гээд 2-3 удаа хүсэлт хэлсэн. Тэгэхэд борлуулалтын алба, санхүүгийн алба ч гэсэн манайх тийм бичиг гаргаж өгөхгүй. Бид нар бүх захирлуудын гарын үсгээр баталгаажсан, 100 хувийн баталгаатай гэрээ хийж өгсөн гэсэн болно гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Ц.Б нь орон сууцны төлбөрийг А ХХК-ийн зөвшөөрлийн дагуу Д.Лд төлсөн болох нь тогтоогдож байна. /хх8-10, 71-72, 77/
7. Иймд нэхэмжлэгч Ц.Б нь эрх шилжүүлэх гэрээний дагуу эрх шилжүүлэгчид орон сууцны төлбөрийг бүрэн төлж, А ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ........../01-01 тоот Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын 6 дугаар ээлжийн орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан байх тул уг гэрээний дагуу 52,06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-иас шаардах эрхтэй.
Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Бт гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, түүнтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч А ХХК-иас Баянзүрх дүүргийн ......... хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын А-1 блокын 13 давхар, 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг гаргуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхойлоход уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг хүссэн агуулгатай байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Быг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгэгдсэн албан ёсны хаяг болох Баянзүрх дүүргийн ......... хороо, ............ 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, хоёр өрөө сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн ......... хороо, ............ 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, хоёр өрөө сууцыг нэхэмжлэгч Ц.Бын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгаж шийдвэрлэв.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 886,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Баянзүрх дүүргийн ......... хороо, .............. 55 тоот хаягт байрлах 52.06 м.кв талбайтай, хоёр өрөө сууцыг нэхэмжлэгч Ц.Б өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Ц.Бын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 886,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ