Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/03368

 

 

 

 

 

 

 

2024 09 16 181/ШШ2024/03368

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Ц.Б /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А ХХК /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,502,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ц.Б нь 2021 оны 9 дүгээр сараас эхлэн А ХХК буюу А ресторанд мах худалдан борлуулах болсон. А ХХК нь Шангри-Ла Малл дэлгүүрийн 3 давхарт А рестораныг ажиллуулдаг компани юм. Max хүргэсний дараа төлбөрийг Ц.Бгийн Хаан банкны ............ тоот дансанд шилжүүлдэг байсан.

А ХХК нь 2021 оны 10 дугаар сараас хойш хүргэлтээр авсан махны төлбөрийг дутуу шилжүүлэх болсон. Бид харилцан итгэл хүлээлгэж, мах хүргэж өгөхөө зогсоолгүй үргэлжлүүлж байсан ба зарлагын баримтаа үлдээн махны төлбөрийг нөхөн төлнө гэж тус компанийн захирал Ш.О хэлсэн тул мах нийлүүлэх ажлыг үргэлжлүүлж байсан. Тус ресторанд биечлэн очиж төлбөрийг удаа дараа нэхэх үед нягтлан, менежер нь удахгүй шилжүүлнэ гэсээр өнөөдрийг хүргэсэн.

А ресторанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүргэж өгсөн махны төлбөр 1,663,850 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүргэж өгсөн махны төлбөр 839,100 төгрөг, нийт 2,502,950 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Би А ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус компани нь 2 сая төгрөгийг төлсөн ба НӨАТ-ын баримт болон тооцоо асуудалгүй болсон.

Иймд бид тохиролцоод нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Миний хүсэлтийг хангаж шүүгчийн захирамжаар баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,502,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь А ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,502,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,998 төгрөгийн тал хувь буюу 27,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27,499 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ